20 жилийн өмнө монголчууд “ходоодоороо” сонгуульд оролцдог байлаа. Хэн, юу өгнө, тэр хүний нэрийг дугуйлчихна. Тэгээд нөгөө хүн нь төрийн түшээ болно. УИХ-ын танхимд намбайж, налайж суугаад хугацаагаа дуусгадаг, санаа амар, сайхан үе ч байсан юм шиг. Дараа нь ардчиллынх л бол хэн ч байсан сонгодог болсон. Ходоодоороо биш, хоёр намын ялгааг олж харж улс төрийн сонголт хийж эхэлсэн нь ардчилсан сонгуульд оролцогчдын хувьд бага ч гэсэн дэвшил байлаа. Монголын ардчилсан сонгуулийн эхний цикл буюу 1992-1996, 1996-2000 оныг “ходоодны” сонголтын үе хэмээн нэрлэж болох юм. Үүнээс хойших 2000-2004, 2004- 2008 оны сонгуулиар дээрх сэтгэхүйгээсээ салж, нутаг орондоо хамгийн их зүйл хийсэн хүнд итгэл хүлээлгэж байв. Үүнийг монголчуудын сонголтын хоёр дахь үе буюу “жалга довны” гэж нэрлэж болно. Харин 2008 оноос бид аливаа улс төрийн сонгуульд санал өгөхдөө тухайн намын мөрийн хөтөлбөр, төлөвшил зэрэгт анхаарал хандуулдаг болжээ. Энэ нь сонгогчдын улс төрийн боловсрол мэдэгдэхүйц дээшилснийг харуулж буй. “Сантмарал” сангаас өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар “Та яагаад энэ намыг дэмжсэн бэ” гэсэн асуултад 1500 оролцогчийн 18.9 хувь нь “хамгийн сайн нам байсан” гэсэн бол 37.1 хувь нь “хамгийн сайн нэр дэвшигчтэй байсан” хэмээн хариулжээ.
Харин 18 хувь нь “гэр бүлийнхэн нь дэмждэг” учир саналаа өгсөн хэмээн дугуйлсан байна. Энэ нь сонгогчид намд нь биш, хувь нэр дэвшигчийг нь илүүтэй үнэлж саналаа өгдгийг баталж байгаа хэрэг. Ирэх сонгууль улс төрийн онцгой нөхцөлд болох нь Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд хийсэн судалгаануудаас тодорхой харагдаад байна. “Өнөөдөр сонгууль болбол ямар намд саналаа өгөх вэ” гэсэн асуултад иргэдийн 42.7 хувь нь “аль намд өгөхөө мэдэхгүй” гэж хариулсан байх юм. Энэ нь сонгогчид нам, улс төрөөс ангид болсондоо биш, харин төр засгийн эрх барьж буй намуудын бодлого, үйл ажиллагаанд үл итгэдэгтэй нь холбоотой. Өмнө нь, 2012 онд “Сантмарал” сангаас явуулсан судалгаагаар намд эргэлзсэн иргэдийн санал мөн үүнтэй ойролцоо хувьтай гарч байжээ. “Та намуудын талаар ямар бодолтой байна вэ” гэсэн асуултад “Ямар ч нам хэрэг байхгүй. Хүчтэй Ерөнхийлөгчтэй байх нь зөв” гэж 42.4 хувь нь үзсэн байна. Үүнээс дүгнэвэл 2012 оны сонгуулиас эхлэн иргэдийн намд итгэх итгэл алдарсан гэж болох юм. Манайдаа хамгийн туршлагатай, төлөвшсөн МАН, АН гэх хоёр нам өнгөрсөн таван удаагийн улс төрийн сонгуульд сонгогчдын олонхийн дэмжлэг авсан.
Үүнээс сүүлийн хоёр сонгуулийн үр дүнд гуравдагч хүчин гэгддэг ИЗН, “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтарч төр, засгийн эрх барьж байна. Харамсалтай нь энэ хамтралыг бий болгосон намууд, ялангуяа АН фракц, бүлэглэлийнхээ толгойлогч гэх цөөн хүний гарт хэт төвлөрснөөс төрийн бодлого, шийдвэр нь зөвшилцөл нэрийн дор хэдхэн хүний эрх ашигт нийцэн гардаг болсон. Хөрөнгө оруулагч нар зугтаж, “хоёр толгой” өдгөө хүртэл гацаанд орж, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхдээ тулсан нь эрх барьж буй АН төрийн бодлогоо барьж чадахгүй, намын бодлогоо фракц, бүлэглэлийн хэмжээнд хэт жижгэрүүлж, зангаргаа алдсантай холбоотой. Энэ намд хяналт тавьж, зөв бурууг нь хэлж, засаж, хариуцлага тооцох хүн одоогоор алга. Хамгийн том сөрөг хүчин МАН-ынхныг “Айдсаар тамлагч газар”-аас дарамтлан амыг нь барьсан. ИЗН, “Шударга ёс” эвслийнхнийг Засгийн газартаа багтаасан. Улс төрд том тоглолт хийх улс төрийн өөр хүчин алга. Үүнтэй холбоотойгоор улс төрийн гуравдагч, шинэ хүчин хэрэгтэй гэсэн мессеж сүүлийн үед тарах болсон. Гэхдээ энэ нь ирэх сонгуулийн хамгийн оновчтой сонголт, хувилбар байж чадахгүй л болов уу. Гуравдагч хүчин гарч ирснээр МАН, АН УИХ-д олонх болохгүй гэсэн баталгаа байхгүй. Тэд намынхаа нэрээр биш гэхэд зарим нэг шударга нэр дэвшигчийнхээ хувийн рейтинг болон санал хураалтын хуйвалдаанаар парламентын гуравны хоёрыг бүрдүүлэх нь тодорхой.
Ямар ч шинэ хүчин гарч ирсэн ч хашир сонгогчдын хувьд улс төрд цоо шинэ хүчинд итгэл хүлээлгэх нь юу л бол. Харин АН, МАН-ын нэр дэвшигчид дотроос “хүний хуучин нь, дээлийн шинэ нь” гэдгээрээ уламжлалт сонголтоо хийх нь ойлгомжтой юм. 2008, 2012 оны сонгуульд өмнө нь байгаагүй олон шинэ хүмүүс сонгогдсон. 76 гишүүний 20 гаруй нь парламентад шинээр орж ирж байв. Харамсалтай нь байдал дээрдэх бүү хэл улам дордож, Монголын төрд зангараг, жудаг, эрээ цээр, ичгүүр гэж алга болсон нь гашуун ч гэсэн үнэн. УИХ-ын гишүүн юу ч хийсэн ямар ч хариуцлага хүлээдэггүй гаж тогтолцоо төрд бий болсон. Энэ нь олон улсад “Монголын гаж ардчилал” гэх шинэ нэр томъёо гаргаж ирснийг манай эрх баригчид уншсан байлгүй. Тиймээс Сонгуулийн хуулийг хэчнээн шинэчлээд ч улс төрийн намууд төлөвшиж чадахгүй бол Монголын улс төр улам бохирдох нь нэгэнт тодорхой. Сонгуулийн хуулийг шинэчилж, УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиудыг нэгдсэн хуулиар явуулах төсөл дээр УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөсөн. Уг хууль батлагдсан ч парламентад суудалтай намууд зөвшилцөж, бас л тохиролцоогоор шийдэгдэнэ.
Өмнөх шигээ холимог тогтолцоогоор явуулсан тохиолдолд жагсаалтын болон тойргийн нэр дэвшигчид 28:48 байх уу, 38:38 байх уу гэсэн тоон дээрээ л тохиролцож буйгаас биш, зарчмын том өөрчлөлт гарахг үй шинжтэй. Харин ч пропорциональ буюу намын жагсаалтаар УИХ-д ногоон гэрлээр орж ирэх амбийц АН-ынханд их байгаа нь зөвхөн энэ тоог нэмэх сонирхлоор Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж хардахад хүргэж байна. Одоогийн парламентад 28 гишүүн жагсаалтаар буюу намын рейтингээрээ УИХ-д орж ирсэн. Сонгогчид болон намаас нь ч тэдэнд тооцох хариуцлагын тогтолцоо гэж байхгүйг өнгөрсөн жил улс төрд өрнөсөн олон үйл явдлаас харсан. Улс орны хувь заяатай холбоотой шийдвэр намынх нь фракц, бүлэглэлийн толгойлогч нарынх тохиролцоогоор явдаг “гаж жишиг”- ийг намууд хуулиар өөрчлөөгүй тохиолдолд цаашид ч төрийн бодлого фракцын ашиг сонирхлоос салахгүй. Жагсаалтаар нэр дэвшигчид ч цаашид улс орон, намын биш, фракц, бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалагч кноп дарагчийн л үүрэг гүйцэтгэсээр байх юм. Тиймээс жагсаалтын гишүүд намаараа дамжин ард түмний төлөөлөл болсон ч жинхэнэ утгаараа олон нийтийн эрх ашгийг хамгаалагч болж чадахгүй. Ийм байхад Сонгуулийн нэгдсэн хуулиар холимог тогтолцоогоо үргэлжлүүлэн жагсаалтын гишүүдийнхээ тоог нэмэх нь сонгогчдод ашигтай хувилбар биш л болов уу. Мажоритар буюу тойрогт нэр дэвшин өрсөлдөх хувилбарыг зарим улстөрч “хоцрогдсон” тогтолцоо хэмээн шүүмжилж буй.
Гэхдээ энэ бол манайх шиг цөөн хүн амтай, парламентын нэг танхимтай улс орны хувьд хамгийн зөв, ард түмэнтэйгээ ойртсон хувилбар байсан юм. Харин үүнийгээ арай боловсронгуй болгож 76 тойргоо 76 мандат болгон нэр дэвшүүлбэл нэг намынхан өөр хоорондоо өрсөлдөхгүй, бас зардал мөнгө хэмнэх сайн талтай байж мэднэ. Нэг тойрогт 2-3 мандаттай болж жижгэрснээр намын гишүүд өөр хоорондоо өрсөлддөг, буруу замаар санал авах зэрэг сул тал байсан. Иймээс мажоритар, пропорционалийг сонгосон, эсвэл хольсон тохиолдолд “нэг нам-нэг нэр дэвшигч” гэсэн хувилбарыг судлаачид санал болгож буй. Сонгуулийн хамгийн зөв тогтолцоотой гэгддэг Швед улсад нэг мандаттай тойрогт тухайн нам нэг л хүн дэвшүүлдэг, хоёр мандаттай бол хоёр л хүнийг нэр дэвшүүлдэг. Тэр хүн нь зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг л таниулан сурталчилдаг. Намдаа олонхийн санал авч ялалт авчирвал тэр нэр дэвшигч нь парламентдаа сонгогддог талаар улс төр судлаач Б.Энхмандах ярьж байсан. Нам, нэр дэвшигч аль аль нь ил тод хувилбар. Энэ мэт сонгуулийн тогтолцоогоо үнэхээр шинэчилж, ил тод, шударга болго ё гэвэл бидэнд 25 жилийн хангалттай туршлага байна. Тиймээс УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн нэгдсэн хууль ард түмэнд алдсан итгэлээ эргүүлэн олж авч чадах эсэхийг улс төрийн намуудаас шалгах нь.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ