ШАГНАЛ ЭЗНЭЭ ОНОЖЭЭ
Улиран одсон морин жилийн зул сар шувтрах дөхсөн тэр нэгэн өдөр. Хацар нүүр чимчигнүүлсэн тасхийм жавартай ч, бүртийх ч үүлгүй тунамал тэнгэрт мандсан нарны илчинд хөрсний цас, мөс хөлрөөд тааламжтай байв. Хийж бүтээснээ төр түмнээрээ үнэлүүлсэн олон сайчуул энэ өдөр төрийн дээд шагнал гардлаа. Энгэртээ гавьяатын тэмдэг, одон медаль гялалзуулж, нүүрэнд нь мишээл тодорсон шагналын эздийг Төрийн ордноос гарч ирэхэд эцэг, эх, ах дүү, гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд нь угтан баяр хүргэж байв. Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтны тэмдэг энгэртээ гялалзуулан инээмсэглэсээр гарч ирсэн торомгор алаг нүдтэй, өндөр гоолиг бүсгүйг таних танихгүй, хөгшин залуу олон хүн бүчээд авлаа. Тэр нь Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх баригч Банзрагчийн Оюунгэрэл байв.
-Миний гурван хүүхдийн хүйн ээж шүү дээ.
-Миний охин, зээ охин хоёрыг минь эх барьж авсан юм.
-Ёстой алтан гартай, ариун сэтгэлтэй, ааш ааль сайтай, бас ажилдаа няхуур хариуцлагатай хүн дээ.
-Төр нүдтэй юм аа. Шагнал эзнээ оллоо... гэхчилэн өөрөө шагнуулсны дайтай баярлах олны заримыг Оюунгэрэл өөрөө ч таньж ядан байх шиг харагдав.
-Монголын 19 мянга гаруй иргэний хүйн ээж Б.Оюунгэрэлийг шагнасан нь 19 мянган гэр бүл, 19 мянган ээж, аав, 19 мянган үрийн магнайг тэнийлгэлээ гэж нэгэн эмээ бахархан ярьж байсан нь их содон сонсогдсон юм.
АЛДРЫН ЗАМ НЬ АДАРМААТАЙ БАЙВ
Монгол эх орныхоо 19 мянган иргэний хүйн ээж түүний ажил, амьдралын зам шулуун дардан байсангүй ээ. 1959 онд Баянхонгор аймгийн Галуут суманд Банзрагч эмчийн хоёрдугаар охин болж төрсөн Оюунгэрэл нэг ах, хоёр охин дүүтэй. Бусдын адил цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. 1974 онд аймагтаа наймдугаар анги төгсөн нийслэлд ирж Анагаах ухааны дунд сургуульд сурч, эх баригч бага эмчийн мэргэжил эзэмшив. Төгсмөгцөө Клиникийн нэгдүгээр амаржих газарт ирж алтан гартай ачит сайн багш нарын шавь болж, ажил амьдралын их сургуульд суралцсанаас хойш эдүгээ 37 жилийг ардаа орхижээ. Бас ажиллангаа нийслэлийн 21 дүгээр дунд сургуульд оройгоор сурч 1980 онд аравдугаар анги төгссөн. Залуу насандаа сайн ханьтай учирч хоёр хөөрхөн хүүгийн ээж болж сайхан амьдарч байлаа. Ээлжийн ажилтай, бас иргэдэд эрүүл мэндийн сурталчилгаа хийх, субботникт гарах зэрэгт бүхнээс түрүүнд гүйдэг болохоор эзэгтэйн ажлаас баахан хөндий. Ханийнхаа ажлыг ойлгодог халамжит нөхөр нь ар гэрийн ажлыг нь бүрэн хариуцна.
Оюунгэрэл харин цалингаа л нөхөртөө авчирч өгнө. Ханийн халамж, хамт олны хайранд умбасан Оюунгэрэл тэр үед ажлаа хариуцлагатай сайн хийе гэхээс өөрийг бодохгүй явжээ. Гэтэл түүний аз жаргалыг хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин таслав. Залуу сайхан хань нь аюулт өвчнөөр наснаас хальж, өнчин хоёр хүүхэдтэй бэлэвсрэн хоцров. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болов. Үнэнээ хэлэхэд Оюунгэрэл талхны үнэ ч мэдэхгүй байж. Тэр үед том хүү Жамъянсүрэнгийн ангийн найз, ээж нь нялхад нь бурхан болсон Сүхбаатар аймгийн Батчулуун хүү тэднийхээр байнга ирж Оюунгэрэлийг ээжээ гэж дуудан элгэмсдэг болжээ. Хоёр хүүхэд хооллох, гурвыг хооллохын ялгаа юу байхав. Энэ балчир амьтны ээж нь болж элгийг нь дэвтээе гэж шийдээд гурван хүүгийн өрлөг ээж болсон аж. Ийнхүү төрсөн тэлсэн гурван хүүгийн ээж хэдэн жилийн дараа том хоёр хүүгээ нэг өдөр цэрэгт мордуулж жилийн дараа халагдаж ирэхэд нь ижилхэн дээл гутал сэлтийг нь бэлтгээд угтжээ.
Хүү Батчулуун нь удалгүй гэр бүлтэй болж өрх тусгаарлахад тов хийсэн эд хогшилтой, бусдаас дутахааргүй айл болгоод гаргасныг мэдэх ажлынхан, айл хөршийнхөн нь Оюунгэрэлийг магтаж тун ч өгөөмөр сэтгэлтэй, сайн ээж гэж ярьж байв. Оюунгэрэл тавин насыг давж яваа идэрхэн бүсгүй. Тэр өнөөдөр гурван хүү, гурван бэрийн өрлөг ээж, долоон ачийн буянтай эмээ болж жаргаж явна. Орь залуудаа ханиасаа хагацаж, гэрийн хоймор эзгүйрч, ханийн халамж хайр үгүйлэгдэхийн зэрэгцээ дунд мэргэжлийн ганц хүний цалин амьжиргаанд хүрэлцэхгүй хэцүү байсан үеэ тэр сэтгэлийн хат тэвчээр, ачит эцэг эх, сайн хамт олны ачаар давснаа ийнхүү дурсан ярив. Хоолонд орох, нийтийн унаанд суух мөнг өгүй өдөр ч олон байсан даа. Хэдэн төгрөг байвал өөрөө хоолонд орж, автобусанд өгснөөс хэдэн хүүхэддээ ганц талх, ном дэвтрийг нь авъя гэж бодоод өвлийн хүйтэн, зуны аагимд ч Цагаанхуаран дахь гэрээсээ явган явж ажилдаа ирдэг байлаа. Тэглээ гээд надад муу юм болоогүй ээ.
Аав, ээж хоёр минь ярилцаад аав, хоёр дүүтэй гэртээ үлдэж, ээж манайд ирж гурван жил хүүхдүүдийг минь асарч гэрийн бүх ажлыг амжуулж байсны хүчинд ганц удаа ч ажил тасалж, хожимдож байгаагүй. Хүүхдүүд чинь даарч хөрнө гээд аав, ах хоёр дулаахан шавар байшин бидэнд барьж өгсөн. Бас бидний хоол хүнс, өвлийн түлээ нүүрсийг аав минь бурхан болтлоо бэлтгэж өгч байсан. Хоёр дүү минь хэдэн хөвгүүдийг өсгөлцөж надад их тус болсон. Ээжийг манайд гурван жил болоход аав, дүү нарт маань хэцүү л байсан байх даа гэж бодож тэднийгээ өрөвддөг юм. Аав, ээж хоёр хоёулаа жирийн эмч байсан болохоор тэтгэвэр нь бага. Муу аав минь хоёр гэрийн орлого хэдэн мөнгөө хүргэж, биднийгээ хоолтой, хувцастай байлгах гэж зүтгэж өөрийнхөө өмсөж идэхийг хасаж байсан гэж бодохоор бурхны оронд одсон аавыгаа их өрөвддөг. Намайг төрийн ийм том шагнал авахыг харсан ч болоосой, тэгвэл яасан их баярлах байсан бол гэж бодох юм. Харин өнөөдөр ээж минь надаас илүү баярлаж байна гээд Оюунгэрэл том алаг нүднээсээ нулимс бөмбөрүүлж байна.

ГУЧИН ДОЛООН ЖИЛИЙН ТОВЧ ТАЙЛАН
Б.Оюунгэрэл сайн хань, ачит аав, ээж ах дүү, ажлын элгэмсэг дотно хамт олныхоо хүчинд энэ хүндтэй алдрын эзэн боллоо. Тэгээд Оюунгэрэл төр түмэндээ ямар ач тус үзүүлж, юу хийв гэдгээ эргэн харж гучин долоон жилийн хөдөлмөрийнхөө товч тайланг гаргажээ. Тэр 1978 онд эх баригчаар ажилласнаас хойш хоёр хүүхэд төрүүлсний болон ээлжийн амралт эдэлснээс бусад шалтгаанаар ажлаас хөндийрч байсан удаагүй. Тооцоод үзвэл дээрх хугацаанд 36 сар буюу гурван жил амарч, 4015 хоног буюу 11 жил жижүүрлэн хонож нийт 19000 хүүхдийн хүйн ээж болж төдий тооны ээжид эмнэлгийн тусламж үзүүлжээ. Үүнээс онцлон хэлэх зүйл гэвэл 1988 онд Монгол эх орныхоо хоёр сая дахь иргэн Ганбаатарын Энхтуул, 1999 онд хорвоогийн зургаан тэрбум дахь иргэний чацуутан Төмөрбаатарын Бумбаяр хүүг эх барьж авсан.
Дэлхийн зургаан тэрбум дахь иргэний чацуутны хүйн ээж болсноо өөрөө ч мэдээгүй явтал, Таны эх барьсан Т.Бумбаяр хүү манай гаригийн зургаан тэрбум дахь иргэний чацуутан байжээ. Тийм учраас “Таныг манай гаригийн зурган тэрбум дахь иргэний хүйн ээж болохыг батламжлав” гэсэн албан тоотыг НҮБ-ын Хүн амын сан, Монголын ЭМНХЯ-наас хүлээж аваад маш их бэлгэшээсэн гэнэ. Сайн санааны үзүүрт шар тос гэж монголчууд ярьдаг нь оргүй үг биш бололтой. Оюунгэрэл бас 2007 онд иргэн Тунгалагийн хүүг эх барьж авсан нь нийслэлийн нэг сая дахь иргэн болж таарчээ. Ийм хүнийг азтай, одтой гэхээс яах вэ. Тийм аз хүн бүхэнд таардаггүй л биз дээ.
БИ АЗТАЙ ХҮН
Б.Оюунгэрэл өөрийгөө ингэж тодорхойлсон. Тэгж хэлэх шалтгаан ч байнаа. Би ажлын гараагаа эхлэхдээ л эвсэг ажилсаг хамт олны дунд орж Монголын алдар цуутай, сайн багш нарын шавь болсон азтай хүн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав, анагаах ухааны доктор, клиникийн профессор Эрхэмбаатар, хүний гавьяат эмч Б. Бадам, Б.Үйлст, Б.Бүлтэн, Содномпил, Цогзол, зөвлөх эмч, клиникийн профессор Энхтуяа, эх барих клиникийн эрхлэгч Бадрах, анагаах ухааны доктор Цэрэнсамбуу, Мөнхцэцэг, Энхцэцэг, Янжинсүрэн, Жаргалсайхан, их эмч Алимаа, Болд, олон жил манай эмнэлгийг удирдсан Ч.Дариймаа, “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр нар бол миний хувьд төрүүлж өсгөсөн ээж, аавынхаа ачлалтай эн чацуу хүндлэн хайрлаж явах бурхад минь билээ. Намайг анх ажилд тосож аваад туршлага, мэдлэгээ харамгүй эзэмшүүлж сургасан эх баригч бага эмч Адъяасүрэн, Бадамцэрэн, Долгорс үрэн, Ичинхорлоо, Цэцэгмаа, Цоодол гээд олон сайн хүний ач тусыг мартах аргагүй.
Монгол эх оронд маань хэдэн зуун эх баригч ажилладгаас Дорноговь аймгийн Ч.Дүгэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолтой, Өмнөговь аймгийн Ноён сумын эх баригч Г.Цэдэв, Говь-Алтайн Дэлгэр сумын Д.Дамдин, Дархан-Уул аймгийн Д.Дунгаамаа нар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолтой юм билээ. Гарын таван хуруунд багтах эдгээр алдар цолтны эгнээнд багтсандаа би өөрийгөө их азтай хүн гэж бодож хязгааргүй баяртай байна. Энэ цолыг авсанд надаас ч илүү баярласан хүмүүс бол ажлын маань хамт олон, ная гаруй настай ээж минь билээ гэж чин сэтгэлийн үгээ тэр хэлсэн.
ҮХЭХ ТӨРӨХ ХОЁРЫГ АДИЛТГАДАГ НЬ УЧИРТАЙ
Намайг эх баригчийн мэргэжил эзэмшээд ирэхэд эмээгийн минь хэлж сургасан үг надад насан туршид дагаж мөрдөх бичигдээгүй хууль болж билээ. Хүний яс хэчнээн үетэй байдаг бол эх хүн амаржихад тэр бүхэн заадсаараа ангайдаг юм гэнэ лээ. Тийм болохоор л үхэх төрөх ижил гэдэг юм шүү дээ охин минь. Төрөх гэж зүдэрч байгаа эхийг өөртэйгөө зүйрлэн хайрлаж эвийг нь олж зөөлөн харилцаж байгаарай гэж захисан. Өнөөдөр амьд сэрүүн байгаа, дөрвөн хүүхдийн ээж, эмч мэргэжилтэй миний ээж эмээгийн сургаалийг надад дахин дахин сануулдаг юм. Төрж байгаа эхчүүд янз бүрийн ааш араншинтай байдаг. Хэчнээн удаан өвдөж шаналж байсан ч ёо гэхгүй шүд зууж, ярьсан зөвлөсний дагуу биеэ зөв удирдаад сайхан амарждаг хүн байхад зарим нь тун тэвчээргүй орилж хашгираад босож зугтаана. Биднийг тийрч өшиглөнө, хүрсэн газраа хөх няц болтол базна, хазна.
Тэд ямар ч зан авиртай бай өвдөж шаналсандаа ингэж байгаа гэдгийг ойлгож аль болохоор арга эвийг нь олохыг л боддог. Хэдэн хоног өвдөж шаналж байгаа эхийг эсэн мэнд төрүүлэхээс илүү баяр жаргал бидэнд байдаггүй. Эхийн зөөлөн дулаан хэвлийгээс өргөс мэт ширүүн, мөс мэт хүйтэн орчлонд дуугаа хадаан мэндлэх улаан нялзрай амьтныг алган дээрээ тосож аваад та ийм хөөрхөн охинтой, хүүтэй боллоо гэж хамгийн түрүүнд ээжид нь харуулдаг азтай хүмүүс бол эх баригч бид. Үхэх сэхэхийн зааг дээр олон цаг магадгүй хонон өнжин шаналж байсан ямар ч эх төрүүлсэн үрээ хараад алтан нар орчлонг гийгүүлэх адил мишээхийг нь харах л бидэнд хамгийн аз жаргалтай мөч байдаг юм. Би 19 мянган хүүхдийн хүйн ээж гэж өргөмжлөгдөж төрийн том хайр шагналын эзэн болсон нь ганц миний гавьяа биш ээ.
Нэг эхийг эсэн мэнд амаржуулах гэж их эмч, эх баригч, асрагч сувилагчийн бүтэн баг хамт олон нойр хоолоо умартан ажилладгийг онцлон хэлье. Гучин долоон жил ажиллахдаа муу юм үзээгүй гэвэл худлаа болно. Эмч, сувилагч хамтаараа чармайсаар байгаад алдах тохиолдол цөөн ч бол гарна. Тийм үед хамгийн дотно хүнээ алдсан мэт сэтгэлээр унаж, олон хоног нойргүй болж шаналдаг юм гээд тэр уртаар санаа алдав. Тийм ээ. Эрүүл энхийн манаач болсон эмч мэргэжилтэнд түүн шиг хэцүү “даваа” гэж юу байхсан билээ. Аминаас үнэтэй алт ч гэж хорвоод үгүй болохоор Оюунгэрэлийн ийнх үү санаашран санаа алдах нь аргагүй ээ. Тэр сайхан сэтгэлтэй, сайн ээж төдийгүй нийгмийн ажилд ч манлайлагч хүн. Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгийг санаачилсан Японы Парламентын гишүүн Чеко Но-Ногийн саналыг хамгийн түрүүнд дэмжин анхны гишүүн нь болсон, тэр одоо тус нийгэмлэгийн дэд тэргүүн бас амаржих газрынхаа Үйлдвэрчний хорооны удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай учир түүнд хийх ажил мундахгүй их ээ.
МАРТАГДАХ ЁСГҮЙ АЧТАН
Бага байхад аав, ээж минь намайг эх барьж авсан Арав гэдэг эмгэнтэй жилдээ заавал нэг удаа очиж золгуулдаг байж билээ. Ээжийн гараа гаргаж бэлтгэсэн шинэхэн бяслаг өрөм, хайлмаг, ааруул, ээзгий, аавын хийсэн самнаа боовоор таваг засаж бас хүйн ээжид барих хадаг, дээлийн өнгө, чихэр гээд богц дүүрэн ганзагалаатай очдог байв. Эх үрийн хүйн холбоог тасалж хоёр хүний амь аварсан тэр эрхэм хүнийг төрсөн эхийн адил хүндэлж хайрлаж явах ёстой гэж аав ээж сургадаг байлаа. Хүн эх барьж авсан эхийнхээ ааш занг дуурайдаг юм. Арав ээж чинь гартаа юм тогтоодоггүй, байгаагаа олонд тараачихдаг хүн. Чи яг дуурайчихаж гэж ээж минь ярьдагсан. Орчин үед нэг хүн олон хүүхдийн хүйн ээж болдог болжээ. Тэд хүйн ээждээ золгох байтугай хэн өөрийг нь эх барьж авсныг ч мэддэггүй бололтой. Хүйн ээжээ мэдэж, хүндэтгэж явна гэдэг муугийн ёс биш, Монголын ёс. Энэ орчлонтой амар мэнд золгуулсан энэрэлт хүн-хүйн ээжийгээ хэнбугай ч мартах ёсгүй юм шүү.
Д.ДОРЖДУЛАМ (Соёлын гавьяат зүтгэлтэн)