Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар тамхичдын тоогоороо тэргүүлж буй топ 10 улсын нэг нь Монгол. Тамхи тав, архи арван нас хороодог гэдгийг хүн бүр мэддэг ч энэхүү хорт зуршлаас ангижирч чадахгүй л байна. 20 минут гадаа зогсон хүмүүсийг ажиглалаа. 13-15 насных болов уу гэмээр хэсэг хүүхдүүд тамхи татан зогсоно. Хажуугаар өнгөрөх бүсгүй ч мөн адил. Автобусны буудалд унаа хүлээх ихэнх залуучууд тамхи баагиулж, хөлийн өлмий дор тамхины иш хаа сайгүй хөглөрнө. Энэ дүр зураг бид “тамхи”-нд хэр таатай ханддагийг гэрчилж байх шиг.
2009 онд Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, 18 нас хүртэлх хүүхдэд тамхи худалдахгүй, олон нийтийн газар тамхи татахгүй, сургууль цэцэрлэгээс 100 метрээс дотогш зайд тамхи заруулахгүй, мөн ширхэглэхгүй гэсэн заалт орсон юм. Дээрх хууль тамхи ширхэглэн зарж, амьдралаа залгуулдаг нэгний хувьд таагүй туссан хэдий ч Монгол Улсын иргэн бүр хууль дүрэмд захирагдах учиртай. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчиж буй этгээдийн бараа бүтээгдэхүүнийг хураах, торгох эрх нь Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн хэлтэст бий. Хэдхэн супермаркет, дэлгүүрүүд тамхи ширхэглэхгүй, 18 нас хүрээгүй хүүхдэд худалдахгүй байгаа бол захын хороолол, жижиг хүнсний мухлагууд болон хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн гудамж талбай, баар, үзвэр үйлчилгээний газрын ойр орчимд тамхи ширхэглэн зарсаар байгаа нь хуулийн хэрэгжилт биеллээ олохгүй, дээрх хоёр байгууллагын хараа хяналт сул, хүрч үйлчлэхгүй байгааг харуулж байгаа хэрэг. Дэлхийд жил бүр Монголын хүн амаас хоёр дахин олон хүн тамхидалтаас болж хорвоог орхидог. Харин энэ зуунд нэг тэрбум хүн тамхинаас болж нас барах судалгааг ДЭМБ-аас гаргасан байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Мэндсайхан “Тамхи татах нь тухайн хүний эрхийн асуудал боловч түүгээр дамжин хажуугийн хүний эрх дам зөрчигдөж буйг анзаардаггүй. Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ өсөж байна. Нийт хүн амын 27 хувь буюу эрчүүдийн 68.5, эмэгтэйчүүдийн 30.4 хувь нь тамхи татдаг бол хүүхдийн 54 хувь гэр орондоо дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа бий Хамгийн аюултай нь 15-24 насны өсвөр үе, залуусын тамхины хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Хууль хэрэгжүүлэх асуудлаар шийдвэр гаргагч түвшний хүмүүсийн сэтгэл дутаж байгаа юм болов уу гэж боддог” хэмээв. 15-24 насандаа эрчүүдийн 35 хувь нь тамхинд ордог бол 34-44 насанд дийлэнх буюу 60 хувь нь уушгаа утаж эхэлдэг байна. Иймд тамхинд орсон хойно нь ямар нэг арга хэмжээ авах бус тамхинд орохоос нь өмнө харьяа байгууллагууд тандалт, сурталчилгаа явуулбал үр дүнтэй. Хотын гудамж талбайн хогийг цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдаас ямар хог зонхилж буйг асуухад ихэвчлэн тамхины иш, бохь гэж хариулсан. Хүмүүс машиндаа тамхи татаад ишийг цонхоороо шиднэ. Таксигаар үйлчлүүлэхдээ зөвшөөрөл авалгүй шууд тамхи татдаг. Үүнээс болж татдаггүй нэг нь дам хордоно.
Нийслэлийн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Мянганы сорилтын сан хамтран “Тамхигүй ажлын байр” төслийн хүрээнд 5000 ширхэг хориглох наалт хэвлэн аж ахуй нэгжид тараажээ. Тамхидалтаас татгалзах хөдөлгөөнд нэгдэх байгууллага, аж ахуйн нэгжийн тоо аажим боловч өссөөр байгаа нь баярлууштай. Байгууллагаа “Тамхигүй орчин”-оор зарлах нь моод биш, ажил хэрэг болж буй. Өнөөгийн байдлаар 40 гаруй байгууллага, долоон ресторан тамхигүй болж чадсан гэнэ. “Хангарьд” ордон, Төрийн ордон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрынхан тамхинаас татгалзаж. “Хангарьд” ордны давхар бүрт тамхи татахыг хориглосон тэмдэг бүхий наалтууд байх ба тухайн орчинд утаа, үнэр, тамхины иш огт үзэгдсэнгүй. Тэнд тамхи татах тусгай өрөө, үнс хаях тосгуур ч харагдсангүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын газрын хаалга, хананд тамхи татахыг хориглосон тусгай тэмдэглэгээ байршуулжээ. Тамхичдад зөвхөн бие засах газар татахыг зөвшөөрсөн байна. Дотроо тамхигүй ч эл хоёр байгууллагын гадна талд байдал эсрэгээр.
Мэргэжлийн хяналтын газрын хаалганы үүдэнд тамхи ширхэглэн зарж байхыг хараад Чингэлтэй дүүргийн Худалдаа, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаагаас лавлатал “Эмээ, өвөө нар хэцүү юм. “Битгий зар” гэж шаардлага тавихаас хэтэрдэггүй” гэв. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс тамхины хяналтыг эрс чангаруулахаар болж, өнгөрсөн сарын 24-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан билээ. Хуулиар олон нийтийн газрууд 100 хувь тамхигүй орчин болно. Ресторан, бар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудалд болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна. Хуульд заасан газруудад тамхи татсан иргэд, хууль зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээд 50 мянган төгрөгөөр торгуулж тамхиа хураалгах бол хууль зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураахаар заажээ.
Ирэх гуравдугаар сараас эхлэн мөрдөгдөх шинэ хуулийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхнаас тодруулах гэсэн боловч дүүрэг тус бүр энэ ажлыг зохицуулна хэмээсний дагуу Чингэлтэй дүүргийн Худалдаа, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаагаас тодруулахад “Тийм хууль гарсан юм уу? Надад тийм мэдээлэл ирээгүй. Би ихэвчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л мэдээлэл авдаг. Чи мэдээд, би мэдээгүй байгаа юм биш биз. Батлагдаагүй хуулийг яаж мөрдөх юм” хэмээн будилав. Монголд хуулийн хэрэгжилт, хяналт, шаардлага хаа хаанаа сул байдаг. Энэ янзаараа байвал ирэх оноос мөрдөгдөх тамхины хяналтын тухай хуулийн