-Та амарсан ганц өдрөө цэцэгтэй нөхөрлөж өнждөг бололтой. Тарьсан цэцэг чинь ямар сайхан ургаа вэ?
-Баярлалаа. Би цэцэг тарих тун дуртай. Миний сонирхдог зүйлийн маань нэг л дээ. Хүн байгальтай аль болох ойр байх тусмаа эрүүл амьдарна. Амралтынхаа өдрөөр зуслан дээрээ өнждөг. Зуны эрүүл агаарт элдэв дуу чимээ, стресс бухимдлаас холдох нэг бодлын амар амгаланг мэдэрдэг. Зав гарвал би цэцэг тариад, эсвэл арчлаад суучихна. Сүүлийн үед жимсний үр, бут тарьж сурч байгаа. Манай сургуулийн номын сангаар орвол цэцгийн мандал дотор байгаа мэт сэтгэгдэл төрнө шүү. Багш нар намайг дагаад цэцэг тарих сонирхолтой болж, анги кабинетаа янз бүрийн цэцгээр чимэх дуртай болчихоод байгаа. Би ирээдүйд цэцгийн хүлэмжтэй болохыг хүсдэг. Хадам эгчийн охин “Хоёулаа Солонгосоос цэцгийн үр авчраад хүлэмж байгуулъя” гэж санал тавьсан. Хаана л гоё цэцэг харагдана гар татахгүй худалдаад авчихдаг.

-Танайх зусландаа гарсан уу?
-Өө гарсан гарсан. Амралтын өдрөөр гэр бүлтэйгээ ууланд авирах дуртай. Бид хүүхдүүдээ бага байхаас нь байгальтай ойр байлгахыг эрхэмлэж ирсэн. Зав гарвал охидоо дагуулаад дэлгүүр хэснэ, цаашлаад зээ хүүгээ эрхлүүлнэ. Өнөөдөр зээ маань манайд ирж чадсангүй. Сураг сонсох нь ээ гэрт нь зочид ирээд завгүй байгаа дуулдсан.
-Охидтой айл арай л өөр байх юм аа. Цэвэрхэн, цас цэмцгэр. Хаашаа л харна цэцэг, хатгамал харагдана. Та үйлэнд уран биз?
-Манай охид оёж хатгах үйлэнд сайн. Багаасаа хатгамал хатгаж сурсан. Охид чинь айлын бэр болохоороо өөрийнхөө оёж, урласан зүйлийг аваад явчихдаг юм байна.
-Та Орос III сургуульд номын санчаар олон жил ажилласан уу?
- Сургуулийн номын санчаар ажиллаж байгаадаа их бахархдаг. Завгүй хэрнээ сайхан л ажил. Миний хувьд зургадугаар сар дуустал завгүй ажиллаа. Бага байхын номтой их нөхөрлөсөн маань энэ ажлыг сонгоход нөлөөлсөн гэж боддог. Сургуулийн сурагч байхдаа би аав ээжээсээ хол айлд байдаг байлаа. Өдрийн уртыг ангийнхаа хүхдүүдтэй ном уншиж өнгөрүүлдэг байв. Надад нэг өдөр энэ сургуулийн номын санч танил маань “Чи миний ажлыг үргэлжлүүл. Аливаад нямбай чамбай ханддаг, бас хийж буй ажилдаа сэтгэл гаргаад зүтгэж чаддаг хүнд би ажлаа өгмөөр байна” гэж хэллээ. Энэ сургуульд номын санчаар ажиллахаар анх хөл тавихад захирал маань хамт олонтой сайхан угтаж авсан. Номын санч болохоосоо өмнө би олон ажил хийж байлаа. Анх ой модны харьяаллын “Монро мебель” үйлдвэрт технологичоор ажилласан. Тэр үед 2000 ажилтантай том үйлдвэр байсан даа. Удалгүй зах зээлийн нийгэмд шилжихэд үйлдвэр ч татан буугдаж, ажилчид нь тарсан. Тухайн үед хүмүүс амьдралаа залгуулахын тулд гахай үүрээд наймаанд их явдаг байсан шүү дээ. Би ч гэсэн ялгаагүй наймаа хийсэн. Наймаанд явж байхад хөгжилтэй зүйл их тохиолдоно. Яамны сайдаасаа авахуулаад дарга цэрэгтэйгээ ч тааралдана. Эхэндээ ичээд “яана аа дарга явж байна” гээд лангууны араар орж бушуухан нуугдана. Сүүлдээ ч тоохоо болсон. Бүгд л гахай чирчихсэн вагонд сууж байх жишээтэй.
-Наймаанд явж байсны хэрэг амьдралд ч гарсан байлгүй дээ?
-Бидэнд хурааж нөөцөлсөн хөрөнгө гэхээр зүйл байхгүй. Гэхдээ хүнээс гуйлгүй амьдралаа болгоод л ирсэн. Охид маань ч том болж, олсон хэдэн төгрөгөө боловсролд нь зарцуулсан. Эмэгтэй хүн эрчүүдээс дутахгүй гахай үүрээд ганзагын найманд явна гэдэг амаргүй л байсан. Даарна, хөрнө, хална гээд саад бэрхшээлтэй багагүй тулгарна. Тийм үед “би ер нь юу хийгээд явна вэ, гэртээ яагаад байж болохгүй байсан юм бэ” гэж бодогдох үе бишгүй гарч байсан. Тэр үед хатууг хатуу гэж бодолгүй, зовлонг зовлон гэж тоолгүй гурван хүүхдийнхээ төлөө зүтгэсэн. Одоо тэр үеийг бодохоор харамсах сэтгэл төрдөггүй юм. Бусдын амьдралын жишиг тийм л байсан болохоор би ч бас дагасан. Тэглээ гээд буруудаагүй ээ.
-Охидтой байх цаанаа л нэг сайхан шүү. Бүх зүйл эмх цэгцтэй, гэр орон цэмцгэр нэг л гоё халуун дулаан уур амьсгал мэдрэгдээд л ...
-Тийм ээ. Хадам ээж минь надад “Миний хүү жаргаж байна. Чиний хамгийн сайхан үе энэ шүү. Охид чинь удахгүй оюутан болно, за тэгээд айлын бэр болоод тусдаа гарахаар гар мухарддаг юм даа” гэж хэлж байсан. Одоо бодоход үнэн үг хэлж байжээ. Том охин маань гэрлийн бүрхүүлийг маань сурмаг сайн цэвэрлэнэ. Охиноо айлын бэр болсноос хойш гэрлийн хэдэн бүрхүүл цэвэрлэх гэж нэлээн мунгинаж байна шүү. Гэрийн ажлын амаргүй түрүүчээс нь мэдэрч л сууна.Анх том охиноо төрүүлээд ээж байхын сайхныг мэдэрч, бас ээжийнхээ зовлон хамгийн сайн ойлгож билээ. Хүүхэлдэй шиг жаахан охиноо харчихаад “Би ингээд ээж болчихлоо гэж үү” гэж баярлаж байснаа ер мартдаггүй юм. Одоо охиныхоо хүүг эрхлүүлсэн шигээ эмээгийн үүргийг гүйцэтгэж сууна даа.
-Танай хойморт байгаа зураг харц татаад л байх юм. Төрсөн нутгийн чинь зураг уу?
-Тийм ээ. Нөхөр бид хоёр Ховд аймгийнх. Би аавын ээжийнхээ төрсөн нутаг Мянгат суманд дөрвөн нас хүртлээ байсан. Аав минь цэргийн хүн байсан болохоор багаасаа хил хязгаар нутаг дамнаж амьдарсан. Хадам ээжийгээ өнгөрснөөс хойш нутаг руугаа явалгүй арав гаруй жил болжээ.Нас ахиад ирэхээр хүн нутгаа их санадаг болдог юм байна. Манай нутаг сайхан шүү. Сутай Хайрхан уул хадмын маань нутагт маань байдаг юм. Нөхөр маань намайг энд л анх авчирч билээ. Хөшөөтийн ам гэдэг газар айлын бэр болж энэ газар нутгийн зон олонтой танилцаж байлаа.
- “Эрдэм номтой Монгол хүн”, “Ном хөтөлбөр”-ийг танай сургууль хэр хэрэгжүүлж байна вэ.Таныг ажилдаа сэтгэл гаргаж чаддаг, бусад сургуулийн ном санчид өөрөөс тань үлгэр дуурайл авдаг гэж хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Тэр дундаа сургуулийн хүүхдүүд таныг андахгүй мэддэг юм билээ?
-Энэ хүрээнд “Ном хөтөлбөр”-ийг сургууль дээрээ идэвхтэй хэрэгжүүлж, үүний дагуу олон ажил сэдэж хийсэн. Тэр дундаас хамгийн үр дүнд хүрсэн, хүмүүсийн анхаарлыг татсан ажил бол бага ангиудад ангийн ном сан байгуулсан ажил юм. Хүүхдүүд гэрээсээ, эсвэл ном худалдаж аваад ангидаа номын сан тун идэвхтэй бүрдүүлж, номын санч сонгосон. Би гэдэг хүн өөрийгөө тойруулаад 52 бяцхан номын санчтай болсон шүү. Тэдэндээ эрдмээсээ зааж “номын санч хүн ямар зарчмыг баримтлах ёстой вэ, уншигчдад хэрхэн хандаж сурах вэ, тэднийг яаж угтаж, яаж үдэх вэ. Ном унших орчныг хэрхэн бүрдүүлэх вэ” гэдэг талаар хичээл заадаг. Надаар хичээл заалгасан хүүхдүүд номын санчийн сайн мэдлэгтэй болсон. Сүүлийн үед хүүхдүүд ангидаа номын сантай болсноос хойш ном унших сонирхолтой болсон. Ном уншаад ирэхээр хүүхдүүд сурч байгаа орчноо улам сонирхолтой болгохын тулд уншсан ном зохиолынхоо баатраар дүр бүтээж эхэлсэн. Анги болгон хоёр хоёр зохиолын гол дүрээр жүжигчилсэн тоглолт хийдэг боллоо. Хүүхдүүд ингэж “Ном”, “Авьяас”, “Багш ” гэсэн хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна.
-Танай сургуулийн хамт олон хэр сайхан эвсэг вэ?
-Би сайхан хамт олны дунд хөл тавьсандаа баярладаг. Манай хамт олон эвсэг, өөр хоорондоо маргалдаж, санал зөрөлдөж байхыг ер хараагүй. Нэг нэгнийхээ зовлон жаргалыг хамтдаа хуваалцаж чаддаг. Шинэ сэдэв, санаа олсон бол бүгдээрээ цуглаж байгаад ярилцана. Багаасаа оросуудад элэгтэй өссөн болохоор ч тэр үү би орос багш найзуудтай болсон. Тэдэнтэйгээ ойр дотно нөхөрлөдөг. Өнгөрсөн жил манай Орос сургууль 20 жилийн ойгоо сайхан тэмдэглэлээ. Миний хувьд ойн баярын үеэр сайшаагдаж шагнуулсан.
-Та бясалгал хийдэг байх аа. Ширээн дээр чинь энэ төрлийн нэлээн хэдэн ном харагдана?
-Би өглөө эрт босоод бясалгал хийх дуртай. Сэтгэл сэргээд өөдрөг болчихдог юм. Сэтгэл өөдрөг ажилдаа очихоор тэр өдрийг эрч хүчтэй, ажлын бүтээмж өндөртэй өнгөрүүлдэг. Бясалгал хийхээр хүн орчин тойрноо эерэгээр харж, олонтой зөв харилцаж эхэлдэг. Уур бухимдал, ажлын ачаалал, амьдралын аар саар зүйлээс ангид байж тайвшралыг хамгийн түрүүнд мэдэрдэг болдог юм билээ. Номын буян гэж үнэхээр байдаг юм билээ. Ажлынхаа өрөөнд яваад орохоор өөрийн эрхгүй баяр баяслыг мэдэрдэг юм даа.
-Танд хамгийн түрүүнд мэдрэгддэг сайхан зүйл юү вэ?
-Хүүхдүүдийн дунд байх хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Би хичээл завсарласны дараа хүүхдүүдийн дунд байх их дуртай. Тэдний дэргэд байхад яагаад ч юм нэг тийм гоё энерги мэдрэгддэг юм. Хүүхэд гэдэг чинь харгүй, хоргүй цагаан сэтгэлтэй. Сургууль амрахаар хүүхдүүдийн тэр цангинасан дуу хоолойг үгүйлээд байдаг юм. Сүүлийн үед хүүхдүүд танин мэдэхүйн чиглэлийн тэр дундаа сансар огторгүй, дэлхий ертөнцийн тайлагдашгүй зүйл, байгаль газарзүйн сонин зүй тогтол, алдар нэр, амжилтанд хүрсэн олны танил хүмүүсийн хүүхэд ахуйн цагийн амьдралыг сонирхож уншдаг болсон байна. Сургуулиуд номын фондыг байнга шинэчилж байх ёстой гэж боддог. Манай сургууль ахлах ангийн сурагчдад нийтийн ном унших цаг гаргаж байгаа. Багш нар маань хэвлэл их захиалдаг, завтай үедээ орж дуртай номоо аваад уншдаг юм. Хүүхдүүд “Номын санч эгчээ би дуртай номоо унших гэсэн юм” гээд л ороод ирдэг. Завтай үедээ хүүхдүүдтэй харилцан ярилцана, сонирхож байгаа номыг нь асууна, хайна.
-Номын санч бүсгүй эртний ховор нандин зохиолуудаар гэрийнхээ номын санг баяжуулсан байлгүй дээ?
-Өө манайд олон ном бий. Нөхөр бид хоёр завтай үедээ ном унших дуртай. Гэрийнхээ номын санг сүүлийн үеийн шинэ бүтээлүүдээр баяжуулсан. Тухайлбал, саяхан “Ану хатан”, мөн Г.Аюурзана Л.Өлзийтөгс нарын яруу найргийн шүлгийн ном худалдаж авсан. Эртний ховор нандин номноос голдуу дэлхийн сонгодог зохиолууд байгаа.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Нөхрийг маань Ж.Батсүх гэдэг. Ховд аймгийн Дарви сумынх. Манай гурван охин МИУС-ийг дүүргэсэн. Том охин хууль эрхзүй, дунд охин нийгмийн ухаан, философи, бага охин математик программын мэргэжил эзэмшсэн. Нөхөр бид хоёр бүр нэг ангийн андууд. Сургуулийн сурагч байхаасаа л үерхэж нөхөрлөсөн. Олон жил үерхэж, нэг нэгнийхээ зан араншинг сайн таньж мэдсэний үндсэн дээр гэр бүл болсон. 1979 оны өвөл гэрлэж, хуримын ордонд ёсолж байлаа. Тухайн үед хуримын ордонд цөөн хүн ордог байж. Ер нь олон жил нөхөрлөж бие биеийнхээ зан чанарыг таньж гэрлэсэн гэр бүл бат бөх байдаг юм шиг ээ. Дандаа инээдэг амьдрал гэж хаа байхав. Гэр бүлд маргалдах, санал зөрөлдөх асуудал бишгүй л гарна. Тийм үед хэн хэн нь хүлээцтэй хандаж, асуудлыг дэвэргэлгүй нааштайгаар шийддэг. Гэр бүлийн уур амьсгалыг эерэг, зөөлөн, халуун дулаан байлгахад эмэгтэй хүний амьдралд хандах ухаан, тэвчээр, мэдрэмж их нөлөөлдөг гэж боддог.
-Ангийн олон хөвгүүнээс нөхрийн чинь ямар зан таныг тэгтэл их татсан гэж?
-Ангийн хөвгүүдээс нөхөр маань алиа хошин зантай, олныг хөгжөөдөг, бас цайлган сэтгэлтэй залуу байсан. Энэ зан чанарт нь би татагдчихсан хүн шүү дээ. Хүний төрөлх зан нас ахисан ч ер өөрчлөгддөггүй юм байна. Олон жил ханиллаа, нөхөр минь хүнд тусархуу цайлган зангаа гээлгүй өнөөг хүргэлээ. Хүүхэд байхдаа л надад “Чи ээжтэй минь адилхан санагдаад байх юм” гэж хэлж билээ. Сүүлийн үед нас ахиад ч тэр үү бие биедээ анхаарал улам хандуулдаг болж байна. Намайг жаахан ядарвал, эсвэл өвдвөл “яав ийв” гээд л ажлаа хойш тавиад л халамжилна. Хүн өтлөөд ирэхээр хоёр биедээ аав, ээжийн халамж, хайрыг үзүүлдэг гэдэг үнэн юм байна шүү. Хүний хань байна гэдэг өндөр үүрэг хариуцлага. Амьдралд сэтгэлийн хөөрлөөр өнгөцхөн хандаж хэзээ ч болохгүй. Амьдрал тоглоом биш насан туршдаа суралцах ухаарал байдаг юм. Хажуудаа түшиж тулах ханьтай байна гэдэг хамгийн сайхан жаргал.
-Өнөө үед бүсгүйчүүд эрчүүдийн үүрэг оролцоогүйгээр амьдралаа аваад явчихна гэж боддог болсон байх юм?
-Эмэгтэйчүүд хүчирхэг байж болно. Гэхдээ эр хүний нөмөр нөөлөггүйгээр амьдрал урагшилна гэвэл худлаа. Өндөр мэдлэг боловсролтой бие даасан байж болно харин ханийн хайр халамжийг мэдрэхгүй амьдарна гэдэг хэцүү. Залуучууд үүнийг одоохондоо ойлгохгүй л дээ. Нас ахиад ирэхээр ханийн халамж ямар их хэрэгтэй болохыг амьдрал ойлгуулна шүү дээ.
-Телевизээр солонгосын олон ангит кино гарч байна. Та нэг их таашааж үздэггүй бололтой, унтраачихлаа?
-Өө тийм. Солонгосын кино гарахаар өөрийн эрхгүй дургүй хүрээд байдаг юм. Хэдий кино ч гэлээ залуусын амьдралд сөргөөр нөлөөлөх зүйл зөндөө харагддаг. Тэр дундаа зан төлөвийн хувьд өширхөх, нэг нэгнээ залилах, баян ядуугаар нь алагчлах тийм хандлага илэрхий харагддаг. Монголчуудын амьдралын хэв маяг, ёс заншил, соёл, сэтгэлгээ солонгосчуудаас огт өөр. “Өширхөн хонзогнох сэтгэлийг өөрөөсөө зайлуулж, шунаг зангаа дарж бай” гэж бурхны сургаалд заасан байдаг. Монголчууд өөр хоорондоо дайсагналцахыг цээрлэдэг, эе эвтэй амьдрахыг эрхэмлэн дээдэлж ирсэн. Ширээ дүүрэн хоол зэхчихээд, хэн нэгнийг муулж суугаа тулга тойрсон яриа, эсвэл нэг нь нөгөөгөө хорлох сэтгэл тээж, өширхөн хорсож буй өчүүхэн ухаан, бодлыг харуулсан харийн үзвэр өвөг дээдсийн минь сайхан зан үйлийг алдагдуулах гээд байгаад сэтгэл эмзэглэдэг.
-Охиддоо та ээжийн хувьд ямар сургаал айлддаг вэ?
-Зарим хүн биднийг “Та охидоо хуучинсаг, чанга өсгөжээ” гэдэг юм. Чанга өсгөлөө гээд хүүхдүүддээ гар хүрч үзээгүй, загнаж, зэмлээд ч байдаггүй. Зөв төлөвшлийг олгохын тулд өөрсдийн биеэр үлгэр дуурайл үзүүлдэг.
-Ханиасаа ойрд сайхан үг сонсов уу?
-Хань минь надад урмын сайхан үг хэлдэг л дээ. Миний төрсөн өдөр гуравдугаар сарын 29-нд болдог юм. Энэ жил төрсөн өдрөөр минь “ийм сайхан гурван охин төрүүлж өгсөнд баярлалаа” гэж хэлсэн. Зээ хүүгээ төрөхөд нөхөр маань их баярласан. Баярлаад “Энэ хүү чамаас гарсан гэсэн үг шүү” гэж билээ. Хадам ээж нөхөрт маань “Миний хүү ханиа хүү төрүүлсэнгүй гэж битгий бодоорой.Гурван охинтой гэдэг чинь чи хүүтэй гэсэн үг шүү” гэж хэлж, захиж билээ.
-Наадам дөхчихлөө. Морины уралдаан, бөхийн барилдаан сур харваа сонирхож үздэг биз дээ?
-Манай нөхөр морь их сонирхдог. Нэг жил нутгаасаа хоёр гүү авчраад Төв аймгийн Алтанбулаг сумын айлд тавьсан. Сүүлдээ хоёр гүүгээ тэр айлдаа бэлэглэсэн. Үр удмаас нь хурдны морь төрсөн л гэсэн. Наадамд сойж уралдуулдаг гэж сонссоод бид их баярласан. Охид маань ч гэсэн моринд дуртай. Наадмаар морины уралдаан хараад суучихна шүү дээ.
-Танай нөхрийн тал олуулаа биз?
-Өө бид өнөр өтгөн айлын хүүхдүүд. Хоёулаа айлын ууган. Олуулаа өссөний ач тус амьдралд байнга гардаг. Айлын ууган хүү, охин байна гэдэг амьдралын зовлон жаргал, баяр хөөр, уйтгар гуниг гээд олон зүйлийг нуруун дээрээ үүрч урагшилдаг юм даа. Аав ээжийгээ байхгүйд дүү нартаа аав ээжийн үүргийг орлож нь үлдээд, анхаарал, халамж тавьдаг болдог юм байна.
-Баруун аймгийн бүсгүйчүүд цай сайхан чанах юм аа?
-Цайг бол сайхан чанадаг гэж бардам хэлнэ ээ. Миний чанасан цай, хийсэн хоолноос манайхан уйддаггүй. Надад нөхөр, охид маань “Гурилтай шөлөө хийгээрэй” гэж захиалдаг гээч.
-Найранд гурван дугараатай биз дээ?
-Сүүлийн үед яруу найраг сонирхдог болж байгаа. Найз нөхдийн төрсөн өдөр, найр наадамд уригдвал яруу найрагч Энхтуяагийн ”Охин үрээ хайрла” шүлгийг уншдаг. За тэгээд аяны дугараа ирвэл цээжний гурван дуутай. “Үлэмжийн чанар”, “Хүний сайхан сэтгэл”, “Насан туршийн хайр” дуугаар ая барьдаг. Нөхөртэйгээ жил жилийн “Болор цом наадам” үздэг. Нас ахиад тэр үү Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Ш.Гүрбазар нарын яруу найргийн шүлгийг сонирхож уншдаг болсон.
-Хоёулаа яриагаа өөдрөг сайхан үгээр өндөрлөе. Номын мөр цагаан, буян нь цаглашгүй их гэдэг дээ?
-Хүн бүр өөрийгөө дайчилж чадвал амжилт ойрхон байдаг юм шүү. Бид одоо оюуны эрин зуунд амьдарч байна. Ном уншаад өөрийгөө өөрчилж чадах боломж өнөөгийн хүүхдүүдэд нээлттэй. Номтой нөхөрлөхийн ач тус үнэхээр их. Та хаанаас юуг олж мэдмээр байна ном хүслийг чинь биелүүлж, мөрөөдөлд чинь хүргэж чадна.