Үүцээ ухуулчихаад там болж хоцорсон байгаль дэлхий гаслангаасаа салж, лицензээ чөдөрлүүлчихээд дэмий л төрөөс нөхөн олговор нэхсэн компаниуд үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр болж, өөрөө өөртөө нүх ухсан төр 222.5 тэрбум төгрөгийн өрнөөс ангижирлаа. Татвар төлөгчид ч төрд хураалгасан мөнгөө уул уурхайн компаниудад алдахгүй хожоотой. Эх нь эцэж, тугал нь турсангүй, асуудал шийдэгдэв. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд УИХ битүүний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталснаар “Урт нэртэй” хууль сэхээнээс гарч, ужгирсан олон асуудал чөдөр тушаанаасаа салав. Төсөл байх цагаасаа л эсэргүүцэлтэй тулгарч, төрсөн даруйдаа маш олон компанийн эздийг шооконд оруулан, Засгийн газрыг 222.5 тэрбум төгрөгийн өрөнд унагаж, байгальд улаан шороо манаруулж орхиод зүрх нь зогсчихсон (“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаас хойш таван сарын дотор уг хуулийг хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл уг хуулийн хэрэгжих хугацаа дуусаад таван жил гаруй болж байна) энэ хуульд эрчимт эмчилгээ хийхээр “эмч нар” хоёр жил шахам зөвлөлдсөн юм. УИХ-ын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд, байгаль орчны хөдөлгөөнийхөнтэй уулзаж, “Урт нэртэй” хуулийн бүсэд багтсан газруудтай танилцсан учраас эмчилгээний аргаа зөв боловсруулсан гэж найдъя.

“Урт нэртэй” хуульд багтах ойн болон усан сан, урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 2012 онд Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлах үед ийм бүсэд ашиглалтын 488, хайгуулын 845 тусгай зөвшөөрөл байжээ. Энэ нь өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр байгаа нийт тусгай зөвшөөрлийн 48 орчим хувийг эзэлнэ. “Урт нэртэй” хуулиар ямар их мөнгө түгжиж, хэр олон компанийн үйл ажиллагааг гацааж, сэндийчсэн хэдий хэмжээний газар нутгийг нөхөн сэргээлгүй орхисныг энэ тоо харуулна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээнээс үзвэл Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал олборлоод нөхөн сэргээлгүй орхисон 24.000 га талбай байгаа аж. Үүний 5700 га нь “Урт нэртэй” хуульд хамаарах бол 2130 га нь усны энгийн хамгаалалтын бүсэд багтжээ. Шороон ордуудын алтыг нь авчихаад авдрыг нь нөхөн сэргээлгүй орхисноос байгаль орчинд 1.1 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. “Урт нэртэй” хуулиар чөдөрлөсөн чөдөр тайлагдсанаар байгалиа нөхөн сэргээлгэх, орхиод явснаас нь ял асуух гарц нээгдэж байгаа юм. Ашиглалтын 488 лицензээс стратегийн ордод багтсан болон бусад шалтгаанаар 93-ыг нь хассанаар 395 лиценз үлджээ. Эдгээр лицензийн эзэд бүгдээрээ нөхөн олговор нэхсэн бол төр 2.2 их наяд төгрөгийн өрөнд унах байв. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд ийм дүн гарчээ.

Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бүх орлогод үндэслэн үүнийг тооцсон байна. Яагаад ч юм тэд бүгд биш, ашиглалтын 183 лиценз эзэмшигч 222.5 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Гэсэн ч энэ мөнгөнөөс Засгийн газар нэг ч төгрөг өгөлгүй өдий хүрсэн юм. Өгье гээд ч тийм их мөнгө засагт байгаагүй. Тэр ч бүү хэл лиценз эзэмшигчдийн талбайг хэмжих, аудит хийлгэх ч мөнгө байгаагүй тул асуудлыг шийдэж чадалгүй өдий хүрсэн. Харин одоо ийм зүйлд сохор зоос ч гарздах шаардлагагүй боллоо. “Урт нэртэй” хуулийн ивээлд багтсан газруудыг гурав ангилан, урсац бүрэлдэх эхэд багтсан газраас ашигт малтмал олборлохыг бүр мөсөн хориглож, тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр дээрх 395 А лицензийн 68-ыг нь цуцална гэсэн үг. Гол, мөрний эргээс 200 метр зайг энгийн хамгаалалтын бүсэд багтаажээ. Өмнө нь зарим аймаг, сум энэ бүсдээ гол, мөрний эргээс 10 км зайг хамруулахаар заасан байв. Яаж ч бодсон амьдралд нийцэхгүй энэ зайг улсын хэмжээнд нэг болгон цэгцэлж, Усны тухай хуулийн дагуу 200 метр хэмээн тогтоож өгснөөр голын эргээс 200 метрээс цааших газарт ашигт малтмал олборлох нөхцөл бүрдэв. Энэхүү бүсэд А лиценз эзэмшиж буй аж ахуйн нэгж 200 гаруй бий.
Тэдний заримынх нь талбай тэр чигээрээ энгийн хамгаалалтын бүсэд орсон бол нөгөө хэсгийнх нь талбайн тал нь, зах нь энэ бүсэд байгаа аж. Лицензийн талбай нь бүхэлдээ энгийн хамгаалалтын бүсэд багтсан бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцална. Талбайн зарим хэсэг нь хамгаалалтын бүсэд орсон бол тэр хэсгээ лицензээсээ хасуулаад үлдсэн газраас нь алт олборлож болох нь. Тэгвэл ойн бүсэд ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжүүд тэндээс ямар нэг бүсийн хязгаарлалтгүйгээр алт олборлох боломж бүрдлээ. Хамгийн гол нь тайрсан нэг модныхоо оронд 10-20 мод нөхөж тарих хатуу болзолтой. Энэ бүсэд лицензтэй аж ахуйн нэгж хамгийн цөөн байгаа аж. Ойн моддыг унаган, алт олборлож байсан 20 компанийн үйл ажиллагааг “Урт нэртэй” хуулиар зогсоожээ. Одоо тэд хүсвэл олборлолтоо үргэлжлүүлэх боломжтой. Гэхдээ мэдээж болзол нь хатуу. “Урт нэртэй” хуулийн ивээлд багтсан газруудад нийтдээ 123.8 тонн алт байгаагийн 27.4 тонн нь олборлож байгаад орхисон шороон ордод, 96.4 тонн нь үндсэн ордод бий.

Эдгээрээс 70 орчим тонн нь “Гацуурт”-ынх юм байна. Ашиглалтын лиценз эзэмшигчид тухайн талбайгаас ашигт малтмал үргэлжлүүлэн олборлох хүсэлтэй бол энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор Ашигт малтмалын газарт хүсэлтээ гаргаж, нөхөн сэргээлт хийх, мод тарих мөнгөө тусгай дансанд урьдчилан байршуулаад алтаа олборлож болно. Гол, мөрний эргийн хамгаалалтын бүсийн гадна талаас ашигт малтмал олборлох аж ахуйн нэгжүүд ч нөхөн сэргээлт хийх зардлаа урьдчилан тусгай дансанд 100 хувь хийх ёстой. Хэрвээ гурван сарын дотор мөнгөө байрлуулахгүй бол лицензийг нь цуцална. Ийм байдлаар цуцлагдсан талбайд дахин лиценз олгохгүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй болсон аж ахуйн нэгжүүд БОНХАЖЯ, Ашигт малтмалын газар, тухайн амгийн Засаг даргатай гэрээ байгуулах агаад түүнийг нь Мэргэжлийн хяналтын газар хянахаар болов. АНУ-ын Засгийн газрын агентлаг Хилийн чанад дахь хувийн хэвшлийг дэмжих хөрөнгө оруулалтын корпорац буюу ОПИК (OPIC) нь Монголын “Их тохойрол” компанид Заамарын Их тохойролын алтны уурхайг ашиглахад зориулж 2010 онд 10 сая ам.долларын зээл олгосон.
Энэ төслийг АНУ-ын иргэн Уолес Мэйс захиралтай “Дабльюү энд М майнинг” компани хэрэгжүүлэхээр болсон ч “Урт нэртэй” хуульд чөдөрлүүлээд эдүгээ өрийн тулам болж гүйцээд байгаа гэдэг. Монголд ирээд суусан газраасаа алт атгах гэсэн энэ хүний мөрөөдөл, зорилгыг манай төр “Урт нэртэй” хуулиараа шалчийтал дарсан нь ойлгомжтой. “Их тохойрол” ХХКд олгосон тэрхүү 10 сая ам.доллар нь Монголд бүртгэлтэй компанид ОПИК мөнгө зээлсэн анхны тохиолдол юм. Улс хоорондын гэрээтэй гэж ч харж үзэлгүйгээр Монголын төр бусдын мөнгийг хэдхэн хоромд үнс болгодгийг үзсэн тэд дахин наашаа мөнгө хялайхааргүй болоо биз. Манайд улс хоорондын гэрээтэй хоёрхон компани байдгийн нэг нь “Монголросцветмет” нэгдэл, нөгөө нь “Их тохойрол”. “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ компанийн чөдөр тайлагдаж, манай улс ч улс хоорондын гэрээгээ зөрчилгүй, шүүхэд дуудагдсан нэрээ цэвэрлэж авах боломж бүрдэнэ.
Х.БОЛОРМАА