“Улстөржөөгүй яриа” буланд энэ удаа НИК компанийн Гадаад харилцааны хэлтсээс ажлын гараагаа эхэлж, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд дээр ажиллан, 2008-2012 онд Гадаад харилцааны дэд сайдын албыг залгуулсан УИХ-ын гишүүн Б.Болор оролцож байна.
-УИХ-ын гишүүн болоогүй бол өнөөдөр, яг энэ цагт юу хийж байх байсан бол... Таны төсөөллийг сонсъё?
-Тодорхой зүйл төсөөлж хэлэхэд хэцүү юм байна. Багадаа тоо, физикийн хичээлдээ сайн байсан учраас багш болно гэж боддог байсан.
-Өнөөдрийг хүртэл хүүхэд ахуйдаа бодож явсан багшийн ажлаа хийж үзсэн үү?
-Хүүхэд нас маань социализмын үед өнгөрсөн. Тэр үед багш, эмч гэсэн мэргэжил түгээмэл, бас сайханд тооцогддог байлаа. Одоогийнх шиг өргөн сонголт байгааг үй учраас багшийн мэргэжил сайхан санагддаг байсан болов уу. Дунд сургууль төгсөх үед нийгмийн шилжилт эхэлж, цаг үеэ дагаад эдийн засгийн чиглэлээр сурч, өөрийгөө хөгжүүлсэн. Гэхдээ сургууль төгсөөд ШУТИС-д жил гаруй хугацаанд оройгоор хичээл заасан. Одоо ч зарим газарт лекц уншдаг.
-Таны гарын дор ойрхон байдаг, шууд барьж авдаг, чухал хэрэглээнд тооцогдох эд юу вэ?
-IPAD миний гол хэрэглээ, надад хамгийн чухал эд. УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудалтайгаа танилцаж, улс орон, гадаад ертөнцийн тухай мэдээллийг эндээс авч байна. Бас хувийн мэдээлэл, хүүхдийн маань зураг гээд бүгд энд багтдаг. Бүх л ажлаа үүгээр амжуулдаг. Өрөө маань саяхан засварт орж, хараахан тохижоогүй буй учраас өрөөнийхөө хананд Арын сайхан хангай нутгийнхаа алдартай бөхчүүдийн зургийг өлгөж амжаагүй байна. Тэр зургийг би төслийн удирдагч, дэд сайдаар ажиллаж байхдаа ч ханандаа залдаг байсан юм.
-Ихэнх хүн сонирхол, хообийгоо цуглуулга болгочихсон байдаг. Танд ийм үнэ цэнэтэй ямар нэгэн цуглуулга бий юү?
-Би спортод дуртай. Хөл бөмбөг, хоккей, бейсбол, үндэсний бөхийн тамирчдын зураг, нэрийн хуудас, карт гэх мэт тэдэнтэй холбоотой эд зүйлийн цуглуулга бий. Ялангуяа хоккейчдын зургийг хүүхэд байхын цуглуулсан. Цуглуулгын маань 80 орчим хувийг хоккейн спорттой холбоотой зүйл эзэлдэг. Миний сонирхол юм даа, манайд бейсбол сонирхдог хүмүүс ховор байх. Би Монголын хамгийн том бейсбол сонирхогч болов уу. Ийш тийшээ явахдаа амьд хөгжмийн тоглолт таарвал үздэг. Европт хөл бөмбөг, Америкт бол хоккей, бейсбол үзнэ. Дэмжиж байгаа багийнхаа тоглолтыг нүдээр үзэх сайхан л даа. Тоглолтод нь өөрөө орчихдог юм. Бельгид оюутан байхдаа 1995 онд Бельги, Испанийн шигшээ багийн тоглолтыг үзэж байлаа. Бельгийн баг тэр тоглолтод заавал хожих, эсвэл Испанийн багт дор хаяж гурван гоолын зөрүүгээр хожигдож, дараа нь Андоррын шигшээтэй тоглож цааш явах боломжтой байсан. Гэтэл Бельги дөрв өн гоолын зөрүүтэй, 5:1 харьцаатайгаар хожигдчихсон. Манай найзууд, ангийнхан уйлаад бөөн юм болсон. Энэ тоглолт мартагддаггүй юм.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй, удахгүй бүл нэмэх гэж байгаа.
-Ар гэртээ гаргах зав хэр олдож байх юм?
-Тун бага. Ялангуяа сүүлийн 4-5 жил маш бага зав гаргасан. Гэр бүлдээ зав гаргахсан гэж боддог ч ажил амжихгүй нь их.
-Өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ?
-Манай гэргий, хүүхдүүд сайн гэж дүгнэх байх. Би өөрийгөө дүгнэвэл гайгүй гэнэ л дээ.
-Найз нөхрийн хувьд Та өөрийгөө ямар түвшинд үнэлэх бол?
-Нийтэч талдаа, олон нийтийн арга хэмжээнд оролцоод явдаг тийм хүүхэд байсан. Уур уцаар багатай, ерөнхийдөө тайвандуу. Их олон найз нөхөдтэй, тэдэнтэйгээ сайхан нөхөрлөхсөн гэж боддог. Манай өвөө надад “Эр хүний нөхөрлөл маш бөх байдаг” гэж захидаг байсан. Энэ үг байнга бодогдож явдаг. Гэхдээ ингэж хэлснээрээ эмэгтэй хүнтэй нөхөрлөдөггүй гэсэн үг огт биш шүү.