Б.Гарамгайбаатар, А.Бакей, Су.Батболд, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Г.Баярсайхан, Ц.Цолмон. Тэд бол Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэйгээр таван сарын өмнө байгуулсан Ажлын хэсгийн гишүүд. Ахлагч нь Б.Гарамгайбаатар. Ажлын хэсэг нь ингэж байгуулагдсан ч уг төсөл нь өнө эртний замналтай. Тодруулбал, гурван парламент дамжин хэлэлцэж буй Газрын тухай хуулийн төсөл одоогийн УИХ-ын хаалгыг өнгөрсөн оны нэгдүгээр сард тогшин орж ирээд, Байнгын хорооны босго давсан ч түүнээс цааш ахисангүй. Аль аль тал нь суурь хуулийн хэмжээнд анхаарч, нухацтай хэлэлцэх ёстой гэдэг ч энэ долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа дамжуулан газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсах талаар мэдээлэл цацсан нь Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүд харилцан байр сууриа илэрхийлж, олны анхаарал татахад хүргэсэн гэж хэлж болно. Уг нь дээр нэр дурдсан хүмүүс хэр зэрэг ажилласнаас энэ хуулийн хувь заяа хэрхэх нь шийдэгдэнэ. Гэвч тэд нэг иймэрхүү эсрэг тэсрэг юм яриад сууж байна. Ахлагч нь “Ардын намынхан байр сууриа нэгтгээгүй, аар саар зүйлээр улс төр хийж байна” хэмээн цөөнхийг буруутгаж байхад Засгийн газрыг “Зүгээр л төслөө татаад авчих” гэж уриалах гишүүн ч тэнд ажиллаж байна. Ажлын хэсгээс гадна УИХ дахь намын бүлгүүд ч эрс ялгаатай байр суурь илэрхийлэн өөр хоорондоо давшилж, толгой эргүүлээд байх юм (“Тэр 76 ер нь бид (ард түмэн)-нийг юу гэж бодоод байгаа юм” гэж уур ч хүрэх шиг ).
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ынхны байр суурь, уг хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаантай холбоотойгоор “Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдөхүйц мэдээлэл зориудаар тарааж, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ байдлыг анхааралдаа авах ёстой” хэмээн мэдэгдсэний хариуд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслийг Засгийн газар татаж авах ёстой” гээд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатайг онцолж буй. Бие даагчид ч бас төслөө татахыг санаачлагчдад нь сануулаад амжсан. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад төслийг татаж авна гэдгээ өчигдөр мэдэгдлээ. “Твиттер, фэйсбүүк хуудсаар цацаж байгаа шиг агуулга төсөлд байхгүй. Бид буруу зүйл хийх гээгүй. Цуурхал тараагаад ажил хийлгэхгүй юм. Энэ бол ихэнх газрыг хуваагаад авчихсан цөөн хэдэн хүний дэгдээж буй дуулиан. Хэтэрхий их суртал ухуулга явахаар иргэд үнэмшчихээд байх юм” гэж учирласан Ерөнхий сайд ирэх намрын ээлжит чуулганаар төслөө УИХ-д дахин оруулж ирэх юм байх. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Ёстой л “Сайны ёс уу, муугийн ёр уу” гэж асуумаар санагдчихлаа.
Сөрөг хүчнийхний хэлж, шаардаад байгааг нь ямар нэг байдлаар биелүүлж, засаж залруулах гэж төслөө татсан болов уу гэтэл Ерөнхий сайд тийм утгатай ганц ч үг дурдсангүй. Гэхдээ Ардын намынхан болон бие даагчид “Газар эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгосон, “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн” гэхчлэн шүүмжилж байсныг хүлээж аваагүй гэх газаргүй. Шүүмжлээд байгаа хүмүүсийн хэлснээр энэ нь засаж, залруулах гэсэн алхам ч байж мэдэх юм. Тэгээд ч энэ Засгийн газрын хувьд төслөө татаж авах нь тийм ч сонин үзэгдэл биш. Ашигт малтмал, Газрын тос, Гэмт хэргийн тухай гээд л УИХ-д гологдохын эрхэнд татаж, дахин өргөн барьсан хуулийн төслүүд олон бий. Энэ удаагийн төсөл хүртэл татаж аваад, дахин өргөн барьсан хувилбар юм. “Засгийн газраас ирсэн төслүүд боловсруулалт муутай, түүхий, дутуу. Бид л “бөөс”-ийг нь түүж байна” гэж туршлагатай гишүүд толгой сэгсрэх нь ч бий. УИХ-д орж ирсний хувьд хэсэг хугацаанд ч болов гишүүдийн цаг зав, хөдөлмөрийг барсны эцэст төрхөмдөө буцсан ч шүүмжлэлийг ямар нэг хэмжээгээр тусгаж, засал аваад орж ирдгийг нь буруутгаад яах вэ, сайжирч л байвал.
Гэхдээ Н.Алтанхуяг сайдын хэлсэнчлэн олон нийтийн сүлжээ ашиглан зохион байгуулалттайгаар цуурхал тарааж, тэр нь төслөө татахад хүргэх дарамт, сүрдүүлэг болж байгаа бол дэндүү харамсалтай. Тус хуультай холбоотойгоор Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатарыг хүртэл заналхийлж, сүрдүүлсэн гэнэ лээ. Үнэндээ эсэргүүцэж, элдэв уухай хашгирч байгаа хүмүүсийн хэд нь Газрын тухай хуулийн төсөлтэй тогтож танилцсан байдаг бол. Шуудхан хэлэхэд, тэдний олонх нь олон нийтийн сүлжээгээр түгэх өчүүхэн мэдээлэл, түр зуурын сэтгэл хөөрлөөрөө хууль тогтоогчид руу мессеж бичиж, шахалт үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Газрын тухай хуулийг гарцаагүй шинэчлэх ёстой гэдгийг үгүйсгэх хүн үгүй биз. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нөхцөлд эл хуулийн өөрчлөлт нь наанадаж эдийн засгийг эрчимжүүлэх нэг хөшүүрэг нь болж, цаашлаад суурь хуулийн жишгээр нийгмийн харилцааг зөв голдиролд оруулж, төгөлдөршүүлэх олон эерэг өөрчлөлтийг дагуулах учиртай. Гэхдээ Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга бол ердөө ганцхан тохиолдол. Энэ мэт олон чухал хууль, тогтоомж хувийн, дэндүү явцуу эрх ашгаа хамгаалж үлдэх гэсэн хэсэг хүмүүсийн турхирч, зохион байгуулснаар эргэж буцан бүтэлгүйтээд байвал яах вэ. Энэ яавч сайны ёс биш ээ.
Б.Гарамгайбаатар: -...Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан. Өнөөдрийг хүртэл МАН-ынхан нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй. Гишүүд нь үзэл бодлын зөрүүтэй байгаа учраас нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна гэсэн.
(2014.06.17 “Өнөөдөр”.)
Ж.Батсуурь: -...Бэлчээрийн тухай хуулийн төсөл өргөн бариагүй цагт итгэхэд бэрх. Бэлчээр эзэмшүүлэхээс гадна тариалан, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг давуу эрхээр өмчлүүлж болно гэсэн заалт дээрх төсөлд байгаа. Хэн ч гэсэн ашигтай ажиллахыг хүсэж байгаа энэ үед их мөнгөөр газраа зарчихаад тариа тарихгүй бол яах вэ. Улаанбаатарын ихэнх газар цөөн хүний мэдэлд байдаг юм гэсэн. Тэд бүгд монголчууд гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Ихэнхийнх нь эзэд гаднын иргэд. Тэд энэ хуулийг батлуулж, ашиглаж байгаа газруудаа өмчл өхийг хүсээд байгаа юм.
(2014.06.19 “Улс төрийн тойм”)
А.Бакей: -...Уг хуулийн төсөлд газрыг “эзэмш үүлэх”-ийн хувьд 15- 60, нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж заасан. Энэ нь одоо мөрдөж буй хуульд ч байгаа. Хэнд ямар зориулалтаар эзэмш үүлэх вэ гэдэг нь тодорхой бөгөөд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхгүй. Харин “ашиглах”- ын тухайд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэнд тодорхой гэрээний үндсэн дээр ашиглуулна” гэж л заасан. Газрыг гадаадын иргэнд ашиглуулах нь аль ч улсад байдаг зүйл. Хуулийн төслийг улс төрийн үүднээс мушгиж тайлбарлах нь зохимжтой биш.
(2014.06.19 “Өдрийн сонин”)
С.Ганбаатар: -...Газрын тухай хуулийн төсөл нь улс, эх орны өнөөгийн ба ирээдүйн газрын харилцааны эрх зүйн бодлого, зарчим, удирдлагын тогтолцоо, зохицуулалтын арга, хэлбэр зэрэг үндсэн асуудлуудыг цогцоор шийдвэрлэх чадамжг үй болжээ. Засгийн газар төсл өө эгүүлэн татаж, иргэдийнхээ оролцоотойгоор хуулийн төслийг сайтар боловсруулж, УИХ-аар хэлэлц үүлэн батлуулахыг дахин уриалж байна.
(2014.06.17 www.sonin.mn )
Б.НОМИН