Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-ны 4.4 тэрбум, сургуулийнхаа нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар АШУҮИС эрдэм шинжилгээний Цөм лаборатори байгуулж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Энд судалгаа хийх шинжлэх ухаан, технологи, инновацын төслүүдийг дэмжих зорилгоор тус сургууль Шинжлэх ухаан технологийг дэмжих сан байгуулсан. 2015 онд эл сангаас дөрвөн төсөлд нийт 500 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Лаборатори ашиглалтад орсноор манай эрдэмтэд анагаах ухааны салбарт эсийн өсгөвөр, молекул биологи, нуклейн хүчил, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн зургаан чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацын судалгаа хийх боломжтой боллоо.
Мөн энэ нь эрдэм шинжилгээ, судалгаа хийх орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглосон, манай улсын анагаахын судалгааны анхны лаборатори гэдгээрээ онцлогтой. Орчин үеийн шаардлага хангасан тус лабораторит 2014 оны шинэ технологиос гадна дэлхийд зургаахан ширхэг суурилуулсан тоног төхөөрөмж ч байв. Эсийн өсгөврийн лабораторит гэхэд эсийг олшруулж, янз бүрийн туршилт хийн, зохиомол орчинд үйл ажиллагаа явуулж, эмийн бодис эсэд хэрхэн үйлчилж байгааг судална. Энэ нь шинэ эм гаргаж авах суурь болж өгөх юм. Туршилтын амьтны лабораторит тархины ховдолд бичил мэс засал хийх багаж, унтуулгын аппаратаас гадна эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой багаж бий. Түүнчлэн Цөм лаборатори эсийн банктай болж байгаа гэнэ.
АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн төвийн захирал Б.Мөнхбаттай энэ талаар ярилцлаа.
-Лаборатори ашиглалтад орсноор эрүүл мэндийн салбарт ямар ахиц, дэвшил гарч байна вэ?
-Хамгийн эхэнд манай эрдэмтэн судлаачдад дэлхийн хэмжээнд судалгаа хийх боломж бүрдлээ. Монгол эрдэмтэн, судлаачдын үнэ цэнэ дээшилж, олон улсад танигдана. Гадаадын өндөр хөгжилтэй орны сургуульд сурч, сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий лабораторит ажиллаж байсан залуус эх орондоо судалгааны ажлаа үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн. Зонхилон тохиолддог халдварт бус өвчин, хавдар, түүнд хэрэглэдэг эмүүдийн нөлөөг судлах нөхцөл бүрдлээ. Ялангуяа, манай улс ургамал, амьтан зэрэг байгалийн гаралтай эрдэс бодис, түүхий эдийн нөөц ихтэй. Иймээс эдгээрийг анагаахын шинжлэх ухаанд ямар ач тустайг судална. Цаашилбал, монгол хүний удам зүйн онцлогийг молекул, генийн түвшинд судлах боломжтой. Монголчуудад зонхилон тусдаг өвчин монгол хүний удам зүй, хэв шинжтэй холбоотой эсэхийг тодорхойлж болно. Мөн эмгэг судлалын лабораторит эд, эсийн түвшинд өвчнийг эрт илрүүлж, шинжлэх ухааны ололт амжилтыг эмнэл зүйн практик, оношилгооны салбарт нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн, аль болох сүүлийн үеийн шинэ технологи, дэвшилт арга, аргачлалыг эрүүл мэндийн салбарт хэрэглэх, судалгаа хийх боломж бүрдэж байна. Судалгаа шинжилгээний ажлын нэг хэсэг нь докторын дараах судалгаа байдаг. Тэгэхээр бид сургууль дээрээ докторын дараах судалгааны тогтолцоо бий болгож, лабораторит гадаад, дотоодын эрдэмтэд хамтран судалгаа хийх боломж бүрдүүлнэ.
-Хувь хүн танайд өөрийнхөө эсийн шинжилгээг өгч, ямар өвчтэйгээ мэдэж болох уу?
-Энэ лаборатори нь одоогоор эрдэм шинжилгээнийх учраас тийм боломж байхгүй. Харин молекул, генийн түвшинд оношлох шаардлагатай тохиолдолд, оношилгоонд хэрэглэдэг урвалж бодис, оношлууруудыг аваад ирвэл, мөн манай багаж төхөөрөмж дээр шинжилгээ хийх боломж нь байвал болно.
-Цөм лабораторит боловсон хүчин хангалттай байна уу. Яг одоогийн байдлаар хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Эрдэм шинжилгээний таван ажилтан тогтмол ажиллаж байна. Үүнээс гадна 30 гаруй залуу судлаач докторантурын сургалт болон эрдэм шинжилгээгээ Цөм лабораторит хийж буй. Манайх судалгааны сургууль болох зорилт тавьсан. Бакалаврын хөтөлбөрт академик сургалт явуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаануудыг сургуульдаа хийж болно. Өөр өөр хэлбэл, Цөм лабораторит сургуулийн бүх эрдэмтэн, судлаач, судалгааны баг судалгаа хийж болно гэсэн үг. Мөн бусад сургуулийн хамтарч ажиллах эрдэмтдэд ч нээлттэй. Ер нь улсын сургуулиудтай хамтарсан судалгааны баг байгуулж, ажиллана.
-Лабораторит оношлуур хийх боломжтой юу?
-Судалгаанд төрөл бүрийн иж бүрдэл, оношилгоонд шаардлагатай урвалж зэрэг бодис их хэрэглэдэг. Өргөн хэрэглэдэг энэ зүйлсийг гадаадаас авалгүй, Монголдоо үйлдвэрлэж, ашиглахаар зорьж байна. Манай АШУҮИС гарааны компаниудыг дэмжиж байгаа. Эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь бүтээгдэхүүн болж, эдийн засгийн эргэлтэд орон, ашгаа өгдөг байх хэрэгтэй. Иймээс зарим оношлуурыг үйлдвэрлэх эрдэм шинжилгээний төслүүдийг дэмжиж, гарааны компани бойжуулан, хөгжүүлэх зорилт тавьж байна. Үүнд, дурангийн оношилгооны үед хелико бактерийн халдварыг чанар, тооны талаас нь тодорхойлоход ашигладаг урвалж буюу урологийн тестийг манай эрдэмтэн, судлаачид бүтээлээ. Энэ тестийг эмнэлгүүд эмнэл зүй, дурангийн шинжилгээндээ ашиглаж, хелико бактери илрүүлэх боломжтой. Мөн эсийн түвшинд ялгардаг өдөөгч, биологийн идэвхт бодисуудыг тодорхойлох урвалж бодис, иж бүрдлүүд үйлдвэрлэхээр зорьж байгаа. Түүнчлэн эм зүйн салбарын эрдэмтэн судлаачид Монгол Улсад ургадаг ургамал болон амьтны гаралтай түүхий эдээс гаргаж авсан эмийн бэлдмэлүүд үйлдвэрлэх гарааны компаниуд байгуулсан.
-Амьтны туршилтын лаборатори сонирхол татлаа. Ямар амьтанд туршилт хийх вэ?
-Манайд Мал эмнэлгийн хүрээлэн, Уламжлалтын эрдэм шинжилгээний корпорац зэрэг байгууллага туршилтын амьтанд судалгаа хийдэг. Харин манайх шугамын амьтанд туршилт хийнэ. Энэ нь тодорхой чиглэлээр, цэвэр нөхцөлд бойжуулсан, шаардлага хангасан амьтад байдаг. Олон улсын судалгаа шинжилгээний төвүүдэд хэрэглэдэг шугамын амьтан манайд байхгүй учраас Хятад, Япон дахь хамтран ажилладаг сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаар дамжуулан шугамын хулгана, харх авч үржүүлэхээр боллоо. Сар гаруйн дараагаас эхний амьтнаа авна. Ийм амьтад харилцан адилгүй үнэтэй.
-Ямар өвчин судлахад тэр амьтдыг ашиглах вэ?
-Туршилтын амьтандаа чихрийн шижин зохиомлоор үүсгэж, тус өвчний механизмыг эсийн түвшинд нь судална. Цаашид хулгана ашиглаж, арьсны эмгэгүүдийг судлах юм. Мөн эм зүйн салбарын мэргэжилтнүүдийн гаргаж авч байгаа хавдрын эсрэг эм, биологийн идэвхт бодисуудын үйлчилгээг судлахын тулд хулгана, харханд ходоод, элэгний хавдар үүсгэнэ.
-Манайд элбэг байдаг харх, хулганыг ашиглаж болдоггүй юм уу?
-Болохгүй. Байгаль дээр байгаа амьтад судалгаа шинжилгээний ажилд тохирдоггүй. Эрдэм шинжилгээний байгууллагад ашигладаг хулгана, хархны тодорхой ген, бусад зүйлийг өөрчлөн, туршилт судалгааны зориулалтаар өсгөж, үржүүлсэн байдаг юм.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ