ҮДБЭЧ-ын уртын дуучин С.Цогтсайхантай ярилцлаа. Тэрбээр есөн жил энэ чуулгад ажиллаж, өдгөө гаднын улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай дуучин” болжээ. Тэрбээр гуравдугаар сард хийсэн “Уяхан замбуу тивийн наран дор” тоглолтоо үзэгчдэд дахин толилуулахаар болжээ. Бидний яриа энэ сард болох тоглолтынх нь талаар эхэлсэн. -Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд “Уяхан замбуу тивийн наран дор” тоглолтоо өөрийн чуулгынхаа байранд хийсэн. Энэ жил чуулгын маань 60 жилийн ой тохиож, ойд зориулсан хөтөлбөрт миний тоглолт багтсан. Дахин тоглох бодол байгаагүй ч тайз, дэлгэц, үзэгчийг холбосон сайхан тоглолт болсон гэсэн үнэлгээ авсан учраас үзэж амжаагүй хүмүүсийн хүсэлтээр Эх үрсийн баярт зориулан энэ сарын 31-нд тоглохоор боллоо.
-Хэзээнээс СУИС-д багшлах болов. Нэг их удаагүй байх аа, тийм үү?
-Өнгөрсөн намраас багшилж эхэлсэн.
-Та СУИС-ийн хэдэн оны төгсөгч вэ?
-1996 оны төгсөгч. Сургууль маань Багшийн дээд сургуулийн урлаг, спортын тэнхимийн харьяанд байж байгаад 1990 онд өрх тусгаарлан Соёл урлагийн дээд сургууль байгуулагдсан. Тэгэхээр би СУИС-ийн анхны элсэгчдийн нэг.
-Яагаад уртын дуучин болохоор шийдсэн бэ?
-Энэ бол миний багын мөрөөдөл. Би Дундговь аймгийн Дэлгэрхангайн уугуул. Нутгийн зан заншил, уур амьсгал надад нөлөөлж, дуучин болгосон байх. Тухайн үеийн багш нар сурагчидтайгаа сайн ажиллаж, багахан авьяасыг нь нээн, хөгжүүлж чаддаг байсан юм шиг санагддаг. Сургуульд сурч байхдаа бэсрэг уртын дуу дуулж, урлагийн үзлэгт уртын дууны төрлөөр оролцож тэргүүн байр эзэлж байсан. Энэ бүхнээс үүдэн уртын дуучин болохоор шийдсэн.
-Хамгийн анх ямар уртын дуу сурч байв аа?
-Анх “Шалзат баахан шарга”- ыг дуулж сурсан. Бидний үед хүүхэд болгон энэ дууг аялдаг байлаа.
-Та хэдэн уртын дуу мэддэг вэ?
-Хэдэн жилийн өмнө 108 дуутай уртын дууны ном хараад баримжаа гаргаж үзсэн. Тэр номд миний мэддэг дуу ороогүй ч байж болох юм. Дуулахад бэлэн биш боловч аялгууг нь мэддэг 60 гаруй дуу байсан. Харин дуулдаг дуу гэвэл цөөн. 60 дууг тэгж дуулбал агуу гэж хэлэх байх. -
Та аль нутгийн аялгуугаар дуулдаг вэ?
-Уртын дууг нутаг нутгийн аялгуугаар их олон ангилдаг. Би төв халх аялгуугаар дуулдаг. Сүүлийн үед дуучид боржигон, халхаар түлхүү дуулж байгаа. Яаж дуулах нь ямар хүний шавь байснаасаа хамаардаг. Миний багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр гэж хүн бий. Багшийн маань багш нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Норовбанзад. Тэр хүн төв халхаар дуулдаг учраас шавь нар нь ч бас тэр хэв маягаар нь дуулж байгаа юм.
-Дуучин, эсвэл багш байхын ялгаа, үр өгөөжтэй тал нь юу вэ?
-Зөвхөн дуулдаг байхдаа өөрийгөө байнга хянаж, бүрэн гүйцэд дүгнэдэггүй байсныг одоо ойлгож байна. Багш болсноор шавьдаа нэг юм хэлж өгөхийн тулд дүгнэх, цэгнэх хэрэг гарч байна. Тэд надаас юм сурахаас гадна би ч бас тэднээс суралцаж байна.
-Уртын дууны багш нар шавиа зохиолын дуу дуулуулах дургүй байдаг уу?
-Дургүй.
-Таны багш ч гэсэн дургүй байсан уу?
-Дургүй байсан.
-Тэгвэл та яагаад зохиолын дуу дуулсан юм бэ?
-Мэргэжлийн урлагийн байгууллагад төдийлэн олон жил ажиллаагүй хэрнээ богино дуу дуулах нь хоолойд хор уршигтай. Учир нь тухайн үед дуучны хоолой, амьсгаа, техник бүрэн төлөвшөөгүй байдаг. Богино дууг наймт, арван зургаат, дөрөвт зэрэг ноотоор хөдөлгөөнтэй дуулдаг. Ингэж эзэмшиж дуулахын тулд өөрийгөө эвдэх шаардлага гардаг. Зөвхөн уртын дуу дуулаад явбал хоолой улам тогтворжиж, амьсгаа задарч, ур чадвар нэмэгддэг. Надад бол аз тохиосон гэх үү дээ. Батмэндтэй хамтран дуулах санал ирж, дуулсан. Тэр дуу олны сонсох дуртай дуу болж, энд тэнд очиж дуулах захиалга ирснээр хэдэн зохиолын дуу дуулсан даа.
-Зохиолын дуу дуулаад “хөлжих” замыг яагаад сонгосонг үй вэ?
- Ү Д Б Э Ч - д харьяалагдсанаараа ядуу яваад байгаа юм биш. Энд ажилладаг хүн цомог гаргах боломжгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Бид ажлаа хийхийн зэрэгцээ, амьжиргаа хөөцөлдөж болно шүү дээ. Энэ бол тухайн хүний асуудал. Би зохиолын дуу дууллаа гээд чуулгаас гараагүй л байхгүй юу. Одоо ч гэсэн уран бүтээл хийж л байна. Төрд данстай дуучин болно гэдэг их хувь заяа. Энэ том айлын өрхийн гишүүн болох амар биш. Тийм болохоор надад зохиолын дуу дуулаад баяжъя гэсэн бодол төрж байсангүй. Энэ чуулгад ажилладаг хүн болгон ядуу тарчиг амьдраад байгаа юм биш. Амьдралаа сайхан аваад явж байгаа хүнийг алийг тэр гэх вэ.
-Ямар нэгэн арга хэмжээнд урихдаа Таныг уртын дуу дуулуулах юм уу, зохиолын дуу дуулуулах юм уу?
-Аль, алиныг нь. Найр хурим, албан байгууллагын ой, одон медалийн мялаалгад монгол ёс заншлаа даган уртын дуугаар цэнгүүнээ эхлүүлдэг. Түүний дараа хүссэн дууг нь дуулдаг.
-Сургуулиа төгсөөд, ямар хэмжээний дуучин болох зорилго өмнөө тавьж байсан бэ?
-Би тийм ч их хөдөлмөрч, дайчин оюутан байгаагүй. Хүүхдээрээ шахуу байсан учраас урсгалаараа явсан юм уу даа. Гэхдээ хичээл, сургуулиасаа хөндийрч, тасалж яваагүй. Байх ёстой газраа хийх юмаа хийж явсан. Дуучин боллоо, тийм юм хийнэ гэж өөртөө том зорилго тавьж байгаагүй ч яваандаа л бүх хүсэл маань биелчихсэн. ҮДБЭЧын л дуучин болно гэж хатуу зорилго тавьж байсангүй.
-Чуулгад хэдэн онд орсон бэ?
-Төгсөөд 1996 онд орсон.
-Тухайн үед чуулгад ороход ямар шалгуур тавьж байв?
-Жил бүр шинэ дуучин авна гэж байхгүй. Өмнөх дуучдаас хэн нэг нь тэтгэвэрт гарах, шинэ дуучин авах шаардлагатай болсон үедээ л дуучин шалгаж авдаг байсан. Төгссөн жил маань тийм нэгэн шалгаруулалт болж, шалгуулж тэнцээд ажилд орсон.
-Уртын дууны чиглэлээр сурч байгаа оюутны тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна уу?
-Жилээс жилд нэмэгдэж байна. Элсэлт төгсөлт их болжээ. Биднийг сурч байх үед жилд нэг, хоёр хүн л уртын дуучнаар төгсдөг байсан. Эсвэл зарим жил элсэлт авахгүй. Аль урлагийн байгууллагад хэдэн дуучин хэрэгтэй байгаагаар тооцоолж хэдэн оюутан сургахаа шийддэг байсан байх. Одоо мэргэжлийн дуучид олширч байгаа нь сайшаалтай ч тэднийг ажиллуулах байгууллага хэд байгаа билээ гэдгийг бодолцмоор. Мөн төгссөн оюутнууд нь орон нутагтаа очиж ажиллахыг хүсэхгүй байгаа нь харамсмаар санагддаг.
-Өөрийгөө дайчилдаггүй оюутан, хэдийнээс өөртөө зорилго тавин тэмүүлэлтэй ажиллах болов оо?
-Сургууль төгсөнө гэдэг амьдралын захад гишгэлээ гэсэн үг. Хань, үр хүүхэдтэй болоод ирэхээр аз жаргалтай, элэг бүтэн, амжилттай амьдрахын тулд өөрийн эрхгүй дайчин болдог юм билээ.
-Хослон дуулдаг дуучид нэр холбогддог, зарим нь гэр бүл болчихсон явна. Харин дуучин Батмэнд та хоёр тийм ярианд өртөж байв уу?
-Огт үгүй. Бид СУИС-ийн нэг үеийнхэн. Нэг чуулгад хамт ажиллаж, хамтран уран бүтээл хийж байсан. Оюутан байхдаа тус тусын амьдралаа зохиочихсон байсан шүү дээ. Харин ч гэр бүлээрээ уулздаг сайхан найзууд.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр хүү, нэг охинтой. Том нь есдүгээр анги төгсөж, бага нь хоёр ой хүрэх гэж байна.
-Гурван хүүхэдтэй завгүй ээж байх нь ээ?
-Ачаагаа хөнгөн гэж хэлэхгүй. Томыгоо оюутан байхдаа төрүүлсэн учраас хоёр дүүгээсээ олон насны зөрүүтэй. Тэр завсрын 12 жилийн хугацаанд амьдралаа босгох гэж их ажил амжуулсан. Одоо ч ажил улам л нэмэгдээд байна.
-Та амьдралын аз жаргалыг хаана мэдэрдэг вэ?
-Уран бүтээлч гэдэг утгаараа тайзан дээр алга ташилтаар шагнуулж байхдаа аз жаргалтай байдаг. Хань, үр хүүхэд, ээж болон ахан дүүстэйгээ халуун ам бүлээрээ байх нь амьдралын аз жаргал юм.
-Эхээс хэдүүлээ вэ, танайханд өөр дуучин бий юү?
-Зургуулаа. Надаас өөр дуучин байхгүй ч бүгд л уртын дуу аялчихдаг. Хазгай, солгой дуулдаг хүн байхгүй. Манай эмээ их сайхан дуулдаг байсан юм билээ. Дээр үед найрын дуучнаар ихэнхдээ эрэгтэй хүнийг урьдаг байсан ч эмээг бол урьж залдаг байсан гэсэн.
-Танд монгол дээл их сайхан зохидог. Харин өдөр тутамд хэрхэн хувцаслах дуртай вэ?
-Өдий насанд стиль, моод хөөгөөд байх нь юу юм бэ. Хаана явж байгаадаа тохируулан, биедээ эвтэйхнээр хувцасладаг. Чөлөөтэй байна гээд пүүз өмсөөд гүйгээд байдаггүй.
-Өнгөрсөн амьдралдаа харамсаж, өөрчлөхийг хүсдэг зүйл бий юү?
-Гайгүй дээ. Тийм юм байхгүй.
-Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байх нь ээ?
-Болно л гэж бодож явдаг.
-Та их өөдрөг юм аа?
-Өөдрөг гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Их тэмүүлэлтэй хүнийг хэлдэггүй юм уу?
-Бүхнийг сайхнаар төсөөлж, “болно оо” гээд бүхнийг бүтэмжтэйгээр ярьж байгаа болохоор таныг тэгж дүгнэсэн юм.
-Аан тэгвэл тэр чинь надад тохирч байна. Би ямар ч зүйлийг сөрөг талаас нь харж, хүлээн авдаггүй. Тухайлбал, замын хөдөл гөөнд оролцож явахад намайг эмэгтэй жолооч болохоор хажуугийн жолооч шахаж байгаад таагүй үг хэлчихсэн үед ч эвгүйрхдэггүй. Тэр үгэнд эмзэглээд, гутраад байхгүй л дээ. Санаа зөв бол заяа зөв гэж сайхан үг байдаг даа.
-Үр хүүхдэдээ юуг илүү захидаг вэ?
-Ямар зүйлд их цаг хугацааг зориулна, тэр нь хожим хоол болохыг ойлгуулж захихыг хичээдэг. Том хүүдээ л тэгж их хэлж байна. Бидний үеийг бодвол одоо чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, зүйл олон болчихож. Зарим хүүхэд, залуус хэрэггүй зүйлд цагаа зориулж байна шүү дээ.
-Гэр бүлийн хүн тань ямар ажил хийдэг вэ?
-Спортын хүн. Биеийн тамирын багш. Бид хоёр дунд сургуулийн паралель ангийн сурагчид.
-Ханийн тань ямар зан ааш танд таалагддаг вэ?
-Манай хүн нэг их олон үггүй. Наана нь би олон юм ярьчихсан байхад, хань маань голыг нь олсон ганц хоёр л үг хэлдэг. Бидний яриа 17.10 цагт өндөрлөсөн. Учир нь дуучин маань хоёр бага хүүхдээ цэцэрлэгээс авах ёстой цагаасаа хэдийнэ хоцорчээ. Ихэмсэг төрхтэй ч эгэл даруухан энэ бүсгүй амьдралыг өөдрөгөөр харж, болно, бүтнэ гэсэн эрмэлзлээр итгэл төгс амьдарч явна.