Шүүх, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд одоогоос гурван жилийн өмнө баталсан Шүүхийн тухай хуулийг “мэндэлсэн” цагаас нь элдэв шүүмжлэл дагаж, бүр зарим заалтыг нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгоод буй. Тэгвэл өчигдөр мөн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэв. Тодруулбал, Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн дөрөв дэх заалтад Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй болон 51 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Дээд шүүх ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэхийг заасан байдаг. Харин 2012 оны баталсан Шүүхийн тухай хуулийн 17.3.1 дэх заалтад Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж байхаар хуульчилсан нь “эцэг” хуулийн дээрх заалтыг зөрчиж байна хэмээн иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар үзэж Цэцэд хандсан нь энэ.
Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхийг төлөөлөх эрхийг аль нэг танхимын таван шүүгч эдлэхгүй, хуулийн албан ёсны тайлбарыг нийт шүүгч гаргах нь Үндсэн хуульд нийцнэ гэж үзсэн аж. Тус хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа болон гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, П.Очирбат, Д.Солонго нар оролцлоо. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүн хүрэлцэн иржээ. Иргэдээс мэдээлэл гаргаснаас хойш бараг хагас жилийн дараа уг асуудлыг хэлэлцэж буй нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой аж. Учир нь УИХ-аас эл асуудлаар байгуулсан, О.Баасанхүү ахлагчтай Ажлын хэсэг тодорхойгүй байдал бий болгож, таг чиг алга болсон юм байна. Ийм явдал Цэцийн түүхэнд үгүй гэнэ. Хуралдааны үеэр иргэн О.Баясгалан “Дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргаж байгаа нь хэрэг маргаан, хүндрэл бэрхшээл учрахаас сэргийлж, иргэддээ хуулиа биелүүлэх боломж, нэг ойлголт төрүүлэх зорилготой.
Учир нь Дээд шүүхийн шийдвэр, тайлбар тус тусдаа эрх зүйн акт болох нь Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн хоёр дахь заалтаас харагддаг. Эдгээрийг тус тусад нь хуульчлах ёстой атал дээрх хуульд нэг ойлголт болгож оруулсан аж. Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэдэг байгууллага төдийгүй үндэсний онцлогийг харгалзах шаардлагатай гэдгийг УИХ анзаараагүй. Нөгөө талаас танхимын таван шүүгчийн шийдвэрийг засах боломжгүй болчихоод байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар Монгол Улсын ерөнхий шүүгч л хариуцагчаар дуудагддаг. Энэ нь ерөнхий шүүгч хуульд харшилсан шийдвэрийг давхар хянах эрх, үүрэгтэйг нь илэрхийлж байгаа хэрэг” гэж нэмж тайлбарласан. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шүүх маргаан гараагүй байхад ямар ч хяналтгүйгээр хууль тайлбарлах нэрээр хэм хэмжээ тогтоож байгаа хэрэг.
Нөгөө талаас анхан шатны шүүхэд ирээгүй маргааныг Дээд шүүх урьдчилан тайлбарлах нь доод шатны шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна гэж үздэг. Хамгийн чухал нь Дээд шүүхийн тайлбар шүүхийн хүрээнд л байхаас бус, гадагш чиглэсэн байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тайлбар зөвхөн хэрэглээнийх байх ёстой. Энэ ялгааг гаргахгүйгээр Дээд шүүхийн тайлбарыг хэт өргөн хүрээнд авч үзвэл Ром, Германы эрх зүйн тогтолцоо битгий хэл шүүх эрх мэдэл гээч зүйл нь үндсэн суурь зарчимтайгаа зөрчилдөнө” гэхчилэн хуулиа хамгааллаа. Хуралдаанаас зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэв.
Мөн “шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломж бүрдүүлсэн байна” дүгнэлтдээ дурдсан байна. Тиймээс дээрх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж, өчигдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Б.НОМИН