- Залуу малчдын тоо жил бүр нэг хувиар буурч байна -
“Financial Times” сонин 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын гайхамшигт долоон улсыг нэрлэсний нэг нь Монгол. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Mөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг тэнд харж болно” гэжээ. Харамсалтай нь өөр нэгэн цахим хуудаст (agonistica. com) “Устаж буй соёлууд” төслийн гэрэл зурагчин Тайлор Вэйдмэний Монголд авсан гэрэл зургийг нийтэлж, дор нь “Дэлхийд нүүдлийн хамгийн том соёл иргэншил бүтээсэн энэ ард түмэн олон зуун жилийн турш өргөн уудам тал нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Гэвч өдгөө хойч үед нь олон саад бэрхшээл тулгарч байна. Хурдацтай хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг хүчин зүйл тэднийг мал аж ахуйгаас нь улам холтгож, уул уурхай, хот суурин газар луу түлхэх болов. Түүнээс шалтгаалан залуу үеийнхний дунд нүүдэл, соёлын талаарх мэдлэг, мэдээлэл улам хомс болжээ” хэмээн бичсэн байв. Уг нь бид айраг архинд халахаараа “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй ээ” гээд сууж байдаг малчин түмний үр сад юмсан.
Эрт дээр үеэс өөрсдийн ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, ёс заншлаа хэдэн зууны шуурганд тавиад туучихаагүй. Өрөөлийн нөлөө байсан ч өвгөдийнхөө ёсыг хөсөр хаячихаагүй амьдарч ирсэн юмсан. Гэвч сүүлийн жилүүдэд малчин гэдэг нэр төдий болж, малаа яаж маллах, байгальтайгаа хэрхэн харьцахаа гадаадынхнаар заалгаж, орчин цагт малчид малаа машин, мотоциклиор хариулдаг болоод удсаныг бид биш тэд анзаарчээ. Мал маллах монгол ухаан ойлгохг үйгээсээ малчид ийн нялцганаж суугаа гэвэл бас тийм биш юм. “Аавдаа адуу манахыг заана гэгчээр” хэмээн цээжээ дэлддэг, хөх өвгөчүүл хэдийнэ тэнгэрт хальжээ. Өдгөө тэдний залуу халааг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг хот, хөдөөгүй, хэн хүнгүй л ярих болсон. Гурван саяулаа маханд дуртай ч мал маллах ухаанд суралцсан нь тун цөөн. Саяхны судалгаанаас харахад залуу малчдын тоо жил бүр нэг хувиар цөөрч байгаа аж.
2009 онд 170 мянган малчин өрх 349 мянган малчинтай, тэдний 157 мянга нь залуу малчин буюу 16-35 насныхан байв. Тэгвэл 2012 оны эцэст 146 мянган малчин өрхийн 289 мянган хүн малчны хөдөлм өр эрхэлдгээс залуу малчид 53000-аар цөөрчээ. Өнгөрсөн онд энэ тоо мөн нэг хувиар уруудсан байна. Залуу малчдын эзлэх хувь ийн багасаж байгаад мэргэжилтн үүд санаа зовниж, “Төрөөс тэднийг дэмжих тал дээр дорвитой ажил хийхг үй бол магадгүй, 10-20 жилийн дараа Монгол Улс залуу малчингүй болох нь” гэж ярьцгааж байна. Малч ухааныг уламжилж авдаг үе нэгэнт хоцорсон болохоор ХААИС 2012 онд малчны анги нээсэн юм. Эхний жил нь 35 хүн суралцаж, төгссөн ч дараа жилээс нь ес, сүүлдээ хүн элсэхээ байж, ангиа хаасан байна. Уг нь манай улсын малчин өрхийн 50 гаруй хувь нь 34 хүртэлх насныхан. Гэтэл тэдэнд мал маллах эрдэм бүү хэл бэлчээрийн ургамлын талаарх ойлголт ч байдаггүйд мал аж ахуйн мэргэжилтнүүд харамсаж байна. Хангай нутагт нэг ам метр талбайд 40 гаруй төрлийн ургамал ургадаг. Нийт 113 сая га бэлчээртэй ч ердөө 1.8 сая га-гаас нь хадлан бэлтгэж байгаа нь мал аж ахуйг урсгалаар нь хөгжүүлэх боломжгүйг харуулж байгаа юм.
Монгол нутагт 2800 нэр төрлийн ургамал ургадгаас 600-г нь, 800 төрлийн эмийн ургамлаас 300-г нь мал иддэг гэхчлэн шинжлэх ухааны нарийн зүйлсийг малчид огт мэддэггүй аж. Мөн улсын хэмжээнд жилд 300 орчим мянган тонн мах, 500-600 сая литр сүү үйлдвэрлэдэг. Дээр нь арьс шир, ноос, ноолуур гэхчлэн нийт 20 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хармсалтай нь энэ хэмжээнд хүрдэггүй, хүргэх тал дээр ч малчид толгойгоо гашилгадагг үй нь өнөөх л аж ахуйч бус, залхуу хойрго зантай нь холбоотойг мэргэжлийн хүмүүс ярилаа. Уг нь манай улсын ДНБ-ий 20 орчим хувийг энэ салбар бүрдүүлдэг. Эдийн засаг уруудаж, “элгээрээ” хэвтсэн ч мал аж ахуйн салбар дангаараа “амьд” үлдэх боломжтой. Учир нь монголчууд хэзээ ч махнаас татгалзаж чадахгүй шүү дээ. Үүнийгээ л хадгалж авч үлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд малчдын оролцоо маш чухал. Өөрөөр хэлбэл, малчид монгол түмний жудаг, байгаль дэлхийгээ хайрлан, өгөөжийг нь хүртдэг, уламжлалыг шингээн түгээгч байдаг. Зөвхөн авах, дэмжүүлэхийг урьдаа барьж, хотонд тулгарах асуудал болгоноо хотын иргэдэд хамаатуулж, аргадуулах арга ухааныг уралдуулдаг байвал тусгүй. Ийн өгүүлэх нь манай малчдад бас учир бий.
Гадаадын нэгэн сайтаас “Монголчууд малаа өвөл, хаврын цагт өлбөрөөж үхүүлдэг” гэсэн гашуун үгтэй нийтлэл олж уншсанаа саналаа. Хатуу боловч үнэн болохыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа харуулж байгаа юм. Зун, намартаа өвс хадлангаа базаан, өвлийг өнтэй давдаг эртний уламжлал алдагдаж, зунжин найр наадам хөөн, өвөл болохоор хотын биднээс өвс бордоо, лаа шүдэнз нэхээд сурчихсан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчл өлттэй холбоотойгоор манай орны жилийн дөрвөн улирал өөрчлөгдөж, зун, намрын улирал богиносож, 365 хоногийн 100-120-д нь л дулаарах болсон. Үүнээс үүдэн бэлчээрийн ургамлын шимт чанар муудаж, малын бодисын солилцоо алдагдаж, турж эцэн доройтдог. Гэтэл яг энэ үед малчдад нөөцөлсөн өвс тэжээл байдаггүйгээс мал өлбөрдөг. Цаашид хэдэн малаа өөрсдийн залхуугаас зуданд үхүүлчихгүйн тулд тоо бус чанарт анхаарах хэрэгтэйг эрдэмтэд сануулж байгаа юм.
Мэдээж малчдаа алдахгүйн тулд төрөөс тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэднийг дэмжих зайлшгүй шаардлагатай энэ үед Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор мал маллах, аж ахуй эрхлэх ур чадварыг нь дээшлүүлэх, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүлэг, нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтыг сайжруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг аймаг, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсээр нь дамжуулан хэрэгжүүлж байна. Үүний дүнд өнгөрсөн онд 18 аймгийн 90 сумын 450 малчин өрхийн 900 иргэн эл хөтөлбөрт хамрагдаж, ажлын байртай болжээ. Өрхүүдийг малжуулах зорилгоор тэмээ 11, адуу 26, үхэр 626, хонь 10716, ямаа 13316-г худалдан авч, тараасан байна. Жижиг, дунд үйлдвэрийн зээлд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, нөхөрлөл, хоршоо байгуулах 482 иргэн хамрагдсаны 65 хувь нь малчид аж. Тэдэнд 1.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулан, үнэмлэхтэй болгож, ноос, ноолуур, арьс ширний урамшуулал олгон, чадах чинээгээрээ харж үзэж байгаа ч “Монгол мал” хөтөлбөрийн санх үүжилт жилээс жилд буурч, ахмад малчдын халаа үгүйлэгдэж, залуу малчдыг бэлтгэх төрийн бодлого алдагдсаныг малчид хэлж буй.
Мал сүрэг нь нөхөн сэргээгдэх баялаг, Монголын соёл уламжлалын дархлааг хадгалан авч яваа тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуур, хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, малчин өрхийн хүнсний аюулг үй байдлын баталгаа мөнөөс мөн. Мал сая саяар өсөж буй нь сайн хэрэг ч, малчны тоо урвуу хамааралтай болсон нь юуных юм бол оо. Судлаачид нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Халуун хошуутай мал дагаснаар өлсөхийн зовлонг үзэхгүй ч өөдлөхийн жаргалд хүрэхэд бэрх гэдэг. Айл өрхийг малын тоогоор нь харьцуулахад 67 хувь нь 200 хүртэлх малтай аж. Тодруулбал, гурван өрх тутмын нэг нь 50 хүрэхгүй малтай гэсэн үг. Харин 16 хувь нь 50-100, 23 хувь нь 101-200, 24 хувь нь 201-500, дөнгөж есөн хувь нь л 500-гаас илүү малтай гэх тооцоог өнгөрсөн онд гаргажээ.
Сүүлийн дөрвөн жилд 100-гаас цөөн малтай өрх цөөрч, 200-гаас олон малтай айл олширч буй гэнэ. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр нэг өрхийн эзэмших мал олон болж, амьжиргаа нь дээшилж, нөгөө талаас хот нь харласан өрхийн тоо нэмэгдэж буйг мартаж боломгүй. Өөрөөр хэлбэл, цөөн малтай айлууд байдгаа зарж, суурин газар бараадаж байна. Залуу малчдын олонх нь буюу 67.2 хувь нь 201-ээс цөөн малтай гэж байгаа. Тэдний хувьд төрөөс дэмжлэг тогтмол үзүүлдэггүй, малын чанар, тоо баталгаагүй, урамшуулал авах хэмжээнд биш учраас малчны амьдралаа орхихоос өөр аргагүй болдог аж. Нэг үгээр хэлэхэд, Монгол Улсад харьяалалтай 50 гаруй сая мал цөөн хүний мэдэлд очиж буйтай холбоотойг олон хүн ярьж байна. Жил бүр дунджаар 15.4 мянган малчин амьжиргааны эх үүсвэрээ сольж буй нь үүний баталгаа юм. Тиймээс тогтвортой, тууштай бодлого боловсруулж, малчдаа авч үлдэхгүй бол “Дээдсээс өвлөсөн малчин заяа, Дэлхийд ховорхон морьтой заяа” гэж дуунд л мөнхөрч үлдэх вий.
О.БАТ-УНДРАХ