Төрөлхийн хүнд өвчтэй бяцхан охиных нь бие дээр байсхийгээд улаан юм туурдаг учраас Адам, Таня хоёр эрх танхилхан түүнийгээ бусдаас өөр гэдгээ мэдээд эмзэглэх вий гэсэндээ өөрсдөө өнөөхтэй нь яг адилхан шивээс хийлгэжээ. Бяцхан үрээ сэтгэлийн сэвгүй өсөж торниосой гэсэндээ өөрсдийнхөө гуян дээр томоос том улаан цоохор шивээс хийлгэсэн тэр аав, ээжийн хайр, ухаан хэчнээн агуу вэ. Харин манайд болохоор эрүүл саруул төрсөн цэцэг шиг охиноо өөрийн гараар үхэл рүү илгээж байдаг. Хорвоо яасан хатуу харгис, амьдрал ямар шударга бус юм бэ гэж халаглаад энэ хэргийг мартаж боломгүй байна. Тэглээ гээд дөрөвхөн настай охиноо харгис хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн төрсөн эцэг, хойт эх хоёрыг олны нүдэн дээр чулуугаар нүүлгэж хөнөөсөн ч гэр бүлийн хүчирхийлэл ор тас алга болохгүй.
Цахим ертөнцийн ганц давуу тал энэ хэрэг дээр гарч, нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асар их нуугдмал, бас ихээхэн амь бөхтэй бусармаг хэргийн тухай ярьцгааж, сүүлийн хэд хоногийн турш “халуун сэдэв” болголоо. Аав, ээж нь салсны улмаас сүүлийн жил гаруй хугацаанд төрсөн эцэг болон хойт эхийнхээ “гарын шүүс” болж байсан жаахан охин хамгийн сүүлд эмнэлгийн орон дээр тав хоногийн турш үхэлтэй тэмцэн тарчилсаар хоёрдугаар сарын 21-нд бурхны орныг зорьсон. Тэр бяцхан амины үнээр “олж” авсан гэмшил, ухаарлаа бид бүр хожимдохоос нь өмнө нийгэмд дохио болгон түгээж, дахиад олон хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллийн золиос болохоос аврах нь чухал.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн, айл өрх болгоны, төрийн болон төрийн бус байгууллагуудын, хууль хяналтынхны, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн үүрэг, оролцоо ч чухал байгааг энэ хэрэг харууллаа. Хүнлэг, нинжин сэтгэлтэй ард түмэн хэмээн өөрсдийгөө сурталчилдаг монголчуудаас ч цагтаа Адам, Таня хоёрынх шиг, магадгүй энэ байтугай холч ухаан гардаг байсан гэж итгэдэг юм. Гэтэл харин “жинхэнэ” хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулах гэж уулгалан хурдалсан 20 гаруй жилийн дотор бид үнэндээ ямар чухал зүйлүүдээ гээснээ эргэн нэг тунгаах цаг болжээ. Дуртай цагтаа хилийн дээс алхан, хүссэн сувгаа чөлөөтэй үзээд, санаан зоргоороо орд харш бариулж, үнэтэй тансаг машин хөлөглөж, сачий нь хүрвэл хувийн онгоц худалдан авах, гадаадын банкинд оффшор данс нээлгэх эрх бүгдэд нээлттэй.

Тэгээд бидэнд юу наалдав. Энэ их эрх чөлөө бидэнд юу өгөв. Хэн хүчтэй, чадалтай нь гэдэс цатгалан байдаг араатны ертөнцийн хууль үйлчилж буй ардчилсан нийгэмд монгол хүний мөс чанар өдөр өдрөөр хөлдөж, нэгнээ гэсэн халуун сэтгэлийн илч нь харьсаар аравдугаар сарын тэнгэрт бүүдийх нар шиг болсны бурууг хэнээс хайх вэ. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн эх захгүй шуурган дундаас бид хамгийн түрүүнд амин хувиа хичээсэн арчаагүй өчүүхэн бодол “нутагшуулж” авсан нь манай залуусын сэтгэл, сэтгэлгээний ертөнцийг аймшигтай эвдэж байна. Харваас хүнд зодуулаад, бие нь тааруу эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа охиныг тангараг өргөсөн эмч хүн яаралтай үзлэг шинжилгээнд оруулахын оронд эцгийнх нь “Гомдолгүй” гэдэг ганц үгээр баймбай болгоод буцаагаад явуулчих аж.
Хөөрхий охин арай эрт эмнэлгийн тусламж авсан бол яах ч байсан юм билээ. Бид гурван саяулаа боллоо хэмээн хөл хөөрцөг болж байсан цаг саяхан. Гэтэл энхрий бяцхан үрсээ хүний ёсоор энэрэн хайрлаж чадахгүй юм бол гурван сая, гурван тэрбум байгаад ч нэмэр алга. Тиймээс боловсролын салбарын бодлого тодорхойлогчид хүртэл хүнээ хүн хэвээр нь байлгахын тулд бага залуугаас нь яаж тархинд нь “юм” хийх вэ гэдгээ тунгаахгүй бол нэг л биш ээ. Ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг гэх Монгол Улсад сүүлийн нэг жилийн дотор хүчирхийллийн улмаас 44 хүн алтан амиа алдсаны тал нь хүүхдүүд гэхээр аймшигтай. Цаасан дээрх тоо л ийм болохоос цаана нь дахиад хэчнээн хүүхэд дэндүү гомдолтойгоор амиа алддаг бол... Бодохоос ч сэтгэл эмтэрч, зүрх зүсэгдэх юм. Өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалуулахаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандах эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Сүүлдээ өнөөх хүчирхийлэгчид нь тэдний хамгаалах байрыг мэдэж аваад, тэнд нь очиж дарамталдаг болсон учраас арга буюу үүдээ барьсан байх юм. Энэ юуг харуулаад байна вэ. Пицца дуудлагын утсыг гаргаахгүй цээжилдэг шигээ хүн бүр тус төвийн 107, 108 дугаарыг мэдээд, шаардлагатай үед тусламж хүсдэг гэвэл худлаа шүү дээ. Тэгэхээр мөсөн уулаар бол гэр бүлийн хүчирхийлэл Монголд ямар их байгааг илэрхийлэх зөвхөн орой хэсэг нь тэндхийн үйлчлүүлэгчид байх нь. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг манайд хаана хаанаа төдийлэн ойшоодоггүй учраас иргэд “адгийн заргаар” шүүх, цагдаа, хүний эрхийн байгууллагад хандаж, арав байтугай хонохоос залхдаг нь цэвдэг сэтгэлтнүүдийг өөгшүүлсээр ирлээ. Болохоо байхаар цагдаад мэдэгдэж баривчлууллаа гэхэд их сайндаа л хэд хоног хориод суллачихна, шүүхээр гэрлэлтээ цуцлуулъя гэхээр “Эв найрамдлын” гэх гурван сарын хугацаа өгчихнө.
Тэр хооронд гэр бүлийнхэндээ өширхсөн “араатан” юу ч хийж мэдэх учраас хэрэг явдлыг тэгсхийгээд тогоондоо дарж өнгөрүүлэх нь элбэг. Наад зах нь, тэртээ олон жилийн өмнө баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгохгүй бол, шинэчилсэн найруулгын төслийг нь даруй батлахгүй бол хэчнээн олон нялх үрс, эрдэнэт хүний амиар тоглох вэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 17.6-д гэхэд л хүчирхийлэл үйлдэгчид тооцох хариуцлагыг томъёолохдоо “Хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн, мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй тохиолдолд эрхийг нь шүүхээр хязгаарлана” гэснээс өөр дорвитойхон заалт үгүй.
Хуулиар эрхээ хязгаарлууллаа гээд хүчирхийлэгч мах цусны тасархайтайгаа хорин смын зайнаас харьцана гэсэн үг биш шүү дээ. Бас удаа дараа тамлуулж байж л шүүхэд хандах эрх олж авах нь. Нэг удаа тамлуулсан бол “Дахиад зодуулчихаад ир” гэдэг хууль манайд үйлчилж байна. Нөгөөтэйгүүр энэ тохиолдолд их, бага хугацаагаар хорих ял шийтгэдэг ч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөө үзүүлэхгүй байгаа нь гашуун үнэн. Гэхдээ нэгэнт хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хойно бусдыг яллаж шийтгэх тухай яриад суух бус, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд тал талын арга хэмжээ авах хэрэгтэй байна. Адаглаад, энэ хэргийн хамгийн ойрын гэрч болох хөршүүдэд “Та мэдээлэл өгсөн тохиолдолд хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж хэлж өгмөөр. Эс бөгөөс “Хүний амь” кинонд гардаг шиг, гурван залуу нийлээд нэг хүнийг зодож байхад хажуугаар нь юу ч хараагүй мэт өнгөрвөл гэмт хэрэгтэн болдог юм шүү гэж айлгамаар.
Л.ГАНЧИМЭГ

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Хүүхдийг хүчирхийлж байгаа бүхий л хэлбэрийг хүлээн зөвшөөрөлгүй, хууль хяналтын байгууллагад тэр даруй мэдэгдэж хэвших ёстой
-Танай байгууллага хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар ажил хийж байна вэ. Хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байгаа нь та бүхний хийж байгаа ажил үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна. Үүндээ үнэлэлт дүгнэлт хийдэг үү. Ямар шийдэл байна вэ. Яавал хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй болох вэ?
Н.АРВИНТАРИА (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх):
-Манай төвд жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг. Тэдний 80-аас дээш хувь нь эмэгтэйчүүд. Ер нь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг их гардаг. Дөрвөн настай хохирогч бол нийгэмд ил болсон жишээ. Ямар ч төрлийн хүчирхийлэл тухайн хохирогчийн эмзэг сэдэв байдаг. Гэтэл нийгэмд ил гарсан хэргүүдээс болж биднийг юу ч хийхгүй байна гэж хүмүүс ойлгодог. Хохирогч бүрийн мэдээллийг олон нийтэд танилцуулаад байвал нийгэм эмх замбараагүй байдалд орно. Цаашлаад энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Манайд “Хүүхэд хүчирхийлэлд өртөх ёсгүй” гэсэн тунхгийн шинжтэй хууль байдаг. Бодит байдал дээр хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэн туслах, хаанаас мэдээлэл өгөх ёстойг тэр хуульд заагаагүй. Хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн хүний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин манайд байхгүй. Түүнчлэн хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон заалт Эрүүгийн хуульд байхгүй. Уг нь хүүхдийн биед шарх сорви үүсгэсэн бол гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй. Гэтэл манайхан хүүхдийг зодож хүмүүжүүлдэг хуучны арга барилтай. Эцэг, эхдээ загнуулж, алгадуулаагүй өссөн хүүхэд байхгүй гэсэн хандлагатай. Цаг үе өөр болсныг ойлгохгүй байна.
Ц.НАРАНДЭЛГЭР (Хүүхдийн төлөө үндэсний газрын Мэдээлэл, судалгаа, мониторингийн албаны мэргэжилтэн)
Ч.МӨНГӨНТУЛГА (Бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч):
-Сүүлийн найман сарын байдлаар 108-д ирсэн дуудлагын 30 гаруй хувь нь бие махбодийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага их ирдэг. Хөрш айлын хүүхдийг зодож байна, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харилцах вэ гэсэн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед амиа хорлох оролдлого хийсэн болон хийх сэдэлтэй холбоотой дуудлага ихэслээ. Гудамжны гэх тодотголтой, хурдан морь унадаг, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал их байдаг. Бид асуудал бүрт хүрч ажиллахыг хичээж, хүүхэд бүрийг инээж байгаасай гэж хүсдэг. Гэтэл бидэнтэй холбогдож чадаагүй, мэдээлэл дутмаг байдгаас болж хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол байсаар байна.
Б.БОЛОРСАЙХАН (ХЭҮК-ын референт):
-Манайх УИХ-д жил бүр өргөн барьдаг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулахдаа тухайн онд хийсэн төрөл бүрийн судалгаа, хяналт шалгалт, шийдвэрлэсэн гомдол, төлөөлөн нэхэмжлэл бүрийг анхаардаг. Илтгэлд дурдсан зөвлөмжийг Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай байна. Тогтолцооны шинжтэй асуудлыг өөрчлөх, хамгаалах механизм бий болгох талаар санаачилга гаргахад УИХ, Засгийн газар удаан ажилладаг. Жишээ нь ХЭҮК-ын 2014 оны гуравдугаар сард өргөн барьсан 13 дахь илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2015 оны хоёрдугаар сарын 17-нд хэлэлцсэн. Бараг жилийн дараа асуудлыг хэлэлцэж байгаа нь төр үүргээ биелүүлж чадаж байна уу гэдгийг хэлээд өгнө. Шийдлийн тухайд, аливаа этгээд өөрийн эрх, үүргээ бүрэн ухамсарлан, хариуцлагатай ажиллах ёстой. “Нэгдүгээрт хариуцлага, хоёрдугаарт хариуцлага, гуравдугаарт ч хариуцлага” гэдэг үгийг хэлмээр байна. Төрийн байгууллагууд хууль тогтоомжийг ягштал мөрдөж, аливаа асуудалд түргэн шуурхай хандан, шаардлагатай нөөц бүрдүүлж, уялдаа холбоогоо сайжруулан, хариуцлагатай хандвал зохино. Иргэдийн хувьд хүүхдийг хүчирхийлж байгаа бүхий л хэлбэрийг хүлээн зөвшөөрөлгүй, хууль хяналтын байгууллагад тэр даруй мэдэгдэж хэвших ёстой. Нийгмийн бүх хэсэгт хүүхдийн эмзэг байдлыг хүлээн зөвшөөрч, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид орчинд өсөж торних, хөгжих, дуу хоолойгоо сонсгох, үзэл бодлоо илэрхийлэх, бусдаар хүндэтгүүлэх боломж бүрдүүлэх шаардлагатай.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Д.СЭРЖМЯДАГ: Хүчирхийлэлд өртсөн хүнийг шаардлагатай бол сар ч байлгадаг
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Түр хамгаалах байрны дарга, хошууч Д.Сэржмядагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Түр хамгаалах байр өнгөрсөн онд байгуулагдсан. Хэчнээн хүнд үйлчлээд байна вэ?
-240 гэр бүлийн 392 хүн хүлээн аваад байгаа. Тэдний 115 нь эмэгтэй хүн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд манайд хандсан эхчүүд 0-10 насны хоёроос гурван хүүхэдтэй ирдэг. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалах байргүй байх үед цагдаа хохирогчоо дагуулаад, хүчирхийлэл үйлдэгчтэй яаж ажиллах вэ гэдэг асуудал үүсдэг байсан. Одоо бол хохирогчийг асуудлыг нь шийдвэрлэтэл Түр хамгаалах байранд байрлуулаад, хүчирхийлэл үйлдэгчтэй ажилладаг болсон.
-Энд 72 цаг байлгадаг. Хүчирхийлэлд өртсөн хүн гэртээ хариад дахин дарамтлуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр яах вэ?
-Хохирогчдын цаашдын хувь заяанд анхаарах шаардлагатай л даа. Манайх шаардлагатай тохиолдол хохирогчийг сар ч байлгадаг. Дүүрэг бүрт Гэр бүл хөгжлийн төв гэж бий. Тус төв хүчирхийлэлд өртсөн хохирогч нартай ажиллах ёстой. Мөн хороо болгонд хорооны Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг бий. Тус багт хохирогчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн тусламж үзүүлэхээр хохирогчдыг шилжүүлж байна.
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй танайх хамтарч ажилладаг уу?
-Хамтарч ажилладаг. Урт хугацааны хамгаалалт шаардлагатай зарим хүнийг тус төвд шилжүүлдэг. Одоогийн байдлаар 25 хүнийг шилжүүлээд байгаа. Мөн ГССҮТ, Нэг цэгийн үйлчилгээний төв, аймгуудын ЗДТГ-тай хохирогчдоо холбож өгдөг. Төвийн маань сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хүчирхийлэлд өртсөн хүнд юу хэрэгтэй, цаашид ямар асуудлыг нь шийдвэрлэх шаардлагатайг холбогдох байгууллагад мэдэгдэн зуучилж өгдөг. Харин бусад байгууллага хохирогчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр төдийлэн анхаарахгүй байна. Хохирогчид гэр оронгүй, хүүхэд нь сургууль завсардсан, эрүүл мэндийн хувьд асуудалтай байдаг л даа. Тиймээс Хамтарсан баг, харьяа нийгэм, халамжийн байгууллага, дүүргийн Гэр бүл хөгжлийн төв хүчирхийлэлд өртсөн хүнтэй тулж ажиллах үүрэгтэй.
-Танай байгууллагад зайлшгүй шаардлагатай зүйл бий юу?
-Хүчирхийлэлд өртсөн зарим иргэнд эмнэлгийн зориулалттай байр хэрэгтэй. Зарим нь тансаг зэрэглэлийн зүйл хүсэх, байраа голох зэрэг асуудал гардаг. Манай байр 1920 онд анх баригдсан, хуучин болохоор мөөгөнцөртсөн, хохирогчийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа. Тиймээс 2.1 тэрбум төгрөгөөр засахаар болсон ч энэ жил төсөв байхгүй гээд засах хугацааг хойшлуулсан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгаас зарим зүйлийг лавласан юм.
-Хүүхэд хөнөөсөн хэрэгт танай байгууллагын ажилтан холбогдсон. Ер нь танай ажлын нөхцөл байдал ямар байдаг вэ. Ажлын нөхцөл нь хүнийг хүчирхийлэгч болж хувирахад нөлөөлдөг юм болов уу?
-Хүчирхийллийн хэрэгт холбогдсон ажилтан манайд нэг жил долоон сар ажилласан. Хэргийн газарт очиж, эд мөрийн баримт баталгаажуулж авдаг хүн байсан. Мэдээж ажлын нөхцөл байдал хүнд. Хүн нас барсан, осол гарсан газарт очдог. Тэглээ гээд хүчирхийлэл үйлдэх ёсгүй байх.
-Танай байгууллагад сэтгэл зүйч бий юү. Байгаа бол хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Сэтгэл зүйч байгаа. Гурван жил ажиллаж байна.
-Алтанхүүгийн гэх хэргийн хохирогч эмэгтэйд задлан шинжилгээ хийсэн танай ажилтнууд талийгаач эмэгтэйг өөрөө зүгээр байж байгаад үхчихсэн юм шиг, гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Дөрвөн настай охиныг хүчирхийлж хөнөөсөн хэргийг ийн замаар замхруулах вий гэж иргэд болгоомжилж байна. Охины цогцост задлан хийж буй эмч нарт эцгийг нь нөлөөлүүлэхгүй байлгах талаар ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Хэрэгт холбогдсон ажилтныг ажил үүргээс нь түтгэлзүүлсэн байна, одоогийн байдлаар. Тэгэхээр уг хэрэгт оролцох эрхгүй.
Т.ДЭЛГЭРЦЭЦЭГ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ОЮУНБОЛД: Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох хэрэгтэй
Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн ямар заалт байдаг, тэдгээрийг хэн, хэрхэн хэрэгжүүлдэг талаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлстийн ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос тодрууллаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгждэг, хэрэгждэггүй олон хууль бий. Тэдгээрээс хамгийн чухал нь 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Уг хуульд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн гэсэн хэлбэртэй гэж заасан. 11 дэх жилтэйгээ золгож буй энэ хуулийг бусад хуультай уялдуулахгүй, бие даасан шинжтэй баталснаас болоод өдий хүртэл хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, уг хуульд хууль сахиулах болон эмнэлгийн байгууллагынхан, нийгмийн ажилтнуудтай холбоотой зохицуулалт байхгүй. Тэр тийм эрхтэй, ийм үүрэгтэй гэснээс биш гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах зардал мөнгийг нь ч тусгаагүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль гэж бий. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар биш Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авдаг.
-Яагаад?
-Гэр бүлийн хүчирхийллийн гэх зөрчил, гэмт хэрэг байхгүй. Тэгсэн хэрнээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжтой. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн асуудлыг Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 21 дүгээр зүйл дэх танхайрах, 22 дугаар зүйл дэх согтуурах гэсэн зүйл ангиар л зөрчлийг шийдвэрлэж байна. Агсам согтуу тавьж, ар гэрийнхнээ олон жил дарамталсан хүнийг согтуурсан, эсвэл танхайрсан гэж л 7-30 хоног баривчилж, дээд тал нь 15 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг. Гэтэл Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн хүчин зүйл болсон байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүчирхийллийн олон хэлбэрийг гэмт хэргийн хэмжээнд авч үзэх хуулийн заалт байхгүй учраас танхайрах хэмээх зүйл ангиар л асуудлыг шийдвэрлэдэг. Манай улсад жилд 26 мянган гэмт хэрэг бүртгэгддэгээс танхайрах зөрчил нь 100 мянга. Үүний хэд нь ч гэр бүлийн хүчирхийлэлд хүргэсэн байж болно. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох хэрэгтэй. Ингээд танхайрах зөрчлийн ард нуугаад яваад байж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд процесс байхгүй. Тиймээс тус хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэх байх. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж байна. Шүүхийн байрнаас гараад явж байгаа эхнэрээ хөнөөсөн хэрэг гарсан. Тиймээс хүчирхийлэлд өртөгсдийг өөр хуулиар хамгаалах ёстой. Монголд хэрэгжиж буй 400 орчим хуулийн 200-д арга хамжээ авна, шийтгэнэ гэсэн заалт байдаг ч эцсийн дүндээ хэрэгжүүлж байгаа нь ховор.
-Дөрвөн настай охиныг төрсөн эцэг, хойт эхдээ зодуулахыг сонссон айл хөршийнхөн нь цагдаад мэдэгдэн, тусламж үзүүлээгүй гэдэг. Хүчирхийлэл үйлдэгдэж буйг мэдсэн хэрнээ чимээгүй өнгөрөөсөн хүмүүст хуулийн хариуцлага тооцох талаар ямар бодолтой байдаг вэ?
-“Та нар үүнийг мэдээлээгүй байна” гээд торгож болохгүй. Харин мэдээлэл өгвөл шагнаж урамшуулдаг, хамтран ажилладаг тогтолцоо нь илүү үр дүнтэй. Мэдээлэл өгөх ёстой гэж хуулиар хариуцлага хүлээлгээгүй байж “Танай гэрийн ойролцоо ийм хэрэг гарсан байна” гээд хариуцлага тооцно гэдэг хүний эрхэнд халдсан хэрэг болно. Харин айл хөршүүд нь албадлагаар бус сайн дураараа цагдаад мэдэгддэг байгаасай. Эмнэлэгт ирсэн хүмүүст сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн шинж ил тод байвал цагдаагийн байгууллагад мэдэгддэг байх ёстой. Хүний ёс зүй, нинжин сэтгэл, үнэт зүйлтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулж болдоггүй.
-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд цаашдаа яах ёстой вэ?
-Ганц Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гаргаад сайхан болно гэж байхгүй. Гэхдээ ингэснээр далд байгаа үзэгдлүүд ил болж, нийгмийн хамгийн том асуудлаа олж харснаар үүнтэй тэмцэх арга замаа сонгоход хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад хамгийн түрүүнд очдог цагдаагаас эхлээд эрүүл мэндийн ажилтан, ТББ-ынхан, нийгмээрээ хандлагаа өөрчилсний эцэст үр дүнд хүрнэ. Гэмт хэрэг яагаад гарсныг судалдаг кримологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиуд нь кримологитой холбоотой байх ёстой. Төр хүнийг яллан шийтгэхээс илүү нөгөө хүнтэйгээ ажиллаж чаддаг дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал. Хүчирхийлэгч хүнийг уураа барих сургалтад суулгах зэргээр дэлхийн олон улс энэ асуудлаа шийдвэрлэж, нуугдмал байдлыг ил болгосон. Хүмүүс нь энэ тохиолдолд миний эрх зөрчигдөж байна гэдгээ сайн мэдэж, хамгаалуулдаг бол эргэн тойрныхон нь хүчирхийллийг үл тэвчдэг болно. Ингэвэл үр дүнгээ өгдөг. Бид хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд наад зах нь хүүхдээ загнаж, зодохоо болих хэрэгтэй.
Ч.БОЛОРТУЯА