Би хүүхэд судлаач биш л дээ. Хэзээнээс нисэж ирсэн нь үл мэдэх нэгэн сонин бодол толгойд минь байнга эргэлдэж, компьютерийн ард суун, хэдэн товчлуур товших гэхэд л өнөөх сэтгэлийг минь ээрэх бодол үзгээ шүүрэхэд хүргэв.
Аливаа зүйлийг бичих тоолонд “Тэгээд юу гэж” гэсэн асуулт намайг ээрдэг. Тэнд тийм үйл явдал болоо л биз, тэгээд юу гэж хэмээн бодоход асуултын хариултыг эрэн явахдаа өөрийн бага ч гэсэн хувь нэмрээ нийгэмд оруулах хэрэгтэй өнөөх том бодол сэтгэл эмзэглүүлнэ. Миний хамгийн том зэмсэг бол үзэг....Орчлон хорвоог эмжин байж бичихдээ уужирдаг би хэзээнээс ч юм бүү мэд, хүүхэд гэх цагаахан амьтны төлөө багахан ч гэсэн зүйл хийх чин хүсэлд автан, түүний төлөө үзэг, цаас нийлүүлэн суух болсон.
Амласан ёсоороо энэ удаа хүүхэд үрчлэлийн асуудлыг хөндөж байна. Манай улсад хүүхэд үрчлэл хэрхэн явагддаг, үүнд ямар алдаа оноо байгаа болон гарцыг хайхаар зориглон сууна.
Үрчлэлийн үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Үндэсний стастистикийн хорооноос жилд 2500 хүүхэд дотооддоо үрчлэгдэж, төдий тооны гэр бүлд баяр баясгалан бэлэглэдэг байна. 2009- 2013 онд 10.3 мянган хүүхдийг үрчилжээ. Үүний 113 нь гадаад улсын гэр бүлд үрчлэгдсэн байгаа юм. Дотоод үрчлэлийн процесст ГААГ-ийн конвенцид нэгдсэн улс орнууд гадаад үрчлэлийн асуудалд хандахдаа нэгдүгээрт дотоодод үрчлэх ямар ч боломжгүй болсон хүүхдийг гадаадад үрчлэх тохиолдол байдаг. Хүүхдийг болж өгвөл эх орон, нутаг усанд нь байлгахыг эрхэмлэдэг аж. Дотоодод үрчлэх боломжгүй болсон хүүхдийг шаардлагатай гэвэл хүссэн орон, хүссэн гэр бүл эцэг эхэд нь, боломжтой гэж үзвэл зуучилж, үрчлүүлж болдог байна. Гэхдээ энэ нь санаснаар шийдчих асуудал биш юм.
Үрчлэл бол нууцын зэрэглэлд байдаг, маш болгоомжтой хандах асуудал.
Эцэг эхийн хайр халамжинд бөмбөрч байх ёстой хүүхэд насан дээрээ асрамжийн газар бараадна гэдэг тэр хүүхдийн хувьд хэчнээн эмзэг, үйл явдал болох нь ойлгомжтой. Тиймээс монголчууд бид хүүхдийг юун түрүүн гэр бүлтэй болгож, эцэг эхийн хайр халамжийг орлох хүнд өгөхийг эрмэлздэг.Үүнээс үүдэн үрчлэлийн асуудал яригддаг.
Хүүхэд үрчлэлийн шалтгаан нь олон янз. Тухайлбал, мөнгөний ашиг сонирхол, байх, олон хүүхэд өсгөсний тэтгэвэрт гарах, алдарт эхийн одон авах зэрэг шалтгаан үүнтэй холбоотой.
Тэгвэл үрчлэлийн асуудал хэр зохистой явагдаж байгаа бол? “үрчлэл” гэх энэ таван үсгийн цаана нэг хүний амьдрал хувь заяа яригдаж байдаг. Ийм зүйлийг хэдэн бичиг баримт бүрдүүлээд, Засаг дарга шийдчихдэг нь шүүмжлэлтэй санагддаг. Хүүхэд үрчлэлийн асуудал нь тухайн хүүхдийн амьдралыг шийдэх, хүний хувь заяатай холбоотой чухал асуудал учраас маш нарийн мэдрэмжтэй, уян хатан, мөн нөхцөл байдлын судалгаатай байх хэрэгтэй гэдгийг холбогдох хүмүүс дахин дахин сануулдаг.
Хүүхдийн төлөө үндэсний газрын (ХТҮГ) Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Одоогийн байдлаар Монгол Улсад дотоод үрчлэлийг Засаг дарга шийддэг тогтолцоо бий. Иргэний бүртгэлийн хуулиар үрчлэлийн үйл явцад орж буй иргэн ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн шийдвэрлүүлэх талаар энгийн үйл явц байдаг. Үүний дагуу бичиг баримтаа бүрдүүлээд л Засаг даргын шийдвэр гарлаа л бол асуудал бүрэн шийдэгдэх амар гэмээр манай тогтолцоог анхаармаар байна. Учир нь нэг хүүхдийн гэр бүл, амьдрах орчныг өөрчилнө гэдэг нь тухайн хүүхдийн хувь заяатай холбоотой. Энэ нь хүний эрхийн маш эмзэг нарийн асуудал учир нухацтай хандах хэрэгтэй. Үүнийг уян хатан, өргөн хүрээний судалгаа, орчны судалгаа хийх хэрэгтэй. Тухайлбал хүүхэд хэдэн насандаа айлд үрчлүүлэхэд зохимжтой вэ, хэдэн насны хүүхэд аливаа зүйлд дасан зохицох чадвартай, хэдэн насны хүүхэд шинэ орчин гэр бүлийг хүлээн авах боломжгүй байдаг зэрэг нарийн судалгаа баримт шаардалагатай юм” гэлээ.
Засаг дарга уу, шүүх үү?
Төрсөн эцэг, эхтэйгээ байх боломжгүй хүүхдийг аль болох зохих гэр бүлтэй нь холбож өгөх хэрэгтэй байдаг байна. Мөн тухайн хүүхдийн өргөж авсан эцэг эх хэрвээ салчихвал, өвдчихвөл тухайн хүүхэд яах вэ? зэрэг үүсэж болох бүхий л нөхцөлийг урьдчилан тооцоолж, сүүлд гарах нөхцөл байдлын судалгаа үгүйлэгдэж байгаа юм. Хамгийн гол нь тэр хүүхдийг дараа нь хэрхэн хянадаг вэ?
“Хянана” гэхээр гэр бүлийн амьдралд нь хөндлөнгөөс ороцоно гэсэн үг биш юм. Гэхдээ тухайн өргүүлсэн хүүхэд хэрхэн өсөж торниж байгаад тодорхой хэмжээнд хяналт шаардлагатай. Учир нь өргөж авсан хүүхдээ амбаартаа өчнөөн жил хорьсон хэрэг манайд гарч байсныг мартах хэмжээний хугацаа өнгөрөөгүй байна. Илэрсэн нь л энэ болохоос мэдэгдээгүй хэчнээн хүнд хэрэг байгааг таах аргагүй юм. Мөн гэрийн ажилаа хийлгэх гэж л үрчилдэг тохиолдол байдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийг боолчилж, хөдөлмөрийг нь мөлжиж байна гэсэн үг.

21 аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүд, зарим сумдын нийгмийн ажилтан, хамтарсан багаар шуурхай үнэлгээ хийсэн байна. Дэлхий нийтэд хүүхэд үрчлэлийн асуудал ямар түвшинд байна, үүнд хүүхдийн эрх ямар холбоо хамааралтай байна гэдгийг уг судалгаагаар харсан ажээ. Энэ явцад хэд хэдэн асуудал гарч ирсэн аж. Нэгдүгээрт, үрчлэлийн үйл явцад хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуулагууд орохгүй байгаа юм. Учир нь үрчлэх гэж байгаа хүн хүүхдээ өөрөө хайж олдог бөгөөд тэр хүүхдийг мэдээлдэг, бүртгэдэг систем байхгүй. Хүүхдийн байгууллагууд өнөөг хүртэл мэдээлийн нэгдсэн сангүй байгаагаас хүүхэд үрчлэн авах гэж буй хүмүүс аль нэг байгууллага дээр ирж, танил талаараа дамжуулан хүүхэд олоод өгөөч гэсэн хүсэлтээ тавин сургаар буюу явган ярианд үндэслэн халамжийн газрын үүд татдаг. Үрчлэл өөрөө цоо шинэ асуудал гэвэл үгүй юм. Монголд эрт дээр үеэс л байсан зүйл. Монголчууд хэзээ ч өнчирснийг хаядаггүй, өнчин хүнийг өөд нь татвал тэр нь эргээд ач тус, өглөг буянаа өгдөг, дээдийн дээд буян гэж үздэг байсан. Аль болох хайр дутаахгүй өсгөхийг эрмэлздэг тийм сайхан уламжлал бидэнд бий. Харин өнөө үед ийм ойлголт айл бүрт байна гэвэл эргэлзээтэй юм.
Тиймээс хүүхэд үрчлэх эрхийг мэргэжлийн байгууллагад нь өгч, шүүхийн байгууллагын хяналт, оролцоотойгоор явуулах нь зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна.
Бодоцгооё
Улс орны ирээдүй, цаашдын хөгжил дэвшил гээд ер алив зүйлийн ирэх цаг хугацаа буюу ир-ээдүй-д ямар хүн болох, нийгэмд хэрхэн сайн сайхан зүйл хийж бүтээх, ямар муу муухай зүйл хийн өөрийгөө болон бусдыг хохироох нь өнөөх л ариун, нандин хүүхэд наснаас улбаатай билээ.
Бөөвийсөн болжмор шиг “гутал тосолно” гэж суухдаа, элдэв хараал ерөөл урсгахыг сонсон хүмүүжилгүй хэмээн загнуулж ад шоо үзэгдэх, хиргүй цагаан гарт нь бохир мөнгө тоологдож, түүний төлөө хулгай зэлгий хийх хүү... Тэдний дэргэд хэн байсан юм бэ? Час хийн хорвоод дуу хадаан мэндлэхдээ тэд өөрсдийгөө хараал хэлнэ, хулгай хийнэ, бусдыг хохирооно гэж төсөөлөө ч үгүй биз...Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн бэ?

Дахин бодьё
Тэгвэл бяцхан хүүхдүүдийг тийм байдалд оруулж хаяж явсан эх, залуу ээж эх нялхаст эрүүл саруул амаржаад хүүгээ Их нарангийн орчим тавьж хэн нэгэн хүн аваад өсгөх байх гэж би бодсон чинь осгоод үхчихлээ гээд уйлаад зогсож байх нь, бас нэгэн ээж төрөөд 24-н цаг болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтааж нярай мөн л осгоод үхчихсэн байх нь, үүний ард хэн буруутай вэ?

Тэр эмэгтэйчүүдийг тийм байдалд оруулсан буруутан хэн бэ. Буруутныг хаанаас эрэх вэ. Өнөөх л буруу хүмүүжилтэй болсон залуу юу. хүүхэд насны хайр халамж дутсан залуу юу.? Цаг хугацааг ухраагаад үзье....өнөөх хаягдсан хүүхэд эргээд өөрийн хүүхдийг хаячихаж.
Эцэг эхийн хариуцлагаүй байлдлаас улбаалан хүүхэд хаягдаж, нулимсаа нууцхан дотогшоо залгин, асрамжийн газар барааддаг. Гэхдээ асрамжийн газар бараадсан нь хаягдсан хүүхдүүдийн хамгийн азтай нь гэж болно. Тэд үеийн найзуудтайгаа тоглож наадаж өсдөг ч тэдний нүдэнд ямархан нэгэн гал цог дутагдаад байх шиг. Тэдний харц цаанаа нэг л гунигтай. Амьдрал мөнгөн дээр бус, эд баялаг, эрх мэдэл дээр бус хайр сэтгэл дээр тогтдог шүү дээ. Эцсийн эцэст бид сэтгэлээр амьдарч урмаар тэтгэгддэг улс. Сэтгэлийн хаа нэгтээ жижигхэн хар цэг бий болсон л бол өнөөх нь томорсоор бүх үйлдлийн шалтгаан болно. Энэ бол үйлийн үр.
М.Болорцэцэг