Монголчууд бидний сонгуульгүй амьдрах жилийн “визийн” хугацаа дуусчээ. УИХ-ын сонгууль болоод дууслаа, маргаан, гомдол нь жил гаруй үргэлжилнэ. Ингэж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болно. За ингээд нэг хэсэг чих амарч байгаа юм. Гэтэл сонгууль болохоос жилийн өмнө бэлтгэл ажилдаа ордог улстөрчдийн “буянаар” өнөөх синдром ахиад сэдэрнэ. 2015 он бол сонгуулийн өмнөх, бас бэлтгэлийн жил. Тиймээс хууль тогтоогчид нь Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулиа хэрхэн өөрсдөд ашигтайгаар батлах яриа тохиролцоо хийхээс эхлээд бэлтгэлдээ гарсан байна. Бас намууд нөгөөгөөсөө давж гарах ажиллагаа өрнүүлнэ. Хийсэн ажлаараа биш гэдэг нь мэдээж. Гишүүдийнхээ тоогоор л уралдаж байгаа юм. Хүмүүсийг намдаа бөөндөн элсүүлэх “кампанит дайчилгаа” өрнөөд эхэлсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн сүүлд 180 хүнд “өөрийн” батлахаа гардуулж өгөв. Сонгуулийн синдромын нэг нь энэ “кампанит дайчилгаа”.
Өмнө нь зөвхөн АН, МАН-ын хүрээнд өрнөдөг байсан энэ “кампанит дайчилгаа”-нд эдүгээ МАХН нэгдсэн. МАН нэрнээсээ “хувьсгал” гэсэн үгийг авсны дараа Н.Энхбаяр тэргүүтэн МАХН-ыг сэргээсэн билээ. Үүний дараа МАН-аас МАХН-д элсэгчид эрс нэмэгдсэн юм. Хэвлэлийн албадаас нь авсан мэдээллээр МАН 220 мянга, АН-ынхан 165 мянга гаруй, МАХН 82 мянга гаруй гишүүнтэй аж. Манай улсын насанд хүрсэн хүн амын 35 хувь нь улс төрийн намын гишүүн гэсэн судалгаа байдаг. Сонгууль дөхөөд, дайчилгаа нэмэгдээд ирэхээр энэ тоо бас л өөрчлөгдөх байх. Тухайн нам бусдаасаа давж гарах, олон гишүүнтэй, нөлөө бүхий гэдгээ үүгээр харуулахыг хүсдэг. Тэгвэл элсэж буй хүмүүс ямар шалтгаанаар сонголт хийдэг вэ. Тэднийг гурав ангилж болмоор санагдана. Үзэл баримтлалыг нь ойлгож, дэмжигчид. Уг нь зөвхөн энэ л шалтгаанаар иргэд улс төрийн сонголтоо хийдэг байвал хөгжил зөв тийшээ явж байна гэсэн үг.
Харамсалтай нь энэ хэсэгт багтах хүн тун цөөн. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг намууд сонгуулийн үеэр бөөндөн элсүүлдэг. Дөнгөж л 18 нас хүрсэн тэр хүүхдүүд тухайн намынхаа үзэл баримтлалыг ойлгох нь байтугай улс төр гэж юу болохыг ч гадарлаагүй байдаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх. УИХ-д суудал авч чаддаггүй, эсвэл ганцаас илүү төлөөлөлтэй болж гавьдаггүй гуравдагч хүчний намыг сонгосон бол харин үзэл бодлыг нь дэмжсэн үнэнч сонголт байж болох. Албан тушаал, карьер хөөх зорилготой буюу ирээдүйгээ бодогчид. Нараа дагавал даарахгүй, намаа дагавал өлсөхгүй гэдэг орчин цагийн хэлц дэмий нэг гараагүй. Эрдэм боловсролтой залуус эх орондоо хийж бүтээе гэхээр нам гэдэг том саадтай тулгардаг болтол манай тогтолцоо гажуудсан. Зарим талаараа энэ нь намд элссэн хүнд л ирээдүй нь нээгддэг байсан социализмын үеийг санагдуулна.
Төрийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр намын аль нэгийг сонгохгүй л бол албан тушаал дэвшихэд асуудал нүүрлэж байгаа шүү дээ. Сонгуулиар эрх баригч хүчин солигдоход тэдний хүн биш бол ямар ч чадварлаг боловсон хүчин байсан халж орхидог. Тэгэхээр амбийц хөөсөн залуусын заавал хийх сонголт нь намын гишүүн болох. “Ахуйн хүрээний” сонголт. Энэ хэсэгт амьдрал тийм ч сайн биш хэсгийнхэн багтаж байна. Өдрийнхөө хоолыг залгуулах гэсэн ядруухан амьдралтай хүмүүст намын үзэл баримтлал энэ тэр огт сонин биш. Гишүүний батлах гээч улаан цаасны төлөө өгч буй гурил, будаа, хэдэн төгрөг илүү чухал.
Бас оюутнууд энд хамаарч байна. Мэдээж заавал ядуу өрх байх албагүй. Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй нь л “ахуйн сонголт” хийхэд хүргэж буй юм. Тухайн намын удирдлагад батлахыг нь өвөртлөх гишүүд үзэл бодлоороо нэгдсэн үү, ходоод, амбийц, хэтэвчнийхээ хүрээнд ирсэн нь үү гэдэг нь хамаагүй. Харин ч сонгууль дөх өхөөр “Аль болох олон хүн элс үүлсэн хүнийг урамшуулах аян” зарладаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар иймэрхүү явдал нэг биш болсон. Хуулиа хөрсөн дээр буулган өөрчилж чадаагүй тохиолдолд цаашид ч ийм явдал үргэлжлэх нь мэдээж. Тэгээд ч намууд олон зуугаар нь хүн бөөндөн элсүүлж буйгаа хэвлэлээр сурталчлахаас биш, хэдэн гишүүнтэй болж, хэд нь орж гарч буйг бүртгэдэгг үй. Сонгуулийн синдром цаашид бүр хүндэрнэ. Хэлбэр нь ч өргөжих биз ээ.
С.ТУУЛ