Уламжлалт хугацааг хөсөрдүүлэн, зуд турхны дохиотой зэрэгцүүлж явуулсан Орон нутгийн сонгуулийн хэрүүл, зарга өндөрлөж, цас зудтай орон нутагт удирдлагаа ч сонгож дуусаагүй байхад залгаад ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ дуулдаж эхэллээ. Сонгогчийн боловсрол ярьсаар УИХ-д заларсан Р.Бурмаа тэргүүтэй гишүүдийн санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг сонгуулийн жилийн тавдугаар сарын сүүлийн хагасын аль нэг долоо хоногийн ням гаригт явуулдаг. Сонгуулийг санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлох бөгөөд энэ тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой. Юутай ч цаг үеийн зохицуулалт зайлшгүй орох ёстой хуулийн төслийг УИХ-ын дарга боломжит хугацаанд хэлэлцэж эхлэв.
Хуулийн төсөлд тусгасанаас үзвэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд заасантай үндсэндээ адил хариуцлага хүлээх гэнэ. Түүнчлэн 47 хоног өрнөдөг сурталчилгааны хугацаа 35 хоног хүртэл багасаж, санал хураалтыг автоматжуулсан системээр явуулж, төрийн алба хаагчид болон оюутнуудын саналыг Ерөнхийл өгчийн сонгуульд оролцуулна гэсэн байна. Харин тус хуулийг УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний төлөөлөлгүй батлахаар чармайж эхэллээ. Өнгөрсөн намар тэд Орон нутгийн сонгуулийн хуулийг МАН-ын гишүүдийн оролцоогүйгээр баталж дөнгөсөн бөгөөд ганц намын ашиг сонирхол туссан нутгийн удирдлагыг сонгох хууль эзэндээ хэрхэн ээлээ өгснийг хуучирч амжаагүй үйл явдлууд харуулсаар байгаа. Идэр есийн хүйтнээс өрсөж нийт нутгаар цаг агаар эвгүйдэж байхад асуудлаа шийдүүлэх гэсэн орон нутгийнхан Засаг даргаа хүлээж, ёстой л бухын доодохыг харж үнэг турж үхдэгийн үлгэр өрнөж буй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей саяхны нэг өдөр “УИХ-д МАН-ын бүлэг байгуулах асуудал анхаарлын төвөөс гараагүй” хэмээн чухал гэгч нь мэдэгдэж байсан. Уг нь парламентад АН-аас хол зөрүүгүй төлөөлөлтэй МАН-ын бүлэг байгуулах эсэхийг шийдэхэд үдийн цай уух хэмжээний хугацаа шаардагдахгүй ч хэрэг дээрээ АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг санаснаараа өөрчилсний дараа сөрөг хүчний намын бүлгийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байгаа нь ил боллоо. АН УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээс тат галзаж байгаа. Эл хуульд МАН-ын бүлэг байгуулах заалт туссан учраас тэд хэлэлцэхийг төвдөлгүй тойрч байгаа нь үнэн. МАН-ын бүлэг байгуулах болон улс төрд өрнөсөн зарим үйл явдлаас үүдэн УИХ-д зөрчил үүссэн бөгөөд АН-ын зүгээс сөрөг хүчинд үзүүлж буй энэ бойкотын хариуг МАН ч бас барихаа мартаагүй.
Ийнхүү УИХ-д суудалтай хоёр том намын дунд үл ойлголцол үүссэн тул МАН буулт хийж санал зөрөлдөж буй асуудлыг шийдвэрлэх хамтарсан Ажлын хэсэг байгуулах саналыг гаргасан. Ингэж зөвшилцөхийн тулд АН-ынхан сөрөг хүчнээс УИХ-д сонгогдсон гэж үзсэн таван гишүүний тангараг өргөх асуудлыг зөвшөөр гэж шахсан байдаг. Тэдний дунд УИХ-ын сонгуулиас хойш маргаан дэгдээсэн Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүнээр батламжлуулах сонирхолтой байсан АН хоёр “туулай”-гаа Парламентын босго алхуулж байж, УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэн, бүлэг байгуулна хэмээн гэдийсэн. Тулган шаардлага ч муугүй үр нөлөө үзүүлж, хоёр нам тус аймгийн хоёр суудлыг нэг нэгээр нь хувааж авах тохироогоо амжилттай хийж, МАН-ын бүлгийг удахгүй байгуулна гэдэг амлалтад хүрцгээж. Гэвч АН энэ шийдлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ашиг сонирхлоо шингээсний дараа гаргах гэж байгаа нь ил болжээ.
Хуулийн гол анхаарал татах заалт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг АНУ-аас нийлүүлж, өмнөх хоёр шатны сонгуульд ашигласан автомат машинаар тоолох явдал. Саналын хуудас тоолох, тооллогын дүн илгээх хоёрхон үйлдэлтэй машины “но” УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиар бишгүй дуулиан тарьсан. Тиймээс луйвартай болсон сонгуулийн гол алдаа автомат машин гэсэн байр суурийг тасралтгүй илэрхийлж байсан УИХ дахь МАН төдийгүй МАХН, МҮАН, ИЗНН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар биш гараар тоолно гэж үзэх байх. Байдал ийнхүү хурцдах тул МАНын бүлгийг яаран байгуулах нь АН-д ашиггүй. Хуулийг санасан хэм жээндээ хүргэж батлах ажилд сөрөг хүчний бүлэг саад хийх учраас тэд ямар нэгэн шалтаг хайн цаг хугацаа хожихоор шийджээ. Үр дүнд нь ард иргэд сонгох эрхэндээ дахин халдуулж мэдэхээр болоод байна. Хууль санаачлагчид төсөлдөө Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбоотой харилцааг илүү нарийвч лан тусгасан. Гарч болзошгүй ямар нэгэн маргааныг бодит ба римтын дагуу шийдвэрлэх заалт оруулж, хууль тогтоомжийн хувьд чанар нь сайжирсан гэж танилцуулж байгаа. АН Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрт ашигтай байдлаар батлахдаа мөн ийм утгатай мэдээ лэл хийж байсан билээ.
Харин хугацаа хожимдсоны улмаас ирц хүрэхгүй хойшилж, нийслэлийн дүүргүүд, орон нутгийн зарим суманд дахин санал хураалт явуулсан. Амьдралд нийцээгүй хууль маргаан дагуулж, дүн мэдээ олон хоногийн дараа гарахад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хуулийн гажуудлыг УИХ-д танилцуулж, дараагийн шийдвэрийг гаргуулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл ирэх хавар Ч.Содномцэрэн дарга сонгогчдын өмнө дахин худал хэлэх шаардлага тулгарах вий. Учир нь, хуулийн төсөлд сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ биш бүр Сонгуулийн хэсгийн хороод нэгтгэж гаргахаар туссан байна. Орон нутгийн сонгуульд дэндүү сул үүрэгтэй оролцсон СЕХ санал хураалтын дүнг аймаг, дүүргийн Сонгуулийн 30 хороо, 30 толгойд даатгаж, иргэд тэр дор нь гарчихдаг гэх автомат машины дүнг бүтэн долоо хоног хүлээсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг аймаг, дүүргийн Сонгуулийн хороо ч биш, хэсгийн хороонд нэгтгэхээр 30 хорооны дүнг долоо хоног хүлээсэн юм чинь орон даяар тархан байрласан 2000 гаруй хэсгийн хорооны санал хэд хонож гарахыг хэлэхэд хэцүү.
Ийнхүү сонгуулийн дүн оройтож, мэдээллийн эрч алдагдах завсар будлиан хийдэг гэдэг. Хэрвээ хууль дахь дээрх заалтыг Парламентаар хэлэлцэж дуусах шатанд өөрчилж амжихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ашиг сонирхлын зөрчилгүй батлагдсан гэж үзэхэд хэцүү. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хэвшиж эхэлсэн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг авах, улс төрийн намын тугийг айлын тагт, хашаа, байшин, худалдаа үйлчилгээний жижиг цэгт хатгахыг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн захиалагчийг ил тод бичих зэрэг заалт хуулийг “шинэ дээл”-тэй болгон харуулж байна билээ.
Д.ОТГОНЖАРГАЛ