Улс орны эдийн засаг сульдаж, иргэд, аж ахуйн нэгж үүд бүсээ чангалж байгаад Н.Алтанхуягийн танхимын хэрэгж үүлсэн алдаатай бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэвч Засгийн газар алдаатай бодлогоо засахын оронд сайд нараа яаж эрх мэдлээс нь салгахгүй үлдээх вэ гэсэн гарц хайж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д хүргэн дүүгээ шургуулж, уурхайн нүүрс ачиж буулгах тендерт хамаатныхаа компанийг ялуулсан нь жилийн өмнө илэрч, танхимынхаа орших, эс оршихийг УИХ-аар анх хэлэлц үүлж байхдаа Ерөнхий сайд огтхон ч ичиж зовоогүй. Хоёр сарын өмнө УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл” тайлах хуулийн төслийг хэлэлцэх үед элдэв арга хайж, өвөл, хаврын ажлаа барсан. Уг нь энэ хуулийн төсөл санаачлагч нь “2016 оны долдугаар сарын 1-нээс эхлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй” байх зорилгоор, УИХ-д өргөн барьсан. Харин Н.Алтанхуягийн танхим өнөө маргаашгүй огцрох вий гэсэн айдастаа хөтлөгдөн өвөл, хаврыг дамжин “Давхар дээл”-ндээ хоргодох ажиллагаа өрнүүлсэн.
.jpg)
Зөвхөн тэнгэртэй харьцаж, Төрийн ордонд гал өрдөн, тахилга хийдгээрээ алдаршиж, болж бүтэхгүй үг, хатуу шүүмжлэл сонсож буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал ойрын өдрүүдэд яригдаж байна. Гэвч шинэчлэлийн Засгийн газар “шүдний өвчин”- өөсөө салахгүй гэв. Эдийн засаг улам бүр хүндэрлээ гэх шүүмжлэлийн дагуу Засгийн газар 100 хоногийн төлөвлөгөө боловсруулсан ч үүндээ хямралаас гарах арга замаа тодорхойлж, алдаатай бодлогоо засна гэж дуугараагүй. Мөн төрийн албаны тогтолцоог эвдэж, төрийн дархлааг сульдаан байж томсгосон бүтэц, орон тоо, захиргааны зардлаа бууруулна гэж амласангүй. Ам.долларын ханш 1800 төгрөг давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, ажилгүйдэл нэмэгдэж, төсвийн орлого бүрдэхгүй, хөрөнгө оруулалт зогсож, томоохон төсөл, хөтөлбөрийн ирээдүй бүрхэг болсон. Гэсэн ч Засгийн газар “Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах шаардлагагүй” хэмээн тайлбарлаж, Н.Батбаярыг уснаас хуурай гаргахаар бүхий л боломжоо дайчилж эхэлжээ. Засгийн энэ улайрлыг УИХ дахь АН-ын бүлэг төдийгүй шинэчлэлийн Засгийн газарт багтсан МҮАН, МАХН-ын УИХ дахь бүлэг дэмжиж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Энэ хурлаас дөлсөн гишүүдийн олонх нь АН-ын харьяалалтай байсан нь анхаарал татаж байна. Мөнгө, эрх мэдэл, албан тушаал хуваарилах, лообий хууль батлах хуралдаанд яаран ирж суудаг гишүүд хариуцлага тооцох хуралдаанаас дайжсан нь АН-ын гишүүд Н.Батбаярыг аврах ажиллагаанд өргөнөөр дайчлагдсан байх магадлалтайг харуулна бус уу. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо Н.Батбаяр сайдын асуудлыг дахин хэлэлцэх байх. Гэвч Эдийн засгийн хөгжлийн сайдыг хөөгөөд явуулах зүрхтэй АН-ын гишүүнийг байнгын хороон дээр ч, УИХ-ын танхимд ч тун цөөхөн харах бололтой. Огцрох, эсэхээ УИХ-аар хэлэлцүүлж буй сайд нарын анхдагч нь Н.Батбаяр биш. Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ажлын хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлаар огцруулах дөхсөн. Гэвч тэрбээр Ерөнхий сайдын засгаа аврах төсөлд хамрагдаж эсэн мэнд үлдээд байгаа юм. Засгийн газар сайд энэ мэт аргаар аварч байгаа бол олон нийт шинэчлэлийн Засгийн газрыг албан тушаал, эрх мэдэлд шунан дурлагсдын цуглуулга юм байна гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх болсон. Энэ засагт АН-ын бүх фракц, бүлэглэлийн төлөөлөгч багтдаг. Тэдэнтэй МҮАН, МАХН-ын ашиг сонирхол нэгдэж буй. Н.Алтанхуяг засгаа байгуулахдаа бүлэглэл, фракц болон эвсэлд нэгдэж, засгийн эрхийг хамтран барьж буй улс төрийн хүчнийхээ амыг үдэхийн тулд есөн яамыг 16 болгон нэмсэн.
Эрх мэдлийн бялуу түгээлтээс хувь хүртсэн нөхөд салбарын тамга атгамагцаа төрийн албанд тус тусын бүлэг фракц, эвсэл, хамтрагч, тойрон хүрээлэгчдээ шахаж, яам, Тамгын газруудыг ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүргэж, төрийн шийдвэр гаргах тогтолцоог сульдааж орхисон. Хэлэх хүнгүй шахам эзгүйрсэн төрийн албаны оргилд заларч буй сайд нар хүчээр биш ч цаг хугацааны шахалтаар тамгаа өгөх нь тодорхой. Элдэв шүүмжлэлд өртсөн ч үл тоон нөхөөс тавьсан “давхар дээл”-ээ тайлах өдөр ирнэ. Гэвч улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байгаад дургүйцсэн иргэд тэр цагт бүгдийнх нь улс төрийн карьерт цэг хатгаж мэдэхээр уур амьсгал нийгэмд хэдийнэ бүрэлдээд эхэлжээ. Байдлаас ажвал үлдэж байгаа хугацаанд эдийн засаг сэргэж, эрх баригчид алдаагаа засна гэх найдлага бараг үгүй. Ийм эмзэг үед мэдрэмжтэй улстөрч бол өөрийн саналаар Н.Алтанхуягийн танхимыг орхиж, “давхар дээл”-ээ тайлж, ирэх сонгуулийн босгонд рейтингээ өсгөнө. Харин эрх мэдэл, албан тушаалын хийрхэлд автсан мэт аашилж буй сайд нараас ийм зориг гарах уу.