Монгол Улс дэлхий даяар уламжлалт хэлбэрт тооцогддог “Эв санааны нэгдлийн тогтолцоо”-ны дагуу Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж, нийт даатгуулагчдын хуримтлалаар тэтгэвэр олгодог. Яг ийм тогтолцоогоор манай улсын хэмжээнд нийт 435.000 иргэн Нийгмийн даатгалын сангаас шууд хамааралтай аж төрж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь төвлөрсөн төсөвт нийгэмд төсвөөс цалинжиж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд байгаа юм. Түүнчлэн 1990-2000 онд ажил хөдөлмөр эрхэлсэн ч нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй 483.800 иргэний тэтгэврийг төр хариуцаж эхлээд байна. Тэтгэврийн тогтолцоогоороо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Голланд улсад иргэд нь насаараа төлсөн татварынхаа дунджилсан дүнгийн 70 хувийг тэтгэврийн сангаас авдаг. Мөн тэтгэврийн тогтолцоо нь манайхтай ойролцоо ОХУ-д ердөө таван жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох жишээний. Гэтэл Монголд 20-оос доошгүй жил нийгмийн даатгал төлсөн нөхцөлд хуримтлалынхаа 45 хувийг, 20-иос дээш жил төлсөн бол жил тутам 1.5 хувийн нэмэгдэл авдаг.
Тэтгэврийн систем өндөр хөгжсөн хөгжингүй орнуудад иргэд тэтгэврийн насанд хүрэхээс өмнө хэмжээг нь өөрсдөө тогтоохын зэрэгцээ тэтгэврийн хуримтлалаа өсгөж үржүүлэх боломж нөөцөө ашигладаг бол манай оронд иргэдийнхээ тэтгэврийн хэмжээг төр тогтоож өгдөг. Өндөр хөгжилтэй орнуудын төр иргэдээ аль болох хувийн тэтгэврийн санд хамруулан, тэтгэврийн хуримтлалаа өсгөх боломж бүрдүүлж өгдөг. Төрийн тэтгэвэр тэтгэмжээс аль болох бага хамааралтай байлгахыг зорьж, бүр зарим тохиолдолд урамшуулал олгохоос эхлүүлээд, иргэн бүр заавал хувийн тэтгэврийн тогтолцоонд эртнээс бүртг үүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлж эхлээд буй. Харин манай улсад хувийн тэтгэврийн даатгалын талаар хууль байдаггүй. Олонх нь нийгмийн даатгалын албан журмын даатгалд даатгуулдаг. Дээрх хөгжингүй орнуудад тэтгэврээ хангалттай хуримтлуулах боломж бололцоо байгааг үй эмзэг бүлгийн иргэд л нийгмийн халамж хэлбэрээр тэтгэвэр авдаг аж. Мөн иргэд нь тэтгэврийн хуримтлалаа өөрийн хүссэн хэмжээгээр тогтоож, тэрхүү хуримтлалаа хэрхэн ашиглахаа өөрсдөө шийдэх эрх чөлөөг эдэлдэг байна.
ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг саяхан Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу 10 хувиар нэмлээ. Ингэснээр тэтгэвэр авагчид дунджаар 283.000 төгрөгийн тэтгэвэр авдаг болсон. Энэ нь тэтгэвэр авагчийн нэг өдрийн орлого 9.400 төгрөг байна гэсэн үг юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шоронд хоригдогсдын өдрийн хоолны зардал л ийм хэмжээтэй байдаг аж. Сард ердөө ийм хэмжээний тэтгэвэр авч амьдралаа залгуулдаг, хань ижлээ хорвоогийн мөнх бусаар алдсан ганц бие ахмад настан, хүн бүл цөөхүүлээ, ар гэрийн дэмжлэг хүрэлцдэггүй ахмад настнуудын хувьд амьдралын баталгаа тийм ч сайнгүй байгаа нь ойлгомжтой. Монголчуудын дунд ахмад, өтөл насны хангалуун амьдралын баталгаа нь тэтгэврийн орлого гэхээсээ илүү үр хүүхдүүдийнхээ сайн сайхан аж амьдралд найдсан итгэл байдаг нь нууц биш. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдсан гэх судалгааг ч улстөрчид ярьж, ам уралдуулсан нь саяхан. Энэ нь насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн ахмадуудад тэтгэврийн орлого нь хангалуун амьдрахад хангалттай биш байгаагийн том илрэл бөгөөд дэлхийн хаана ч ийм дүр зураг байхгүй гэхэд хилсдэхгүй.
ӨГӨӨЖ НЬ ҮЛ ХЭМЖИГДЭХ НИЙГМИЙН ДААТГАЛ
Ямар ч судлаач хүний нүдээр ажихад нийгмийн даатгалын сангийн орлого байнга өсөхгүй нь тодорхой. Ялангуяа одоо ид ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн төлсөн шимтгэлийн орлогоор өмнөх үеийнхэндээ тэтгэвэр олгож буй өнөөгийн нийгмийн халамжийн нөхцөл цаашид сайжирч, тэтгэвэр тэтгэмжийн сангийн орлого нэмэгдэн, инфляцтай уялдсан хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох баталгаа үнэндээ байхгүй байна. Нийгмийн даатгалын сан нь төрөөс хамааралгүй бие даасан байдал, хариуцлагын тогтолцоог төдийлөн сайн нэвтрүүлээгүй, даатгалын шимтгэлд ажилтай орлоготой иргэн бүрийг хамруулаагүй, орлого нь тогтвортой бус байгааг шүүмжлэх хүмүүс бий. Түүнчлэн төр Нийгмийн даатгалын нөөц сангийн хэмжээгээр л тэтгэвэр олгох хэв маягаар явсаар 20-30 жилийн дараа одоо үед ажиллагсдын тэтгэврийг олгоход хүндрэл бэрхшээлтэй тулгарах хандлага байгааг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, бодит үр өгөөжийн хэмжүүргүй, өсгөн арвижуулах тогтолцоогүй, хуримтлал биш хуваарилалтын тогтолцоогоор ажилладаг төрийн тэтгэврийн сан нь энэ байдлаар иргэн танд тэтгэврийн насанд хангалуун амьдралын баталгааг өгөхгүй юм.
ТӨРДӨӨ ДААТГАГДАХ УУ, ХУВЬДАА ХУРИМТЛУУЛАХ УУ?
Улс орон маань зах зээлд шилжиж, хувийн хэвшил олноор бий болсноор өдгөө Монгол Улсын нийт ажиллах хүчний 70 гаруй хувь нь хувийн хэвшлээс цалинжиж байна. Энэ хэрээр Нийгмийн даатгалын сангийн орлогын дийлэнхийг хувийн хэвшилд ажиллагсад бүрдүүлж байгаа хэдий ч тэтгэвэр олголтыг төр дангаараа шахуу хариуцсан хэвээр байна. Монгол Улсад иргэд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхц өлд л Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг тогтолцоотой. Насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал нь эргээд эзэндээ эдийн засгийн өсөлт уналтаас шалтгаалсан инфляцын хорогдолгүйгээр олгогдоно гэсэн баталгаа байхгүй юм. Түүнчлэн тэтгэвэрт гараад нас барсан тохиолдолд иргэн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалаас тодорхой хэмжээний төлбөр л авахаас биш, ажил хөдөлмөр хийх хугацаандаа хуримтлуулсан даатгалын хураамжийг нь ар гэрт нь буцаан олгодоггүй. Яг одоогоор иргэдэд төрийн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжээс гадуур зах зээлийн шударга тогтоолцоонд суурилсан хувийн тэтгэврийн сан, тэтгэврийн хуримтлалын даатгалд хамрагдах уу гэдэг сонголт бүрэн нээлттэй болсон байна. 2013 онд Монголд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуультай болох эх суурь тавигдаад байгаа юм.
Хувийн хэвшлийн компаниуд энэхүү эрх зүйн орчныг дагаад, ажилтнууддаа тэтгэврийн сан үүсгэн ажиллаж байгаа жишээ ч цөөнгүй болжээ. Түүнчлэн тэтгэврийн хуримтлалын сангийн удирдлагыг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд явуулах чадамжтай урт хугацааны даатгалын үйлчилгээний компаниуд тэтгэврийн хуримтлал, амьдралын даатгал хослуулсан үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, хувийн тэтгэврийн хуримтлал бий болгож, түүнийгээ давхар даатгуулснаар иргэд хүссэн хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал үүсгэж болох бөгөөд түүнийгээ хүссэн үедээ авч хэрэглэх, ар гэрийнхэндээ өвлүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн даатгуулагч нь гэнэтийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд үлдсэн хугацааны хураамжийг даатгалын компани хариуцдаг. Харин амиа алдсан бол хуримтлуулсан мөнгийг нь хоёр дахин өсгөж, тухайн даатгуулагчийн ар гэрийнхэнд олгодог гэх мэт үр өгөөжийг нь ил тод зарладаг үйлчилгээнүүд ч байгаа юм.
Хэдийгээр иргэн өөрийнхөө тэтгэврийг хэрхэн хуримтлуулах шийдвэрээ бие даан гаргах эрхтэй ч ажилтнуудынхаа ирээдүйн амьдрал, амьжиргаанд хөрөнгө оруулж буй ажил олгогчид, компаниуд иргэдийн энэхүү сонголтонд дэмжлэг үзүүлж, хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлж өгснөөр хувийн тэтгэврийн хуримтлал бодит сонголт болж хэрэгжих талтай. Монголчууд бид нүүдэлчин гээд мал сүргээ хэзээ ч байгальд даатгаж үлдээдэггүй. Үүнтэй адил өөрийн ирээдүйн сайн сайхан амьдралаа төрд 100 хувь даатгалгүй, зах зээлийн журмаар хөгжих тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэхэд хэн хүнгүй хувь нэмрээ оруулах цаг аль хэдийнэ иржээ.
О.ГЭРЭЛТУЯА