Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Д.Цогбаатартай уул уурхайн урт хугацааны үр ашиг, иргэдэд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа.
-Уул уурхайн салбарын урт хугацааны үр ашиг нь юу юм бэ? Эдийн засгийн хувьд ашигтай ч бусад талаар багагүй сөрөг нөлөөтэй гэж тайлбарладаг шүү дээ.
-Уул уурхай нь их хэмжээний хөрөнгө шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг онцлогтой. Дэлхийн аль ч улсад тийм. Уул уурхайн төсөл хэрэгжихдээ удаан ч өгөөж өндөртэй. Уул уурхайгаа ашиглаж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, хөгжлийг түргэтгэх, цаашид өргөтгөх зөвхөн анхны алхам. Түүнээс биш бид дан уул уурхайн салбараас амь зууна гэж байхгүй шүү дээ. Уул уурхайн хөтөлбөрүүдийг анх боловсруулахдаа, тухайлбал, “Алт”, “Зэс”, “Уран”, “Газрын тос” гэсэн хөтөлбөрүүдийг Монгол Улсын ирээдүйн эдийн засаг, цаашид хөгжүүлэх суурь болно гэж л бид харж байсан. Үүний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулан баталж, ихээхэн хэмжээний хайгуул хийлээ. Өдгөө уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт жинтэй үүрэг гүйцэтгэдэг болсон. Гэхдээ уул уурхайгаас олсон орлогыг бид зөв, эсвэл буруу зарцуулж байна уу гэдэгт асуудлын гол нь бий. Эндээс олсон мөнгөөрөө бид дэвшилт техник, технологитой, илүү оюуны бүтээмжтэй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, аж ахуйн газар байгуулах зорилттой байсан. Гэтэл огт өөр зүйлд, хоолойгоороо оруулаад, хог болгоод хаядаг зүйлд зарцуулаад дуусаж байна. Ардын зүйр үг бий шүү дээ, “Шинэ баян цээж өвчтэй” гэдэгчлэн мөнгөө цацсаар, улсын эдийн засагт дорвитой нэмэр болох зүйлд зарцуулсангүй. Уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчныг сүйтгэдэг гэж хүмүүс ярьдаг. Уул уурхай гэхээр л Заамарын овоолсон шороо, сэндийлж хаясан хөрсийг зурагтаар үзүүлдэг. Бүгд тийм биш шүү дээ. Орчин үед шинэ техник, технологи хөгжсөн. Дэлхий даяар уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хамгаалах бүхий л технологи бий. Манайхан хамгийн мууг нь л ярьдаг. Ганцхан жишээ харъя. Уул уурхай үнэхээр муу юм бол “Эрдэнэт”-ийг яагаад ярихгүй байгаа юм бэ? “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсанаар 100-гаад мянган хүн амтай том хот бий боллоо. Юу ч үгүй байсан хоосон газарт бид “Эрдэнэт”-ийг байгуулсан. Гэтэл одоо тэнд цахилгаан станц байгуулагдаж, тийш төмөр болон авто зам гээд бүхий л дэд бүтэцтэй болсон. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн нь тодорхой хугацаанд Монголын экспортын 70 гаруй хувийг, ДНБ-ий 40 гаруй хувийг дангаар бүрдүүлж байсан. “Эрдэнэт”-ийг дагаад хүнс, сүү, хивсний үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар хөгжсөн. Ажилчдын хоол, хувцас, “Эрдэнэт”-ийнхний хэрэг цээт бүтээгдэхүүнийг нийлүүлдэг үйлдвэрүүд бий боллоо. Энэ бүхний цаана монгол хүн л бий. Уул уурхайн үйлдвэрлэлийн үр шимийг бид хүртэж байна аа л гэсэн үг. Саар ойлголтууд юунаас болж үүссэн гэвэл “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад хувь хүмүүсийн ажлын хариуцлага, технологид алдаа гарсан. Жил бүр уул уурхайн үйлдвэрүүд уулын ажлын төлөвлөгөө батлуулдаг. Өмнөх жил нь ашигт малтмал олборлосон талбайгаа нөхөн сэргээсэн эсэхийг шалгаж, байгаль орчны үнэлгээ хийлгэдэг юм. Хэрвээ нөхөн сэргээлт хийгээгүй бол дараа жил уулын ажил эрхлэх зөвшөөрлийг нь батлахгүй байх ийм тогтолцоо манайд үйлчилдэг. Гэтэл түүнийг тухайн үед хэн ч хянаагүй. Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар гэсэн хоёр байгууллага түүнийг хянаж, хийлгээгүй. Үүнээс болж л уул уурхайн нэр хүнд муудаад байгаа юм.
-Өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дэлхийн шилдэг технологиудыг ашиглаж чадаж байна уу?
Томоохон компаниуд чадаж байгаа. Алтны голдуу жижиг уурхайнууд чадахгүй байна. Энэ нь боловсон хүчний хангалт, удирдлагын буруугаас л болж байгаа. Яагаад гэвэл ашигт малтмалыг олборлох тусгай зөвшөөрлийг чөлөөтэй авдаг болчихсон. Мөнгөтэй л бол хэн ч авч чадаж байна. Гэхдээ уурхайд мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Үүнд тавих шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа юм. Мэргэжлийн яам нь үүнийг хариуцах ёстой юм шүү дээ. Уул уурхайн хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журамд энэ талаар тусгаж өгөх ёстой. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн мэргэжлийн 30 орчим холбоо бий. Эдгээр 30 төрлийн мэргэжилтэй хүн уул уурхайн компани бүхэнд байх ёстой. Мэргэжлийн бус уурхайчид ингэсхийгээд хийчихдэг юм гээд ажлыг аргалсан байдал жижиг уурхайнуудад ажиглагддаг. Үүнээс болоод техникийн, технологийн алдаа гарч байгаа. Газар дээр нь зөвхөн мэргэжлийн хүмүүс ажиллуулж, түүнийг нь мэргэжлийн байгууллагууд шалгадаг, хянадаг байх ёстой. Бичил уурхай гэж бий. Уул уурхайн салбар хөгжсөн ямар ч улсад тийм нэр томъёо байхгүй, зөвхөн Монголд л байна. Нинжа л гэнэ. Байгууллагууд нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийсэн бол нинжа тэнд “үржих” ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид л өөрсдөө ажлаа технологийн дагуу хийж чадахгүй байна.
-Уул уурхайн орлогыг буруу зүйлд цацсаар ирсэн гэлээ. Яаж зарцуулбал зохистой вэ?
-Уул уурхайн түүхий эдүүдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, эсвэл оюуны бүтээл гаргах хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй, хоёр улсаар хүрээлэгдсэн орон гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Бид эндээс хэзээ ч нүүхгүй, хоёр хөршөөсөө хэзээ ч салахгүй. Гэтэл бид гуравдагч зах зээл, АНУ, Япон гээд л том том зүйл ярьдаг. Бидний хамгийн анхны зорилт бол энэ хоёр зах зээлдээ зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гуравдагч оронтой хамтарч ажиллахыг би буруутгахгүй. Гэхдээ бид өөрсдөө юу хийвэл илүү амархан амжилтад хүрэх вэ гэдгээ бодох хэрэгтэй.
-Уул уурхайн салбараас иргэдэд үзүүлж байгаа нөлөөллийн талаар та юу хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд хүмүүс ажлын байртай болж байна. Түүнийг дагаад бизнес хөгжиж байгаа. Тухайн үйлдвэрт шаардлагатай зүйлсийг монголчууд хийж байна. Жишээлбэл, Өмнөговийн хоёрхон ажилчинтай байсан оёдлын цех “Оюутолгой”-н ажилчдын хувцсыг оёод, одоо том үйлдвэр болчихсон бүгдийг нь хийгээд л байж байна шүү дээ. Энэ бол шууд нөлөөлөл мөн. Нөгөө талаар хүн бүр цахилгаан ашигладаг. Нүүрс олборлоод түүгээр цахилгаан үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ бас шууд нөлөө мөн. Одоо Монгол Улсын цөөхөн хэдэн сум цахилгаанд холбогдоогүй байгаа шүү дээ.
-Уул уурхайг хамгийн зүй зохистой хөгжүүлж чадсан ямар орон бий вэ. Монгол Улс аль улсын жишгийг дагах ёстой юм бэ?
-Уул уурхайн салбартаа түшиглэж хөгжсөн орон маш олон бий. Хятадыг хар. Америк, Канадын хөгжлийн анхны гараа нь бас л уул уурхай байсан. Хамгийн гол нь уул уурхайн баялгийг ашиглаад, зөв зарцуулж, улсынхаа хөгжилд нэмэр болгох тал дээр бид алдаад байгаа юм. Түүнээс гадна бидний хийж чадахгүй байгаа нэг зүйл бий. Олон улсын зах зээлд түүхий эдийн ханш тодорхой үечлэлтэй өгсөж, уруудаж байдаг. Үүнийг урьдчилан тооцож болдог. Түүхий эдийн үнэ өндөр байгаа үед олсон орлогоо цөмийг зарцуулж дуусгах биш, тодорхой хуримтлал бий болгох ёстой. Үнэ шалдаа буусан үед бид яах вэ гэдгээ байнга санах нь зүйтэй. Үнэ өсөх үед байдгаар нь цацчихаад л уруудсан үед нь яах вэ гээд монголчууд шилээ маажаад суудаг. Нөгөөтэйгүүр орлогоо дэмий зүйлд зарцуулдаг. Үүнийхээ оронд чипний үйлдвэр ч юм уу нүүрснээс дизелийн түлш гаргаж авах үйлдвэр байгуулчихсан бол Монголд тун хэрэгтэй байсан. Урт хугацааны бодлого Монголд алга. Төрийн бодлогын уламжлал, залгамж чанар огт байхгүй. Хүн болгон гарч ирээд л өөр зүйл ярьдаг, хийдэг. Ингээд байхаар Монгол Улс яаж хөгжих юм бэ? Хуучин социализмын үеэсээ авах зүйл бидэнд их байна.
-Тэгэхээр уул уурхай хөгжиж ирсэн 90 жилийн түүхэнд монголчууд үр ашгийг нь бүрэн хүртэж чадаагүй гэсэн үг үү?
-Үр ашгийг бүрэн хүртэж чадаагүй гэж хэлж болохгүй л дээ. Гарч байгаа үр ашгийг нь бүрэн ашиглаж, цаашид улс орноо хөгжүүлэх зүйлд зарцуулахгүй байгаа юм. Цаашид энэ хэвээрээ байвал Монгол Улс дорвитой хөгжихгүй. 1970, 1980- аад онтой харьцуулахад өнөөдөр хөгжсөн байна. Дэд бүтцийн хувьд сайжирсан. Үүнтэй адилхан цаашид хөгжих хэдий ч хүн амд хүрэх өгөөж нь бага байгаа юм. 2025 он хүртэл уул уурхайн салбарыг хөгжүүлэх гэхчлэн төр, засаг хэд хэдэн баримт бичиг баталсан. Одоо эдгээрийгээ л төлөвлөгөөнийхөө дагуу зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Засаг, төрийн залгамж чанарыг хадгалж, удаан хугацааны тодорхой стратеги, төлөвлөгөөтэй ажиллахгүй бол нэг дарга гарч ирээд огт өөр зүйл яриад байвал Монгол Улс хөгжихгүй.
Б.ЦЭЦЭГСҮРЭН