(1).jpg)
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ шийдвэрийг дэмжсэн үү
АН-ын эмхэлсэн Засгийн газарт "Шударга ёс" эвсэл нэрийн дор хамтарсан МАХН шийдвэрээ цуцлахаар шийдсэн нь улс төрд цочир гэнэтийн явдал болов. Энэ нь зөвхөн намын Гүйцэтгэх товчооны шийдвэр хэмээн тайлбарлаж буй ч үүний цаана хэний эрх ашиг буйд хүн бүхэн анхаарал хандуулж эхлээд байна. Цаг хугацааны хувьд энэ үйл явдал МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хяналтын шатны шүүх хурал болон МАХН-аас жагсаалтаар УИХ-д орж ирэх Ц.Оюунбаатар нарын тангараг өргөх, эсэх асуудалтай хүссэн ч, үл хүссэн ч холбон ойлгохоос аргагүй байдалд хүргээд байна. Улс төрийн зарим хүчнүүд ч энэ өнцгөөс харвал МАХН-д намын эрх ашиг нь хувь хүнийхээс илүүд тавигдах учиртай. Тиймээс энэ шийдвэрийг шударга гэдэг имиж, зорилгоос нь харж ойлгохыг хүсвэл намын мянга мянган гишүүн, массын эрх ашигт МАХН хүндэтгэлтэй бас тууштай хандлаа гэж үзэж болохоор.
Үүнийг хөндлөнгийн зарим ажиглагчид “Шударга ёс” эвсэл анх АН-ын Засгийн газартай хамтрах шийдвэр гаргахдаа хийсэн гэрээнийх нь заалттай холбон тайлбарлаж байна. “Уг гэрээний зорилгыг тодорхойлсон оршил хэсэгт Монгол Улсад аливаа хэлмэгдүүлэлтийг устгаж, шударга ёсыг тогтооно хэмээн тунхагласан нь бий. Үүнийг Засагт хамтарсан улс төрийн хүчнүүд биелүүлж, дагаж баримтлахын тулд гарын үсэг зурж баталгаажуулсан байх учиртай. Харамсалтай нь УИХ-д олон суудал авснаараа төр, засагт азаргалж буй АН-ынхан үүнийг хэрэгжүүлэх нь байтугай тийм хүсэл эрмэлзлэл байхгүй нь Засгийн газрын 100 өдрийн хугацаанд батлагдсан тул МАХН-ынхны хувьд ийм шийдвэр гаргахад хүргэсэн” гэж эх сурвалж хэлж байна.
МАХН Засгийн газраас гарснаар хэн хожих вэ. Бас хэн хохирох вэ?
Засгийн газрын тогтвортой байдлаар дэнчин тавьж буй МАХН-ын энэ сонголт тэдэнд өөрсдөд нь ашиггүй. Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүндээр туг, далбаа болгон УИХ, Орон нутгийн сонгуульд чамлахааргүй суудалтай болж улс төрд орон зайгаа эзэлсэн тэдний хувьд Засгийн газарт хамтарснаар том эрх мэдэл улс төрийн том бяр нэмсэн. Харин одоо Засгаас гарснаар УИХ дахь сөрөг хүчин л болно. Улс төрийн шийдвэрт оролцох эрх нь ч хязгаарлагдана. МАН УИХ-д бүлэггүй, хатуу хэлэхэд ирц бүрдүүлэхээс хэтрэхгүй хэн ч биш байгаатай адил МАХН-ын гишүүд ч УИХ-д тийм л байх болно. Тиймээс МАХН Засгаас гарсан нь улс төрийн зорилгоо биелүүлэх хүчийг нь сулруулахаас өөрөөр Монголын улс төрд гарзгүй. Энэ нь одоо хардлага эргэлзээний гол зангилаа болоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах, Э.Батшугарыг Ц.Оюунбаатарын оронд УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх улс төрийн зорилгоо биелүүлэхэд харин ч эсрэгээрээ МАХН-д ашиггүй хувилбар юм. Тэд Засагтаа хамтарч, улс төрд гол тоглогч хэвээр байсан бол магадгүй энэ зорилгодоо бүрэн биш ч хүрэх байсан байж мэднэ. Одоо тэд өөрсдийгөө буланд шахав.
Зарим ажиглагч энэ шийдвэрийг МАХН-аас эрх баригч АН-ынханд илгээсэн улс төрийн шантааж хэмээн хүлээн авч буй. Гэхдээ олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, байр сууриа илэрхийлсэн нь зүгээр нэг шантааж биш гэдгийг ойлгуулах гэсэн оролдлого болж харагдав. Магадгүй АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрд, тэр тусмаа Засагт нь үүссэн гэнэтийн ийм хариуцлагатай үед МАХН-ын шийдвэрийг үл ойшоосон мэт Кыргыз улсад хийх айлчлалдаа мордсон нь ийм ойлголтыг олон нийтэд төрүүлсэн байж мэдэх юм.
Засгаас гарах шийдвэрт МАХН-ын дарга хэрхэн хандав?
МАХН-ын Гүйцэтгэх товчооний гишүүн гэх 25 хүний гаргасан энэ шийдвэрийг намын дарга Н.Энхбаяр хэрхэн хүлээж авсан бол. Түүнтэй зөвшилцсөн үү.
МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгийн хариулснаар Гүйцэтгэх товчоо дангаараа энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Харин зарим эх сурвалжийн хэлснээр энэ тухай Н.Энхбаярт дуулгасан гэх бөгөөд тэрбээр ийм эрсдэлтэй шийдвэр гаргахын эсрэг байжээ. Тиймээс энэ нь МАХН-ын эрх бүхий хүмүүсийн баталж буйгаар зөвхөн Гүйцэтгэх товчооны гишүүдийн шийдвэр байсан нь үнэн бололтой.
Н.Энхбаяр нарын хяналтын шатны шүүх хурал энэ долоо хоногт болно. Гэхдээ Засгаас гарах МАХН-ын энэ шийдвэр удахгүй болох шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэдэг нь эргэлзээтэй. МАХН өмнө нь давж заалдах шатны шүүх хуралд итгэл найдвар тавьж байсан шигээ Дээд шүүхээс нааштай шийдвэр хүлээхгүй байна. Учир нь МАХН-ын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай албан болон албан бусаар хэд хэдэн удаа уулзаж Н.Энхбаярын асуудлаар ярилцсан мэдээлэл байна. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Н.Энхбаярын хэргийг хэлмэгдүүлэлт гэдэг дээр толгой дохидог бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хэлмэгдүүлж яллана гэдэг монгол хүний ёс жудагт нийцэхгүй” гэсэн утгатай зүйл хэлдэг аж. Гэвч Ерөнхийлөгчийн гадаад томилолтууд Н.Энхбаяр нарын шүүх хурлуудтай давхацдаг нь тохиолдлынх биш гэсэн хардлага ч улс төрийнхөнд бий.
Магадгүй АН-ынхны хувьд овоо босгоод шаазгайгаа нэгэнт шагшруулчихсан болохоор Н.Энхбаярыг одоо хэлмэгдүүлсэн хэмээн цагаатгах нь улс төрийн дүрэмд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт даатгаж, ямар ч байсан яллах нь тодорхой болоод байгаа бололтой. Гэхдээ МАХН-ын хувьд Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. Тэд эрх мэдэл, улс төрийн эрх ашгаа огоорон Засгаас гарвал даргынхаа нэр хүндийг цагаатгах, “Шударга ёс” тогтоох гол амлалтдаа хүрэхийн тулд УИХ-ын түвшинд өлсгөлөн зарлаж, гишүүдээ татахаас эхлээд, олон улсын хүний эрхийн шүүхэд хандах гэх мэт “шуударсан” алхамд шилжихийг үгүйсгэхгүй.