- Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулжээ -
Байнга ярьдаг энэ үгийг нэр мэдэх ч зүс танихгүй нэгэнтэй Төрийн тэргүүн зүйрлэв. Хууль зөрчсөн, ёс зүйгүй аашилсан албан тушаалтнуудын талаарх мэдээлэл хөвөрч, иргэд хариуцлага нэхдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголд хариуцлагын тухай бие даасан хуульгүй явжээ. Дунд болон анхан шатанд хариуцлага тооцох тухай заалт хуульд бий ч төрийн өндөр албан тушаалтнуудад л энэ зарчим үйлчилдэггүй. “Өөрөөсөө бусдад хариуцлага тооцох тухай ярих амархан байдаг. Тийм ч учраас хариуцлага тооцох тухай зохицуулалтыг бараг санаатайгаар хуулиас орхигдуулсаар ирсэн” хэмээн Ерөнхийлөгч онцолно лээ.
Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ ард хийсэн гэмт хэргээ нууж, хариуцлагаас бултдаг байдлыг үгүй хийхийн тулд тэрбээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр танилцуулав. Энэ бол “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгынх нь хүрээнд боловсруулсан төслүүдийн нэг нь. Үүнээс гадна гурван ч хуулийн төслийг тэрбээр онцолж, сэтгүүлчид болон УИХ-ын гишүүдийн төлөөлөлд өчигдөр танилцуулсан юм.
Дээрх төсөл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, сайдууд, УИХ-аас томилдог бүх албан тушаалтан, ИТХ-ын болон Засаг дарга нарт хамаатай. Хариуцлага тооцох шатыг төсөлд сахилгын, улс төрийн, ёс суртахууны хэмээн гурав ангилжээ. Албан тушаалтан хууль зөрчвөл дээд удирдлага нь сануулга өгнө.
Харин Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд тухайн албан тушаалд дахин дөрвөн жилийн турш томилогдох эрхийг хасна. Удаад нь ёс зүйд ноцтой харшилсан үйлдэл хийсэн, гэхдээ түүнийгээ хүлээн зөвшөөрч, ажлаа өгөх юм бол улс төрийн хариуцлагаас мултлах зохицуулалт оруулжээ. Албан тушаал хаших эрхээ алдахгүйн тулд ёс зүйн хариуцлагаа сайн дураар хүлээх хүн олширно гэж тооцсон байна. Мөн сонгогчийн эрхийг бүтэн болгох үүднээс сонгосон түшээ нь хариуцлагагүй ажилласан нөхцөлд эгүүлэн татах эрхийг иргэдэд олгох заалт оруулжээ. Сонгогдсоныхоо маргаашнаас шахам зарим гишүүн “тэнгэрт гарч” орхидог. Ийм хүмүүсийг нийт сонгогчийн 10 хувийн саналаар эгүүлэн татаж болох нь. Мөн чуулган, Байнгын хорооны хуралдааны гуравны нэгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гишүүнийг эгүүлэн татах эрхийг дарга нарт нь өгсөн байна. Жагсаалтаар сонгогдсон түшээдийн хувьд нэр дэвшүүлсэн нам нь буцаан татах тухай хүсэлтийг УИХ-д оруулж шийдүүлнэ. Гэхдээ сонгогдсоны дараагийн болон бүрэн эрх дуусахын өмнөх нэг жилд огцруулах, эгүүлэн татах асуудал оруулахыг хоригложээ.
Ерөнхийлөгч энэ талаар “Эсрэг тал нь энэ заалтыг ашиглах боломжтой гэж үзэх хүмүүс бий. Тэгвэл бүх сум, дүүрэг, хорооны сонгогчийн саналыг авч, 10 хувийн босгыг бүрдүүлэх ёстой. Энэ нь тийм амаргүй” гэлээ. Мөн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ хамтарч Засгийн газар байгуулсан болон өөрийн намынханд “бялуу” хуваадгийг болиулах гэнэ. Ерөнхий сайд фракцын дарамтаас ангид байдлаар, нам биш чадвар харгалзан сайдаа санал болгодог манлайлагч улстөрч байх ёстой гэж Төрийн тэргүүн үзэж байна. Үүний тулд хараат бусаар ажиллах нөхцөлийг хуулиар бүрдүүлэх аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон нөхцөлд шалгахад бүрэн эрх нь саад учруулдаг. Одоогийн хуулийн дагуу гишүүн гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ баригдсан ганц тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгадаг. “Гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ баригдах хүн гэж бараг байхгүй л дээ” гэж Ерөнхийлөгч хэлээд “Үүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн бол” хэмээн өөрчлөхөөр тусгасан гэлээ. Ингэснээр буруутай гишүүнийг хаацайлахгүй болох гэнэ. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгасны дараа УИХ-ын гишүүн буруугүй байсан нь тогтоогдвол ерөнхий прокурорт хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх зохицуулалт оруулснаар тэнцвэрийг хадгалсан байна. “Хариуцлага тооцох механизм бий болгож, хуулиар нарийвчлан заах хэрэгтэй байна. Ингэж байж хэрэгжинэ” хэмээн Ерөнхийлөгч ярьсан.
УИХ-ын гишүүд төслийг батлахдаа хойрго хандаж мэдэх ч ухрахгүй, “унагасан” ч дахин өргөн барина гэдгээ Ерөнхийлөгч сануулав. Мөн Шилэн дансны тухай хуулийн төслийг онцоллоо. “Нэрэн дээр нь тойрч улс төр хийгээд унагах гээд байна. Санал авахаар Засгийн газарт төсөл оруулахаар уддаг байдал ажиглагддаг” хэмээн бас шүүмжиллээ. Иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх газар, компани мөнгө зарцуулахтай холбоотой мэдээллээ 1000 төгрөгийн нарийвчлалтайгаар ил тод зарла хэмээн уг төсөлд тусгажээ. “Энэ хуулийг хурдан батлаасай. Тэгвэл Монгол Улс хариуцлагын тогтолцоотой болоход нэг алхам урагшилна” гэв. Удаах нь Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл. Үүнийг тэрбээр “Ардчиллын амин сүнс” хэмээн онцлов. Төсөлд долоон төрлийн сонсгол зохион байгуулахаар хуульчилжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг болон эрх нь хохирсон иргэдийн саналаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах аж. Мөн төсвийн хяналтын, томилгооны, орон нутгийн, хууль тогтоох, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, хууль тогтоох, мөрдөн шалгах чиглэлээр сонсгол хийх юм байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа Хүний эрхийн дэд хорооноос ийм сонсгол анх удаа зохион байгуулсан. Гэхдээ тэр үед хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан учраас бүрэн утгаараа сонсгол болж чадаагүй гэж Төрийн тэргүүн үзэж байна лээ. Бүх талын төлөөлөл оролцсон сонсгол хийснээр хууль тогтоох болон аливаа шийдвэр гаргахад иргэдийн оролцоо нэмэгдэх юм байна. Мөн төрийн албан тушаалтнуудыг иргэд хянах тогтолцоо ч бий болох гэнэ.
Төгсгөлд нь тэрбээр “Манай УИХ тун буруу жишиг тогтоож байна. Засгийн газрын тухай хуулийн төслийг сар гаруйн турш хэлэлцчихээд унагачихсан. Би энэ төслөө намар дахин өргөн барина. Хангалттай хугацаанд хэлэлцсэн учраас тэр үед хурдан батална гэж найдаж байна” гэсэн юм. Мөн дээрх төслүүдээ богино хугацаанд өргөн барьж, намар гэхэд батлуулна гэсэн итгэлтэй байгаагаа дуулгалаа.
С.ТУУЛ