Орчин цагийн Монголын шинжлэх ухааны салбарыг унтаа ноомой байдлаас нь гаргаж, дорвитойхон өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хүмүүс олон жилийн турш хэлдэг байв. Харин энэ өөрчлөлтийн салхийг Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр оны зааг дээр дуулиантайхан босгож ирсэн. Харин яг цагаа тулахаар “Шинжлэх ухааны салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх цаг нь болсон, болоогүй” хэмээн хоёр талцан, баргийн юман дээр дуугардаггүй эрдэмтэд хүртэл анх удаа төв талбайдаа жагсаад амжсан. Ерөнхий сайдын “ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг нэгтгэхийг нь нэгтгэж, заримыг нь их сургуулиудын бүрэлдэхүүнд шилжүүлэх замаар бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө” гэсэн утга агуулга бүхий мэдэгдэл ч мөн чанартаа “280 орчим хүн цомхтгож, 1.3 тэрбум төгрөг төсвөөс хэмнэх гэнэ” гэсэн ам дамжсан яриа төдий болж, багагүй эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгарсан билээ.
Улс орны эдийн засаг хямраад буй энэ цаг үед бүхнийг “хэмнэнэ, танана” гэсэн малгайн дор махчилан аваачиж хамаатуулан туйлшрах нь хэр оновчтойг мэдэхгүй юм. Цаг үе нь ийм эгзэгтэй мөчид таарч, цалин мөнгөө авч чадахгүй, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөө хүлээж хоёр сар шахам “бүсээ чангалсны” эцэст шинжлэх ухааны ажилтнууд ямар ч байсан Засгийн газрын 27 дугаар тогтоолтой танилцжээ. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан уг тогтоол дуншиж дуншиж сая нэг эздэдээ очсоноор ШУА-ийн шинэчлэлийн дүр зураг ерөнхийдөө тодорхой болж байгаа юм. Гэхдээ энэ бол шинэчлэлийн зөвхөн эхлэл төдий. ШУА-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн үйл ажиллагааны үр дүн, ашиг орлогыг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэн зохион байгуулснаар бүх зүйл цэгцэрчихнэ гэвэл гонж. Адаглаад, шинээр байгуулагдсан хүрээлэнгүүд тамга, тэмдгээ авах, данс тооцоогоо нэгтгэн шинэчлэхээс эхлээд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүсийг жинхлэн томилох, эсэх асуудал ар араасаа хүлээгдэж буй гэнэ.
Шинжлэх ухааны салбарт төсвөөс санхүүждэг 49, хувийн секторын 12 хүрээлэн, дээрээс нь эрдэм шинжилгээний ажил явуулдаг 15 их сургууль байдаг. Тэгвэл уг тогтоол гарснаар төсвөөс санхүүждэг 49 хүрээлэнг 23, их сургуулиудын бүрэлдэхүүнд ажилладгийг нь зургаа болгон цөөлжээ. Тухайлбал, ШУА-ийн харьяа Хими, хими-технологийн хүрээлэнтэй Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнг нэгтгэн, дээрээс нь Технологийн инкубаторийг нийлүүлж, хуучин нэршлээр нь байлгахаар болов. Мөн Биологийн хүрээлэнг Ботаникийнхтой нэгтгэж, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг нэмснээр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн шинээр “мэндэлсэн” юм. Түүнчлэн ШУТИС-ийн харьяанд байсан Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнг тэндхийн Нэхмэлийнхтэй нэгтгэсний дээр БСШУЯ-ны дэргэдэх Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацыг чиг үүргийн дагуу эгнээнд нь өгчээ.
Энэ мэтчилэн “татан буугдсан” 35 хүрээлэн, төвийн нарийн бичиг, нягтан бодогч, цэвэрлэгч, жижүүр гэхчилэн 100 орчим хүн цомхтголд орох бөгөөд тэдэнд олгох ажлаас гэнэт халагдсаны мөнгөн тэтгэмжийг төсөвт суулгасан гэнэ. Харин энэ нь нөгөө цалингаас хэмнэнэ гээд байгаа 1.3 тэрбум төгрөгийнхөө талыг буцаагаад “залгичихгүй” бол ажилтнуудыг цомхтгосонтой холбоотой мөнгө санхүүгийн асуудал тэгсгээд намжих бололтой. Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой бас нэг анхаарал татсан асуудал бол орон тооны цомхтгол. “Монгол Улсын шинжлэх ухааны салбар эрдэм шинжилгээний 1000-аадхан ажилтантай. Тэднийхээ 200 гаруйг нь цомхтгочихоор энэ улс орны хөгжлийг тодорхойлох учиртай тэргүүлэх чиглэлд хэн ажиллах юм бэ” хэмээн олон нийт эрдэмтэдтэй хоолой нийлүүлэн дуугаа өргөсний хүчээр ч юм уу, юутай ч судлаачид “айдгаа авдартаа хийж” тоо толгой бүрэн үлджээ.
Харин одоо нэгтгэсэн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тогтоон, алийг нь хааш нүүлгэж оруулах зэрэг өөрчлөн зохион байгуулах ажлыг нэгдүгээр улиралд багтаан хийх үүрэг авсан Л.Гантөмөр сайдын хурдаас их шинэчлэлзүйл шалтгаална. Учир нь цөөнгүй хүрээлэнгийн өмнө байр савнаас эхлээд техник технологийн хүчин чадал, бааз суурь, боловсон хүчин гээд тулгамдаж буй зүйл бий гэдгийг албаны хүн хэлсэн. Жишээ нь, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнг чиг үүргийнх нь дагуу Дархан-Уул, Дорнод, Увс аймаг дахь хүрээлэн, станцуудтай нэгтгэхээр болсон ч төвийг нь яг хаана байгуулахаа шийдэж чадахгүй байгаа аж. Техникийн хүчин чадал, бааз суурийг нь бодвол Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн байранд төвлөрүүлэх ёстой ч хотынхон хотдоо, хөдөөгийнхөн хөдөөдөө гээд гэдийх нэгэн ч байгаа сурагтай.
Гэхдээ ямар ч байсан шинжлэх ухааны салбарыг өөрчилж шинэчлэх нөр их ажлын анхны алхам хийгдсэн учраас үнэн сэтгэл, зүтгэл байвал их, бага хэмжээгээр урагшлах биз. Засгийн газрын 27 дугаар тогтоолын дөрөвдүгээрт нэг чухал заалт тусгасан нь эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн бус орлогыг банкинд байршуулж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар захиран зарцуулах эрхийг хүрээлэнгүүдэд олгожээ. Энэ бол эрдэмтдийн хувьд санхүүгийн эрх чөлөөтэй ажиллаж, амьдрах том боломж гэдгийг учир мэдэх хүмүүс онцолж байна. Наад зах нь, судалгаа шинжилгээний чиглэлээр гадаадаас ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болтол орж ирсэн мөнгө нь Төрийн сан дээр очоод гацчихдаг байдал манайханд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулдаг байсан цаг одоо ард хоцрох аж.
Заавал улсаас мөнгө царайчлан, дээшээ хараад суух бус, өөрсдийнхөө мэдлэг туршлага, ур чадвараа гадаад, дотоодод үнэлүүлж чадвал хүрээлэнгийнхээ дэргэд гарааны компани байгуулаад ажиллах эрхийг оны өмнө эрдэмтэн, судлаачдад олгосон. Төсөл хөтөлбөрөөр орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх болсон гээд салхины үзүүр нааш эргэж байгаа дээр нь одоо манай эрдэмтэн, судлаачид өөрсдөө бас нэг хичээгээд үзэх хэрэгтэй болов уу. Тэгж байж энэ шинэчлэл анх далайсан шигээ буулт нь ч хүчтэй байх буюу.
Л.ГАНЧИМЭГ