АНУ-ын Төрийн Департаментын Байгаль орчин, шинжлэх ухаан, далайн товчооны Байгаль орчны асуудал хариуцсан дэд сайдын орлогч Даниэл Рифснайдэр өнгөрсөн бямба гаригт манай оронд ирээд буцсан юм. Түүнтэй байгаль орчны асуудлаар ярилцлаа.
-Та манай оронд ямар зорилгоор ирсэн бэ. Монголын байгаль орчны байдалтай танилцаж амжсан уу?
-Миний Монголд ирсэн гол зорилго бол байгаль орчны салбарынхантай уулзаж, энэ талаар ярилцах байлаа. Ирээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынх хүмүүсээс гадна судлаач, эрдэмтэн, бизнесийн салбарынхантай мөн уулзсан. Түүнчлэн АНУд мэргэжил эзэмшээд нутагтаа байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй дугуй ширээний ярилцлага хийлээ.
-Уулзалтуудын явцад хэр зэрэг мэдээлэл авсан бэ?
-Уулзалтууд маш үр өгөөжтэй болсон. Өнөөгийн Монгол Улсын байгаль орчны тулгамдсан ямар асуудал байгаа, энэ чиглэлээр Монгол Улс юу хийж байгаа талаар нэлээд мэдээлэл авсан. Монголд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжиж байгаа нь анхаарал татсан. Энэ чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаа нэг том жишээ бол Салхитын салхин цахилгаан станц юм байна. 50 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц сонирхолтой санагдсан.
-Монголын байгаль орчны нөхцөл байдлын талаар та нэлээд мэдээлэл авсан гэж ярилаа. Манай байгаль орчны талаар энэ бүрнээс та хэрхэн дүгнэж байна вэ?
-Байгаль орчны асуудал зөвхөн Монголын бус, дэлхий нийтэд тулгамдаад байгаа чухал асуудал. Үүний адил тулгамдсан олон асуудал байгаа талаар олж мэдсэн. Ялангуяа, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх явцад байгаль орчинд сөрөг нөлөө, хүндрэлүүд учирч байна. Үүнээс хамгийн наад захын жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдол гэж ойлголоо. Энэ нь хүйтний улирал эхэлсэн энэ үед гэр хорооллын олон мянган айл орон байраа дулаацуулахын тулд их хэмжээний нүүрс түлдэгтэй холбоотой юм байна. АНУ-д одоог хүртэл агаарын бохирдолтой холбоотой хүндрэл бэрхшээл тулгарсаар байгаа. Тэгэхээр энэ талаар туршлагаа солилцон, хамтран ажиллах боломжтой юм уу гэж харж байна. Мөн уул уурхайгаас үүдсэн байгаль орчны асуудал Монголд гарч ирсэн байна. Уул уурхайн салбар байгаль орчинд ихээр нөлөөлдөг. Энэ салбарыг хөгжүүлж буйн хувьд байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүй. Түүнээс гадна мал аж ахуйн салбартай холбоотойгоор байгаль орчин доройтох болсон талаар мэдээлэл сонссон. Ядлангуяа, ноолуурын үйлдвэрлэлтэй холбоотой. Ноолуурын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжихийг зорьж байгаа боловч нөгөө талаас энэ нь бэлчээрийн газар нутгийн доройтол, хөрсний эвдрэлд хүргэж эхэлсэн байна. Энэ мэтчилэн Монгол Улсад эдийн засгаа хөгжүүлэх явцад байгаль орчны олон асуудал үүсэж, шийдлээ хүлээж буй юм байна.
-Танай улсын хувьд байгаль орчны төлөө хамгийн сүүлийн үед ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Ер нь энэ чиглэлийн үйл ажиллагаанууд хэр зэрэг үр дүнд хүрдэг вэ?
-АНУ байгаль орчны холбогдолтой олон хууль, акттай. Жишээ нь, 1990 онд бид цэвэр агаарын тухай болон цэвэр усны тухай хууль баталж, гаргаснаар маш олон гол мөрнийг бохирдлоос нь салгаж, цэвэр байдлыг нь хамгаалж чадсан байгаа. Одоо бидний анхаарч байгаа хамгийн гол асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Энэ нь дэлхийн улс орнуудын байгаль орчинд хүчтэй нөлөөлж эхэлсэн тул нэлээд анхаарал хандуулж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обама санаачилга гаргасан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард энэ чиглэлээр авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хүлэмжийн хийг багасгах үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Олон улсын түвшинд гэвэл АНУ-ын Засгийн газар дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байгаа. Ирэх оны арванхоёрдугаар сард Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр НҮБ-ын томоохон хурал болно. Энэ үеэр шинэ конвенцид нэгдсэн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн шинэ хэлэлцээр байгуулах тухай ярилцана.
-Цэвэр усны тухай хууль баталснаар олон гол мөрнөө хамгаалж чадсан гэлээ. Манай улсын хувьд ч байгаль орчны цөөнгүй хууль тогтоомж байдаг ч төдийлэн сайн хэрэгждэггүй. Танай улсад энэ үр дүнд хүргэх гол хөшүүрэг нь юу байдаг вэ?
-Ард иргэддээ энэ талаар мэдээлэл өгөх нь хамгийн чухал. 1970 онд анх манай улс Дэлхийн өдрийг санаачлан, ард нийтээрээ жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр байгаль орчны доройтлын талаар болон байгаль эхээ хамгаалахын ач тусаас эхлээд олон мэдээллийг иргэддээ өгч, эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэсэн мессежийг түгээн, нийт иргэдийг татан оролцуулж, сонирхлыг нь төрүүлдэг. Ингэснээр хүмүүс тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж, хуулийн хэрэгжилтэд иргэд өөрсдөө хяналт тавьж эхэлдэг. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд ч дөхөм болдог. Ийнхүү хүмүүс байгаль орчиндоо анхаарал хандуулдаг болсноор байгаль орчны асуудал чухал юм байна гэдгийг ухамсарлаж, орчноо анзаарч, эргээд энэ асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газраас шаарддаг болсон. АНУд улс төрчид иргэдээ маш сайн сонсдог нь мөн чухал хөшүүрэг болдог.
-Манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад чамлахааргүй хөгжиж байгаа. Гэхдээ усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг манай сонины хувьд төдийлэн дэмждэггүй. АНУ энэ төрлийн цахилгаан станцыг эртнээс ашигласан орны хувьд үр нөлөөнийх нь талаар Та юу гэж хэлэх вэ?
-Усан цахилгаан станц сайн, муу хоёр талтай. АНУ-д том том голууд дээр барьсан усан цахилгаан станцууд загасны аж ахуйд сөргөөр нөлөөлсөн асуудал бий. Гэхдээ том биш, бага оврын цахилгаан станц барихад болохгүй зүйл үгүй. Гол нь судалгаа, тооцоог сайн хийж, голын засаг жараахайд сөргөөр нөлөлөөлөхгүйн тулд амьдрах орчныг нь бүрдүүлснээр тэнцвэртэй байдлыг нь хадгалах боломжтой. Усан цахилгаан станцын сайн тал нь нүүрснээс татгалзахад байгаа юм. Тиймээс сайн судалгаанд тулгуурлан байгуулж чадвал сэргээгдэх эрчим хүч гэдэг утгаараа эерэг тал ихтэй.
-Монголд ойрын үед ямар нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэх, эсвэл хамтран ажиллах төлөвлөгөө байгаа болов уу?
-Хоёр өдрийн турш байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцоход Монгол Улсад хэрэгжүүлж болох ажил олон байгааг олж харлаа. Гэхдээ албан ёсоор ярьсан зүйл хараахан алга. Учир нь би Засгийн газрын албан ёсны төлөөлөтэй уулзаж амжаагүй байгаа. Явахаасаа өмнө С.Оюун сайдтай уулзана. Өнгөрсөн зургадугаар сард С.Оюун сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдоход түүнтэй уулзаж байсан. Дахин уулзах завшаан тохиож байгаад баяртай байна. Тэрбээр дэлхийн хэмжээнд үүрэг хүлээсэн хүн учраас АНУ гэлгүй, бүх улс орны анхаарал Монгол руу татагдаж байгаа. Монгол Улсын хоёр хөрш орон болох ОХУ, БНХАУ-тай уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр АНУ хамтарч ажиллаж байгаа. Мөн эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааны 10 жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. Тийм ч учраас Монгол Улстай хамтран ажиллах ямар боломжууд байна вэ гэдгийг бид эрэлхийлэх болно.
Р.ОЮУНЦЭЦЭГ