Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс баруун хойш 18 км-ийн зайд орших Хүслэнтэйн аман гол хэмээх газраас Канад, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эпидот” ХХК хүрэн нүүрс олборлохоор Ашигт малтмалын газраас энэ сарын 15-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Аман голын хүрэн нүүрсний ордын хайгуулын лицензийг анх 2005 онд олгосон бөгөөд Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар 30 жил ашиглах боломжтой 1.1 тэрбум гаруй тоннын нөөцтэй орд болохыг нь өнгөрсөн гуравдугаар сард тогтоосон байна. Гэхдээ тус компани хүрэн нүүрсийг зөвхөн гадагш зөөхгүй, ордоо түшиглээд 1800 мегаватын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй гэнэ. Улмаар үйлдвэрлэсэн цахилгаанаа Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймаг болон Дорноговийн Аж үйлдвэрийн парк, “Оюутолгой” зэрэг компанид нийлүүлэх, илүү гарсныг нь урд хөрш рүү экспортлохоор төлөвлөжээ. Харин орон нутгийн иргэд үүний эсрэг байна.
Биднийг өнгөрсөн долоо хоногт Баян-Өндөр суманд ажиллах үеэр тус сумын иргэд Гурвантэс, Шинэжинст сум шиг газар шороог нь ухаж сэндийчин, ирээдүй хойчдоо хэлэхэд ч харамсмаар нутаг үлдээх нь хэмээн эсэргүүцэн, аймаг, сумын Засаг дарга нартаа өргөх бичиг барьсан юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан иргэдийн саналыг сонсоод “Бид ашиглалтын лицензэд гарын үсэг зураагүй. Тийм эрх ч байхгүй” гэдгээ хэлсэн. Тэгвэл иргэд энэ компанийн талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй аль 2005 оноос хайгуул хийж эхэлснийг нь сая мэдсэн гэцгээв. Засаг дарга Д.Жаргалсайханаас энэ талаар тодруулахад “Ашиглалтын зөвшөөрөл олгоход бидний гарын үсэг шаардлагагүй. Харин компанийн хүмүүстэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан” гэв.
Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгоно гэсний дагуу “А” зөвшөөрөл олгодог байна. Харин уурхай ашиглалтын өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөлөх байдлын болон техник, эдийн засгийн үнэлгээ хийснээр БОНХЯ-наас албан ёсоор зөвшөөрөл авдаг аж. Мөн цахилгаан станц барихдаа үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа, эсэх асуудлыг харгалзан Засгийн газар эцэслэн шийдвэрлэдэг юм байна. Баян-Өндөр суманд өнгөрсөн долоо хоногт тус компанийн захирал хэмээн өөрийгөө танилцуулсан хятад хүн ирж, удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдгээ хэлээд “Шинэ сумын төв” төслөөр барьж буй сумаас ч илүү хөгжүүлнэ гэдгээ амлаад сумын хандивын дансанд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулж 15 сая төгрөг өгч, малчдад 100 мянган төгрөг тараасан байна.
Харин өнгөрсөн даваа гаригийн шөнө тус компанийн есөн жийп машин хөлөглөсөн 30 орчим хүн Баян-Өндөр суманд очсон гэнэ. Сумын иргэд харанхуй шөнөөр ямар хэргээр явж буйг нь лавлахад “Бид өөрсдийнхөө газар дээр очоод буцаж явна” гэж хэлсэнд “Төрж өссөн нутагт маань эзэн сууж, өмчилж авах санаатай байна” хэмээн иргэд бухимдсан гэнэ. Ингэж ирэхдээ мөн л цэцэрлэгт нь сандал, хүүхдийн тоглоом өгчээ. Гэсэн ч нутгийн иргэд тэдний тусламжийг авахгүй, худалдагдахгүй гэдгээ хэлжээ. Маргааш нь ард иргэдтэй тухайн компанийнхан уулзах зар тараасан ч цөөн хэдэн хүнтэй ярилцаад буцсан аж. Хурал болох байсан өдөр иргэд цугларч, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж, дахин гарын үсгээ зурсан байна.
Нутгийн иргэд ийн эсэргүүцсэн тохиолдолд хэрхэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас асуухад “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймгийн ИТХ болон Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд онцгой эрхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэж хуульд заасан болохоор орон нутгийн удирдлага болон иргэдээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй. Бид Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зөвшөөрөл олгодог” гэв. “Эпидот” компани Монгол Алтайн нурууны салбар болох Гичгэний нурууны зүүн өмнөд хэсэг, Халзан Бүрдийн нурууны зүүн хойд төгсгөл хэсгээр байрлах 6352.79 га талбайгаас хүрэн нүүрс олборлох “Аман гол” төсөл хэрэгжүүлж буй. Тус газар нутаг нь Баян-Өндөр сумын усны сав газар гэнэ.
Говь, хээрийн бүс нутаг тул хүн, мал нь голдуу худгийн усаар ундаалдаг аж. Орд бүхий газрыг тойроод нэлээд хэдэн булаг шанд, гол горхи урсдаг төдийгүй ховор нандин эмийн ургамал ургаж, аргаль, янгир нутагладаг байна. Тэгэхээр тэнд олборлолт хийвэл хөрсний усгүй болох төдийгүй тусгай хамгаалалтад байдаг амьтад дайжих аюул нүүрлэнэ гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Түүнчлэн Баян-Өндөрийн нэг, гурав, дөрөвдүгээр багийн малчид тэрхүү нутагтаа малаа бэлчээрлүүлдэг агаад ган, зуд нүүрлэхэд тэнд оторлодог аж.
Б.БЯМБАСҮРЭН