Монгол Улсын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дүгэрийн Нянтайсүрэнгийн том хүү Н.Сүрэнхорлоотой ярилцлаа.
-Таны аав Халх голын байлдаанд ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Матадын VIII морьт дивизийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Энэ дайн зүгээр нэг хилийн будлиан байгаагүй юм шүү. Монголын олон залуус эх орноо хамгаалж тулалдсан. Энэ бол олон хүний амиар олдсон ялалт. Аав 1934 онд цэрэгт татагдаад тэр намраа шалгалт өгч, Тамбовын морин цэргийн сургуульд орон, 1938 оны хавар төгсөж ирээд Цэргийн ерөнхий сургуулийн сумангийн даргаар томилогдсон. Тэгээд тэр жилийнхээ октябрийн баярын парадад алхчихаад иртэл Маршал Чойбалсан дуудсан байгаа юм. Маршал Матадын VIII дивизийн даргаар томилж, ахмад цол олгох болсноо хэлж. Аав “Маршал аа, би дивиз байтугай хороо командалж үзээгүй хүн” гэж хэлэхэд “Би төрийн ажлыг хийж сураад эхээс төрөөгүй” гэсэн байгаа юм. Аав юу ч хэлж чадалгүй хүлээж авсан гэдэг. Аавыг Матадын VIII дивизийг хүлээж авахад хорооны дарга нар нь ааваас илүү цолтой, тулаанд оролцсон туршлагатай “бурхиуд” байсан байгаа юм. Удалгүй Халх голын дайн эхэлсэн. Тэр үед аав 29 настай байж. Хошууч болсноос нь хойш нэг сарын дараа хурандаа цолыг олгосон юм билээ. Монгол Улсын баатар цолыг 1971 онд Ардын армийн 50 жилийн ойгоор Хилийн цэргийн гэгддэг Чогдон баатартай нэг өдөр авсан. Тэд одоо Алтан-Өлгийд зэрэгцээд нойрсож байгаа. Монголын армийн түүхэнд хоёр дайнд нэгтгэл командалсан хүн манай ааваас өөр байдаггүй. Нэгтгэл гэдэг нь дивиз, бригадыг хэлдэг. Хэд хэдэн батальон, хороог нэгтгэснийг дивиз, бригад гэдэг. 1945 оны Чөлөөлөх дайнд аав мото механикийн VII хуягт батальоныг командалж оролцсон. Дайны дараа 1952 онд аав армиас халагдаж, улсын Хэвлэх үйлдвэрт орлогч дарга, даргаар найман жил ажилласан. Дараа нь Монгол кино үйлдвэрийн даргаар ажиллаж, “Ардын элч” кинонд зөвлөх хийж байлаа.
-Халх голын байлдааны ялалт ямар их үнээр олдсон нь өдрөөс өдөрт мартагдсаар байх шиг надад санагддаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол Улсын төлөө ахмад дайчдын зориулсан гавьяа зүтгэл их. Чи бид хоёр өнөөдөр ингээд ярилцаад суух боломжийг тэд л олгосон. Бидний айх айдасгүй, аз жаргалтай, үр ач нараа тойруулан суугаа нь ч тэдний ач тус. Хэрэв тэд байгаагүй бол бид өнөөдөр харийн түрэмгийлэгчдийн хөлд гишгэгдээд боолын боол, босгоны шороо болоод явж байхыг үгүйсгэхгүй. Халх голын байлдааны ялалтын ойг хэдэн жилд нэг тэмдэглэдэг, хэдэн сар болоод л мартчихдаггүй байгаасай гэж хүсэх юм. Тусгаар тогтнолын ордон ашиглалтад ороход Баатруудын хүүхдийн холбооныхон “Нэг өрөө өгөөч, бид өөрсдөө тохижуулж, хүмүүст дайны талаар мэдээлэл өгдөг болъё” гэхэд зөвшөөрөөгүй. Тэгсэн хэрнээ тусгаар тогтнол гэж радиогоор яриад байдаг хүмүүстэй би “Түй чоорт, ийм тусгаар тогтнол байдаггүй юм” гэж хэрэлддэг юм. Тусгаар тогтнол чинь цусаар олдсон юм шүү дээ. Аав “Энэ сайхан орныг бидний өвөг дээдэс үлдээсэн. Хайрлаж яваарай. Аав нь эх орныхоо төлөө тэмцэж явсан. Бидний өмнө Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав гээд олон баатар Манж, Хятадын түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалсан бол бид Японы түрэмгийлэгчидтэй тулалдсан. Хойшид ямар ч дайсан ирж мэднэ. Миний хүүхдүүд амь насаа хайрлалгүй, эх орноо хамгаалаарай” гэж захидаг байсан. Залуучууд үүх түүхээ мэдэхгүй байгаад би харамсахын дээдээр харамсдаг. Монгол хүн Халх голын тулалдаан бол дайн биш Номун хааны будлиан гэж хэлэхийг ч сонсож байлаа. Олон эрдэмтэн Халх голын байлдааныг дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, дайныг урагшлуулахад нөлөөлсөн гэж үздэг. Дайнд тухайн үеийн шинжлэх ухааны ололтуудыг, нисэх онгоц, танк, хуягт, артиллер гээд бүгдийг нь ашигласан байдаг. Эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө цусаа урсгаж, амиа золиосолсон хүмүүсийг бид мартах учиргүй.
-Монгол Улсын гарамгай баатар Дандар гуай танай аав хоёр их ойр дотно үерхэж явсан гэдэг юм билээ.
-Аавыг Тамбов хотын морин цэргийн сургуульд сурч байхад Дандар ах 1935 онд тэр сургуульд элссэн. Тэр үеэс хойш хорвоогийн мөнх бусыг үзэтлээ үерхсэн. Үй зайгүй найзууд байсан даа. Ганц нэг зуун грамм татаад, манай ээжид, Юндэн эгчид зэмлүүлнэ.
-Таны ээж ямар хүн байв. Аавтай чинь хэзээ танилцсан бэ?
-Миний ээж Цэдэнгийн Дашцэрмаа гэж эршүүд, гүндүүгүй хүн байлаа. Аав дайны өмнөхөн, сургуулиа төгсөж ирээд, зун нь ээжтэй танилцсан гэдэг. Манай ээж тэр үед нарийн боовны үйлдвэрт нормчин байсан. Дивизийн даргаар томилогдоход нь ээж аавын хойноос Матадад очсон. 1939 оны дайнд ар талд нь ажиллаж, 1945 оны Чөлөөлөх дайнд фронтын сувилагч хийж явлаа (Уртаар санаа алдан нулимс дуслуулав). Аавынхаа тухай ярьчихаад ээжийнхээ талаар ярихад нулимсаа барьж чадсангүй. (Хэсэг чимээгүй болов). Аавын тухай надаас олон хүн ярилцлага авсан ч ээжийн минь талаар асууж байгаагүй. Миний ээж ахмад дайчин. Чөлөөлөх дайны 30 жилийн ойгоор хамт явж байсан хүмүүс нь тодорхойлж, медалиар шагнасан байдаг. Төв аймгийн Баянбараат сумын Цэдэвсүрэн гэж хүн надад нэг удаа “Танай аав их сонин хүн. Фронтод олон хүний шарх боосон ээжийг чинь цусан гавьяаны одон (Байлдааны гавьяаны улаан тугийн одон)-д тодорхойлоход танай аав хасчихсан юм” гэж хэлж байсан.
-Яагаад тэр вэ?
-Өөрийн хүн яах вэ, болох байлгүй. Бусдыг нь цолтой болгоё гэж бодсон биз.
-Ээж шиг тань арын албанд ажиллаж байсан эмэгтэй олон байсан уу?
-Байсан байх аа. Миний мэдэхийн Бригадын штабт ажиллаж байсан Бадарч гээд хүний эхнэр Норовдаваа гэж хүн бий. 1939, 1945 оны дайнд оролцсон. 11 японыг баривчилсан, баатар болох ёстой бүсгүй. Дайны дараа ГССҮТ-д сувилагчаар ажиллаж байгаад мөнх бусыг үзсэн.
-Аав, ээж хоёрыг тань дайнд явахад гэрийнхэн нь эсэргүүцээгүй хэрэг үү?
-Тэр хоёрыг явсныг ах, дүү, хамаатан садан нь мэдээгүй. Нэг талаасаа улсын нууц байсан. Аав ч яах вэ, тушаалаар явсан. Харин ээж аавын араас толгой мэдэн явсан юм билээ. Хамаатан садан нь аав, ээжийг зэмлэх нь битгий хэл баатар гэж өргөмжилж угтсан.
-Аав тань үхэлтэй хэр олон удаа нүүр тулсан бол?
-Өөрөө бэртэж, гэмтэж байсан талаараа надад ярьж байгаагүй. Хамт тулалдаж явсан нөхдөө үхэхийг олон удаа харсан гэсэн. Даргаа “Би амьсгал хураах нь. Гэрийнхэнд минь мэдэгдээрэй” гэж олон хүн захисан. Аав их л болж толгойг нь түшдэг байсан гэдэг юм.
-Та бид хоёр Ерэн баатрын хөшөөний дэргэд зогсож байна. Энэ хөшөөг, аавынхаа тулалдаж явсан газар нутгийг харахад юу бодогддог вэ?
-Сайхан байдаг юм. Тэр их тулаан болж байсан гэмээргүй нам гүмхэн байгаа биз. Чи бид хоёрыг зогсож байгаа газар амь тэмцэж, нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэж буудалцаж байсан гэхээр одоо итгэмээргүй санагддаг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ