Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, амьтан судлаач, доктор Б.Нямбаяртай ярилцлаа.
-Таныг саяхан БНСУ руу судалгааны ажлаар явсан гэж сонссон. Ямар судалгаа хийгээд ирэв?
-НҮБ-ын Зүүн хойд Азийн байгаль орчны хөтөлбөрийн шугамаар хил дамнасан нутгуудын биологийн төрөл зүйл болон ховордсон тогорууны судалгаа хийгээд ирлээ. Өмнөд болон Хойд Солонгосын хил залгаа нутагт цэрэггүй бүс гэж байдаг. Тэнд хүний хөл хөдөлгөөн хязгаарлагдмал болохоор олон төрлийн зэрлэг амьтан тайван амьдрах нөхцөл бүрдсэн юм билээ. Тэнд Сибирь, Монголоос усны асар олон шувуу очиж өвөлждөг. Сүүлийн үед цэн, алаг, хар тогоруу зэрэг ховорт тооцогдох шувууд өвөлжиж байгаа нь судлаачдын анхаарлыг их татах болсон. Тэнд өвөлжиж буй тогорууны тоо толгой улам л нэмэгдэж байна. Энэ удаагийн хамтарсан судалгаанд Солонгос, Хятад, Япон, Америк, Орос, Герман, Монгол гэсэн долоон орны эрдэмтэн, судлаач багтсан баг ажиллаж, тогорууны тооллого хийн, өвөлжилтийн байдлыг нь судаллаа. Мөн манай орноос тэнд нөмрөг тас шувуу олон тоогоор очиж өвөлжиж байна.
-Шувуу бусад амьтныг бодвол нэг газраа удаан тогтдоггүй нисээд явчихдаг учир судлаач нарт хүндрэлтэй байдаг уу?
-Ер нь амар хялбар судалгааны ажил гэж байдаггүй. Зарим хүн амьтан судлаачийг цэвэр агаарт байгалийн үзэсгэлэнт газраар зугаалж байх үедээ ховор амьтдыг дэргэдээс нь харж, тоолоод судалгаагаа хийчихдэг амархан мэргэжил гэж хардаг юм билээ. Яг бидний дунд ороод явбал хэцүү гэдгийг нь ойлгох байх. Амьтан судлаачдын ажлын байр нь хээр, хөдөө шүү дээ. Манай орны шувууны 80 гаруй хувь нь нүүдлийнх. Тиймээс судалгаагаа хавар эхлээд шувуудыг намар буцтал нь дагаж явдаг. Зарим зун гэртээ байсан өдрөө тоолохоор долоо хоног ч хүрдэггүй. Шувуу судлахад нэг амар зүйл нь олдоц, харагдах байдал. Гэхдээ уул даваад эсвэл гол, нуурын нөгөө тал руу нисчихдэг болохоор хөдөлгөөн нь хэцүү. Ихэнх амьтан өглөө эрт хамгийн идэвхтэй байдаг. Бид чинь судалгаанд явж байхдаа өглөө болгон 05.00 цагт босно. Тэгээд өдөржингөө шувуудаа дагаж нэг газраас нөгөө рүү явна. Орой гэгээ тасрах үеэр хонох газраа буудаллаж, хоол ундаа хийж иддэг. Тэгээд дахин ажилдаа гарна. Зарим шувуу орой нар жаргах үеэр идэвхтэй байдаг болохоор хүмүүсийн ажлаа тараад гэртээ очиж амардаг тэр үеэр бид ид ажилтай байдаг. Шувуу судлаач хээрийн судалгаанд явж байхдаа эрт амарна, сайн унтана гэсэн ойлголт бараг байдаггүй. Гэхдээ л миний мэргэжил үнэхээр сонирхолтой. Мэргэжлийнхээ ачаар би говь, хангай, тал, нуур, гол, ой тайга, өндөр уулс гээд л эх орныхоо үзэсгэлэнт газруудаар явж 21 аймаг, ихэнх суманд очиж үзсэн.
-Хээрийн судалгааныхаа төсвийг хэрхэн шийддэг вэ?
-Манайд амьтан судлалын чиглэлээр улсаас олгодог зардал бага. Төсвийн байгууллагууд ажилтнуудынхаа байр сууц, цалин хөлсийг яаж ийгээд болгочихдог. Харин хээрийн зардал хүндрэлтэй байдаг. Тиймээс бидний өвлийн улиралд хийдэг гол ажлын нэг нь гадаад, дотоодоос санхүүжилт хайх. Манай төвийнхөн БОНХАЖЯ, БСШУЯ-наас болон бусад байгууллагаас зарласан төсөл, хөтөлбөрт тогтмол өрсөлддөг. Мөн олон улсын байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал, хүсэлт илгээдэг.
-Санхүүжилт зогссоноос болж судалгааны ажлаа зогсоосон тохиолдол бий юү?
-Аль ч салбарын судлаачид судалгааны ажлаа өөрсдөө санхүүжүүлээд явах бололцоотой хүмүүс биш шүү дээ. Гэхдээ зайлшгүй хийх ёстой судалгааны ажил зогсох гэж байгаа үед өр зээл тавиад ч хамаагүй зардлаа олж, судалгаагаа үргэлжлүүлж байсан тохиолдол олон. Нэг хэсэг улс орны эдийн засгийн байдал хүнд, судлаачид ч гаднын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэлгүй байсан. Тэр үед төрөөс өгдөг санхүүжилт зогсоод судалгааны ажлууд дундаасаа, зарим нь дуусахынхаа өмнө зогсож байсан тохиолдол бий. Судалгааны ажил дундаа ороод зогсчихвол хөрөнгө мөнгө, цаг хугацааны тал дээр асар их гарзтай. Мөн хийгдэж байсан судалгааны ажил зогсоход улс орны эдийн засгийн байдал болон Засгийн газар, яаманд гарсан өөрчлөлтүүд нөлөөлдөг. Тухайн яам агентлагаас төлөвлөсөн санхүүжилтээ өгч чадахгүй болчихвол тэр судалгаа зогсохоос өөр аргагүй болдог. Иймэрхүү тохиолдолд маш харамсалтай л даа. Уг нь төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, залгамж халаа сайн байвал хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр тасралтгүй үргэлжилж үр дүн гардаг.
-Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай төв судалгаа, сурталчилгаа, сургалт гэсэн үндсэн гурван үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны хувьд биологийн төрөл зүйл, амьтны, тэр дундаа шувуу түлхүү судалдаг. Усны, махчин, жижиг, нүүдлийн гээд төрөл бүрийн шувууны судалгаа хийсэн. Ихэвчлэн нүүдлийн шувуудыг хаашаа нүүж, хаагуур шилжилт хөдөлгөөн хийж байгааг тусгай багажаар судлах хэрэгтэй болдог. Радио дохио дамжуулагчийг шувууны нуруу, хөл, далавчинд нь зүүж өгдөг. Зарим шувууны хөлд өнгөтэй бөгж зүүнэ. Холоос дурандаад тухайн шувууг харсан хүн бидэнд мэдээлж байх боломжтой. Зарим дамжуулагч сансрын хиймэл дагуулаар дохио дамжуулдаг. Бид дохиог компьютерт хүлээн аваад нүүдэл, шилжилт хөдөлгөөний тухай мэдээ болгодог. Бид нэлээд хэдэн зүйлийн шувуудын нүүдлийг сансрын хиймэл дагуул ашиглан судалж байгаа. Жишээ нь идлэг шонхрын нуруунд сансрын дамжуулагч зүүн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судалсан. Цэн тогоруунд сүүлийн хоёр жил дохио дамжуулагч зүүсэн. Энэ жил мөн нэмж зүүнэ. Жижиг шувуудын хувьд дохио дамжуулагч зүүх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд өдрийн гэрлийн уртыг хэмжиж хадгалдаг мэдээ хадгалагч хэрэглэнэ. Харин мэдээ хадгалагч нь дохио дамжуулдаггүй тул нөгөө шувуудаа ирэх жилийн хавар зун нь эрж олон дахин барьж мэдээ хадгалагчаа салган авах шаардлагатай болдог. Энэ зун мэдээ дамжуулагчаа салгаж авах төсөл хэрэгжүүлнэ. Энэ судалгааг Хангайн нурууны өндөр уулын бүсэд хийж байгаа. Мөн байгаль орчны чиглэлээр цуглуулсан мэдээллээ орон нутгийн иргэдэд түгээж сурталчилгаа хийдэг.
-Манай судлаачид сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж хэрэглэж чадаж байна уу?
-Амьтан судлалын ажлыг үр дүнтэй болгоход хэрэглэж буй багаж маш чухал. Тиймээс бид сүүлийн үед гарч буй багаж тоног төхөөрөмж хэрэглэхийг хичээдэг. Хээрийн судалгааны багажны хувьд гаднын судлаачдын хэрэглэдэг сүүлийн үеийн хэрэгсэл ашиглаж байна. Харин лабораторийн тоног төхөөрөмжийн хувьд бид гаднынхнаас хол хоцорсон. Сүүлийн үеийн лабораторийн өндөр нарийвчлалтай багажууд үнэтэй. Уг нь мөнгө санхүүжилт нь байвал яаж захиалах, хаанаас авахаа бид мэднэ. Бид лабораторигүй болохоор нарийн шинжилгээгээ гаднын орон руу явуулж шинжлүүлдэг. Төрөөс анхаарах нэг асуудал нь эрдэм шинжилгээний шугамаар орж ирж байгаа багаж хэрэгслээс авдаг гаалийн татварыг хөнгөлөх бодлого баримталмаар байна. Байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй судлаачид тэр багажаар ашиг олохгүй шүү дээ. Манайхаас бусад оронд эрдэм шинжилгээний багаж хэрэгсэлд хөнгөлөлт үзүүлдэг, бүр татвар авдаггүй юм билээ.
-Өнгөрсөн онд олон тооны шувуу өндөр хүчдэлд цохиулж үхсэн. Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй бол?
-Маш олон тооны шувуу өндөр хүчдэлд цохиулж үхэж байна. Ялангуяа 15 кВ-ийн шугам хамгийн аюултай. Энэ асуудал манайд маш ноцтой хэмжээнд хүрсэн. Зарим шонгийн доор арав гаруй шувуу үхсэн байгаатай таарсан. Үүрээ орхин нисэж сурч байгаа ангаахайнууд бүлээрээ нэг шонгийн доор үхсэн тохиолдол нэлээд бий. Өнгөрсөн жил манай шувуу судлаачид баруун, зүүн, хойд, өмнөд, төвийн бүсэд өндөр хүчдэлийн шугамын дагуу үхсэн шувуудыг судалсан. Тэдгээрийн талаас илүү хувь нь манай улсын үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор байсан. Нийт үхсэн шувууны 90 гаруй хувь нь махчин шувууд байсан. Ихэнх нь тогонд цохиулж, харьцангуй бага хэсэг нь цахилгааны утас мөргөж үхдэг. Өндөр хүчдэлийн шугамын галтай, галгүй утас болон газардуулагчийн аюулгүй байрлал, хийцийн дүрэм, заавар гэж байдаг. Гэтэл манайхан өндөр хүчдэлийн шон байрлуулахдаа шувуу сууна, далавчаа дэлгэнэ гэдгийг бодолцдоггүй. Сая БНСУ-д судалгаа хийж явахдаа анзаарсан. Тэндхийн цахилгаан шугам сүлжээний нягтаршил манайхаас асар их. Гэтэл би тэнд шонгийн модны оройд нүцгэн утас байхыг хараагүй. Хамгаалалт, бэхлэлтээ маш сайн хийсэн болохоор шувуу суухад аюул учрахгүй юм билээ. Уг нь шонгийн модны дээд хэсэгт байдаг хөндлөвч дээр шувуу үргээгч болон шувуу суулгахгүй байх зориулалттай хадаас байдаг. Эдгээрийг зөв байрлуулбал шувууны хорогдлыг бүрэн алга болгож чадахгүй ч багасгаж чадна. Шувуу үргээгчний сэнс тогтмол эргэлддэг учир 2-3 жил болоод элэгдэж, эвдэрдэг. Мөн шувууд буруу хийсэн хадаасан дээр суугаад хатгуулж үхсэн тохиолдол байдаг юм билээ. Тиймээс цахилгаан дамжуулах шугам татах, шон суулгахдаа зөв технологи хэрэглэж, аюулгүй байдлыг нь хангах нь хамгийн зөв. Зарим шонгийн холбогч утас хөндлөвчийнхөө дээр нь байрласан байдаг. Холбогч утсыг доод талд нь байрлуулахад л шувууны хорогдол тодорхой хэмжээнд багасна. Ядаж иймэрхүү энгийн аргуудыг хэрэгж үүлж эхлэх хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн оноос БОНХАЖЯ, ЭХЯ-ны мэргэжилтнүүд болон судлаачдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар гарц хайж эхэлсэн. Өндөр хүчдэлийн шугамыг аюулгүй болгохын тулд төсөв орно.
-Манай оронд хулгайн анчид шувуу агнах тохиолдол хаа сайгүй гарч байна. Ямар арга хэмжээ авах вэ?
-Хуулиар хамгаалсан шувуудыг агнасан хэрэг багасахгүй байна. Нэг жишээ хэлэхэд хотон шувууг хуулиар хамгаалж, агнахыг хориглосон ч тоо толгой нь устаж, үгүй болоход хүрсэн. Үүний гол буруутан нь Ховд, Увс аймгийн цөөн хэдэн сумын малчид. Зөвхөн хошуугаар нь морины хусуур хийхийн тулд хотонг хулгайгаар агнаж байна. Толгойг нь таслаад аваад явчихсан бие гүйцээгүй залуу хотонгийн сэг зэмтэй манай судлаачид таарч байсан. Мөн хойлог шувууг агнахыг хуулиар хориглосон. Гэтэл махыг нь хаа сайгүй зарж байна. Сүүлийн үед бөөгийн хэрэгсэл болон янз бүрийн эм домд шувууны эд эрхтэнийг ашиглахын тулд хууль бусаар шувуу агнах нь ихэссэн. Уг нь Амьтны тухай хуульд ямар амьтныг, хэдий хугацаанд, бүр ямар аргаар агнахыг нь хүртэл заасан байдаг. Гэтэл энэ хуулийг мөрдөж байгаа хүн цөөхөн.
-Манай оронд ирдэг нүүдлийн шувуудын тоо толгой цөөрч байгаа гэдэг. Нүүдлийн шувууд юунаас болж дайжаад байна вэ?
-Хорогдож, дайжиж байгаа олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд хүний зүй зохисгүй үйл ажиллагаа болон байгаль цаг уурын хуурайшилтын нөлөөнөөс болоод олон гол, нуур ширгэсэн. Үүнээс болоод тэнд зусдаг байсан шувууд өөр тийшээ дайжиж байна. Мөн хуурайшилтаас болж хээрийн болон говийн бүсийн нуур, цөөрөм цөөрч устай байгаа хэдэн газартаа хүн, мал, амьтад бүгд шавдаг. Үүнээс болж шувуу болон амьтад үүрээ засан үр төлөө бойжуулах нөхцөлгүй болж улмаар дайждаг. Зарим шувуу үүрлэж, өндөглөхөө хүртэл больдог. Амьтад амьдрах орчноосоо асар их хамааралтай байдаг. Цэн тогоруу л гэхэд чийгтэй, намгархаг газар амьдардаг, хуурай газар өндөглөдөггүй шувуу. Гэтэл амьдрах орчин нь доройтсоноос болж манай оронд ирсэн шувууд үүрлэж, өндөглөхөө больж үржил нь буурдаг. Тухайн шувууд үржих боломжгүй болохоороо тоо толгойн хувьд аажмаар хорогдож, улмаар устдаг. Тэгэхээр ямар ч амьтны нөхөн төлжих орчныг сайн бүрдүүлэх шаардлагатай байна.
-Та амьтан судлалын чиглэлээр 20 орчим жил ажилласан. Байгаль орчин, зэрлэг амьтантай ойр байдаг хүний хувьд сэтгэлийг тань юу хамгийн их зовоож байна?
-Эмзэглэдэг, санаа зовдог асуудал зөндөө бий. Хамгийн их эмзэглэдэг зүйл бол байгаль орчны хуулийн хэрэгжилт, байгаль хамгаалал, судалгаанд зарцуулдаг санхүүжилтийн асуудал. Байгаль орчны чиглэлийн санхүүжилт бололцооны түвшинд байгаад, иргэд хуулиа дагаж мөрддөг бол бидний хийж буй ажлууд үр дүнгээ өгнө. Санхүүжилт сайжраад ойн манаач, байгаль хамгаалагчдаа унаа тэрэг, бензин тос, шаардлагатай багаж хэрэгслээр бүрэн хангаад өгвөл тэдний ч ажлын бүтээмж дээшилж, хууль бус агнуурын илрүүлэлт сайжирна. Монгол хүний сайхан чанар нь эх орондоо, байгальдаа маш их хайртай. Хамгийн гол нь хүмүүст байгалиа яаж зөв хайрлах вэ гэдгийг сайтар зааж зөвлөх хэрэгтэй. Манай оронд хүний сөрөг нөлөөнд автаагүй газрууд харьцангуй элбэг. Нийт нутгийнхаа хэмжээнд харьцуулбал хот суурин, хүнд үйлдвэрүүд баригдсан газрууд, том уурхайнуудын эзэлдэг талбайн хэмжээ бага. Тиймээс байгаль орчноо хамгаалах ажлыг зөв замд нь оруулбал хэцүү зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь ухаалаг удирдлага л хэрэгтэй байна.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ