Төрийн ордон өчигдөр хөлд дарагдав. УИХын намрын ээлжит чуулган нээлтээ хийж, зунжин эзгүй байсан гишүүд цугласан нь энэ. Намрын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталдаг уламжлалтай. Тэгэхээр гишүүд илүү хариуцлагатай ажиллаж, “тоо бодох” хэрэгтэй болно. Үүнээс гадна Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэж Ерөнхий сайд амласан. Хэрхэн өөрчлөх бол гэсэн хүлээлт нийгэмд бий. УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тал нь өнгөрсөн үед эхэлж буй, олон чухал асуудал хэлэлцэх үүрэг хүлээж буй уг чуулганы нээлтэд 76 гишүүнээс 67 нь ирж, ирц 88.2 хувьтай байлаа. Хавар, намрын чуулганы нээлт гишүүдийн хувьд “хичээлийн шинэ жил” нь болдог. Тиймээс бүсгүйчүүд ялангуяа гоёлоо тусгайлан зэхдэг юм билээ. С.Оюун, М.Батчимэг нараас бусад эмэгтэй гишүүн үндэсний дээлээрээ гоёсон байлаа. Морин цагт зарласан чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцсон ч үг хэлсэнгүй, ямар нэг “тэсрэлт” болсонгүй. Уламжлал ёсоор УИХ-ын дарга хуралдааныг нээхдээ чуулганы завсарлагаанаар манай улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байсныг онцолсон юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалын үр дүнг тэрбээр “Хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд шинэ үе эхлүүлсэн, түүхэн айлчлал” хэмээн тодорхойлоод “Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр болон авто зам, нефть, хийн хоолой, эрчим хүчний, интернэтийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллах цаг тохиож байна” гэлээ. УИХ өнгөрсөн хоёр жилд эдийн засгаа өөд татах чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол баталж, түрүүчээсээ өгөөжөө өгч буй ч цаашид анхаарах зүйл олон байгааг ч бас сануулав. Энэ удаагийн чуулганаар 2015 оны мөнгөний бодлого, төсвийг батлах ёстой. Оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого 605.8 тэрбум төгрөгөөр тасарсан, удахгүй нэхэгдэх “Чингис”, “Самурай” бондын өрийг яаж төлөх тухай одооноос бодож, төсөв, мөнг өний бодлогоо сайн тооцоолон батлах хэрэгтэйг УИХ-ын дарга гишүүддээ ухуулав. Мөн Засгийн газарт бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт хийхтэй холбоотой хүлээлт их байгаа учир энэ асуудлаа яаравчлан өргөн барихыг Ерөнхий сайдаас хүссэн. Яаралтай асуудлыг чуулганаар дараалал харгалзахгүй хэлэлцдэг билээ. Эцэст нь тэрбээр цаг хугацааг үр дүнтэй ашиглаж, чанартай сайн хууль батлахын төлөө хичээж ажиллахыг гишүүддээ уриалсны дараа Төрийн дуулал эгшиглэж, чуулганы нээлтийн хуралдаан өндөрлөв.
Улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахаас гадна Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх үүрэг намрын чуулганд ногдож байгаа. Энэ талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

Д.ЭРДЭНЭБАТ: ШААРДЛАГАД НИЙЦСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ДЭМЖИНЭ
-2014 оны намрын чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үеийн чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийг хийх чухал үе эхэлж байна. Түүнчлэн хөрш хоёр оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлого, эдийн засгийн суурь хуулиудыг батлах, ялангуяа бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой хүлээлт бий. Мөн 2015 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батална. Хэдийгээр төсөв хүнд байгаа ч, тэтгэврийн асуудлыг шийднэ. Замбарааг үй хөрөнгө оруулалтыг нэг тийш нь болгоно. Төсвийн эрх мэдлийг хэт төвл өрүүлэхгүй саармагжуулах нь Бүлгийн байр суурь байх ёстой. Орон нутагт эрх мэдлийг түлхүү өгөхтэй холбоотой шийдэх зүйл ч бий. Улс төрийн талаас Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах учиртай.
-Засгийн газрын бүтцийг хэрхэн өөрчлөх талаар АН-ын бүлгийн хүрээнд ярьсан зүйл бий юү. Бүлгээс чиглэл өгөх үү?
-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Асуудлыг УИХ-д өргөн барьсны дараа бид Бүлгээрээ хэлэлцэнэ. Одоо тодорхой мэдээлэл алга. Ойрын хугацаанд Ерөнхий сайд төслөө өргөн барих шаардлагатай гэж үзэж байгаа. Улс төр тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл шаардлагад нийцсэн бүтцийг бүлэг хүлээж авна, нийцэхгүй бол байр сууриа илэрхийлээд явна.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахдаа өмнө нь байсан яамдыг буцааж нэгтгэнэ гэсэн мэдээлэл гарч байгаа...
-Бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх, хасах тухай ойлголт биш. Өнөөгийн улс төр, эдийн засгийн суурь өөрчл өлтөд тулгуурласан байх нь чухал.

Н.БАТЦЭРЭГ: БҮТЦИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДТАЙ САНАЛ СОЛИЛЦОЖ БАЙГАА
-Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудыг та хэрхэн онцолж байна вэ? -Намрын чуулганаар улсын ирэх оны төсвийг маш чамбай боловсруулж, батлах ёстой. Чуулганы завсарлагаанаар хоёр хөршийн тэргүүн айлчилж, бүс нутгийн хөгжлийг хурдасгах чиглэлээр олон чухал баримтад гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор манай талаас төмөр замын асуудлаас эхлээд шийдэх юм бий. Мөн орон нутагт ажиллахад Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийг хурдан шинэчлээч гэж иргэд хүсэж байсан. Үүнийг батлах шаардлагатай. Гурван Бүлгийн дарга Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ бодлогоо ондоо багтаагаад боловсруулж дуусгахаар төлөвл өсөн.
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдтай ярилцсан уу?
-Санал солилцож байна. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Төслөө оруулж ирсний дараа тодорхой ярилцана. Бүтэц, бүрэлдэхүүнийг илүү чамбайруулах ёстой гэсэн хүлээлт байгаа. 2012 оны сонгуулийн дараа улс төрийн хүчний харилцаа зэргээс хамаараад энэ бүтцийг баталсан ч хоёр жилийн дараа харахад чиг үүргийг чамбайруулах, өөрчлөх, ажил доголдуулсан сайдтай хариуцлага тооцох шаардлага гарсан. Одоо бүтэцтэй холбоотой тодорхой зүйл ярихад эрт байна. Ерөнхий сайд энэ талаар Ерөнхийл өгчтэй зөвшилцөж байгаа болов уу, удахгүй асуудлаа өргөн барих байх.

Я.СОДБААТАР: МОНГОЛЫН ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ БОЛСОН
-Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэхээр байгаа нь одоогийн гүйцэтгэх засаглалын тогтолцоонд асуудал байгааг эргэж харах гэсэн хэрэг. Эдийн засгийн 17.5 хувийн өсөлт өнөөдөр 5.8 хувьд хүрчихээд байна. Эдийн засгийг ингэж хүндрэлд оруулсныхаа төлөө тодорхой хариуцлага хүлээх ёстой гэдгийг МАН-ын зүгээс шаардаж байсан. Шаардлагадаа тодорхой сайдыг нэр зааж, хариуцлага тооцох ёстой гэдгийг ч хэлсэн. Гэвч эрх баригчид хууль зөрчин байж чуулган дамжуулж хэлэлцэхээр болсон шүү дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимын бүтэц, бүрэлдэхүүний талаар мэдэгдэлдээ дурдсан. Энэ хугацаанд жаахан ухаарсан юм болов уу. Ер нь Монголын төр бүсээ чангалах цаг нь болсон. Бизнес эрхлэгчдийг татвараар чангалахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогоор дамжуулан төрийн данхайсан бүтцээ багасгах ёстой. Энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх болов уу гэж найдаж байна. Үүнээс гадна “ЭЗЭН-100” хөтөлбөртэй холбоотойгоор нийгэмд бий болсон хүлээлтэд нийцүүлж ажиллах ёстой. Эл хөтөлбөрийг баталж байхад эрх баригчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр чухам юу гэж байсныг нь эргэж хараасай гэж хүсэж байна. Юу юу хийхээс амьдралд аль нь хэрэгжсэн, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт үүд сайжирсан уу, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, томоохон бүтээн байгуулалтууд гацаанаас гарсан уу гэдгийг ард иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ асуудлаар эрх баригчид юу ярихыг нь бас харах үлдлээ.

С.ДЭМБЭРЭЛ: ТАТВАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Намрын ээлжит чуулганаар зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэд хэдэн хууль байна. Юуны өмнө Татварын хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Өнгөрөгч хаврын ээлжит чуулганаар татварын чиглэлээр хоёр ч төсөл орж ирсний нэгийг нь буцаасныг одоо дахиад оруулж ирж байгаа юм шиг байна. Гэхдээ УИХ-ын түвшинд татварын төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүс өөр байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, манай Ажлын хэсгийнхэн татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй гэж санал нэгдсэн. Татварын эрх зүйн хүрээнд тогтолцооны шинжтэй томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг арваад жилийн өмнө хийсэн. Нөгөө талаас татварын орчныг байн байн өөрчлөх хэрэггүй гэдэг ч өнөөдрийн нөхцөлд дорвитой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий. Мөн мөнгөний бодлогыг нухацтай хэлэлцэх ёстой. Энэ онд Монголын ард түмэн эрсдэлтэй учирч, валютын ханшийн өсөлтөд бизнес эрхлэгчид нь “зодуулсан”. Инфляцыг ч нэмэгдүүлсэн. Тэгэхээр 2015 оны мөнгөний бодлогоор энэ бүх эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг шийдвэрлэх учиртай. Үүнээс гадна төсөвт анхаарал хандуулах ёстой. Төсвийн орлогоо бүрдүүлэх гээд компаниудаа элдээд байх уу, эсвэл түүхий эдийн мөчлөгөөс мөнхийн хамааралтай эдийн засагтай Монгол Улс эрсдэлд өртсөөр байх уу гэдэгт хариулт олохыг шаардаж байна. Өрсөлдөөний тухай, Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай, Валютын зохицуулалтын тухай гэхчилэн эдийн засгийн чиглэлийн олон хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ. Мөн Хүний эрхийн комиссын тухай хуульд өөрчлөлт оруулахаар гуч гаруй гишүүний хамт төсөл санаачлаад байна.
С.ТУУЛ