Ард олондоо Кори эгч, барууны хэвлэл мэдээллийнхний дунд Шар даашинзтай хатагтай хэмээн хүндлэгдэж асан, алдарт “Time”сэтгүүлээс зарласан өнгөрөгч зууны хамгийн хүчирхэг 25 эмэгтэйн нэг Корасон Акино (1933-2009) бол Филиппиний төдийгүй Азийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм. Сөрөг хүчний удирдагч, Сенатын гишүүн нөхөр нь 1983 онд улс төрийн аллагын золиос болох хүртэл түүнд улс төрд орох сонирхол, амбийц байсангүй. Харин нөхрөө цаг бусаар алдмагцаа сөрөг хүчний нам, хөдөлгөөнүүдийг нэгтгэж, 20 гаруй жил төрийн эрх барьсан Фердинанд Маркосын эсрэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Эрх баригчид Маркосыг ялагчаар зарлахад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан иргэд хэдэн саяараа жагсаж, дарангуйлагчийг бууж өгөхийг шаардсан нь Филиппиний түүхийг орвонгоор нь эргүүлсэн хувьсгал болон хувирсан байна. Огт цус урсгаагүй эл түүхэн хувьсгалын ачаар Корасон Акино Ерөнхийлөгч болж, олон жил цэргийн дэглэмтэй байсан Филиппин орон ардчилсан улс болсон юм.
1986-1992 онд засгийн эрх барьсан Кори хатагтай төрийн эргэлт хийх гэсэн хэд хэдэн оролдлого, өөрийг нь болон тойрон хүрээлэгчдийг нь авлигын хэрэгт холбож шалгасан дуулиан зэргээс болж дэмжигчдийнхээ хүсэн хүлээж байсан өөрчлөлт шинэчлэлийг дорвитой хийж чадаагүй гэдэг. Гэсэн ч Ерөнхийлөгчийн суудлаас буухад нь филиппинчүүдийн олонх нь түүнийг улс төрөөс явуулах дургүй байж. Эл хүчирхэг эмэгтэйн 1996 оны хоёрдугаар сард Бенжамин Пименталь хэмээх сэтгүүлчид өгсөн ярилцлагыг энэ удаагийн “Ховор яриа” онцолж байна. Энэ үеэр филиппинчүүд ардчилсан хувьсгалынхаа 10 жилийн ойг тэмдэглэж байлаа.
-Ардын хүч гэгддэг хувьсгалт тэмцлийг хожим оролцсон олон хүнээр нь, олон янзаар л дурсан санах байх. Харин та энэ хөдөлгөөнийг ямраар дурсагдаасай гэж хүсдэг вэ?
-Энэ хувьсгал бол зөвхөн Филиппиний түүхэнд ч бус, дэлхийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай үйл явдлын нэг байсан. Ард түмэн дарангуйлагчийг эсэргүүцэн босож, огт хүч хэрэглэлгүйгээр ардчилсан засаглал тогтоож чадсан. Энэ бол тун ховорхон тохиох явдал. Иймэрхүү зүйл болно гэж хувьсгалаас өмнө, 1986 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэний ч санаанд буугаагүй байх. Би япон сэтгүүлчийн тэмдэглэлийг санаж байна. Тэр хүн Филиппиний улс төрд гарч болох 11 өөрчлөлт гэсэн таамаг дэвшүүлсэн байсан. Тэр дунд хувьсгал гэдэг үг огт байгаагүй. Талийгаач нөхөр маань ч “Ардын хүч” хөдөлгөөн ийм амжилтад хүрнэ чинээ бодоогүй байх.
-1992 онд Улсын их сургуульд хэлсэн үгэндээ та бүрэн эрхийнхээ хугацаанд олон зүйл хийж гүйцэтгэж чадаагүй гэж дурдсан. Тэр чухам ямар ажлууд байсан бэ. Ер нь та юунд харамсаж явдаг вэ?
-Төрийн эргэлт хийх гэсэн хэчнээн оролдлого гарлаа даа. Тэр бүхэн эдийн засагт муугаар нөлөөлсөн. Бас гэмгүй өчнөөн олон энгийн иргэн амиа алдсан шүү дээ. 1989 онд төрийн эргэлт хийх гэсэн үймээн самууны дараа бидний тэр хүртэл хийсэн, эдийн засгаа сайжруулах бүх ажил талаар болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан. Энэ мэт маш олон боломжоо бид өөрсдөөсөө болж алдсан даа.
-Төр эргүүлэх гэж завдсан тэр олон оролдлогоос яагаад сэргийлж чадаагүй юм бэ?
-Тэгэх ямар ч арга байгаагүй. Одоо бодоход тэр бол Маркосын үеэс үлдсэн гажуудал байж. Түүнийг түлхэж унагахаар төлөвлөж байсан Зэвсэгт хүчнийхэн төлөвлөгөө нь ил болмогц чөлөөнд гарсан генералуудаа түшиж эхэлсэн. Харин тэр генералууд нь армийг гартаа оруулахыг санаархсан. Хувьсгалаар далимдуулж бүр дахиад цэргийн дэглэм тогтооё ч гэж төлөвлөж байсан. Тийм зүйлийг би яагаад ч зөвшөөрөхгүй.
-Тэгвэл нийгмийн бодлого тал дээр танд алдсан зүйл бий юү?
-Байхгүй гэж найдаж байна. Төрийн тэргүүний алба хашсан минь “Ардын хүч”-ийн гавьяа. Тиймээс албаа хаших хугацаандаа би нэн тэргүүнд ард түмнээ эрх мэдэлтэй, хүчтэй болгохыг чухалчилсан. Тиймдээ ч төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж ирлээ.
-Маркосын үеийн эрх мэдэлтнүүд, тэр дундаа тэргүүн хатагтай асан Имельда Маркос улс төрд эргээд ирлээ. Үүнд та санаа зовохгүй байна уу?
-Тэднийг гадуурхаж болохгүй. Үүнд л ардчиллын утга учир оршиж байгаа. Өөрчлөлт шинэчлэлд оролцсон хүмүүс л ардчиллын үр шимийг хүртэх ёстой гэвэл жинхэнэ шударга бус явдал болно. Хэдийгээр бидний тогтоосон засаглалд таагүй хандаж ирсэн ч хатагтай Маркос ардчилсан оронд амьдарч байгаагийнхаа буянаар орон нутгийн сонгуульд хүртэл ялаадахлаа шүү дээ.
-Түүнийг дахиад хүчтэй болох вий гэж эмээхгүй байна гэж үү?
-Үгүй дээ. Тэгээд ч тэр төрөлх муждаа л ялалт байгуулсан. 20-иод жил засгийн эрхэнд байсан хүнд нутгийнхан нь элэгтэй байлгүй яах вэ.
-Филиппинд дахиад цэргийн дэглэм, дарангуй засаг тогтох магадлалтай гэж үздэг хүмүүс бий. Энэ хэр бодитой вэ?
-Тийм аймшигтай зүйл давтагдах үндэслэл байхгүй гэж бодож байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо хүмүүсийн сэтгэхүй их өөр болсон шүү дээ. 1972 онд филиппинчүүдийн олонх нь улс төрийн идэвхгүй, эрх чөлөөг үнэлж мэддэггүй байлаа. Тиймдээ ч Маркосыг цэргийн дэглэм тогтооход маш их айж, цочирдсон. Тэгсэн ч түүнд боломж олгоё, байдлыг харзная гэсэн. Маркос иргэдийнхээ эрх чөлөөг зөвхөн талхаар үнэлж байсан үе бий. Удалгүй тэр ард түмнээ эрх чөлөөгүй болгоод зогсохгүй талхыг нь хүртэл булаачихсан. Түүний дарангуйллаас болж эдийн засаг бүхлээрээ сүйрснийг хэн ч мартах ёсгүй. Одоо харин иргэд улс төрийн идэвхтэй болжээ. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа сэргэсэн нь иргэдийг мөн нийгмийн идэвхтэй болгож, нам бусчуудын хүрээг тэлж байна. Өмнө нь улс төр сонирхогчид гол хоёр намын аль нэгэнд нь л элсдэг байлаа. Харин одоо сонголт олон болсон. Эдлэх ёстой эрхээ мэдэж байгаа цагт хэн ч эрх чөлөөгөө алдахгүй.
-Ерөнхийлөгчөөр ажилласан зургаан жил таныг хэр өөрчилсөн бэ?
-Ерөнхийлөгч болохоосоо бүр өмнө, нөхрөө шоронд байхад л би их өөр болсон юм шүү дээ. Аймхай хэрнээ, бас нэгэн зэрэг зоригтой болсон. Ерөнхийлөгч болоод би сайн засаглал бүрдүүлэхэд юу хэрэгтэй талаар их удаан бодлоо. Шударга, туршлагатай 50 хүн байхад л болоод явчихна гэж бодсон минь эндүүрэл байж. Хүнд байх учиртай хамгийн чухал чанар бол бусдыг сонсож, бусадтай хамтран ажиллах, хүлээцтэй байх чадвар юм билээ. Хэчнээн шударга, туршлагатай хүн байгаад хүмүүстэй хэл амаа ололцохгүй бол юу ч бүтээж чадахгүй. Энэ л миний Ерөнхийлөгч байхдаа ухаарсан хамгийн том ололт юм даа. Бас ардчиллыг бий болгох, дарангуйлагчийг түлхэн унагах тусгай жор гэж байдаггүйг, өчүүхэн жижиг гэлтгүй бүх зүйл дээр өөрийгөө бус ард түмнээ бодох нь удирдагч хүний хамгийн эрхэм чанар болохыг ойлгосон. Ардын хүчээр юу ч бүтээж болно шүү.
Г.ЛХАГВА