Туркийн “Заман” сонинд ажиллаж байсан М.Жанатыг “Залуус” буландаа урилаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг М.Жанат гэдэг, Дархан-Уул аймагт төрсөн. 2004 онд Туркийн Эскишехир хотын Анадолу их сургуульд медиа удирдлагын мэргэжлээр сураад, Истанбулд Мармара их сургуульд хэвлэл мэдээллийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалж, 2013 онд төгссөн. Монгол, Туркийн хэвлэл мэдээллийн харьцуулсан судалгаагаар дипломоо хамгаалсан юм. Ингэхдээ “Заман” сонинд жил гаруйн хугацаанд ажилласан.
-Дипломынхоо ажлын тухай ярихгүй юү. Монгол, Туркийн хэвлэлийн ялгаа нь юу вэ?
-Монголд олон улсын анхаарал татахаар томоохон үйл явдал төдийлэн болдоггүй. Турк онцлох үйл явдал өрнөдөг орнуудтай хөрш, Ази Европ хоёр тивийг холбосон гүүр гэдэг утгаараа дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг. Тиймээс үйл явдал ихтэй учир хүмүүсийн мэдээлэл авах хэрэгцээ үүнийгээ даган ихсэж, хэвлэлийн салбар их хөгжсөн. Зах зээлээсээ шалтгаалж сонины хэвлэгдэх тоо ширхэг нь ч манайхаас хамаагүй их.
-Та “Заман” сонинд аль албанд нь ажиллаж байсан бэ?
-“Заман” бол Туркийн хамгийн олон уншигчтай сонин. Манай сонин өдөрт нэг сая ширхэг хэвлэгддэг гэдгээрээ бусдыгаа тэргүүлдэг юм билээ. Өдөрт сая орчим хүнд нэг газраас хүргэх боломжгүй учир таван салбартай. Сонины төв байранд ойролцоогоор 500 гаруй хүн ажилладаг. Миний ажилладаг өдөр тутмын мэдээллийн алба гэхэд л 22 сэтгүүлчтэй. Бүтцийн хувьд бусад сонины адил улс төр, шуурхай мэдээлэл, спорт, урлаг соёл гээд олон албатай.
-Туркт гадаадын иргэдийг ажиллуулахыг хуулиараа зөвшөөрдөггүй гэж дуулсан.
-Гадаадын иргэн ажиллуулах боломжтой цөөн салбарын нэг нь хэвлэл мэдээлэл. Хуулийн хүрээнд үзвэл би мэдээ бэлтгэж түүнийгээ худалдах зарчмаар ажиллаж байсан гэсэн үг.
-Сири дэх иргэний дайныг сурвалжлахаар явсан олон сэтгүүлч амиа алдаж байсны дунд Туркийн хэд хэдэн хүн бий. Ажлаа гүйцэтгэж явахдаа аюултай байдалд орж байв уу?
-Олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчдийг халуун цэгүүд рүү явуулдаг. Би гадаадын оюутан байсан учир улс төр зэрэг хүнд сэдвээр бичдэггүй. Өдөр тутмын асуудал хөндсөн нийтлэл, мэдээлэл бэлтгэдэг байлаа. 2013 оны Туркийн хамгийн онцлох үйл явдлуудын нэг “Гези” цэцэрлэгт хүрээлэнг тойрсон бослого миний сурвалжилж байсан чухал асуудлуудын нэг. Истанбул хотын “Гези” цэцэрлэгт хүрээлэнг устгаж худалдааны төв байгуулахыг зогсоох гэсэн иргэдийн эсэргүүцлээр жагсаал анх эхэлсэн. Эцэст нь үймүүлэх санаатай босогчдын дүйвээнээр өөр зорилготой болж, тус улсын удирдагчдын таамаглаагүй том, сайн дурын бослого болж хувирснаар олон хүн бэртэж, зарим нь амиа алдсан.
-Монголд ирсэн гаднынхан бидний амьдралын хэв маягийг өөрсдийнхөө нүдээр харж, дүгнэж нийтлэл бичсэн байдаг. Түүн шиг та гаднын иргэний нүдээр Туркийн тухай нийтэлж байв уу?
-Би гадаад иргэний өнцгөөс бус, турк хүн шиг л мэдээллээ бэлтгэдэг байсан. Уг нь сонирхолтой бичвэл анхаарал татахаар сэдвүүд байсан ч сонингийн бодлогод нийцэхгүй байж мэдэх учир бичээгүй.
-Тэндхийн хэвлэл мэдээлэлд Монголын тухай ямар онцгой нийтлэлүүд гарч байв?
-Монгол, Турк түүхээрээ холбоотой учир ихэвчлэн Чингис хааны тухай ч юм уу, эрт үетэй холбогдох нийтлэлүүд хэвлүүлдэг. Түүнээс биш, Монголын сонгуулийн тухай ч юм уу өдөр тутмын анхаарал татахаар мэдээллүүд хэвлүүлж байсан тухай санахгүй байна.
-Монголд зургаан эмэгтэй тутамд нэг эрэгтэй ногддог учир 20 мянган турк эрийг манай улс руу “нийлүүлэх” болсон тухай нийтлэл Туркт гарч байсан. Тэр үед туркчүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ мэдээлэл гарсны дараа тэнд амьдардаг монгол оюутнууд нэгдэж, энэ тухай залруулга гаргуулахаар шүүхдэж байсан санагдана. Ямар ч байсан миний санаж буйгаар бичсэн сэтгүүлч нь уучлал гуйсан. Гэхдээ уншсан хүмүүсийн сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр сөрөг сэтгэгдэл үлдсэн байх. “Танайд эрэгтэй хүн цөөн юм уу” гэх зэргээр туркчүүд нэг хэсэг их асуудаг байсан.
-Туркт хөлөө олсон монголчууд олон уу?
-Тэнд сайхан амьдарч байгаа монголчууд олон бий. Тухайлбал, Эскишехир хотод Дорж хэмээх эмч эмнэлгээ амжилттай ажиллуулж байна. Зүү, төөнүүр зэрэг уламжлалт эмчилгээгээрээ алдартай. Түүнд хандсан хүний өвчин нь эдгээгүй тохиолдол байхгүй гэж тэр хотынхон ярьдаг юм билээ. Бас Бямбажав хэмээх залуутай хамтарч би Туркт амьдардаг монголчууддаа зориулж сонин хэвлүүлж байгаад хоёр дахь дугаараас нь Монгол руугаа буцсан. Бямбажав өдгөө сонингоо үргэлжлүүлэн хэвлүүлж, бас интернэт радио ажиллуулж байгаа гэсэн.
-Туркийн томоохон сонинд ажиллаж байсан хүн яагаад Монгол руугаа буцахаар болсон бэ. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Тэнд есөн жил орчим амьдарсан болохоор нутгаа санаж, гэр бүл рүүгээ яарсан. 2013 онд Монголдоо ирж хувиараа ажиллаж байгаад одоо нэг компанид менежер хийж байна. Мэдээж сэтгүүлч мэргэжилдээ дуртай. Гэхдээ сэтгүүлзүйг өдөр тутмын ажлаа болгох бололцоо олдохгүй байна. Сонин хэвлэлд албан ёсоор ажиллахгүй ч хааяахан нийтлэл бичих бодол бий.
-Монголчууд болон туркчүүдийн ялгаа юу вэ?
-Манайхан их хүлцэнгүй хүмүүс шиг санагддаг. Туркт их дээд сургуулийн жилийн төлбөр монгол мөнгөөр 500 мянган төгрөг байхад манайд үүнийг хэд нугалсан өндөр үнэтэй. Миний сурч байсан сургуулийн өдрийн хоол монгол мөнгөөр 500 төгрөг байгаад сургуулийнх нь удирдлагууд 750 болгож нэмэхэд оюутнууд нь жагсаал хийж бууруулсан. Тэгтэл Монголд сургалтын төлбөр жил бүр өсөж байхад оюутнууд нь ингэх л ёстой гэсэн шиг бодож, өөрсдийнхөө төлөө тэмцэж, зогсоохгүй юм.
Б.ДӨЛ