Монголын популизм хэдийнэ Латин Америк болон Африкийн шинж чанартай болчихсон гэнэ. Өөрөөр хэлбэл, Венесуэл, Нигери зэрэг улс оронд байгалийн баялгаас ард түмэндээ хүртээж буй нэрээр уул уурхайн гэнэтийн, маш их орлогыг үрэн таран хийж, өнгөлөн далдалсан, боловсон “дээрэм” хийж байгаа дүр зураг манайд ч хэдийнэ танил болсон талаар судлаачид өгүүлэв. Хамгийн аймшигтай нь өдөр ирэх бүр эгнээгээ тэлж, нийгмийн олонх болж буй ядуу монголчууд сар бүрийн 21 мянга, хүүхдийн мөнгө, эх орны хишиг, эрдэнийн хувь, хүнтэй суухад нь хүртэл хөөрхөн хэдэн төгрөг өгчихдөг байсныг “Цаг сайхан байжээ” хэмээн үгүйлэн санах сэтгэхүй бэхэжсээр байна.
Эрх барьж, шийдвэр гаргаж байгаа нэг хэсэг нь ходоодоороо сонголт хийж буй хүмүүсийн хүслийг гүйцэлдүүлье гэсэн ч сачий нь хүрэхгүй, даацтайхан шинэчлэл хийе гэвч дэмий л эрх мэдлээ алдчих вий гэсэн эргэлзээ, тээнэгэлзлийн дунд түгдчин байхад эсрэг талд нь эрх мэдэлтнүүдийг буруутгаж, бүр дайсан мэтээр харагдуулж, ард түмний нэрийг баригч, популистууд олширч. Үнэндээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ард түмнээсээ нэг удаа асуучихад буруудахгүй” хэмээн эдийн засгийн хямралаас гарах, ойрын хугацаанд баримтлах бодлогоо тодорхойлохын тулд хоёр хувилбар дэвшүүлэн, иргэдээс гар утсаар санал авсан хийгээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санаачилга гарахтай хамт Баасан авгай хэдэн ахмад цуглуулан, “Зээлийн хүүг бууруул” гэсэн шаардлага тавьсан нь ялгаагүй популизм байсан.
Үнэхээр ч утгачилбал “ард түмэн” гэх үгнээс гаралтай популизм Монголд дэлгэрэхдээ онолоосоо гажсангүй. Ам нээх бүртээ ард түмний нэрийг барьж, тэдний эсрэг эрх мэдэлтнүүд, шийдвэр гаргагчид, олигархууд гэсэн тодорхой бүлэг, хэсэг хүмүүсийг ялган, хамаг л муу, муухайгаар зарлан тунхаглаж, “Зөвхөн бид л та бүхэнд сайн сайхныг авчрах болно” гэж цээжээ дэлддэг популист Монголд дэндүү олон байна. Энэ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж ирсэн Монголын ардчиллыг гуйвуулж, хамгийн муухай харагдуулж буй дүр зураг. Гэвч “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэсэн үг бий. Магадгүй популизмын ганц авууштай чанар нь байдал бишидсэнийг илтгэх дохио болж чаддагт оршдог гэлтэй. Угтаа эрх баригчид, шийдвэр гаргагчид популизм хийх орон зай олголгүй, шалтгаан гаргалгүй ажиллах ёстой атал өөрсдөө болон өрөөл хэн нэгэн ард түмний нэр барин буруутгаж, шүүмжилж байгаа бол асуудал байна л гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тэд бодлого, үйл ажиллагаагаа эргэн харж, ард түмэндээ анхаарал хандуулах цаг болсныг популизм сануулж буй хэрэг. Ялангуяа манайд эдийн засгийн хямрал нүүрлэсэн, шударга бус байдлын талаар дээр, дооргүй ярьж байгаа энэ цаг үе нь популизм дэлгэрэх таатай нөхцөл, үндэс суурь болж буй. Тиймээс ядаж шийдвэр гаргагчид нь популизм хийхээ яг одоо зогсоож, бодлого, үйл ажиллагаа, хандлагадаа зарчмын гэмээр өөрчлөлт хийж, иргэдийнхээ амьдралыг өөд татахгүй бол ард түмний нэр баригчдын үг, үйлдэл эх захаа алдаж гүйцэх нь. Тухайлбал, Цагаан сараар аав, ээждээ золгохоор ирсэн гэх Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Эх орончдын өдрийг тохиолдуулан намдаа шинээр элсэж буй гишүүдэд үнэмлэхийг нь гардуулах үеэр “Монголд зургаа дахь хувьсгал хэрэгтэй” хэмээн хэдэнтээ уриалав. Тэрбээр хаант ёсыг халж, бүгд найрамдах засгийг тогтоосон 1789 оны Францын хувьсгалаас эхлэн 1911 оны Синьхай, 1917 оны Октябрь, 1921 оны Ардын, 1990 оны Ардчилсан хувьсгалыг нэрлэж, “Бид таван хувьсгалын хүүхдүүд. Эдгээр таван хувьсгал дэлхийг өөрчилсөн. Өөрчлөлтөөс битгий ай.
Одоо Монголд зургаа дахь хувьсгал хэрэгтэй байна. Эрх, эрх чөлөө зөрчигдөж, шударга ёс алдагдаж, байгалийн баялаг цөөн хүний гарт төвлөрч, ард түмэн нь эх орондоо харь улсад байгаа юм шиг ад үзэгдэж байгаа бол хувьсгал хэрэгтэй. Ард түмнээсээ айдаг байх хэрэгтэй” гэж байсан юм. Хэдийгээр тэр энэ санаагаа “Заавал буу барин тэмцэх тухай өгүүлээгүй юм шүү” хэмээн нэг биш удаа тайлбарласан ч “Монголд зургаа дахь хувьсгал хэрэгтэй байна” гэсэн өгүүлбэр тасралтгүй нижигнэх алга ташилт, “Энхбаяр, Энхбаяр” гэх уухайтай хоршихоороо тун ёозгүй сонсогдсоныг нуух юун. Үнэндээ ганц Н.Энхбаяр ч хувьсгал хийх талаар яриад байгаа юм биш л дээ. УИХ-ын гишүүн Г.Уянга твиттэр хуудсаараа дамжуулан “Хямрал үргэлжилнэ. Эцэстээ хувьсгалаар шийдэгдэнэ. Гарцаагүй. Энэ хувьсгалыг ямар замаар хийх вэ гэдэг сонголт л бидэнд байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлж байснаас гадна хэвлэл, мэдээллийн байгууллагад өгсөн цөөнгүй ярилцлагадаа “хувьсгал” гэсэн үгийг онцлон дурдаж, дээрх байр сууриа бататгасан нэгэн.
Саяхан л гэхэд Гацууртын орд газарт “Сентерра гоулд” компани ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, “Ноён уулаа хамгаалъя” хэмээн тэмцэж байсан жагсагчид иргэний хувьсгал хийх тухай дурдаж байсан. Үнэхээр ч дээр дурдсанчлан бидэнтэй асуудал, сорилт хангалттай тулгарч байна. Монголчууд ардчилсан шилжилтийг 25 жилийн турш хийж байна. Манай нийгэмд ардчилал институц талаасаа амжилттай өөрчлөгдөж байсан. Гэсэн ч бидний дийлэнх нь ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Монголын ардчиллын чанарт ахиц гарахгүй байгаа нь үнэн. Ардчилсан улсдаа ард иргэд нь сайхан амьдрах суурь нөхцөл, бололцоог бүрдүүлэх алхам, реформ үгүйлэгдэж байна. Гэвч тэр нь яавч хувьсгал биш. Бидэнд хувьсгал хийхэд дэндүү том шалтгаан хэрэгтэй. Хувьсгал гэдэг үгтэй хамт хүчирхийлэл, буу шийдэм л санаанд буух аж. Тэр тусмаа Францын хувьсгалаар жишээ авсан байхад болгоомжлохгүй байхын аргагүй.
Тэр тусмаа түмнийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сууж буй эрхэм гишүүн болон эх орондоо байхаасаа байхгүй нь их, экс Ерөнхийлөгч нь ирж, буцах зуурт ингэж хувьсгалд турхирч, уриалах нь яавч сайн зүйл биш. Магадгүй миний бие бичихдээ ч болгоомжтой хандах ёстой биз. Яагаад гэвэл, хүн төрөлхтний бодож олсон засаглалын хэлбэрүүдээс арай дээр нь гэгддэг ардчилал маш эмзэг талаар олон судлаачид хэлж, үүнийг нь батлах үйл явдал бишгүй болж, өрнөж байна. 1990 онд нэг хүний хамраас цус гаргалгүй, ганц цонх хагалалгүйгээр нийгмийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчилж, ардчилсан замыг сонгож чадсан монголчууд 2008 оны долдугаар сарын 1-нд хэдхэн цагийн дотор юу болж өнгөрснийг мартах учиргүй. Бид жаахан л сэрэмж алдвал хамгийн ойрын жишээ болох Украины хямралыг давтахгүй гэх баталгаа үгүй. Тэгээд ч Германы улс төрийн зүтгэлтэн Отто фон Бисмарк “Хувьсгалын сэдлийг суут сэтгэгч бүтээж, дууриагчид хэрэгжүүлж, үр шимийг нь хог новшнууд хүртдэг” гэж хэлснийг санахад илүүдэхгүй.
Б.НОМИН