“Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ерөнхий зураг бэлэн болсон. Техникийн Ажлын хэсэг төслөө бичсэн. Одоо зарчмын зүйлүүд дээрээ санал нэгдээд хаврын чуулганд өргөн барина”... Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнгөрсөн хоёрдугаар сард ийнхүү мэдэгдэж байлаа. Гэвч хаврын чуулган өчигдөр завсарлав. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн бараа ч алга. Ажлын хэсэгт орсон УИХ-д суудалтай намууд санал нэгдэж чадахгүй уджээ. АН болон “Шударга ёс” эвслийнхэн сонгуулийн холимог тогтолцоотой, тэр дотроо харьцаа нь 50:50 байх нь зөв гэж үзэж буй. Сөрөг хүчний тухайд 100 хувь мажоритар тогтолцоотой байсан үеэ санагалзжээ. “Үндсэн хуульд иргэд төлөөллөө шууд сонгоно гэж заасан учраас хувь тэнцүүлсэн тогтолцоо шаардлагагүй” гэж тайлбарлав. Яг эндээс эрх ашгийн зөрчил үүсчээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн хуулиар УИХ-ын 76 гишүүний 48-ыг тойргоос, 28-ыг нь намын жагсаалтаар сонгохоор заасан. Яг энэ зарчмаар УИХ-ын гишүүд сонгогдон ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд жагсаалтаар сонгогдсоноо ад үздэг, ялгаварладаг.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нар Бүлгээсээ эсрэг санал өгч, “давхар дээл”-ийг энэ УИХ-ын үед тайлахыг дэмжсэн. Үүний дараа АН-ын Хяналтын ерөнхий хороо нь Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан. “Дөрвөн гишүүн эсрэг санал өгсөн байхад яагаад нэгийг нь онцлов” гэхэд “Р.Бурмаа бол жагсаалтаар сонгогдсон учраас намын бодлогыг дагах ёстой. Тойргоос сонгогдсон гишүүд бол хувийн үзэл бодолтой байж болно” гэсэн “тэнэг” хариулт өгсөн юмдаг. О.Баасанхүүг “Оймсонд хавчуулагдаж орж ирсэн” гэж хочлоод авсан. Тойргоос сонгогдсон гишүүд нь “Та нар ард түмнээс мандат аваагүй байж дуугүй бай” гэх маягтай хандана. Үнэндээ нийт сонгогчийн таван хувиас доошгүй санал авсан нам дотооддоо хүмүүсээ эрэмбэлээд л гишүүн болчихно. Ийм “хялбар” аргын ард олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөргүй хүмүүс цөөнгүй орж ирсэн юм. Гэхдээ л энэ хувилбараар сонгогдох хүний тоог нэмэх нь АН-д ашигтай байна.
Сонгууль бүрээр нэр дэвших тойргоо сольдог хүмүүс аль ч намд бий. Нэг газраас сонгогдчихоод тэндээ юу ч хийгээгүй учраас дахин очих нүүргүй болчихдог биз. Яг ийм хүмүүс намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох сонирхол ихтэй байгаа. Намдаа ахиухан хандив өргөхөд л болно. “Бараг 20 жилийн турш тасралтгүй сонгогдох нөхцөлөө бүрдүүлсэн хууль батлах гэж байна” гэсэн энэ мэт хардлага эрх баригчид руу хандаж эхэлжээ. Нөгөө талдаа сөрөг хүчнийхэнд хуучны мажоритар тогтолцоо ашигтай санагдаж байна. Үнэхээр л Үндсэн хуульд иргэд төлөөллөө шууд сонгох эрхтэй, одоогийн тогтолцоо үүнд нийцэхгүй байсан юм бол 2012 онд яагаад энэ хуулийг баталсан юм бэ гэсэн асуулт гарна. Тэр үед МАН олонх байсан шүү дээ. Д.Лүндээжанцан гишүүнээс эхлээд 100 хувь пропроциональ тогтолцоотой байх төсөл хүртэл санаачилж явсныг уншигчид мартаагүй. Тухайн үедээ холимог тогтолцоо тэдэнд хэрэгтэй байж. Одоо сөрөг хүчний байр суурин дээр очмогц мажоритар нь илүү ашигтай харагдаж буй юм биз. Шийдвэрээ байнга өөрчилж буй нь ингэж хардахад хүргэж байгаа. Бие даагч гишүүдийн төлөөлөл Ц.Даваасүрэн “Улс орны эрх ашиг ярьж, уул уурхай, эдийн засгийн боломжоо зөв ашиглаад улсаа хөгжүүлье гэхээс илүү энэ хоёр намын аль алинд дараагийн сонгуульд яаж ялах вэ гэдэг нэг эрх ашиг бий” гэсэн байр суурьтай байна лээ. Хардлага дагуулсан Сонгуулийн хууль дуншсаар байна. Ирэх намрын чуулганаар төслийнх нь барааг харж чадах болов уу, мэдэхгүй.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгааг зарим гишүүнээс сонирхлоо.
Н.БАТЦЭРЭГ (“Шударга ёс” бүлгийн ахлагч): ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР ХАГАСТ ХУУЛИЙГ БАТАЛНА
-Бид холимог системийг, тэр дотроо 50:50 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа. Мөн намын жагсаалтад байгаа гиш үүдийг нам биш, ард түмний сонголтоор эрэмбэлэх ёстой гэж үзэж байна. Намын жагсаалтаар эрэмбэлэгдсэн хүнд тойрогт өрсөлдөх эрхийг нь хуулиар нээж өгье гэсэн.
СЕХ зөвхөн улс даяар сонгууль зохион байгуулдаг байя, маргаан шийдэх асуудлыг бүх шатны шүүхэд шилжүүлье. Тэгэхгүй бол СЕХ маргаан шийдэхээр намаар дамжуулан түүнд нөлөөл өх зохисгүй үйлдэл гардаг. Гэхдээ эвсэл хоёр намаас бүрддэг учраас нам тус бүр дээр дахин ярих хэрэгтэй.
Сонгуулийн нэгдсэн хууль тойрсон хардлага гарч байгаа. Юутай ч энэ хуулийг 2014 оны хоёрдугаар хагас гэхэд батална гэсэн ерөнхий тохиролцоо бий. Намрын чуулганаар шийдчихнэ гэж бодож байна.
Ц.ДАВААСҮРЭН (Бие даагч гишүүн): НАСАН ТУРШДАА ГИШҮҮН БАЙХЫГ ХҮСЭГЧИД БАЙНА
Бие даагч гиш үүдийн зөвлөл сонгуулийн 100 хувь мажоритар буюу ард түмнээр шүүлгэдэг тогтолцоог дэмжиж байгаа. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох тухай заалт байхгүй. Одоо хүчин төгөлдөр байгаа сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн, Цэц “нүдээ аниад” л өнгөрсөн шүү дээ. УИХ ч бас Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан бүрэлдэхүүнтэй. Үнэндээ жагсаалтаар сонгогдсон гишүүд ард түмний эрх ашгийг бодохоос илүү өөрийг нь гиш үүн болгосон намаа л шүтнэ.
Сонгуулийн, улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулсан үед л тэд иргэдтэй уулздаг. Мажоритар тогтолцоогоор бол гишүүд хүссэн, хүсээг үй сонгогдсон тойрогтоо ажилладаг, иргэдээ сонсдог, ард түмэнтэйгээ илүү ойр байсан. Олон жил УИХ-д сууж, бас тар нь танигдаад, нэр нүүрг үй болоод ирэхээрээ хүм үүс намын жагсаалтын ард нуугдаж, насан туршдаа гишүүн болох оролдлого хийж эхэлж байна.
С.БЯМБАЦОГТ (МАН-ын бүлгийн ахлагч ): ХУУЛИЙГ ЗӨВШИЛЦЛӨӨР БАТЛАХ УЧРААС АЛЬ НЭГ ТАЛЫН ЭРХ АШИГ ДАВАМГАЙЛАХГҮЙ
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр Бүлг үүд тогтолцоо, санал тоолох асуудлаар зөрчилтэй байгаа. Олон улсад машинаар ч, гараар ч давхар тоолдог. Гэхдээ ХБНГУ-д машинаар тоолоход итгэдэггүй юм билээ. Бид машинаар тоолох асуудлаар нухацтай ярилцана. Тогтолцооны тухайд МАН мажоритар тогтолцоотой байх нь зөв гэж үзэж байна. Энэ хуулийг зөвшилцлөөр батлах учраас хэн нэг талын эрх ашиг давамгайлна гэж байхгүй.