АНУ-ын сэтгүүл зүйн салбар дахь хамгийн нэр хүндтэй шагналын нэг, Лонг Айлендийн их сургуулиас жил бүр олгодог Жорж Полкийн нэрэмжит шагналын эздийг өнгөрсөн сарын сүүлчээр тодруулахад сэтгүүлч Жеймс Веринигийн уг нийтлэл Сэтгүүлийн шилдэг сурвалжлага төрөлд шалгарчээ. 2014 оны гуравдугаар сард “National Geographic” сэтгүүлд нийтлэгдсэн оны шилдэг сурвалжлагыг товчлон хүргэж байна.
Бүгд найрамдах ардчилсан Конго улсын зүүн хязгаарт 20 мянган жилийн тэртээх Шинэ төрмөлийн эринд үүсэн бүрэлдсэн, тэр үеийн өнгө төрх нь бараг өөрчлөгдөөгүй гэмээр Ньирагонго хэмээх галт уул байх. Нутгийнхан уулын тогоон дотор хорлон сүйтгэгч хийгээд гэм нүгэлтнүүдийн сүнс нуугддаг гэдэгт итгэдэг. Тогоон доторх атгаг муу санаатнууд өөр зуураа толхилцож эхлэхэд газар дэлхий шилгээдэг гэх. Ньирагонгог 1894 онд дэлбэрэхэд нутгийнхан түүнийг “дээрээс” өгсөн ямар нэг тэмдэг дохио хэмээн хүлээн авч, тухайн үед газар орныг нь захирч байсан Бельгийн II Леопольд хааны эсрэг тэмцэж байв.
Харин 1977 онд аймшигт дарангуйлагч Мобуту Сэси Сэког засгийн эрхэнд байх үед дэлбэрэхэд нь уулын хормойд байх Гома суурингийнхан “Тэнгэр гэсгээлээ” гэж халаглацгаахаас өөр юу ч хийж хүчрээгүй байна. Мобуту босогчдын шахалтад орж суудлаа орхин, удалг үй алагдсанаас жилийн дараа буюу 2002 онд Ньирагонго дахин тэсэрчээ. Тэгэхэд Гомагийн гуравны нэг хэсэг нь халуун лавад хучигдан, барилга байшингууд нь хормын дотор балгас болон хувирч байлаа. Нутаг орныг нь эзлэн эрхшээсэн энэ л уулынхаа сүр бараанд дарагдан галт уулын уушгин чулуун хөрсөн дээр гомачууд өнөө ч үхэл, амьдралын заагт амьдарч байна. Үнсэн саарал уушгин чулуу хотын баруун хойд захад байх Мугунга хэмээх дүрвэгсдийн хуаран хавьд хамгийн их тааралдана. Эндхийн зэгэл саарал, хир буртагтай мэт дэвсгэр бараан өнгөн дээр цагаан асар майхнууд гойд ялгарч үзэгдэх нь НҮБ-ын тусламжийн төвийнх. 2013 оны аравдугаар сарын нэгэн бороотой өглөө энд НҮБ-ын төлөөлөгчид нутгийн иргэдтэй уулзсан юм.
Иргэд гэж, үнэн хэрэгтээ дайн дажны аль л хүнд хэцүүг үүрч, үрэгдэгсдийн ард хоцрох хамгийн бэрх зовлонг амсдаг эмэгтэйчүүд голдуу цуглараад байлаа. “Бидэнд идэх юм алга. Хүүхдүүд маань өлбөрч байна”, “Цагаан арьстанууд ирээд юу ч өөрчлөгдсөнгүй. Сүүлд хэдэн цэрэг ирэхэд манай хуаранг бөмбөгдчихсөн” гэх зэргээр тэд ам уралдан ярина. Гэтэл нэг эмэгтэй НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэрийн өмнө сөхөрч унаад хоолой зангируулан байж “Та минь, аварч хайрла. Бид тайван сайхан амьдармаар байна. Гаднаас цэрэг ирээд ямар ч нэмэр алга. Нэг хуарангаас нөгөө рүү туугдах болгонд биднийг цэргүүд хүчинддэг. Бид хаачих юм бэ” гэж орь дуу тавилаа. Эмэгтэйг тайвширч, суудалдаа суусны дараа уулзалт эхлэв. Хүүхэд шиг итгэмтгий төрхтэй нутгийн эмэгтэйчүүд төлөөлөгчдийг өөрсдийгөө танилцуулах бүрт алга ташина. Харин хоол хүнс, хувцас хунар, орох орон, ажлын байраар дутагдаж байгаа хэр нь тэд өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг ярих болоход жигтэйхэн улстөржив. Бүгд хөрш зэргэлдээ Руандагийн эрх баригчдыг нутагт нь үүссэн үймээн самуунд буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардлаа.
Мөн гаднынхантай нийлж, зэвсэгт босогчдыг тэтгэдэг Султани Макенга гэх этгээдийг баривчлахыг шаардан, босогчид ч бай, руандачууд ч бай, ер захиргаа замбараагүй хэн ч Конгын газар нутгаас булаах ёсгүй гэлцэнэ. Ганц хувцсаа 5-6 жил өмсөж байна гэж гомдоллох хэрнээ Конгын иргэдийн байр байдал хаа ч иймэрхүү. Тус улс бүхэл бүтэн үе буюу хүн төрж, өсөөд, нас биед хүрэх хугацаанд дайн дажинтай байна. Мобутуг 1997 онд засгийн эрхээс бууснаас хойш Конгын 4-6 сая иргэн дайн самууны шууд болон шууд бус нөлөөллөөр амь үрэгдсэн гэдэг. Энэ тооцоо зөв бол дэлхийн II дайнаас хойших хамгийн их цус асгаруулсан зэвсэгт тэмцэл тус улсад болж байна гэсэн үг. Дайн дажны хөлд хамгийн их сүйдсэн нь нутгийн умард хэсэгт орших, дээрх Гома суурин байх Хойд Киву болон тус мужийн “охин” муж Өмнөд Киву юм. Нийлүүлбэл Афганистаны газар нутагтай тэнцэх хэмжээтэй эдгээр мужийн нутаг дэвсгэр бүр Руандагийн иргэний дайны үеэс хойш хууль журам гэх юмгүй, хөгжил гэх үгийг дурдаад ч хэрэггүй газар болжээ. Дайн, зөрчил гэх үгсээр Конгын нөхцөл байдлыг илэрхийлдэг ч угтаа эдгээр нь үнэнд үл нийцнэ. Хүчирхийлэл, өлсгөлөн, гуйланчлал, авлига, гаднынхны түрэмгийлэл хийгээд хөл, толгойгоо алдсан бүхэн нь хэн нэгний өдөөсөн самуун гэхээсээ илүү нийгмийн задрал, ялзрал хэмээх аварга том галт уулын халуун лава гэлтэй.
Мөнөөх лавыг манай, танай хэмээн ялгах аргагүй учир Конгын бууран доройтлыг ужиг өвчинтэй зүйрлэж болох юм. Жерард Пруни хэмээх түүхчийн тун онож хэлснээр Баруун Европтой дүйх өргөн уудам газар нутагтай Конго орон дэлхийн хамгийн том “хагарч өгдөггүй цэврүү”, “Африкийн зүрхэн дэх аньдаггүй шарх” болжээ. Зэвсэгт бүлгүүд өдгөө мөнөөх ужиг өвчний хамгийн муухай “шинж тэмдэг” болоод байна. Зүүн Конгыг гэхэд л 25 өөр зэвсэгт хөдөлгөөн захирдаг гэх. НҮБ-ын хамгийн сүүлийн судалгаагаар M23 гэх бүлэглэл тэдгээрээс хамгийн хүчирхэг нь бөгөөд Гомагийн иргэдийн үзэн ядаад байгаа Султани Макенга гэгч удирдагч нь юм. Тэрбээр ашигт малтмал зөөвөрлөх, иргэдийг сүрдүүлж мөнгө салгах, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх зэргээр мөнгө олж, босогчдоо санхүүжүүлсээр иржээ. Гэхдээ эгэл жирийн конгочуудын олонх нь тэдний ардах, Леопольд хаан болоод Мобутутай эн зэрэгцэх том хүчнүүдээс хамгийн их айж түгшдэг. Тэдгээр хүчний хамгийн аймшигтай нь саяхныг хүртэл Руандагийн босогчид байсан бол өөр нэг хүч тэдний байрыг эзлээд байгаа нь НҮБ юм. Тус байгууллагын энхийг сахиулагчид дайтах учиртай хүмүүсээсээ ялгарахааргүй болсон гэж нутгийнхан ярьдаг.
Тэдний хүчиндсэн эмэгтэй, хөнөөс өн хүүхэд, хөгшид, тонон дээрэмдсэн хот тосгод зэвсэгт босогчдынхтой ойролцоо байна уу гэхээс дутахг үй. Энэ нь тун ч хоржоонтой үзэгдэл юм. Учир нь олонх конгочуудын мэддэг, итгэдэг ганц “засаг төр” нь НҮБ байсаар ирсэн. Тус байгууллагын элч төлөөлөгчид л энд хууль, эрх мэдлийн илэрхийлэл болдог. Энхийг сахиулагчид хагас зуун жилийн өмнөх Конгын иргэний дайны үеэр анх тус улсад хөл тавьжээ. Тус улс дахь НҮБ-ын энхийг сахиулах одоогийн ажиллагаа буюу MONUSCO (БНАКУ дахь НҮБ-ын Байдлыг тогтворжуулах хөтөлбөр) нь тус байгууллагын хамгийн том ажиллагаа (дэлхийн дөрвөн энхийг сахиулагч тутмын нэг нь Конгод алба хааж байна) төдийгүй, жилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулдаг хамгийн өртөгтэй хөтөлбөр нь юм. Гэхдээ уг ажиллагаа 1999 онд эхэлснээс хойш Конгын байдал дээрдсэн үү гэвэл үгүй. Аллага, хүчирхийлэл, цөхөрч гүйцсэн дүрвэгсдийн цуваа бүр ч нэмэгджээ. “НҮБ-ынхан биднийг хамгаалах гэж ирээгүй.
Харин биднээр зугаагаа гаргах гэж ирсэн” гэж нутгийнхан ярина. Гэхдээ энэ хандлага 2012 оны өвөл энхийг сахиулагчид M23-ыг бүсэлж, тус хөдөлгөөнийг албан ёсоор зэвсгээ хаясны дараа бага ч гэсэн өөрчлөгдсөн байна. Энэ хүртэл энхийг сахиулагчид босогчдоос хот сууринг хамгаалдаг байсан ч тэдний эсрэг давшиж, тэднийг бүсэлж, олноор нь хороох, өөрөөр хэлбэл дайн өдөөх эрхг үй байлаа. M23 зэвсгээ хаясан нь зүүн Конгоос хэдэн жилдээ дуулдаагүй сайн мэдээ юм. “Сахин хамгаалаад байх энхтайван гээч юмгүй Конго шиг улсад 26 мянган цэрэг юуны учир дэлхийн өнцөг булан бүрээс ирж алба хааж буйг энэ явдал дэлхий нийтэд ойлгуулах шиг боллоо” гэж MONUSCO-гийн шинэ командлагч Мартин Коблерийн хэлсэн нь үнэний ортой. Чухам яах гэж Конгод энхийг сахиулагч илгээдгийг, зарим тохиолдолд яагаад илгээгээг үйг дэлхий нийт олон жил ойлгоогүй, мэдээгүй. Түүх сөхвөл Бүгд найрамдах ардчилсан Конго улсын анхны сонгууль 1960 оны тавдугаар сард болоход тус орон Африк тивийн гурав дахь том улс төдийгүй, хамгийн аж үйлдвэржсэн, хөгжингүй орнуудынх нь нэг байв. Харин англи, францчуудаас ялгаатай нь тус нутгийг захирч байсан бельгич үүд Конгын иргэдэд төр засгаа эмхлэх, улс орон удирдах талаар зааж, зааварласан нь үгүй.
Сонгууль болсноос ердөө хоёр сарын дараа Конгын хамгийн чинээлэг муж болох Катанга Бельгийн Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр тусгаар тогтнохыг оролдсоноор конгочууд бие биеийнхээ эсрэг босчээ. Тэгэхэд Конгын анхны Ерөнхий сайд Патрис Лумумба НҮБ, түүний тэргүүн Даг Хаммаршёлдоос тусламж хүссэн байна. Хаммаршёлд өнөө цагт хэний ч санаанд багтамгүй хурдтай ажиллаж, 1960 оны долдугаар сарын 14 гэхэд Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, Бельгийг Конгоос цэргээ татахыг шаардсан байдаг. Харин дөрөвхөн өдрийн дараа 3500 энхийг сахиулагч Конгын нутагт очоод байлаа. Тэр үед энхийг сахиулагчдыг командалж байсан түүхч, НҮБ-ын тусгай төлөөлөгч Брайан Уркухартын дурссанаар түүнийг хошуулдаж нугалсан НҮБын далбааг барин буухад Конгын нэгэн албаны хүн “НҮБ гэнэ ээ? Хаанахын аймаг билээ?” гэж асууж байсан гэдэг. Иргэний дайнаас сэрэмжилсэн Хаммаршёлдын төлөвлөгөө анхандаа амжилттай мэт байсан ч НҮБ-ын цэргүүдийг командлах эрхийг Лумумбад өгөхөөс татгалзсаных нь дараагаас эхлэн “империалист” нэр зүүжээ.
Удалгүй Лумумба босогчдын гарт алагдаж, НҮБ-ын гишүүн орнууд Конгоос цэргээ татаж эхэлснээр Хаммаршёлдын эмээж байсан дайн самуун гаарав. Тэрбээр өөрөө байдлыг намжаахаар, Катангагийн захирагчтай биечлэн уулзахаар явах замдаа онгоцны ослоор (хожим аллага байсан гэж үзсэн) мөн амь үрэгдсэн нь Конгод алба хааж байсан 20 мянга орчим энхийг сахиулагчийг эхэлсэн ажлаа дуусгалгүй орхиход хүргэсэн байна. Ингээд эв эегүй конго дайчид хожмоо дарангуйлагч болсон Мобутугийн далбаан дор нэгдэж, улс орноо түйвээсэн түүхтэй. Хаммаршёлдын орыг залгамжилсан У Тан НҮБ Конгыг хяналтаасаа алдсан гэдгийг хүлээж “Бид Конго болоод өөр ямар ч орныг дотоодын самуунаас хамгаалж чадахгүй” гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ Конгын хэрэг явдал НҮБ-ыг сүйрүүлэх шахсаныг У Тан хэлж зүрхлээгүй юм.
Оронд нь Африк руу энхийг сахиулагч илгээхээс түдгэлзэж, энэ нь дараах 25 жилд нь бичигдээгүй хууль болон хэрэгжжээ. Сомалийн өлсгөлөн, Руандагийн геноцидийн үеэр барууны орнууд гар хумхин суусанд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа ер хаа ч үргэлж хожимдож эхэлдэгт чухам энэ явдал бүрэн дүүрэн биш ч, зарим талаар тайлбар болж чадна. Аймаглан устгах ажиллагаанд гар бие оролцсон хутучуудын зарим нь Руандагийн их хядлагын дараа Конго руу зугтаж, хожмын олон зэвсэгт тэмцэлд гар, хөл болсон нь ч тэгэхээр барууныхны буруу. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зөвхөн өөрсдөд нь ашигтай, сонирхлыг нь татах улсуудад л үйлчилж ирсэн. Үргэлж ийм байдаггүй ч Африкийн хувьд л лав үүнтэй маргах хүн гарахг үй. Америк, англичууд “Аль-Шабаб”-аас айсандаа Сомалид санаа тавьдаг бол Америкийн хууль, шашны байгууллагуудын хамтын ажиллагааны дүнд Вашингтон Өмнөд Судантай холбоотой байдаг.
Франц гэхэд л бизнесийн ирээдүйгээ харж Малитай нөхөрлөх жишээтэй. Хятад, Америк, Орос ч, Европын холбоо, бүр Африкийн холбоо ч он удаан үргэлжилж байгаа Конгын будилаантай хутгалдахыг хүсдэггүй. Африкийн холбооны нэгэн дипломат ажилтны хэлснээр Конго бол их гүрн үүдийн ашиг сонирхлын зааг дахь ангархайд унаж, хүнд бэртсэн хохирогч юм. Харин түүнийг аврах эхний ажиллагаа нь энхийг сахиулагчдыг зэвсэгт босогчдын эсрэг дайтахыг зөвшөөрсөн НҮБ-ын 2098 тоот захирамж, түүний дүнд M23-ыг дарсан явдал байлаа. Энхийг тогтоохын тулд дайн өдөөх нь ганц удаа зөвдсөн нь энэ. Хэдий бартаатай, хэдий их цус асгаруулсан ч бай сахин хамгаалахын үнэд хүрэх энхтайван гээчид хүрэх урт замын эхлэл энэ байх болтугай.
Г.ЛХАГВА