АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
П.ГОМБОЛҮҮДЭВ: ЭРХ БАРИГЧИД ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА
Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Гомболүүдэвтэй дэлхийн дулаарал манай оронд хэрхэн нөлөөлж буй болон энэ талаар эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ямар ажил явуулдаг талаар тодрууллаа.
-Дэлхийн дулаарлын талаар манай улс хэдэн оноос судалж, ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ?
-Дэлхийн II дайны дараа үйлдвэржилтийн үе эхэлж агаарт нүүрс хүчил, метаны хий ихээр цацагдсан. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдал болон өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн учраас дэлхий нийт 1980 оны сүүлчээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалж эхэлсэн. Манай улс ч мөн адил энэ үеэс дэлхийн дулааралд анхаарлаа хандуулсан. БОНХЯ (хуучнаар)-нд Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах алба гэж байсан. Энэ алба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинжлэх ухаан, гадаад харилцаа зэрэг бүхий л асуудлыг зохицуулах үүрэгтэй ажиллаж байсан ч Засгийн газрын өнгөрсөн бүтэц зохион байгуулалтын үеэр татан буугдсан. Харин манай байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны чиглэлээр ажилладаг.
-Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах албыг хэрэгцээгүй гэж үзсэн юм болов уу?
-Гадаадын орнууд дэлхийн дулаарлыг судалдаг тусгай мэргэжилтэн бэлтгэж, энэ чиглэлд түлхүү анхаарлаа хандуулдаг. Гэтэл манайд энэ чиглэлийн тусгай байгууллага ч ховор байна. Дээрх албыг татан буулгасан нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болсныг ойлгохгүй байгаатай холбоотой. Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах албаны дарга нь нэг мэргэжилтэнтэйгээ одоо Гадаад харилцааны албанд ажиллаж байгаа.
-Танай байгууллага сүүлийн үед ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-Манай хүрээлэнгийн судалгаагаар өмнөх 10 жилийн дэлхийн дулаарлын сөрөг нөлөө сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хамрах газар нутаг ихсэж байгаа гэсэн үг. Үүнээс болж цаг агаараас хамааралтай газар тариалан, мал аж ахуйн салбарын ажлын бүтээмж буурч, улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид шийдвэр гаргагчдад зориулж энэ талаарх судалгааныхаа тайланг бодитоор танилцуулах үүрэгтэй. Ирэх жилүүдэд хуурайшилт их явагдах учраас усалгаатай газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай байна.
-Энэ өвөл цас бага орлоо. Энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлэх бол?
-Малчид дулаан өвлийн дараа хатуу хавар ирдэг гэж ярьдаг. Цас бага ороход хуурайшилт явагдаж, хөрсний элэгдэл үүсдэг. Түүнчлэн тоос ихтэй болохоор хүмүүс ханиад томуу их туслаа. Гэхдээ дэлхийн дулаарал зөвхөн цаг агаарт нөлөөлөхгүй. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдсэнээр ургамал эрт цэцэглэж, илүү их тоос ялгаруулах болсон. Тиймээс сүүлийн жилүүдэд ургамлын харшил, багтраа өвчтэй хүний тоо эрс нэмэгдэж байгаа. Түүнчлэн цас эрт хайлснаас болж ойд түймэр их гарч байна.
-Одоо хүлэмжийн хий байх ёстой хэмжээнээсээ хэд дахин нэмэгдээд байна вэ?
-Дэлхийн дундаж температур 15 хэм байх ёстой. Хэрвээ энэ хий байгаагүй бол температур -18 хэм хүрч, дэлхийд хүн амьдрах аргагүй болно. Гэхдээ одоо энэ хий байх ёстой хэмжээнээсээ 0.86 хэмээр илүү дулаарчихсан байгаа. Энэ хэвээрээ хоёр хэмээс хэтэрвэл дэлхий сүйрнэ. Монголд 1940 оноос энэ чиглэлийн мониторингийн судалгаа хийж эхэлсэн. Энэ хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.1 хэмээр дулаарсан. Зуны хур тунадас 10 орчим хувиар буурсан.
О.БОЛД: ДУЛААН ӨВЛИЙН ДАРААХ ХАВАР ХҮНДХЭН БОЛДОГ
Малчид цаг агаарыг тэнгэр, нар, сарын шинж байдал болон малынхаа зан араншингийн өөрчлөлтөөр шинждэг олон арга ухаантай. Тиймээс Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин О.Болдоос дэлхийн дулаарал ахуй амьдралд нь хэрхэн нөлөөлж буй талаар санаа бодлыг нь сонслоо.
-Энэ жилийн өвөл харьцангуй дулаахан өвөлжлөө. Энэ ер нь сайны дохио юу?
-Энэ өвөл бусад жилүүдийнхээс илүү дулаан, мал тарган байна. Гэхдээ цасгүй, хуурай өвөл ер нь л базаадаггүй юм. Цастай байхын ач холбогдол их. Мал таргалаад, өвс ургамал сайн байдгаас нь үзвэл зудны хэмжээний цас орсон ч буруудах зүйлгүй. Зөөлөн цастай өвлийн усанд цуваагүй мал илүү сайн онд ордог. Мөн байгалийнхаа хөрсийг элэгдэл, тоос шорооноос хамгаална. Цаашлаад хавар цас хайлмагтаад газрын хөрсөнд чийг өгдөг гээд цастай өвлийн давуу тал их.
-Танай нутагт өвөлжилт ямархуу байна вэ?
-Усгүй хол алслагдсан сумдын мал холоос усандаа ирж байгаа нь хүндрэлтэй байх шиг байна. Манай аймагт сүүлийн хэдэн жил “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөдөөгийн амьжиргаа” төсөл хэрэгжсэн. Энэ төслийн үр дүнд олон худаг гаргасан. Өмнөх жилүүдийнхийг бодвол усны гачаал арай бага байна. Би хувьдаа бүх нутгийг усжуулж болохгүй гэж боддог. Бэлчээрийн мал аж ахуйн хуучин уламжлалаараа нэг хэсэг газар усгүй нөөцлөгдөж үлдэх ёстой. Хэрэв байгалийн ямар нэгэн гамшиг тохиолдоход усгүй бэлчээртээ зөөлөн цасаар ус хийгээд малаа онд оруулдаг арга байсан. Төрийн бодлогын алдаа нь бүх газрыг жигд эзэмшилд оруулсанд байгаа юм. Энэ нь тийм ч таатай санаа биш. Газар нутгаа элэгдэлд оруулж байна гэсэн үг.
-Таны бодлоор энэ жилийн хавар ямар байх бол?
-Би 1944 оны мичин жилийн зуднаас хойш хангай, говь хоёрын хооронд болж байсан бүслүүр зудны судалгааг хийж үзсэн. Энэ жилийнх шиг дулаан өвлийн дараах хавар хүндхэн болдог нь баталгаатай үнэн. Цас орж, шуурахгүй бол хурдан дулаарч малчид бид ногоотойгоо золгоно. Гэхдээ энэ жилийн хувьд хүйтэн, шуургатай хавар болох байх гэж бодож байна. Нар, сар хоёр хоёулаа зэрэг хүрээлбэл цас юм уу бороо ороод араас нь шуурдаг. Дан сар хүрээтэй байвал цас, бороо орсны дараа дулаардаг. Харин нар дангаараа хүрээлбэл шуурдаг. Бид чинь ийм л нарийн арга ухаантай улс шүү дээ.
Э.НЯМДУЛАМ