Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд 2012 онд “Минж үржүүлэн, нутагшуулах” төсөл хэрэгжүүлж Герман, ОХУ-аас 20 гаруй минж үржүүлэхээр авчирсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ ажлын явцын талаар Минж үржүүлэн, нутагшуулах төслийн нэгжийн захирал М.Энхбатаас тодрууллаа.
-Минж үржүүлгийн ажлын явц ямар байгаа вэ?
-Ажил хэвийн үргэлжилж байна. Бид МУИС-ийн эрдэмтэн, докторуудтай хамтарч ажилладаг учраас бэрхшээл бага тулгардаг. Минж бол цэвэр усыг нөөцөлдөг амьтан. Ус нөөцөлсөн газар нь загас үржиж, түүнийг нь идэх гэж шувууд усанд нүүдэллэж ирдэг учраас эерэг тал ихтэй. Эрдэмтдийн судалгаагаар 2000 минжтэй улсыг цэвэр усны нөөцтэй болсон гэж үздэг. Одоогоор манай төвийн байранд тооллогод багтсан 20 гаруй минж байна. Өнгөрсөн жил зургаан дүдэр төрсөн. Мөн 2-3 нас хүрсэн 16 минжийг Хэнтий, Тэрэлж, Туул голын бэлчирт тавьсан. Тэднээс хэдэн дүдэр төрснийг тоолж амжаагүй байна.
-Минж жилд хэдэн удаа төллөдөг вэ?
-Байгалийн зэрлэг амьтныг байранд хорьчихоор үржих чадвар нь алдагдах вий гэж айж байсан ч эхний төлөө хүлээж авлаа. Хүмүүс минжийг жилд 1-6 удаа төллөдөг гэж ойлгодог нь буруу. Хээл авсан минж нэг удаа төллөхдөө 1-6 дүдэр төрүүлдэг юм байна. Нэг настай дүдрүүд маань одоо бие даах чадвартай болж, эцэг эхээсээ тусгаарлагдсан байгаа. Жил ирэх бүр минжний төллөх тоо нь нэмэгддэг гэсэн.
-Тэрэлж, Хэнтий, Туул голын бэлчирт тавьсан минжнүүд ямаршуу байгаа вэ?
-Байгальд нутагшсан минж хүний нүдэнд бараг үзэгддэггүй учраас тоолоход хэцүү. Түүнчлэн минж хоёр нутагтан амьтан болохоор тохирох GPS олдохгүй байгаа. Ямартай ч минж маллагч маань байнгын хараа хяналтдаа байлгах гэж хичээдэг. Ер нь амьтантай ажиллаж байсан, мэргэжлийн хүмүүсээр минж маллуулах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Төр хурахад хар үнээ, булганы аж ахуй гэж байсан. Тэнд байсан мэргэжлийн хүмүүсийг олж үржүүлгийн төвдөө ажиллуулж байгаа. Мөн мэргэжлийн малын эмчтэй.
-Ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?
-Хоол тэжээлийн хувьд бэрхшээл тулгардаг. Гадаадаас авчирсан минжнүүд чихрийн манжин иддэг боловч манайд тэр нь байхгүй. Гэхдээ оронд нь алим, лууван өгч байгаа. Ер нь чихэрлэг хүнс хэрэглэдэг. Мэрэгч амьтан учраас юм мэрэхгүй бол шүд нь том болчихдог. Тиймээс үржүүлгийн байранд байгаа минжнүүдэд модны мөчир өгч мэрүүлдэг.
-Монголд минж үржүүлгийн ганц л газар байна уу?
-Минж үржүүлгийн газар манайхаас өөр байхгүй. Гэхдээ Ховдын Булган голд 300 гаруй минж бий. Одоо тэнд цэвэр усны нөөцтэй болсон ч нутгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гүүр эвдэж ус түрж орж ирлээ, минж ойр орчмын мод, мөчир идэж байна зэргээр гомдоллодог. Гэтэл усны нөөцгүй болно гэдэг гүүр эвдрэх, модгүй болохоос том асуудал шүү дээ. Өнөөдөр уух устай болохоор ирээд үйгээ боддоггүй бололтой.
-Минжний идсэн модноос олон салаа мөчир ургадаг гэж сонссон?
-Минж модыг унагаж, далан барьснаар усны түвшинг нэмэгдүүлдэг төдийгүй идсэн модны хожуулаас олон салаа мөчир ургадаг. Минж амьдарч, далан овоохойгоо барьсан газрын усанд загасны тоо толгой, төрөл зүйл нэмэгддэгийг олон улсын туршлагаас харж болно. Булган голын ойр орчимд мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсныг сүүлд олж илрүүлсэн. Гэтэл хүмүүс минжийг буруутгадаг. Минж ямар мод идэх, хааш нь унагах зэргээ нарийн тооцоолдог.
-Минж эндэх тохиолдол гарсан уу?
-Бүлээрээ амьдардаг учраас өөрийнх нь бүлийн минж байхгүй бол стресст орж үхдэг. Юу ч идэхгүй, ганцаардсаар байгаад эндсэн тохиолдол бий. Гэхдээ ОХУ, Германы хоёр өөр бүлийн минж хоорондоо үржилд орсон ч тохиолдол байна. Зарим нь дасахгүй байгаа юм.
Э.НЯМ