Монгол үндэстний тусгаар оршин буйн илэрхийлэл, бэлгэдэл болсон Монгол наадам өндөрлөлөө. Хэзээнээс эхэлж монголчууд эрийн гурван наадмаа хийж, дэнж хотолзтол наадан цэнгэж эхэлснийг мэдэхгүй. Харин монгол наадам үеийн үед үргэлжилнэ, монголчууд ургаас урагт, удмаас удам дамжин Наадмаа хийсээр байх болно гэдгийг бол мэдэж байна. Наадам болгон сайхан болдог тэр жишгээр энэ жилийн наадам бахархал дүүрэн, баяр цэнгэл төгөлдөр боллоо. Наадмын сонин хачин, дурсамжит мөчүүд ирэх жилийн наадам хүртэл бүтэн нэг жилийн дотор амнаас ам дамжин, айлаас айлд өртөөлөн яригдана. Элж хотойхгүй, элэгдэж дуусашгүй, бүр шив шинээрээ байсаар дараагийн наадамтай золгодог нь монгол наадмын бас нэгэн өвөрмөц шинж билээ. Сурын зурхай дээр Гоц мэргэн, Хошой мэргэн тодорч, алтан туурт хөлгүүдийн маань уралдааны бариан дээр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “улс халзан” азарга улсын наадамд гурав дараалан түрүүлж, Монгол төрийн Тэргүүн Ц.Элбэгдоржийн нэр дээр данстай хурдан хөлөг магнайдаа тоосгүй хурдалж, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд Сэлэнгэ аймгаас анхных нь аварга цолтон мэндэлж... гэх мэтээр энэ наадам үнэхээр ховор содон амжилт ялалтаар дүүрэн сайхан наадам боллоо.
.jpg)
Монголын 48 дахь, Сэлэнгийн анхны аварга
Наадмын барилдаануудын тухай, хэн нь хэнийгээ давсан, ямар шинэ цолтон төрсөн талаар нэгэнт мэдээлэгдсэн тул тэр бүхнийг нуршихаа азнаж, энэ жилийн наадмын онцлог хийгээд өвөрмөц өнгө төрхийн талаар өгүүлье. Хүчит бөхийн барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан барилдав. Шинэ цолтон олонтой наадам боллоо гэж хэлж болно. Иймэрхүү “ургац арвинтай” наадам хааяа ч гэсэн болдог. Начин цолтой Б.Гончигдамба харцага, заан цолыг алгасан гарьд боллоо. Олимпийн анхны аварга, алт, мөнгөн медальт цорын ганц тамирчин, жүдоч Н.Түвшинбаяр маань их спортын цол гуншин дээрээ үндэсний бөхийн “харцага” цол нэмлээ. Увс аймгийн Ховд сумын уугуул Намсрайжавын Батсуурь аавтайгаа адил “харцага” цолтой болов. Өвөө Жотойн Гэлэг нь улсын начин цолтой бөх явсан. Тэгэхээр Гэлэг гуайнхан гурван үеэрээ улсын цол хүртэж байгаа юм. Энэ жилийн наадмын бөхийн тухай ярихын тулд шинэ аваргаасаа эхлэх нь зүйтэй биз ээ. Чин сэтгэлээсээ хичээж зүтгэж, эх эцгээс заяасан бие махбодийн давуу талаа хөгжүүлж, монгол бөхөө, зүлэг ногоон дэвжээгээ шүтэж хөдөлмөрлөж гэмээнэ оргилд хүрч болдгийн жишээ нь Гунаажавын Эрхэмбаяр билээ.
Тэр 2011 оны улсын наадамд үзүүрлэн, арслан цолтой болохоосоо өмнө бусдын нүдэнд тийм ч их өртөж байгаагүй юм аа. Хувь хүнийхээ хувьд хэтэрхий гэмээр даруу учраас санасан бодсоноо тэр болгон ил гаргаад байдаггүй. Уг нь санаан цаана нь заан болох мөрөөдөл байсан юм билээ. Түүнийгээ арслан болсон хойноо л ил гаргаж хэлсэн. Манай “Таван цагариг” сонинд Эрхэмээ начин хоёр ч удаа ярилцлага өгчээ. Хоорондоо дөрвөн жилийн зайтай энэ ярилцлагуудад “Бөхийн заяа, зүлэг ногоон дэвжээгээ шүтэж, хичээж зүтгэж явахад болох байх аа” гэсэн нэг өгүүлбэрийг хоёр удаа давтсан байх юм. Г.Эрхэмбаярын аав сумын цолтой хүн байж. Улсын заан Д.Цэнд-Аюуштай гайгүй найз. Тиймээс найзаараа дэмнүүлж, 1997 онд 19 настай байхад нь дархан аварга Ж.Мөнхбатын Их шавийн дээд сургуульд оруулжээ. 1999 оноос улсын харцага Г.Элбэгийн шавь болсон байна. Улмаар 2001 онд багшийнхаа заавраар Хөвсгөлийн наадамд очиж тав даван, аймгийн начин болов. Хоёр жилийн дараа Дарханы наадмын түрүүг авч аймгийн арслан болоод, шууд улсын наадамд зодоглосон байна. Дархан аварга Ж.Мөнхбат дөрөв даваад өөрийн сургуулийн оюутан, шавь Г.Эрхэмбаярыг начин цолны босго алхуулж өгчээ. Тэр үеэс хойш “Муу начин байхгүй юмсан. Цолоо батлах ёстой шүү” гэсэн зорилго тавьснаа мөнөөх ярилцлагууддаа өгүүлсэн байна лээ. Харамсалтай нь 2005 онд хөлдөө хүнд гэмтэл авлаа. Бүтэн нэг сар гипстэй, дараа нь төмөр бэхэлгээтэй, таягтай нэлээд хугацааг өнгөрүүлж, дахиад барилдаж чадах болов уу гэсэн эргэлзээ ч төрж байсныг тэр нуусанг үй. Аз болж гэмтэл нэг их удсангүй илааршжээ. 2006 онд начин цолоо баталж, улсын наадамд дахин тав давлаа. Энэ үеэс заан цолны тухай бодол хааяа толгойд нь орж ирдэг болсон гэнэ. Гэвч санаснаар болохгүй л байлаа. “Таван цагариг” сониноос гаргадаг чансаагаар 2008 онд гахай жилийн шилдэг найман бөхийн нэгээр тодров. Энэ үеэс “Эрхэмбаярт цол нь арай л багадаад байна даа. Заан болбол болчих л бөх” гэсэн яриа бөх сонирхогчдын дунд өрнөж эхэлсэн юм. “Заан болчих юмсан” гэсэн бодол өөрт нь ч байнга төрнө. “Өөр цол бодож явсангүй ээ” гэж тэр ярьдаг. Гэхдээ зааны даваа тийм ч ойр байсангүй. Түүнээс хойш бүтэн гурван жил өнгөрсний дараа 2011 оны тэгш ойнууд даширласан наадамд мөрөөдөл болсон заан цолоо алгасан, ес давж арслан болсон билээ. 2011 онд “Оны тэргүүн бөх”-өөр тодорч, 2012 оны наадамд долоо даван дөрөвт үлдэж, энэ жил буюу могой жилийг угтах Цагаан сарын барилдаанд түрүүлэхэд нь “Наадмаар Эрхэмбаяр арслан түрүүлэх боломжтой” гэсэн таавар хөвөрч байсан нь ийнхүү биеллээ олов. Тэр элдвийг бодоогүй. Ердөө л хичээсэн, зүтгэсэн. Эхлээд заан болчих юмсан гэж, дараа нь арслан цолныхоо энд тэнцэж барилдах юмсан гэж барилдсаар Монгол Улсын 48 дахь, Сэлэнгээс төрсөн анхны аварга боллоо. Жирийн хэрнээ бахархалт зам туулсан Аваргадаа баяр хүргэе. Далай аварга, даян аварга, дархан аварга гэсэн цолууд түүнийг хүлээж байна. Түүний аав, ээж нь хоёулаа Завхан аймгийн Баянхайрхан сумынх. Өөрөө бол Зүүнхараад төрж өссөн. Тиймээс Сэлэнгэ, Завханыхан адилхан баярлаж байгаа. Арга ч үгүй ээ. Тэр Сэлэнгийнх, бас Завханых, Монголын аварга бөлгөө. Сүүлийн жилүүдийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс цолныхоо төвшинд барилдаж байгаа бөх үнэнийг хэлэхэд Г.Эрхэмбаяр аваргаас өөр алга гэхэд хилсдсэн болохгүй болов уу.

Зүүн гараас шинээр улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Цогт сум, ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, "Газар холдинг", "Гео мандал" ХХК, "Хантайшир" дэвжээний бөх Лувсандоржийн Цэрэнтогтох, улсын харцага цол хүртсэн Увс аймгийн Ховд сум, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, 415-р анги, "Увс нуур" дэвжээ, "Химон" ХХК-ийн бөх Намсрайжавын Батсуурь, начин цол хүртсэн Увс аймгийн Тэс сум, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨҮГ, "Увс нуур" дэвжээ, БХИС-ийн бөх Төрөөгийн Баасанхүү, улсын харцага цол хүртсэн Булган аймгийн Сайхан сум, "Булганхангай" дэвжээ, "Женко" клубийн бөх Найдангийн Түвшинбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хэнтий аймгийн Цагдаагийн газар, "Хан Хэнтийн аварга" дэвжээ, "Хангарьд" группийн бөх Энхтөгсийн Оюунболд
С.Мөнхбат аварга, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг арслан, Н.Ганбаатар гарьд нар 50-60 орчим хувийн л амжилттай байгаа. Г.Өсөхөө аварга ерөнхийдөө ахмад бөхийн тоонд орж байна хэмээн өршөөж болох ч 2012 оны наадмын манлай П.Бүрэнтөгс, түрүүлж, үзүүрлэж үзсэн Д.Ганхуяг, Н.Ганбаатар нар дөрвийн даваанд өнхрөөд өгч байгааг юу гэх вэ. Б.Ганбат арслан, Д.Рагчаа, И.Доржсамбуу, Ж.Бат-Эрдэнэ гэсэн гарьдууд нутгийн бөхийнх өө начны давааг засаж өгч байгаа нь нэг л урамгүй. Энэ бол нэг аймгийн биш, нийт монгол түмний наадам гэдгийг бодолцох ёстой болов уу. Тэднийг ийн бүтэлгүйтэж байх завсраар аз нь гийсэн зарим бөхчүүд өөртөө ахадсан цол шүүрч, тэгээд дараагийн наадамд амны бөхдөө унаж, сайндаа л начин төрүүлдэг хүмүүс болон хувирч байгаад Бөхийн холбоо анхаарлаа хандуулахад гэмгүй биз ээ. Харцага, заан цолноосоо дээш барилдаж, аварга арслангуудын араас залгах учиртай бөх хэмээн олон түмний итгэл хүлээлгэж байгаа Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Ц.Содномдорж нарын бөхчүүд өө сэвээ дарж чадахгүй, өчүүхэн өвсөнд бүдэрчихээд байгаа нь дутуу хөдөлмөрлөснийх болов уу.
.jpg)
Б.Гончигдамба сайн барилдлаа. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан дандаа өгсөж барилдаж байна. 2011 онд начин болж, 2012 онд дахин тав давж, энэ жил найм давлаа. Аварга Г.Эрхэмбаярын жишгээр цуцалтгүй хөдөлмөрлөж, сэтгэл зүтгэл хоёроо тэгшлээрэй гэж захимаар байна. Тэгвэл есийн даваа ойрхон байх болно. Бусдын адил будаа түгээгч битгий болоорой. Төв аймгаас төрсөн Б.Батмөнх заанд ирээдүй бий. Тэрбээр энэ жил сайн байлаа. Наадмын өмнөх сорилго барилдаанд түрүүлэхэд нь “Энэ жил юм дуулгаж магадгүй” гэж байсан нь ёсоор боллоо. Гэхдээ заан цолтой хүн нэг л жил сайн байх ёсгүй, нэг хэсэг сайн байх учиртай гэдгийг сануулахад гэмгүй. Монголын үндэсний бөхийн холбоо бөхч үүдийнхээ жудаг ёсыг сайтар сахиулж, дүрэм ёсыг зөрчсөн бөхчүүдэд хатуухан арга хэмжээ авдаг болохгүй бол болохгүй нь. Улсын гарьд Д.Рагчаа, заан Б.Соронзонболд нарт ямар арга хэмжээ авахыг хүмүүс харж байгаа. Бусдад нь анхааруулга, залууст жишиг болохуйц зэм хүртээхгүй бол биеэ тоосон, нударга зангидсан бөхчүүд олон болох нь байна шүү. Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жилийн ой үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд өнгөрсөн жилийн түрүү бөх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын шонхор Батжаргалын Лхагвадорж дахин түрүүллээ. Үзүүрт улсын начин Б.Эрдэнэбилэгийн хүү Гантогтох шалгарсан байна. Наадам тойрсон бодол эргэцүүлэл ийм буюу. Хойтон жилийн наадам хол нь үнэн. Гэхдээ наадмаа хүлээж суух сайхан. Хүлээж суугаад сайхан наадам үзэх бүр сайхан. Тиймээс ирэх жилийн бас нэгэн сайхан наадмаа бүгдээрээ хүлээцгээе.
УЛС ХАЛЗАН АЗАРГА ДАРХАН ТҮМЭН ЭХЭЭР ТОДОРЛОО
.jpg)

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагийн сэрүүн дэнжид долдугаар сарын 10-нд хязаалан морьдын уралдаанаар эхэллээ. Энэ насанд өнгөрсөн жилийн улсын наадамд айрагдсан, говийн болон зүүн бүсийн наадамд түрүүлж, аман хүзүүнд давхиж, айрагдсан Х.Аюушжавын шарга, Б.Сүхбаатарын хээр, Ч.Дэмчигцоодолын тэргүүн хонгор, Алдарт уяач Д.Хишигжаргалын бор болон Т.Ганзоригийн хар, Л.Нармандахын бор тэргүүтэй 294 алтан туурт зурхайгаас гарсан юм. Морьд барианд ороход Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга үрээ түрүүлэн ирж, түмэн олноо баясгалаа. Энэхүү шарга үрээ нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд даагандаа буюу 90 жилийн ойгоор улсад аман хүзүүдэж, давхар уяагаар Дундговь аймгийн 70 жилийн ойд түрүүлж байсан билээ. Шарга хязаалангийнхаа энэхүү түрүүгээр Д.Хишигжаргал Манлай уяачийн болзлыг хангасан юм. Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрболдын тэргүүн хонгор үрээ хурдалсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын Б.Чулуунбатын унаган адуу болох хонгор үрээ даагандаа Өмнөговийн 80 жил, “Говь Шанхын хурд” уралдаануудад айрагдаж, шүдлэндээ “Эх мандал 2012” говийн бүсийн уралдаан болон Есөнзүйлийн даншигт торгон жолоо өргүүлсэн энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг билээ. Тэдний араас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Босоо хийморь” галын уяач Т.Зулзүсэмийн хонгор, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Ц.Баярхүүгийн цавьдар, Төв аймгийн Сэргэлэн сумын Б.Сүхбаатарын хээр үрээ тус тус хурдаллаа. Шүдлэн насны морьдын уралдаанд 264 үрээ гарааны зурхайгаас эргэхэд Архангайн Ихтамир сумын Э.Дашчаривын уяж сойсон, Төв аймгийн Баян сумын харьяат, УИХ-ын дэд дарга М.Энхболдын хүү Анарын буган халтар түрүүлж орж ирсэн боловч уралдааны дараа морины комиссын шийдвэрээр Сэлэнгийн Баруунбүрэнгийн Д.Одхүүгийн хээрийг түрүүлсэнд тооцов. Учир нь буган халтар тэргүүтэй хэд хэдэн үрээний сэрвээний өндөр нь журамд заагдсан 132 см-ээс илүү байсан тул хасчээ. Тиймээс зургаад орж ирсэн Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Баярсайханы хээрийг аман хүзүүнд давхисан хэмээн тооцсон. Ховд аймгийн Цэцэг сумын уяач Н.Баасанжавын бор, мөн аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы чонон саарал, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд айргийн тавд хурдаллаа. Азарганы уралдаанд 187 хурдан буян уралдав. Ардын хувьсгалын 90, 91 жилийн ойгоор түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “улс халзан” азарга төрийнхөө их баяр наадамд гурав дахь жилдээ дараалан түрүүлж, Дархан түмэн эх боллоо. Ийм хосгүй амжилтыг өмнө нь Эрдэнэчулууны шарга л үзүүлсэн билээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азаргыг аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар уяж, 14 настай Т.Баярхүү унаж хурдлуулжээ. Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хар, айргийн тавд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн унаган зээрд, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн гал зээрд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын хул тус тус давхижээ. Хар азарганы хувьд өнгөрсөн жил хадуурч, 12-т орсон бол энэ удаа анхнаасаа л өнгөлж давхисан юм. “Унаган зээрд” ноднин төрийн их баяр наадамд аман хүзүүдсэн бол “гал зээрд” нь “Амгалан төрийн ажнай шарга”-ын гал төл нь. Хул азарга 2012 оны улсын наадамд айргийн гуравт давхиад, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байжээ. Хамгийн хол зайд уралддаг их насны морьдын уралдаанд 381 хурдан хүлэг гарааны зурхайгаас гарсан. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн хоёр дахь жилдээ дараалан торгон жолоо өргүүллээ. Энэхүү хурдан хүлэг 2009 оны Ламын гэгээний даншигт соёолондоо аман хүзүүдэж, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд давхиж, 2012 оны төвийн бүсэд түрүүлсэн юм. Түүнийг уяж, даян түмний эх болгосон Манлай уяач Б.Бат- Өлзий “Хүрэн морио түрүүлнэ гэж үнэхээр бодсонгүй. Бага, дунд сунгаануудад хурдан байсан ч наадмын өмнөхөн ханиад хүрчихсэн. Уралдааныг нь зурагтаар хараад айрагдчихаасай л гэж залбирч байлаа. Аргагүй аварга адуу гэдгээ харуулж, нэвт дайраад түрүүллээ” гэж ярьсан юм. Аман хүзүүнд “Хүй мандал” галын уяач Ч.Энхтайваны хонгор халзан хурдаллаа. Айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн өнөө жил Дүнжингарав, Эрдэнэтийн бүсийн уралдаануудад дараалан түрүүлсэн зээрд халзан, дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Тод манлай уяач “Бандгай” хэмээх С.Ганхуягийн бор, тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан хурдалсан. Ганхуягийн бор морь улсын наадамд дөрвөн жил дараалан айрагдаж, нэгэн ховор амжилт тогтоолоо. Монгол зон олны хотлоор сонирхон үздэг хийморь цогцолсон соёолон насны уралдаанд 254 хурдан хүлэг бүртгүүлсэн юм. Тэдгээрээс Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Адьшаагийн хонгор үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, хурсан олноо цэнгүүллээ. Дааган цагаасаа эхлэн улс, бүсийн наадамд завсаргүй түрүүлж, айрагдаж буй энэхүү хурдан буяныг Алдарт уяач Б.Отгоннасан уяж, төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлүүлэв. Наадамчид хонгор морийг хаа дайралдсан газар нь бүчин авч, сүүлнээс нь хайр найргүй хайчилж авч харагдсан нь харамсалтай. Аман хүзүүнд Тод манлай уяач Х.БатЭрдэнийн хүрэн хурдалсан бол гуравт Дорнод аймгийн Матад сумын харьат аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын саарал, дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын бор үрээ тус тус давхив. Баяр наадмын дааганы уралдаанд 229 хурдан даага бүртгүүлснээс 166 нь барианд орсон. Наадамчин олны яриагаар бол нэг бус эрлийз даага уралдсан нь тодорхой болсон бөгөөд хурдан морины салбар комисс үүлдэр угсааг нь тодруулсны эцэст албан ёсоор доорх цувааг гаргасан юм.
1.Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Н.Амарбаясгалангийн хул
2. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын сартай зээрд
3.Төв аймгийн Зуунмод сумын уугуул С.Батдоржийн хул
4.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнхийн сартай хүрэн
5.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач М.Алтан-Очирын сартай зээрд
Гоц, хошой мэргэнтэй Халх сурын зурхай
.jpg)
Үндэсний баяр наадмын сурын харваанд 360 гаруй харваач нум эвшээлгэж, сум тавилаа. Буриад, урианхай, хүүхдийн сурын харваа долдугаар сарын 7-10-нд болж дүнгээ гаргасныг манай сонин мэдээлсэн билээ. Халх сурын харваанд Улсын мэргэн цолтой 30 гаруй, спортын цол зэрэгтэй 150 гаруй харваач, 100 гаруй шинэ залуу харваачид есөн зурхайгаас харвав. Төрийн гурван өндөрлөг баяр наадмын эхний өдрийн морин цагт сурын талбайд зочлон, сум тавьж цэц мэргэнээ сориод ард түмэндээ хандаж баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Халх сурын хасаа харвааны үеэр харваачдын оноо ойр ойрхон өөрчлөгдөж, маш өрсөлдөөнтэй болов. Дүн гарахад Даяар дуурсагдах дархан мэргэн Ш.Даваахүүгийн хоёр шавь болох хошой мэргэн Ц.Баасанхүү, улсын мэргэн Л.Отгонбаяр болон Б.Батбаатар нар адил 35 оноотой болж, товх харвасан юм. Оноо тэнцсэн харваачид нэг метр ухарч, цэц мэргэнээ сорьдог уламжлалтай. Энэ удаад шинэ мэргэн төрөх үү, гоц, хошой мэргэн мэндлэх үү гэсэн асуулт олны сонирхлыг ихэд татаж байлаа. Ц.Баасанхүү, Б.Батбаатар нар эхний сумаа дутааснаар Орхон аймгийн харваач Л.Отгонбаяр энэ жилийн наадамд түрүүлж, Хошой мэргэний болзол хангав. Тэрбээр “Энэ бүх амжилтын минь цаана төрсөн нутаг болох Ховд аймгийн маань уул, ус, ард түмний буян хишиг байгаа. Баасанхүү мэргэнтэй нэг багшийн шавь ч олон таарч харваж байгаагүй. Энэ жил товх харваанд сайн бэлдсэний хэрэг гарлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээв. Харин дэд байр эзэлсэн хошой мэргэн Ц.Баасанхүү “Энэ жилийн наадамд маш өндөр зорилго тавьж ирсэн. Түрүү байрны үзүүрээс бариад алдчихлаа. Гэхдээ төрийн наадмын босго өндөр. Азтай аавын хүү л түрүүлнэ шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Эмэгтэй харваачдыг эхний өдрөөс өнгөлсөн Өмнөговь аймгийн Номгон сумын харваач спортын мастер И.Цэцэгмааг түрүүлнэ гэсэн таамаг олны дунд үүсээд байв. Гэвч сурын харваа бол сэтгэл зүйн спорт учраас тэрбээр сүүлийн өдөр хэд хэд алдаж харвасан юм. Түүний үлдээсэн орон зайг Хошой мэргэн Х.Оюунчимэг сайн нөхөж, 40 сумнаас 36 оносон амжилтаар гурван жил дараалан тэргүүлж, Гоц мэргэний болзол хангасан. Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа 35 оноогоор удаалсан бол гуравдугаар байрын төлөө тус бүр 33 оноотой гурван харваач товх харвахад спортын мастер Э.Заяа илүүрхэв. Спортын дэд мастер М.Мөнх-Амгалан, Б.Пунсалдулам нар тусгай байрыг эзэллээ. Хошой мэргэн Х.Оюунчимэг бол Хэнтий аймгийн уугуул, Төв аймгийн суугуул бөг өөд 2005 оноос Улсынхаа баяр наадамд тасралтгүй оролцжээ. Энэ жил хошой мэргэн Д.Эрдэнэтуяатай оноо тэнцүү гарч ирсэн юм. Тэрбээр “Энэ жилийн наадам жаахан хүндхэн байлаа. Улсын аваргад бэлтгэл тааруу, гуравдугаар байр эзэлсэн. Сая эхний өдрийн хана харваанд гурван сум алдчихсан байсан. Сүүлийнхээ сумыг харвахдаа сайн харвах ёстой гэж бодсон. Ер нь энэ жил нэлээд сандарсан ч сэтгэлийн тэвчээр гаргаж түрүүллээ” гэв. Түүний шавь Н.Энэрэл спортын мастер цолны болзол хангасан нь баяр дээр нь баяр нэмсэн явдал байсан юм.
“АЖНАЙ” КЛУБИЙН ШАГАЙЧИД АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ
.jpg)
Шагайн харвааны уухай хадсан цэнхэр асарт харваачид цэц мэргэнээ сорьж, гурван өдрийн турш наадлаа. Энэ жилийн наадамд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг болон Улаанбаатар хотоос нийт 42 багийн 360 гаруй харваач оролцов. Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 37, гарамгай мэргэн 23, мэргэн 44, дэд мэргэн 52, аймгийн гоц мэргэн 108 харваач оролцсон тус тэмцээний хагас шигшээд 18 баг шалгарч, улмаар зургаан баг шигшээ харваанд тунаж үлдсэн. Оролцогчдын 80 гаруй хувь нь залуу харваач байсан бөгөөд багууд чансаа өндөртэй байсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Шигшээ харвааны үеэр шагайн асарт уухай хадаж, жуулчдыг энэ зүгт өөрийн эрхгүй татаж байв. АНУ-аас ирсэн нэгэн жуулчинтай уулзахад “Наадмын сур, шагайн харваа үнэхээр их таалагдлаа. Ялангуяа шагайн харвааны уухайн дуу нь сайхан юм. Монгол хүн уухайн дуунаар сэргэдэг гэдэг нь үнэн юм байна” хэмээлээ. Шагайн харваанд улсын мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ажнай” клубийн баг тэрг үүлсэн. Удаах байрт Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн “Мөнх даатгал” компанийн баг, дэд мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Овоогийн говь” компанийн багийнхан шалгарч наадамчин олноо баясгав. Энэ жил шалгарсан багийн гишүүдэд калиграф бичлэгтэй дурсгалын өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Тэргүүн байранд орсон “Ажнай” клуб багийн ахлагч Улсын мэргэн Ц.Идэрзориг “Өмнөговь аймгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо. Ялангуяа манай сумын хоёр баг эхний гурван байранд шалгарсанд баяртай байна. Багуудын бэлтгэл сайн байсан тул өрсөлд өөнтэй болж өндөрлөлөө. Манай багийн гишүүд боломж болгоныг ашигласны үр дүн гарлаа. Манай баг улсынхаа баяр наадамд найман жил оролцож, анх удаа түрүүлсэндээ баяртай байна. Түрүү байр эзэлснээр дархан мэргэн нэг, гарамгай мэргэн гурав, улсын мэргэн хоёр төрлөө” гэв. Энэ жилийн наадмаар Сэлэнгэ аймгийн “Мөнх даатгал” компанийн багийн харваач Ю.Очирхүү Үлэмж дархан мэргэний цолны болзол хангалаа. Тэрбээр 22 жил харваж байгаа бөгөөд сүүлийн арван нэгэн жил тасралтгүй Үндэсний их баяр наадамд оролцжээ. Наадмын шагайн харваанаас үлэмж дархан мэргэн нэг, дархан мэргэн хоёр, гарамгай мэргэн зургаа, улсын мэргэн долоо, дэд мэргэн зургаа шинээр төрсөн байна.
Эрүүл орчинд эмх цэгцтэй наадлаа
Жил бүрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн хогондоо дарагддаг хэмээн иргэд ам муутай байдаг. Тэгвэл энэ жил энэ тал дээр нэлээд анхаарч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах үйлчилгээний талбайд 50 метр тутамд хогийн сав байрлуулж, оюутан залуустай хамт “Цэмцгэр монгол наадам” үйл ажиллагааг зохион байгуулсан. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад наадмын талбайн эргэн тойрон харьцангуй хог багатай, хуушуур, айраг нь ч амт, чанар сайтай байв. Үйлчилгээний талбайд явуулын хогийн цэг байрлуулж, зургаан дүүргийн ТҮКийнхан ажиллажээ. Сүхбаатар дүүргийн ТҮКийн мастер А.Тунгалаг “Манай дүүргээс 54 хүн ажиллаж байна. Бараг 10 метр тутамд явуулын хогийн сав байгаа боловч иргэд ил задгай хогоо хаях нь их байна. Олуулаа ажиллаж байгаа учраас хурдан, шуурхай цэвэрлэж байгаа” гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 60 байцаагч энд ажиллаж, явуулын лабораториор шинжилгээ хийн, зарим зөрчил дутагдлыг газар дээр нь таслан зогсоосон байна. Үүнийг дагаад эмнэлгийн тусламж авах иргэдийн тоо ч харьцангуй багасчээ. “Наадмын үеэр дуудлага багатай, харьцангуй тайван өнгөрлөө. Зарим настайчуулын даралт нь ихэссэнийг эс тооцвол эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэг гарсангүй. Хоолноос хордож, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх хүн ирээгүй” гэж Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч Д.Саранцэцэг хэлэв. Харин бие засах газрын хүрэлцээ муу, амарч суух сандал байхгүй байсныг ирэх жил анхаарах биз ээ.
Хуушуурын үнэ 600-гаас 1000 төгрөгт хүрэв
Жил жилийн наадмын энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл гишгэх зайгүй болдог. Энэ жилийн баяр наадмаар 570 аж ахуйн нэгжид хуушуур зарах зөвшөөрөл олгосон гэнэ. Айраг, хуушуур олдохгүй, үнэ нь тэнгэрт хаддаг байсан бол энэ жилийн хувьд элбэг дэлбэг байв. Үнийн хувьд айраг аяга нь 1500, литр нь 3000, морь унуулах үйлчилгээ 1500, хүүхдийн тоглоом 1500-4000, шивээс наах болон зурах 1500 төгрөгөөс эхэлж байсан бол сугалаат худалдаа 2000 төгрөг гэж байв. Төв цэнгэлдэх хүрээлэнд урианхай сурын харваа эхэлсэн 8-нд 600 төгрөг байсан хуушуурын үнэ нэмэгдэж, 800 төгрөгт хүрсэн. Наадмын нээлтээс хойш 1000 төгрөг болов. Үхрийн махтай гэж онцолсон өргөст хэмхний хачиртай дөрвөн ширхэг хуушуур багцаараа 16000 төгрөгөөр зарагдаж байсан нь хамгийн үнэтэй байлаа. Жил бүрийн улсын их баяр наадмаар наадамчин олонд тулгардаг бэрхшээл бол хаана очиж “морь харах” тухай асуудал билээ. Тэгвэл энэ жилийн наадмаар ч энэ асуудал давтагдаж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд бие засах газар хүрэлцэхгүй хэвээр байлаа.
Хүй долоон худагийн зогсоол олны сэтгэлд нийцжээ
Хүй долоон худаг дахь морь барианы газрыг энэ жил тохижуулж, цэвэр тохилог орчин бүрдүүлсэнд наадамчид ам сайтай байв. Хуушуурын гэр барих хэсгийг цардаж, явган хүний зам гаргаж, цэцэг тарьсан нь улаан шороо босож, хуушуураа шороо тоосоор “хачирлан” зооглодог байсан өмнөх жилүүдийн наадамтай харьцуулахад том дэвшил байлаа. Мөн автомашины зогсоол байгуулсан нь орох, гарахад саадгүй болсон харагдав. Тэнд албан ёсны зөвшөөрөлтэй 350 аж ахуйн нэгж хоёр талбайд худалдаа үйлчилгээ эрхэлж байв. Наадмын талбайд бөөрөнхий, халиартай, кимчитэй зэрэг төрлийн бүрийн хуушуур зарж, адууны мах, шорлог худалдаж байв. Хүй долоон худагт морь, тэмээ болон удирдлагатай хүүхдийн машин унуулахад 2000-3000, дартс шидэх, нүүр будалт хийхэд 1000-4000 төгрөг байв. Жил жилийн наадмаар эвгүй үнэртэй ил бие засах газрууд, дараалал үүсгэсэн байдаг. Тэгвэл энэ жил НЗДТГ-аас бие засах газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд орчин үеийн боловсон бие засах газар байгуулжээ.
Т.Сайнжаргал: Наадмын эхний өдӨр 182 хүн эрүүлжүүлэгдсэн
Баяр, наадмын өдрүүдэд гэмт хэргийн гаралт ямар байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа. -Үндэсний их баяр наадмын үеэр гэмт хэргийн гаралт ямар байсан бэ? -Улсын хэмжээнд онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт баяр наадамтай холбоотой ямар нэг будлиан, хэрэг зөрчил гараагүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргүүдээс зам тээврийн осол ихэнх хувийг эзэллээ. Мөн эрүүлжүүлэгдсэн хүний тоо жирийн өдрүүдтэй харьцуулахад их байсан. Тухайлбал, наадмын эхний өдөр 182 хүн эрүүлжүүлэгдсэн. -Бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрсөн гэх мэдээлэл гарч байсан? -Бага насны хүүхэд эцэг эх, харгалзан хамгаалах хүнээсээ төөрсөн тохиолдол нэлээд бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид туслалцаа үзүүлж ажилласны дүнд ноцтой асуудал үүсээгүй. Мөн баяр наадмын өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өдөрт 10 орчим бүртгэгдсэний эзэн холбогдогчийг тогтоосон.
Сурвалжлагыг бэлтгэсэн Г.ЭРДЭНЭТУЯА, Э.ХАРЦАГА, Г.ДӨЛГӨӨН, П.ТУНГАЛАГ, Б.БЯМБАСҮРЭН, О.БАТ-УНДРАХ, Ч.МӨНХЗУЛ, Э.ЭНХМАА