Хайр хүртэх гэж, зөвхөн хайрлуулах л гэж хорвоод мэндэлсэн нялх охин үрээ өөрийн гараар зодоод амийг нь егүүтгэчихдэг эцэг гэж байх уу даа. Хүний ой ухаанд ч багтамгүй сэтгэл сэртхийлгэсэн муухай мэдээг халаглан, харуусан уншчихаад “Арай ч дээ” гэхээс өөр хэлэх үг үнэндээ олдсонгүй. Бяцхан зүрх нь айдаст автан түргэн түргэн цохилж, хярсан бүжин шиг яаж чичирч суусан бол.
Тэр жаахан амь тасартлаа хэрхэн зовж, шаналж яасан их өвдөө бол оо. Тэндээс бушуухан зугтахыг, чаддагсан бол биеэ хамгаалахыг, намайг авраач гэж бусдаас тусламж гуйхыг ямар их хүсэж байсан бол доо, хөөрхий. Бодохоос л өр өвдөж, зүрх зүсэгдмээр. Гэр бүлийн хүчирхийллийн тухай ярихаар манайхан улиг болсон сэдэв шиг төдийлэн ойшоож үздэггүй тал бий. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм, өөрсдөө учраа олцгооно биз”, “За маньд ямар хамаа байх вэ” хэмээн нүдэн балай чихэн дүлий царайлдаг нь дийлэнх.
Харин биднийг яг ингээд хар амиа хичээж байх зуур хэдэн бүсгүй цэл залуугаараа хорвоог орхиж, хэчнээн нялх үрс хүчирхийлэгчдийн гарт амиа алдана вэ. Цахим сүлжээгээр мэдээлэл нь цацагдаж олонд ил болсон нь энэ болохоос бидний нүднээс далд, хаа нэгтээ хэн нэгний гарын шүүс болж, зовж тарчилж яваа хэд, хэчнээн хүүхэд, эмэгтэй байгааг хэн мэдэх билээ.
Хүний эрхийн хэдэн байгууллага хааяа нэг хэвлэлийн хурал хийх төдийгөөр асуудлыг хөндөх бус үүнд төр засгаас бодлогын хэмжээнд анхаарал хандуулах цаг болжээ. Хэрэв аюул тулгарвал хаана хэнд хандах хэрэгтэйг, хэн нэгэн бусдад зодуулж, дээрэлхүүлж байгааг харвал яаралтай 102 дугаар луу утасдаж, дуудлага өгөх ёстой гэхчилэн хүүхдүүдийг бүр багаас нь наад захын ойлголт мэдээлэлтэй болгомоор юм байна. Бас халаглаад суух биш, том багагүй бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж, бодитой хувь нэмэр оруулъя.
Г.ОЮУН