“Аз жаргал бол намайг гэх гэр бүл” хэмээх түүнийг С.Одонхүү гэдэг. Тэрбээр Монголын үндэсний их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын Залуучуудын төвд амьдардаг. Өмнө нь асрамж, халамжийн төвийн 18 нас хүрсэн залуусыг “Насанд хүрлээ. Бие дааж амьдар” гээд төр маань хаядаг байсан. Очих газаргүй, аав, ээжгүй, биеэ дааж амьдрах чадваргүй тэд хэн ч биш болдог байж. Тэднийг нийгэмшүүлэх ийм төв байгуулах асуудал олон жилийн өмнө яригдсан ч ажил хэрэг болсон нь 2013 оны гуравдугаар сарын 1. Энэ л өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Залуучуудын төв нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Амгалангийн эцсийн буудалд байх өнөр өтгөн энэ айлыг тэр хавийнхан андахгүй. Залуус сургууль, ажилдаа яваад цөөн хэд нь л байв. Энд өдгөө асрамж, халамжийн төвүүдээс ирсэн 18-21 насны 42 залуу амьдарч байгаа бөгөөд гурван залуу БНХАУ-д тэтгэлгээр суралцаж буй аж. Залуусын 17 нь бүтэн, найм нь хагас өнчин бол 11-ийнх нь эцэг, эх амьд, эсэхийг хэн ч мэдэхгүй. Зөвхөн нэрийг нь л гадарлах төдий, аав, ээжийгээ мэддэг гэсэн. Гэхдээ залуусын хэн нь ч гэлээ амьдралд шантарч, сөхрөөгүй. Яг л С.Одонхүү шиг гэр бүлтэй болж, өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй болж, үр хүүхдэдээ өөрийнхөө зовлонг мэдрүүлэлгүй, амсаагүй жаргалаа амсуулахыг хүсдэг. Залуучуудын төвийг анх байгуулсан зорилго нь асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, төрөөс анхаарах шаардлагатай, очих газаргүй, оочих аягагүй залуусыг түр хугацаагаар байлгаж, мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучлан, ажилтай, орлоготой болгож, бие даалган, амьдралд бэлтгэх байсан.

Гэтэл өдгөө 45 залуусын 25 нь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д, долоо нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж, тус төвийн зорилго анхныхаасаа бага зэрэг “хазайжээ”. Хэдий хагас, бүтэн өнчин, амьдралын хатуу хөтүүг туулж яваа ч тэд зөвхөн мэргэжлийн сургалтад хамрагдахыг чухалчлалгүй, мэргэжилтэй, боловсролтой болохыг эрмэлзэх болж. Гэтэл бүтэн өнчин хүүхдүүдийн л сургалтын төлбөрийг Төрийн сангаас төлдөг аж. Харин бусад нь сурахад хүндрэлтэй, төсөвт тэднийг сургах хөрөнгө суудаггүй. Эцэг, эх нь сураггүй залуус бүтэн өнчнөөс ялгаагүй боловч тэднийг нас барсан гэдгийг баталж чадахг үй учраас Төрийн сангийн дэмжлэг авах боломжгүй. Залуучуудын төвийн хамгийн том тулгамдсан асуудал бол энэ. Анхны жилээ оюутнуудынхаа төлбөр болох 9.8 сая төгрөгийг олох гэж бараг л толгойтой бүхнийг гуйж байсан бол дараа жил нь туршлагажиж, үйл ажиллагаа нь ч тогтворжиж, залуусаа зуны гурван сард түр болон байнгын ажилд зуучлах болжээ. Ингэснээр 2014 оны байдлаар залуус 12 сая гаруй төгрөг олж, үүнийхээ есөн саяыг сургалтын төлбөр, хэрэгцээндээ зарцуулж, үлдсэнийг нь банкинд хадгалуулсан байна. Өдгөө зургаан залуу байнгын ажилтай болжээ. Тэд “Соёмбо” хэвлэлийн компанид эх бэлтгэгч, “Батбайгаль” тортны үйлдвэрт туслах, “Түмэн” плазад тогооч зэрэг ажил хийдэг гэсэн. Харин 32 залууг хөдөлмөр зууч нь байнга түр болон цагийн ажилд зуучилдаг ч сүүлийн үед ажлын олдоц багасчээ. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй, оюуны, төрөх үйлийн эмгэгтэй зургаан залуу бий. 21 нас хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй залуусыг яах вэ гэдэг нь сургалтын төлбөрийн дараа орох том бэрхшээл.
Залуучуудын төв сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн товчоо, насан туршийн боловсролын төв, МСҮТ-ийн жижиг хувилбар гэлтэй байв. Учир нь сэтгэл зүйч залууст зөвлөгөө өгч, нийгмийн ажилтнууд нийгэмших, төлөвших, бие даахад нь тусалж, хөдөлмөр зууч ажлын байранд зуучилж, мөн мэргэжлийн сургалтад хамруулдаг. Залуучуудын төвийн эрхлэгч Т.Бадамханд “Анх асрамж халамжийн төвөөс ирсэн хүүхдүүд хөдөлмөрийн амт шимт, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, ажил хийх хүн олддоггүй байлаа. Одоо бол мэддэг болсон. Бид таван мэргэжлийн сургалт явуулдаг байсан ч өдгөө барилгын өргөн мэргэжил, мужааны сургалт л явуулж байна. Зочид буудал, гэр бүл асаргаа, гутал засварын сургалт түр хугацаагаар хичээллэхгүй байгаа. Учир нь нийт залуусын 80 хувь нь оюутан, сурагч учраас сургалтад тэр бүр хамрагдах боломжгүй байдаг. Зарим хүүхдүүд хэд хэдэн сургалтад хамрагдчихсан, их, дээд сургууль шиг байнгын элсэгчгүй учраас зарим сургалтыг зогсоох шаардлагатай болдог. Түүнчлэн хүүхдүүдийн сонирхож байгаа чиглэлээр нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч сургалт явуулдаг. Цаашид гадаад харилцаагаа тэлж, Германд хүүхдүүдээ сургахаар төлөвлөж байна. Бид БНХАУ-д сурч байгаа хүүхдүүдийнхээ амьдрал ахуйтай өнгөрсөн арваннэгдүгээр сард очиж танилцаад, сургуулийнх нь удирдлагатай уулзаад ирсэн” гэв.
Залуус барилгын туслахын ажил өндөр цалинтай учраас барилгын өргөн мэргэжлийн сургалтад хамрагдах дуртай, хамгийн олон элсэгчтэй нь гэсэн. Мэргэжлийн сургалтуудын 20 хувь нь онол, 80 хувь нь дадлага байдгаараа онцлогтой. Барилгын өргөн мэргэжлийн сургалтаар залуус цогцолборынхоо хэмжээнд урсгал засвар хийж, дулаарахаар барилгын компаниудтай гэрээ байгуулж, дадлага хийдэг аж. Түүнчлэн Соёлын танхимынхаа ханын цаасыг наажээ. Гал тогооны өрөөнүүдээ будахаар ханын цаасыг нь хуулсан байв. Харин мужааны сургалтаар эвдэрсэн тавилгаа засаж, бэлэг дурсгалын зүйл, шатар даам, сандал, буйдан хийдэг. Барилгын өргөн мэргэжлийн багш Ч.Дандраабал “Гурван удаагийн сургалтаар 27 хүүхэд төгсгөсөн. Сургалтын хугацаа гурван сар, нийт 390 цагийн хичээл үздэг. Үүнээс 78 цаг нь онол, 312 нь дадлага. Одоо найман хүүхэд сургалтад хамрагдаж байна. Хөдөлмөр хамгааллаа сахиж, осол гарахаас сэргийлж хүүхдүүдтэйгээ хамт дадлагад гардаг” гэв. Залуус хоёр өрөө бүхий амьдрах өрөөнд дөрөв дөрвөөрөө амьдардаг. Өрөө нь дотроо гал тогоо, ариун цэврийн өрөөтэй. Мөн телевизор, цахилгаан зуух, хөргөгчтэй. Өөрсдөө хоолоо хийдэг. Хоолны материалыг нь норм стандартын дагуу долоо хоногоор нь өгдөг юм билээ. Залуус махаа хөргөгчинд өдөр өдрийнхөөр нь хуваан тавьсан байв. Мөн тэд өөрсдөө талх барьдаг аж.

Тэднийг бие даалгах үүднээс жижүүр багш төв дээр хонодог байсныг өнгөрсөн нэгдүгээр сараас болиулж, 08.30-20.30 цаг хүртэл л жижүүрлэдэг болгосон байна. Харин залуучуудын зөвлөл нь хариуцлагатай жижүүрээ дотроосоо томилдог болж. Зөвлөл таван гишүүнтэй. Зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд л камертай. Өдрийн цагаар залуус чөлөөтэй орж гарах боломжтой. Харин өөр газар хонох бол шалтгаанаа багшдаа хэлж, чөлөө авна. Цэвэрлэгээгээ хуваарь гарган гурав гурваараа хийдэг. Залуучуудын төв спортын заал, фитнессийн өрөө, интернэт танхим, номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, соёлын танхим, амьдрах өрөөнүүдээс бүрддэг. “Асралт” төрийн бус байгууллага хонгилд нь хаалт хийж, тавилга тавьж, номын санг тохижуулж өгчээ. Харин интернэт танхим 15 компьютертэй. Нэг компьютерийг гурав гурваараа ээлжлэн, 16.00-20.30 цагийн хооронд ашигладаг. Соёлын танхим нь гэрийн театр, өсгөгч, хөгжим, бүр дисконы гэрэлтэй. Соёл хүмүүжил, нийтийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг энд зохион байгуулахаас гадна баасан гариг бүр дискотой. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д сурч байгаа залуусаас нэг нь ч сургуулиа хаяж байгаагүй.
Англиар сайн ярьдаг гурван хүн бий. Тэдний нэг М.Мөнхжин хичээлийнхээ хажуугаар цагаар солонгос хэлний хичээл заадаг. Түүнтэй уулзахаар очиход англи хэлээр ном уншаад сууж байв. Тэрбээр “Би Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 10 дахь жилдээ амьдарч байна. Энд ирээд хоёр жил болсон. Англи хэлээ сайжруулахын тулд ном уншиж, англи хэлээр кино үздэг. Мэргэжлийн хичээлээ сайн судалж, хэлээ сайжруулан тэтгэлгээр гадаадад сурна. Би хичээлийнхээ хажуугаар янз бүрийн ажил хийж үзсэн. Цагийн хөлс 2000-2500 төгрөг байдаг. Хөдөлмөр зууч маань гэрээ байгуулдаг учраас асуудал гарах нь бага” гэв. Залуус 21 нас хүрэхээрээ хүссэн хүсээгүй эндээс явна. 2014 онд л гэхэд 12 залуу 21 нас хүрээд гарчээ. 18 нас хүрэхээсээ өмнө бүтэн өнчин болсон залууст орон гэртэй болоход нь нэг удаагийн тусламж гэж төр өөс 1.2 сая төгрөг олгодог байна.
Энэ мөнгө болон нийгмийн халамжийн бусад үйлчилгээг авахад нь тусалж, Хүний хөгжил сан, хүүхдийн мөнгө, ажил хийж хуримтлуулсан мөнгийг нь өгөөд тэднийг Залуучуудын төвөөс явуулдаг. Гэхдээ байнгын холбоотой байдаг гэнэ. Эндээс явсан залуус хаана, юу хийж яваагаа багшдаа байнга мэдэгдэнэ. Бас заримдаа найзуудтайгаа уулзах гэж ирдэг гэсэн. Тэдний зарим нь хөдөө амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн газар ажилладаг бол нөгөө хэсэг нь Улаанбаатарт хажуу өрөө, гэр хөлслөн амьдардаг аж. Тус төвөөс нэг хос төржээ. Энэ жил 21 нас хүрээд тус төвөөс явах нэг охин, дөрв өн банди бий. Тэдний сэтгэл зүйг одооноос бэлтгээд эхэлжээ. Тэд ч цаашид хэрхэн амьдрахаа хэдийнэ төлөвл өчихсөн. С.Одонхүү л гэхэд “Өөрийнх өө амьдралыг авч явахад бид суралцаж байна. Энд сайхан байгаа ч, үүнээс илүү сайхнаар ирээдүйгээ төсөөлдөг” гэсэн юм.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ