Монголын сэтгүүлчдэд дуулааг үй нэр, зүүгээгүй хоч гэж үгүй. Бид “хоточ ноход”. Монголын нийгмийн хөл толгойг олох гэж чухам буяныг дэлгэрүүлж бузрыг хороох гэж явсаар ийм нэртэй болцгоосон. Уг нь бид бусадтай адилхан амьдрах гэж яваа улс юмсан. Гагцхүү өнөөдөр төрийн төлөө оготно мэт зүтгэж явсаар дуулаагүй нэр ч алга болов. Бидэндээ цаасан малгай өмсгөн шүүхийнхэнтэй зэрэгцүүлж өндөрт та вина. Тэгээд “олигтойхон бор гоорой” хэмээн бидэн рүү “хоол” шидэцгээнэ. Эцэст нь тэр нь ял болж ч мэднэ. Хөөрхий бид өгөөшинд хордож шүүхийн хаалга татахын цагт нөгөө “хоол” шидэгчид бүгд амаа үддэг. Тэгээд ч зогсохгүй “Тэр дуртай нөхөр хэд хуцаад л шоронд оровоо” гэцгээхийг нь яана. Өнөөдрийн сэтгүүлч бид ийм л нийгэмд амьдарч байгаа. Тэгээд ч Монголын сэтгүүлчид ямар ял авдаг нь бусдад сонин. Шүүхийн тогтоол сонсож, шоронгийн хаалга татах нь цөөнгүй. Өнөөдөр ч гэсэн хоолны хэдэн төгрөг хаана ч хүрдэггүй сэтгүүлч хүн тэрбумаар тоологдох мөнгөний өрөнд орж, төлөхгүй гэвэл шоронгийн хаалгыг татахад хүрээд чичирч сууна. Бүр сүүлдээ “Ноход хуцаж л байг. Жаахан өгөөш өгөхөд л тэд үмхэнэ. ” гэсэн дотуур санаатан дэндүү олон болжээ. Ний нуугүй хэлэхэд дөрөвдэх засаглал гэж биднийг хөөрөгдөх мөртлөө “Тэд хуцвал хуцаж л байг. Бид ялаад л гарна” гэсэн санааг өнөөдрийн эрх мэдлийн цаана нуугдсан хүмүүс хэлж сууна. Тэд манийг яаж ялахаа мэддэг болсон.Тэр байтугай шүүх засаглалыг бидний эсрэг турхирдаг болжээ. Шуудхан хэлэхэд УИХын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, эрхэм гишүүн М.Батчимэг нар биднийгээ хаа хүртэл давхиулдаг болоо. Хаа хүрээд хуульд захирагдан суух вэ гэдгийг зохицуулах нэгэн хуулийн төслийг тэд гаргажээ. Энэ төсөл хэр зэрэг шударга болнов тэр хэмжээнд бид яаж дуугарахаа бодох цаг ирлээ.Тэд чухам юу гэж ярив . Ингээд Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчдэд хуулийн төслийг хэрхэн үзэж байгааг хэлэлцсэн нэгэн хэлэлцүүлгээс та бүхэндээ хүргэе.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Ажлын хэсэг ч байгуулагдлаа. Намрын чуулганд хуулийн төслийг өргөн барихын өмнө Төрийн бус байгууллагуудын холбоо, Ахмад сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагыг хамруулан энэхүү хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байна гэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей: - Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг хүн бүхний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй шууд холбоотой. Энэ бол ардчилсан нийгмийн үндэс юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д өргөн барьсан “Хэвлэл мэдээлийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэх шатанд явж байна. Энд УИХ-ын гишүүдээс гадна Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид цуглаад байна. Өнөөдөр Монголд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 140 гаруй сонин, сэтгүүл, 30 гаруй телевиз, 20 гаруй радио, цахим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэхэд таатай байна. Гэхдээ тэрхүү хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд хөндл өн гөөс оролцох, тэдэнд дарамт шахалт үзүүлэх зэргээс болж тэд хараат байдалд орчихоод байгааг нуух аргагүй. Тиймээс бидний өмнө Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу тодорхой зохицуулалт хуульд оруулах шаардлага гарч байна. Та бүхнийг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг хэлэлцэхэд ажил хэрэгч яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Түүний дараа Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаач Ц.Чимиддондог “Редакцийн хараат бус байдал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, -Өнөөдөр редакцийн хараат бус байдлын тухай яриа зөвхөн Монголд өрнөөд байгаа юм бишээ. Бидний сайн мэдэх болсон Австрали улсад хүртэл энэ асуудал яригдаж байна. Тэнд дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг Женя Рупиан гэгч тус улсын уул уурхайн салбарт явуулдаг группуудын дийлэнх хэсгийг худалдаж аваад байна. Тэрбээр удирдах зөвлөлдөө өөрийн гэсэн гурван хүнийг оруулна, халаасныхаа хүнээр Ерөнхийлөгч тавина гэж хэлж дуулиан тарилаа. Энэчлэн бидний эргэн тойронд янз бүрийн үйл явдлууд дүүрэн байна. Монголын сэтгүүлзүйд зар сурталчилгааны алба нь редакциа өөрийн хараат байлгаж байна. Монголын хэвлэл мэдээлийн хэрэгслийн 90-99 хувь нь улстөрчдийн мэдэлд байгаа. Сэтгүүлчдийн нийгмийн халамж муу гээд ярих юм бол зүйл их байна. Наад зах нь Монголд сэтгүүлчдийн хөдөлмөрийн гэрээ хэрэгжихгүй буйгаас цалин муу авч байна. Ямар ч гэсэн сэтгүүлчийн цалинг нэмэх хэрэгтэй. Цаас, хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй гэв.
Энэ хуралд “Сэтгүүлчийн хараат бус байдал” илтгэлийг Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д. Оюунцэцэг тавьсан. Тэрбээр, -Сэтгүүлч бидний өдөр тутмын үйл ажиллагаанд улс төр, бизнесийн бүлэглэл цаг ямагт нөлөөлж байна. Бидний үйл ажиллагаанд улстөрчид ихээр хошуу дүрж байна. Нэг баримт хэлэхэд авилгатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа нэг удаа хэвлэлийн бага хурал хийлгэчихээд биднийг зунжин дуудаж залхаав. Тэрбээр биднийг цохож асуугаагүй байхад “Тийм, ийм хэрэг манай газарт ирсэн” гэж ярьчихаад сүүлд нь дуу хураагуур тэмдэглэлийн дэвтрээ авчир гэж тулган шаардах болсон. Эхлээд хоёр сар гаруй түүний дуудсан зоргоор очоогүй. Гэтэл биднийг дуудаад байсан шүүгч нь дарамтад орсон. Аргаа бараад яваад очтол нөгөө шүүгч чинь ямар зорилгоор хэвлэлийн бага хурал хийв. Хэн асуулт тавьж юу гэж хариулав гэхчилэн байцаахад хүрсэн. Манай Эрүүгийн хуульд “Бусдын нэр төрд халдаж, гүтгэж доромжилсон байвал сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. “ гэсэн заалт байдаг. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа хуулийн төсөлд үүнээс арай өөр заалт орсон нь аятай санагдлаа. Гэхдээ саяхан хүртэл хэн нэгний нэр төрд халдсан тохиолдолд, хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сарын доод хэмжээг 50-70 дахин нугалсан хэмжээний торгууль төлүүлнэ гэсэн заалт бүхий төсөл УИХ-д орж байв. Тухайн үед сэтгүүлч З.Алтай эсэргүүцсэний хүчинд 15-30 хувь хүртэл бууруулж байсан. Энэ маягаар бид өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг сайтар эргэн харж байж батлуулах хэрэгтэй байна. Саяхан гэхэд л Баянгол дүүрэгт Иргэдийн хурлын даргаа огцруулах санал гаргалаа. Сонгуулийн өмнө та нар бичих хэрэг байна уу, онцгүй шүү дээ гэсэн хэл ам ирж байх юм. Бид ийм л байдалтай хэрүүл маргаан заналхийлэл дор ажиллаж байна гэв.
Энэхүү хуралд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага ёс зүй” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, -Өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэсэн асуулт аливаа асуудалд адармаатай эргэлзээтэй зүйл олон байдгийн сонгодог жишээ юм. Гэвч энэ маргааныг эцэслэн шийдээгүйгээс болоод амьдрал зогсчихоогүй. Хүмүүс өндгийг ч, тахиаг ч хүнсэндээ хэрэглэсээр байна. Хүний амьд байх эсэх нь хүнс тэжээлээс хамааралтай учраас тэр. Тэгвэл сэтгүүлч мэргэжил мөн үү, сэтгүүлзүй шинжлэх ухаан мөн үү?Эрдэмтэн судлаачид тийм, үгүй гэсэн эсрэг тэсрэг хариултын алийг нь сонгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байна. Гэвч энэ асуудлыг тодлон шийдээгүйн улмаас сэтгүүлз үй оршин тогтнохоо байчихаагүй, харин ч улам бүр хөгжиж, арга хэлбэр, агуулга нь өргөжин тэлж байна. Хүмүүн гэдэг нийгмийн амьтан учраас, тэдний оюун санааны хоол тэжээл нь мэдээлэл учраас тэр. Ихэнх улс орон анагаах, хууль зэрэг салбарынхныг онцгойлон үзэж, энэ салбарт заавал мэргэжлийн хүн ажиллах ёстой хэмээн зааж, мэргэжлийн холбоотой байх асуудлыг нь хуульчилж, хариуцлагын тогтолцоог нь баталгаажуулж өгдөг. Тэдний алдаа хор хохирол ихтэй учраас гэж үүнийгээ тайлбарладаг. Тэгвэл сэтгүүлч хүн мэргэжлийн алдаа гаргаснаас үүсэх хор хохирол нь бүр ч их. Нэг эмч мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд хэн нэгэн хүн, түүний ахан дүүс хохирно. Харин сэтгүүлчийн алдаанаас болоод нийгэм бүхлээрээ ч хохирч мэднэ. Тийм ч учраас сэтгүүлзүйг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар гэж үздэг. Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх гол механизм болсон мэргэжлийн холбооны чиг үүргийг хуулиар тогтоохоос өөр хэлбэрээр төр оролцох ёсгүй. Өөрөөр хэлбэл энэ нь нийт сэтгүүлчдийн төлөөлөл болсон Сэтгүүлчдийн их хурлаар байгуулагддаг, их хурал нь сэтгүүлчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлж, Сэтгүүлчийн мэргэжлийн дүрэм, бусад дүрэм журмыг баталдаг байх нь зүйтэй гэж үзэж байна.
Монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээн ардчилал, зөвшилцлийн зарчмаар асуудлыг шийдвэл алдаа гардаггүйг эрт дээрээс сургасаар ирсэн. Бид ч гэсэн бүгдээрээ хэлэлцэн байж сэтгүүлчдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох мэргэжлийн холбоогоо байгуулж, ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж, салбарын хувьд нэгдсэн бодлоготой, хүчтэй болж чадна. Сэтгүүлч онцгой мэргэжил. Тийм болохоор сэтгүүлчийн онцгой эрхийг үндсэн хуулиараа хамгаалсан улс орнууд нэлээд байдаг. 1831 онд баталсан Бельгийн Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “Хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой, мэдээллийн агуулгыг хянах ёсгүй, зохиогч нийтлэгч хэвлэгч нараас баталгаа шаардах ёсгүй” гэж заасан байдаг. АНУ-ын Үндсэн хуульд 1791 онд оруулсан алдарт нэгдүгээр нэмэлтийг бүгд мэднэ. Шведийн хэвлэлийн эрх чөлөөний акт нь тус орны Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мэдээллийн эх сурвалжаа илчилсэн сэтгүүлчид хариуцлага тооцох заалттай. Японы Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь мөн л сэтгүүлчдийн сурвалжлах эрхийг хамгаалдаг.
Ер нь бол дэлхийн 80 гаруй орон мэдээллийн эрх чөлөөг үндсэн хуулиар олгогдсон эрх гэж тодорхойлж, 70 гаруй улсад хэвлэлийн эрх чөлөөний бие даасан хууль үйлчилж байна. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах асуудал юутай чухлын нэгэн нотолгоо юм.Дэлхийн ямар ч оронд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг туйлын эрх чөлөө гэж тодорхойлдоггүй. Олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг харгалзан энэхүү эрх чөлөөг хязгаарладаг янз бүрийн зохицуулалт байдаг. Тэдгээрээс хамгийн ихээр анхаарал татдаг нь сэтгүүлчийн ёс зүйн асуудал. Үүнийг бид их томоор сэтгэж, өргөн хүрээтэй ярьдаг. Гэтэл хэрэг дээрээ сэтгүүлчийн ёс зүй туйлын бага зүйлээс эхэлдэг. Тухайлбал АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дагаж мөрдөж буй ёс зүйн дүрэм, журмуудад түгээмэл анзаарагддаг нэг зүйл нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангахын тулд мэдээний эх сурвалжаас бага ч болов бэлэг авахыг хориглодог, өөрийн гэр бүлийн хүний ажилладаг компанийн талаар мэдээ бэлтгэхийг хориглодог гэх мэт. Эцэст нь хэлэхэд “Хэвлэл мэдээлэл чөлөөт биш, үг хэлэх эрх бие даасан биш, оюун санаа чөдөртэй, айдас хүйдэст хүлэгдсэн бол төр засгийн ямар хэлбэр дор амьдарч буйгаас үл хамааран та иргэн биш, харин субъект л байх болно” гэж 1917 онд АНУ-ын сенатч Уильям Бора хэлснийг сануулмаар байна гэв.
Ийнхүү Монголын сэтгүүлчид төрийн ордонд цуглаж өөрсдөд нь зориулсан хуулийн төслийг хэлэлцээд авлаа.