Монголын хоймор, Хөвсгөл аймаг дахь Овоот, Нурамт, Жилжигбулангийн нүүрсний ордуудыг эзэмшдэг Австралийн “Аspire mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлд төмөр зам тавих гэрээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын “China railways 20 bureau group corporation” (CR20G)-тай байгуулсан талаарх мэдээллийг гаднын хэвлэлүүд дамжуулсан. Могойн голын стратегийн нөөц ордоос хэсгийг нь тасдан авч, Овоот хэмээн нэрлэн төсөл хэрэгжүүлж буй тус компанитай холбоотой маргаан хоёр жилийн өмнө дэгдсэн. Орон нутгийнхан болон төрийн өмчит “Могойн гол” компанийнхан тухайн үед үүнийг хууль бус гэдгийг зарлан холбогдох төрийн байгууллага, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Хэрхэн шийдэгдсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.
Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард УИХ Эрдэнэт-Арц суурийн 770 км төмөр замын шинэ чиглэлийг баталж, цариг нь өргөн байхаар шийдвэрлэсэн. Уг чиглэл нь “Аspire mining”-ийн эзэмшлийн нүүрсний ордуудыг дайрч буй бөгөөд Эрдэнэт-Овоот хүртэл 547 км, Овоотоос цааш Арц суурь хүртэл 223 км үргэлжлэх юм. Тус компанийн захиалгатай гэж хардаж болох Эрдэнэт-Овоотын төмөр замыг барьж байгуулах гэрээ хэлэлцээр ийн эхэлсэн бололтой. Харин Овоотоос Арц суурь хүртэлх 223 км төмөр замыг хэн барьж байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. УИХ, Засгийн газраас чиглэл, царигийг нь тодорхойлсноос өөр бусад асуудал, тухайлбал “Аspire mining”- аар Эрдэнэт-Овоотын төмөр замыг тавиулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй. Гэтэл тэд манай газар нутагт төмөр зам барьж байгуулахтай холбоотой гэрээ хэлэлцээрүүдийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч талтай хийж эхэлсэн нь Монголын эрх ашиг, УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэрийг үл ойшоосон явдал хэмээн ойлгоход хүрээд байна.
Тус компанийн удирдлагуудын гадаадын хэвлэлд өгсөн мэдээллээс харахад, манай хойд бүс нутаг, тодруулбал Хөвсгөлд уул уурхайн орд эзэмшиж буй компаниуд Эрдэнэт хүртэл тавих энэ төмөр замыг дэмжих зорилгоор Хойд Монголын төмөр замын холбоо байгуулжээ. Үүнийгээ “Аspire mining” компаниар дамжуулан ажил хэрэг болгож, БНХАУ-ын CR20G компанийг төмөр замын инженерчлэл, барилга, бүтээн байгуулалтын хүрээнд хамтрагчаараа сонгоод байгаа нь энэ. CR20G нь БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорацын охин компани бөгөөд төмөр замд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын болон бусад санхүүжүүлэгчээс олох үүрэг хүлээжээ. Төмөр зам бол хоёр том гүрэнтэй хөршилдөг манай орны хувьд үндэсний аюулгүй байдал, стратегийн бодлоготой шууд холбоотой эмзэг асуудал. Тийм ч учраас Тавантолгойд шинээр тавих төмөр замын шинэ чиглэл, цариг болон гүйцэтгэгч нь хувийнх, эсвэл төрийн мэдлийн компани байх эсэх талаар бүтэн таван жилийн турш маргалдсан.
Гэтэл биднийг ийнхүү өмнөд бүсдээ хамаг анхаарлаа хандуулан, төмөр зам тавих хөрөнгө оруулагчаа шалгаруулах гэж будилж байх зуур хойморт маань заларсан Австралийн нэг компани Монголын хойд бүсийн төмөр замыг тавина гэдэгтээ бүрэн итгэлтэйгээр гэрээ хэлцлүүдээ хийгээд эхэллээ. Ингэснээр хөрөнгө оруулалтаараа түрүй барин УИХ, Засгийн газрыг шахаанд оруулан, өөрсдийн ашиг сонирхлоо Монголд тулган хүлээлгэхийг үгүйсгэх аргагүй юм. Монгол-Оросын хооронд байгуулсан удаа дараагийн гэрээ хэлэлцээрээр манай нутгаар дамжин өнгөрч буй төмөр замын шинэ шугамуудын суурь бүтцийн 50 хувийг “Оросын төмөр замуудын нэгдэл” эзэмших заалттай. Үүний дагуу Эрдэнэт-Арц суурийн 770 км төмөр замын суурь бүтцийн 50 хувийг “Оросын төмөр замуудын нэгдэл” эзэмшинэ. Энэ эрхийг нь баталгаажуулсан хэлэлцээрт Зам, тээврийн сайд асан А.Гансүх 2014 оны аравдугаар сард В.Якунинтай тохиролцон гарын үсэг зурсан мэдээлэл бий.
Ингэснээр ОХУ-ын баруун өмнөд бүс нутаг дахь маш их нөөцтэй нүүрсний ордуудаа эргэлтэд оруулах гэсэн В.Путиний “Баруун чиглэлд сэтлэх” төлөвлөгөө буюу Кызыл-Арц суурь-Өрөмч чиглэлд тавихаар төлөвлөсөн төмөр замын бодлоготой нийцэж байгаа юм. Тиймээс Австралийн энэ компанид дэмжлэг үзүүлж буй нь ч ойлгомжтой. Хэрэв Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам тавих зөвшөөрлийг “Аspire mining”-т концессийн гэрээгээр тавихыг зөвшөөрвөл хойд бүсийн хэвтээ тэнхлэгийн дагуух энэ төмөр замыг цаашид Монгол-Оросын тал 50:50 хувиар эзэмшинэ. Гэхдээ үүнээс өмнө 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй гэх энэ төмөр замын концессийн гэрээний хувь эзэмшил, хугацааг тохирч Засгийн газартай албан ёсоор гэрээ байгуулах ёстой. Энэ эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон ч хэзээ хэлэлцэх, шийдэх нь ч тодорхойгүй байна.
Гэтэл “Аspire mining” компанийн ерөнхий захирал Дэвид Пол “Төмөр замыг концессийн гэрээгээр барих зөвшөөрлийг хүлээж байгаа. Засгийн газар дээрх төсөлд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн” хэмээн ярьсныг www.proactivein-vestors.com.au цахим хуудаст мэдээлжээ. Үүнийг лообийгоо тултал нь хийсэн хүний итгэлтэй мэдэгдэл гэхээс өөрөөр юу гэж ойлгох вэ? Гадаадын компанийн 100 хувийн эзэмшилтэй ордуудыг эргэлтэд оруулахын тулд үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдлыг нь үл тооцон төмөр замыг ногоон гэрлээр нууцаар шийдэж болдгийг “Аspire mining”-ийн лообий харууллаа. Гэтэл ард түмний хувь эзэмшилтэй Тавантолгойн ордын төмөр замыг болохоор илт шоу хийж тав, зургаан жилээр гацаадаг нь үндэсний эрх ашигт нийцэхгүй байна. Монголын хойд хэсгийн “Аspire mining”-ийн энэ төмөр зам манай улсын эдийн засаг болон нийгэмд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам шиг стратегийн ач холбогдолтой байж чадах уу? Энэ төмөр зам хэнд ашигтай байх вэ? Хөвсгөл, Булган, Завхан, Орхон аймгийн нутаг дэвсгэрээр 547 км үргэлжилж буй ч төв суурин газруудаар биш нүүрсний гурав, дөрвөн орд газрыг дайрч байгаа.
Тиймээс энэ бол тухайн орон нутгийнханд зориулагдаагүй. Харин Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газрын нүүрсний судлыг дагасан орд газруудыг бүхэлд нь эзэмшилдээ авсан компанийн нүүрсийг хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд олон улсад хүргэх төмөр зам юм. Овоот, Нурамт, Жилжигбулагийн ордын нүүрс хэзээ дуусаж австраличууд орхиж явна, тэр үед Дорнодын Мардайн төмөр зам шиг төрд ч хэрэггүй, хэн ч ашиглах боломжгүй эдийн засаг, стратегийн ач холбогдол багатай төмөр зам хэмээн эсэргүүцэж байсан хүн олон бий. Тавантолгойд тавигдах төмөр замын концессийн гэрээний төслүүдийн жишгээр энэ төмөр замыг 18- 25 жилийн дараа төрийн өмчлөлд шилжүүлэн авна гэж үзвэл тооцвол анхаарал татсан тооцоо гарна. Овоотын орд 255 сая тоннын коксжих нүүрсний боломжит нөөцтэй.
Нөөц өөрөө Тавантолгойгоос хэдэн арав дахин бага ч, коксжих чанараараа Монголд хоёрдугаарт, олон улсад эхний тавд ордог Овоотын нүүрсний нөөц цаашид 300 сая тонн хүртэл өсөх магадлалтай. Компанийн албан ёсны сайтад мэдээлснээр жилд 12- 22.2 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцвол Овоотын нүүрс 15-20 жилийн дараа дуусах нь. Төмөр замын хүчин чадлыг улам сайжруулсан тохиолдолд тус компанийн эзэмшлийн Нурамт, Жилжигбулагийн хоёр ордын нүүрсийг зэрэг тээвэрлэх боломжтой. Энэ тохиолдолд 20- 25 жилийн дараа Эрдэнэт-Овоотын төмөр зам Мардайн араас орох магадлал бий. Тиймээс Монголд олон нийтийн анхааралд өртөөгүй ч олон улсад, тэр дундаа хойд хөршийхний ашиг сонирхолд илүү нийцэж, манай улстөрчдийн “чимээгүй” дэмжиж буй хойд бүсийн хэвтээ чиглэлийн энэ төмөр зам хоймор нутгийг маань нүүрсний тоосонд даруулах үүдийг нээж мэдэхээр байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ