Даваасүрэнгийн Ган-Очир найрагчийг хүмүүс олон сайхан дууны шүлэг тэрлэсэн гэдгээр нь андахгүй. Дорнод аймгийн Эрээнцавд төрж, өссөн тэрбээр нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнтэй хувь заяаны учралаар их эрт танилцжээ. 1970-аад онд Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдахад Даваасүрэн гуай мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр, Данзангийн Нямсүрэн замчнаар очиж байсан гэдэг. Тэгээд нэг нь кассетны хөгжмөө, нөгөө нь дамартай том магнитафоноо харилцан биендээ бэлэглэж, эртний уламжлал ёсоор анд бололцсон түүхтэй. Тэр хүн хэдийгээр аавтай нь үй зайгүй найз боловч хүүг нь яруу найрагч болох хүн хэмээн “шинжсэн” нь хожуу. Долдугаар ангид байхдаа аймгийнхаа “Хүрэл тулга” наадамд оролцож, их найрагчийн өмнө өвдөг чичрэн шүлэг уншсан түүнийг гуравдугаар байр эзлэхэд Нямсүрэн гуай толгойг нь илээд “Чи гайгүй бичдэг хүн болох нь ээ” гэсэн нь хамгийн том шагнал байсан гэнэ.
-Таныг “Монголчууд” гэдэг сэтгүүл гаргаж байгаа тухай дуулсан. Ямар зорилгоор, хэзээнээс энэ сэтгүүлийг гаргаж эхлэв?
-Тэртээ 1999 онд “Монголчууд” гэдэг нэртэй сонин байхад нь Хууль зүйн яамнаас гэрчилгээг нь авсан юм. Тэгээд жил гаруйн өмнөөс хөөцөлдөж байгаад сэтгүүлийн статустай болгож, анхны дугаараа гаргасан. “Монголчууд” сэтгүүлийг яагаад гаргах болсон гэхээр бидний монгол гэсэн ой санамж устах аюулд ороод байна. 1990 оноос хойших хүүхдүүд өөрсдийгөө хэн бэ, ямар үндэс угсаатай ард түмний үр сад вэ гэдгээ мэдэхгүй байна. Үүнээс маш их айдаг. Монгол ой санамж дотор нүүдлийн соёл иргэншлээс гадна хүн чанарын соёл иргэншил гэдэг юм хамт байдаг. Манай монголчуудын үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг, хүнээр “хүн хийдэг” арга ухаан үгүй болж байгаа учраас үзэг цаас нийлүүлдэг зохиолч, сэтгүүлчийн хувьд хийж чадах зүйлээрээ тэмцэхийг зорьсон. Энэ сэтгүүлийг гаргалаа гээд надад нэг ч төгрөгийн ашиг байхгүй. Би бүх дугаараа хүмүүст тараагаад өгчихдөг.
-Тэгээд та яаж хэвлүүлдэг юм бэ?
-Надад итгэдэг, намайг дэмждэг найз нөхдийн реклам сурталчилгаагаар хэвлэлтийн зардлыг нь олдог. “Чиний зорьж байгаа зүйл маш зөв зүйтэй. Барууныхан шиг арилжааны сэтгүүл давамгайлж байгаа энэ үед монгол хүний тухай, монгол зан заншил, монгол утга зохиол хийгээд оюун санааны гэгээрэл, танин мэдэхүйн тухай бичиж, дуугарах нь зөв” гэдэг юм. Ийм сэтгэлтэй найзуудынхаа туслалцаа, дэмжлэгээр сард нэг удаа сэтгүүлээ гаргаад байна аа. Ямар ч байсан амыг нь барьж, амьсгалыг нь боочихсонгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмид, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, зурхайч Л.Тэрбиш зэрэг мундаг сэхээтнүүд намайг тоож, хамтран ажиллаж байгаа. Тэр хүмүүст би бичлэгийн шагнал ч өгдөггүй.
-Сэтгүүлээ тараахдаа ямар хүмүүст өгдөг вэ?
-Монголын оюуны язгууртнуудад тараадаг. Олон хүн фэйсбүүкээр саналаа хэлсэн учраас саяхнаас “Интерном”- д хэдийг тавьж зардаг болсон. Гэхдээ 3000 төгрөгөөр л зарж байгаа. Яагаад гэвэл манай оюунлаг дундаж давхаргынхан бүгд лизинг, зээлтэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс. Тиймээс сэтгүүлийнхээ үнийг нэмбэл би ашиг харсан болчихно. Тэгвэл энэ маань ч тэмцэл биш болчихно. Ийм л бодол хүслээр өөрөө өөрийгөө өвчлүүлээд явж байна даа.
-Та Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг биз дээ. Ажлынхаа хажуугаар үүнийг хийх зав зориуд гаргадаг байх нь ээ?
-Иргэний нисэхийн ерөнхий газарт Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад оны эхээр халагдсан. Одоо цагт чинь хүнийг цомхотгохдоо хүртэл их соёлтой болж. Бүтцийн өөрчлөлт гэдэг нэрэн дор сайд дарга нар өөртөө таалагддаггүй хүмүүсийг замаасаа холдуулдаг юм байна. Орчин цагийн “гоё” хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр мэдэрсэндээ их баяртай байгаа. Одоо элдэв зүйлд сатаарахгүй, сэтгүүлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж, улам сайжруулах болно. Ер нь бол замбараагүй хүн л өөртөө зав гаргаж чаддаггүй байх. Тиймээс би аль болохоор замбараатай байх гээд л үзээд байна.
-Цаг хугацаа гэдэг зүйлийг өөрийнхөө эрхшээлд байлгаж чаддаг дур зоргоороо хүмүүс бол зохиолчид гэж боддог. Бид завгүй гээд найз нөхөдтэйгөө ч тухтай уулзаж чадахгүй байхад тэд шаардлагатай гэж үзсэн зүйлийнхээ төлөө ямар ч ажлыг хойш тавьж, чухал төлөвлөгөөгөө нурааж зүрхэлдэг.
-Тэр бол зохиолч хүний их хувь заяа юм даа. Цагийг эрхшээлдээ барьж чаддаг хамгийн том албан тушаал зохиолч хүнд ногддог гэж би боддог. Яагаад гэвэл тэд аливаа зүйлийг гярхайгаар ажиглаж байж юм бичдэг. Бас мэдрэмж, авьяас хэрэгтэй. Энэ гурав байхгүй бол зохиолч хүн урагшаа гишгэхгүй. Би нэг их том зохиолч болчихоод ингэж хэлээд байгаа юм биш. Олон сайхан хүний үгийг сонсож, зохиол бүтээлийг нь уншиж, бичих арга зүйд суралцаж яваагийн хувьд ингэж боддог. Миний багш бол Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэн. Тэр хүн юмыг маш сайн ажиглаж, асар их бясалгаж, бас өөрийгөө зөв ганцаардуулж чаддаг байсан. Тийм уран бүтээлч байсан учраас өнөөдөр Монголын яруу найрагт очир эрдэнэ мэт гялалзаж байна. Данзангийн Нямсүрэн гэдэг хүний сэтгэлгээ, оюун санааны ертөнц үнэхээр гайхалтай. Би хэт бухимдаад, сэтгэл санаа үймсэн үедээ багшийнхаа номыг уншиж, тэндээс ухаарал авдаг. Сэтгүүл зүйн хувьд бол Г.Аким, Ж.Нэргүй, Долгорын Нямаа гэсэн гурван эрхэм хүн миний багш. Тэдний бүтээл надад сурах бичиг л гэсэн үг.
-Зохиолч нар хүн чанарын тухай их ярьж, бичдэг. Өөрсдөө үнэхээр тийм хүн чанартай байж чаддаг болов уу?
-Бүгд чаддаг гэж би өмөөрнө. Хүн чанаргүй гэж хэлэгдэж байгаа бол тэр зохиолч завгүй байжээ гэж ойлгоно. Яагаад гэвэл бүх зохиолчийн бичсэн бүтээл болгонд хайр, хүн гэдэг үг байдаг. Тиймээс би зохиолч, яруу найрагчид бүгд хүн чанартай гэж хэлнэ. Цэцэн билэгтэй тэр хүмүүсийн ачаар монгол хэл, соёл, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” энэ олон зууны түүхийн шуурганд усталгүй бидэнд өвлөгдөж ирсэн юм.
-Таныг Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар хоёртой их ойр байсан хүн гэдэг юм билээ. Тэдний хүн чанарын тухай ч гэдэг юм уу, өөрийнхөө мэдэх сайхан дурсамжийг хуваалцаач?
-Хоёулаа л гайхалтай хүн чанартай хүмүүс. Эд материалын бус хийж бүтээхийн төлөө шунаж явсан даа. Энэ хүмүүсийн тухай бүгд л өөр өөрийнхөө мэдэх хэмжээнд ярьж, бичиж, дурсамжаа өмчлөх байх. Миний хувьд харин бичтэлээ их удна гэж боддог юм. Нэг нь монгол хэл, өв соёл, ахуй зан заншлын төлөө, нөгөө нь Монголын ард түмэн, газар шорооны төлөө жинхэнэ яруу найрагчийн зүрх сэтгэлээр шатаж явсан найрагчид. Нямсүрэн ах бол өөрийнх нь хэлсэнчлэн зөвхөн шүлэг бичээд сууж байдаг цагаан гартан бус, ажилсаг, мундаг уран дархан хүн байлаа. Гэрийн хашаа, малын саравчаа өөрөө л барьчихдаг. Тэр хэрээрээ хүүхдүүд нь ч их ажилтай. Балбар ахыг би ёстой л яруу найргаараа амьдраад дууссан хүн гэж боддог. Түүнийг дагаж явсан олон залуу найрагчийн нэг нь л би. Тэдэн дунд оройлон дагуулж яваагүй ч би хэлсэн үг, захиас, хүсэл зорилгыг нь үргэлжлүүлэхийн төлөө зорьж буй. Тэр сайхан хүмүүсээс авч үлдсэн зүйлээ олонтойгоо хуваалцахын тулд дуу, шүлэг, нийтлэлээрээ тэмцэж байна.
-Таны яриан дотор тэмцэл гэдэг үг нэлээд гарлаа. Үнэхээр л тэмцэл гэж хэлэх хэмжээнд хүрчихсэн учраас та зориуд тэгж байна уу?
-Миний тэмцэл улс төрийнх биш, оюун санааных. Би монголчуудыгаа монгол хэвээр нь үлдээхийн төлөө оюун санаагаараа тэмцэн, сэрэмжлүүлж байна. Гэхдээ аль болох нэмэх цэнэгтэй үгээр хэлж байгаа шүү. Янз бүрээр харааж, огцруулна энэ тэр гэвэл хэн намайг сонсох юм бэ. “Энэ яасан хошин шог вэ” гэж хэлүүлж, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ би мэднэ. Эцэг, эхийн хүмүүжил байна. Миний хоёр өвөө хоёулаа эх орныхоо төлөө дайтаж явсан, өвөг дээдэс маань ч хэлмэгдэж байсан. Тэр үеийн монгол айл болгоны үзсэн зовлон, туулсан тавиланг манайхан ч тойроогүй. Тиймээс би үлбэгэр байж болохгүй. Энэ цаг үед тэмцэл гэж хэлэхээс өөр арга алга. Цаг өөр болбол энэ үг маань зүтгэл, тайвшрал, гэгээрэл болох биз.
-Оросын яруу найрагчдаас та Сергей Есениний шүлгүүдийг шимтэн уншдаг. Монголын сонин хэвлэлд нийтлэгдсэн намтар болоод шүлгүүдийнх нь хайчилбарыг эмхтгэж ном гаргасан байх аа?
-Ж.Нэргүй ахынхыг Дорнодод байхад би нэг удаа гэрт нь очсон юм. Тэгсэн бичгийн ширээнийх нь ард нэг зураг байхаар нь хэн болохыг асуутал “Оросын агуу их яруу найрагч Сергей Есенин гэдэг чинь энэ шүү дээ” гэж билээ. Тэр үед би арван гурав, дөрөвтэй л байсан. Дараа нь Данзангийн Нямсүрэн ахынд очиход мөн л зураг нь байсан. Яг тэр үед Ж.Болд-Эрдэнэ найрагч Эрээнцавд оччихсон, Есениний тухай радио хөрөг хийсэн тухайгаа ярихад нь гүн автсан даа. Тэгээд 1992 оноос хойш Монголын сонин хэвлэлүүдээр гарсан Есениний тухай бүх баримт материалыг хайчилбар хийж хадгалдаг болсон. 180 орчим хайчилбар болсон хойно нь зохиолч, шүүмж судлаач П.Батхуягийн зөвлөснөөр ном болгож эмхтгэн, 1000 ширхэг хэвлүүлээд, Дорнодын бүх сумын сургууль, номын сангууд, найз нөхдөдөө бэлэглэсэн. Миний гавьяа тэр. Аравдугаар сарын 25- нд Есениний төрсөн өдөр болдог. Түүнээс өмнө Оросын Элчин сайдын яамныхнаар дэмжүүлээд ч юм уу, дахиад хоёр боть хэвлүүлэх санаа байгаа. Есениний тухай бусад улс орноос илүү монголчууд их орчуулсан юм шиг санагддаг. Тиймээс өмнөх эмхтгэлийнхээ дутууг гүйцээж, дээрээс нь одоог хүртэл нэмж цуглуулсан хайчилбаруудаа нэгтгээд, бэлэг дурсгалын маягтай сайхан ном хэвлүүлэхийг хүсдэг.
-Тэгээд бас л бэлэглэх үү?
-Тэгнэ. Би юугаар баян хүн бэ гэвэл номоор л баян. Тиймээс би номыг хүнээс хэзээ ч харамладаггүй.
-Та дээр нэг номын нээлтэд ирээд “Хямрал гэж хүн болгон битгий яриад бай. Бид хямраагүй шүү” гэж байсан. Хамгийн наад зах нь дэлгүүрийн барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, авч байгаа цалин маань тэр үнийн өсөлтийг гүйцэхгүй шахам байгаа нь хямрал биш гэж үү?
-Би тэгж бодохгүй байна. “Бид хямарч байна” гээд бодоод л байвал жинхэнэ утгаараа хямарна. Монголчууд өлсөж сураагүй ард түмэн гэдэг үнэн шүү дээ. Лангуун дээр нь давснаас өөр зүйл байхгүй болтлоо уруудсан цагтаа хүртэл бид өлсөж зүдрээгүй. Тиймээс манайхны тансаг хэрэглээ гээд байгаа олон янзын сонголттой бараа бүтээгдэхүүнээр заавал хөргөгчөө дүүргэх гэж зүтгэх хэрэг байна уу. Үнэхээр тэгж их хүсээд байгаа бол өөрсдөө сурч боловсор, ажиллаж хөдөлмөрлө. Хамгийн гол нь монгол хүн өөрөө эрүүл саруул байхын тулд муу зуршлаа орхих хэрэгтэй гэж хэлмээр байна. Миний хувьд хямрахгүйн тулд үнэнч шударгаар маш сайн хөдөлмөрлөж байгаа. Хямрал бол зүгээр л зохиомол зүйл. Бидний хямарч байгааг харж, түүн дээр нь өөрсдийнхөө ашиг сонирхлыг тулгах гэсэн гадаадынханд муугаа үзүүлэх ёсгүй.
-Албан ёсны ажилгүй болсон та одоо хэрхэн амьдралаа залгуулж байна вэ?
-Хэдэн дууныхаа буянаар болно л доо. Сүүлд гаргасан “Миний сонгодог” цомгийг маань Төрийн банк ивээн тэтгэлээ. Цагаан сарын баярт зориулсан хэд хэдэн реклам, баримтат киноны зохиол бичлээ. Ер нь уран бүтээлүүдийн захиалга ер тасрахгүй байна. Энэ бол 20 жилийн турш утга зохиол, дууны яруу найрагтаа үнэнч зүтгэж, үзэг, цаасаа зөв сэтгэлээр нийлүүлж явсны минь буян гэж боддог шүү. “Утга зохиолдоо үнэнч явахад аяндаа буян нь ирнэ” гэж Нямсүрэн багш маань ч хэлдэг байсан. Үнэн юм байна. Гагцхүү уран бүтээлд үнэнч байхын тулд тэвчээр, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй.
-Та өдөрт хэр олон удаа инээдэг вэ. Ер нь тоолж үзсэн үү?
-Сүүлийн нэг жил орчим би маш их инээж байна. Яагаад гэвэл манайх бүл нэмж, сахилгагүй хүүтэй болсон юм. Ой гурван сартай хүүгээ харахаар бөөн баяр болно. Амьдралын баяр баясгалан, аз жаргалыг дахиад шинээр мэдэрч байна. Бас шинэ ном гарахаар, сэтгүүлийнхээ шинэ дугаарыг хэвлүүлээд, түүнийг минь хүн уншаад сууж байхыг харахад эрхгүй инээдэг.
-Та юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
-Эргэж хараад нөхрөө муулахад л үнэхээр эмзэглэдэг. Хамтдаа сайхан инээж байгаад эргэж харангуутаа бусдад муу үг зөөдөг хүн Монголоор дүүрэн болчихож. Эрт дээр үеэс эхлээд бид ганцхан нүгэл гэдэг хуультай байсан. Харин түүнээс хойш хүний ханш унасаар байгаад одоо мөнгөн тэмдэгт шигээ доллараас долоон дор орчихлоо.
-Хувь заяаны шаардлагаар ч юм уу, таны бүх ой санамжийг устгах боллоо гэж төсөөлье. Гэхдээ ганцхан дурсамж авч үлдэх эрхтэй гэвэл та амьдралынхаа ямар үеийг ой тойндоо хадгалах вэ?
-Эхнэртээ анхны харцаар дурласан тэр агшныг авч үлдэнэ дээ. Дурлахгүй бол хүн тэгээд л өнгөрнө.
Л.ГАНЧИМЭГ