- Тэрбээр Хөвсгөл аймагт анх удаа мэс засал хийсэн эмч байж ч болзошгүй -
Хөвсгөл аймагт 1923-1930 онд амьдарч байсан дани эмч Карл Кребсийн тухай уншсан сонссон, цуглуулснаа уншигч олонд хүргэж байна. Дэлхийн I дайны үед Сербийн талд Франц, Орос улс орж тэдний эсрэг Австри-Унгар ба Германы цэргүүд дайтаж байв. 1914-1918 оны хооронд үргэлжилсэн дэлхийн I дайны олзлогдогсдыг Сибирт хорьж байлаа. Австри-Унгар, Германы олон мянган олзлогдсон цэргийг олон улсын улаан загалмайн шугамаар эргэж тойрч, эмчилдэг байсан бөгөөд уг ажлыг гүйцэтгэж байсан олон эмчийн нэг нь Дани улсын иргэн, цэргийн эмч Карл Кребс юм. Карл Кребс нь Эрхүү, Омск, Хиагт хотод байрлах олзлогдогсдын лагерьт улаан загалмайн байгууллагын шугамаар ажиллаж байгаад 1918 онд большевикуудаас зугтан Хөвсгөлийн Ханх, Хатгалаар нэвтрэн, Эгийн голын сав газраар дайран, Өргөө хотод иржээ. Дараа нь Бээжин ороод тэндээсээ усан онгоцоор нутаг буцсан аж. Карл Кребс ийнхүү зугтаж явахдаа Хөвсгөл нуур, Эгийн голын савд алт, шөрмөсөн чулуу, нүүрсний илрэл, ангийн үсний асар их нөөц баялаг байгааг ажиглан анхаарч энэхүү сайхан нутаг түүний сэтгэл санаанаас ер гараагүй гэдэг. Дэлхийн I дайны дараа Дани болон Европын бусад оронд ажилгүйдэл өсөж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн тэр үед тэрхүү хүсэл нь бүр ч дүрэлзэн асчээ. Европчууд төрсөн нутгаа орхин, шинэ амьдрал эхлүүлэх газар хайн, Америк, Австрали, Африк руу олноороо нүүдэллэж, өөрийн эзэмшиж заншсан аж ахуйгаа байгуулан, колоничлон амьдрахаар зорьж байсан юм. Карл Кребс нутагтаа очоод дээрх иргэдийн адил Данийн эзэмшил суурин байгуулах тухай “Булган тал” колонийн төсөл боловсруулж, эхний баг бүрдүүлэх явцад 300 гаруй хүн явах хүсэлт гаргаснаас голцуу цэргийн залуус болох Хеннинг Хаслунд-Кристенсен зэрэг таван хүн сонгогдсон байдаг.

“Булган тал” төсөл санаачлагч Карл Кребс ба түүний дүү Ове Кребс хоёулаа Данийн нэгэн генералын хүүхэд бөгөөд Карл Кребс нь цэргийн эмч, офицер болсон байлаа. Ах дүү хоёр эхлээд Москва дахь Данийн төлөөлөгчийн газарт хуваарилагджээ. Ове Австрийн дайнд олзлогдогсдын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж, Гадаад хэргийн яамны томилолт авч, жил хагас Оренбург хотод ажиллажээ. Тэрбээр Бээжингээр дайрч, нутаг буцах замдаа нэг жилийн хугацаанд байнгын төлөөлөгчийн газрыг удирдаж байв. Карл Кребс 1919-1920 онд Монголд, мөн урианхайд очиж, газар орны байдлыг нарийвчлан судалсан аж. Тэрбээр буцахаасаа өмнө Оросын цагаач Шишкиний гэр бүлтэй танилцаж, түүнийг Булган талд бууж нутаглаад, өөрсдийгөө угтах бэлтгэл хангаж байхыг хүсчээ. Карл нутагтаа буцаж ирээд нөхдийнхөө сонирхлыг хэдийнэ татаж, мөрөөдөл болоод байсан Булган талын тухай хүүрнэж, тэр хавьд алт, шөрмөсөн чулууны илэрц олдсон талаар ярьж өгчээ. Ази дахь улс хоорондын хилийн асуудлаар хийсэн Орос, Хятадын хуучны нэгэн тохиролцооны дагуу Алтай Урианхайн зүүн хэсэг болж сунан тогтсон Тагнын нурууны хамгийн урд хяраар хилийн шугам тогтоожээ. Хилийн энэ бүсэд байх ёстой чулуун овоо ч харагдаагүй тул тэд шинээр чулуун овоог уулын хяраар эмжин босгосон гэдэг. Кребс Урианхай, Монголын хилийг багтаасан Оросын жанжин штабын газрын зураг олж аваад нухацтай судалжээ.
Ар Байгалын хязгаарт 30 жил амьдарч, Урианхайд алт олборлож явсан ноён Георг Рифешталь тэр үед Данид амьдарч байсан бөгөөд большевикууд түүний хөрөнгийг хураан авч хөөхөд нь нууж авч үлдсэн алтны дээжээс Дани руу авч гарч чаджээ. Тэрбээр савхин ууттай алтны дээжийг ширээн дээр асгаж, алтны орд хаана байдгийг газрын зураг дээр зааж өгчээ. Тэрбээр хамт явах хүсэл их байсан ч нас өндөр, өвчин хуучтай болсон тул явж чадаагүй байна. Анхны хайгуул судалгааны багт зургаан хүн оролцож, харийн тэр оронд хэр зэрэг өргөн хүрээгээр нүүдэллэн суурьшиж болох боломжтойг тандан судлах нь зүйтэй хэмээн шийджээ. Карл Данийн эзэн хааны Газарзүйн нийгэмлэгт илтгэл тавьсан цагаас эхлэн тэдний ажил олон нийтэд ил тод болсон байна. Энэ төлөвлөгөөнд хэвлэл мэдээлэлийнхэн ч их анхаарал тавьж, сонирхогчдын хүрээг ч улам өргөжүүлжээ. Хувьсгалаас өмнө Данийн олон мянган фермер, аж ахуй эрхлэгчид Сибирьт үйл ажиллагаа явуулж байжээ. Тэд Сибирьт сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадад гаргах талаар 1913 он хүртэл салбартаа тэргүүлэх байр суурь эзэлж байлаа. Гэвч большевикууд гарч ирэн тэдний фермерийн аж ахуйг улсын болгон хураан авч, тэднийг ажилгүй болгосон бөгөөд ихэнх нь амьдралаа бүрмөсөн сүйтгүүлсэн билээ. Сибирьт олон жил ажиллаж амьдарсан тэднийг Дани руу буцаахын оронд тэдний үйлдвэрлэл эрхэлж байсан бүс нутгаас арай зүүн урагш Ар Монгол руу нүүлгэн шилжүүлж, тэнд фермерийн аж ахуйгаа эрхлэх бололцоо олгох санал ч тухайн үед гарч байв.
Монгол дахь байдал 1920-1924 онуудад туйлын эргэлзээтэй байлаа. Энэ цаг үе нь Барон Унгерн фон Штернберг цагаантнуудын хамт большевикуудын эсрэг байлдаж байсан цаг үе. Дайн тулааны гал Монгол даяар тархаж, улаантнууд ч, мөн цагаантнууд ч нүүдэлч малчдын орныг сүйтгэж байлаа. Гэсэн хэдий ч Тяньжин дахь Их Умардын цахилгаан мэдээний нийгэмлэгийн тэргүүн Софус Блек, нөгөө нь Хятадын цахилгаан мэдээний салбарын ахлах хянан байцаагч К.П.Альбертсен нар Монголын цаг үеийн талаар байнга мэдээлэл өгч байсан гэдэг. Албертсен нь Хаалган хотоос Хиагт хүртлэх Монголын нутгаар дайран өнгөрөх цахилгаан мэдээний хорооны дарга байв. “Булган тал” төслийн төлөвлөгөө Дани даяар ихээхэн сонирхол татаж 400 орчим хүсэлт иржээ. Тэдний олонх нь офицер, оюутан, багш, түүнчлэн фермерүүд, инженер, шашны сурталчид, сувилагч нар ч байлаа. Анхны туршилтад оролцох зургаан хүнийг Карл өөрийн танил нөхдийн дундаас сонгожээ. Боргстрөм, ах дүү Кребс болон Хеннинг ХаслундКристенсен нар бие биеэ цэргийн сургууль, армиас мэддэг байжээ. Техникч Таге Бирккийг ах дүү Кребс Мэргэн буучийн эрдмийн нийгэмлэгт олон жил хамт ажилласны хувьд сайн мэдэх тул сонгож авчээ.
Тэр гурав 1912 онд Стокгольм хотод зохиогдсон Олимпийн наадамд гимнастикийн төрлөөр оролцож байсан аж. Багийн зургаа дахь гишүүн нь Ютландын нэгэн эмчийн хүү Эрик Изагер байв. Түүнийг ажилсаг фермер хэмээн хүмүүс зөвлөсөн учраас сонгож авсан байдаг. Тэд К.Я.Кребсийн удирдлага дор Монголын хойд нутагт хийх хайгуул судалгааны ажлыг хамтран зохион байгуулжээ. Хайгуул судалгааны багийн зорилго нь газар тариалан эрхлэх, адууны ба үхрийн аж ахуй бүхий фирм байгуулах явдал байв. “Фермерийн аж ахуй нь Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн голд байрлана. Үүний сацуу фирм нь арилжаа наймаа хийх болон энэ бүс нутагт эрдсийн түүхий эдийн эрэл хайгуул явуулах түшиц газар байна. Хайгуул судалгааны багт оролцогч бүр хайгуул судалгааны багийн кассанд 5000 крон төлнө. Доктор Кребс хайгуул судалгааны багийн ахлагчийн хувьд аж ахуй, захиргааны бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Хайгуул судалгааны багийн нэг гишүүн бичиг хэрэг хөтлөгч, өөр нэг гишүүн кассын эрхлэгчээр ажиллана. Багийн гишүүн бүр ажиллагаанд оролцсоныхоо төлөө багийн орлого ба ашгаас нэг багц хүртэх эрхтэй болох бөгөөд 5000 крон төлсний дараа ахин нэг багц нэмж авах эрхтэй, доктор Кребс ахлагчийн хувьд хоёр багцын эрхтэй... ” байжээ.
Инженер сапёрын офицер асан Ове Кребс суурьших шинэ нутаг оронд уурхай нээн ажиллуулах боломж бололцоог судлах үүрэгтэй байв. Энэ даалгавартайгаа холбогдуулан Ове хуучин ажлаасаа гарч, Америк явж, шинээр нээгдсэн нэгэн уурхайд уурхайчнаар ажиллаж эхэлсэн ажээ. Эрик Изагер сүүний аж ахуйн чиглэлээр бэлтгэлээ базаах зорилгоор Хойд Ютландад нэгэн фермерийн аж ахуйд бараа бүтээгдэхүүний хянагчаар ажиллаж эхлэв. Биркк хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр Ютланд руу явж, Хеннинг Хаслунд-Кристенсен үхэр, хонь, адууны аж ахуйтай танилцах зорилгоор Англи руу оджээ. Боргстрөм арилжаа наймааны чиглэлээр дадлагажих учиртай бөгөөд Копенгаген дахь Төв штабыг бас удирдана. Хүн бүр хариуцсан чиглэлийнхээ дагуу юу юуг зайлшгүй авч явах жагсаалт гаргах үүрэгтэй. Жагсаалтууд бэлэн болмогц, мэргэжлийн хүнд үзүүлэн хянуулж, юуг нь хасах, юу нэмж авах гэдгийг тодруулж байж, ойрын таван жилийн хугацаанд ямар нэгэн хэлбэрээр тэдэнд хэрэг болох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэн гаргаж байлаа. Энэхүү жагсаалтад орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулахад шаардагдах машин, тоног төхөөрөмж, бүхий л сэлбэг хэрэгсэл багтаж байв. Карл Кребс Монголд ирээд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд эмч хүний хувьд нутгийн иргэдийг үзэж ард олны хүндэтгэлийг хүлээх болжээ. Тэрбээр Хөвсгөл аймагт анх удаа мэс заслын хагалгаа хийсэн эмч ч байж болзошгүй юм.
Хенинг ХаслундКристенсений дурсамжийн номонд бичсэнээр Карл Кребс нэг өдөр карболын хүчлээр өрөөгөө олон цагаар ариутгаж байж мэс ажилбар хийжээ. Багийн гишүүн Изагер эмч хүний хүүхдийн хувьд Кребсид тусалж, бусад нь сувилагчаар ажилласан гэдэг. Цонхны шилний цаана ойр хавийн хүмүүс тэр чигээрээ цугларч, ид шидийг хүлээн нүд салгалгүй ширтжээ. Изагер өвчтөнд мэдээ алдуулалт хийсэн бололтой. Кребс гартаа хурц хутга, өөр этгээд сонин багажууд барьж “үхдэлийн” арьсыг зүсэж ярж эхэлжээ. Хамгийн гайхалтай нь үхсэн хүн богинохон хугацааны дараа эргэн сэрж, хэдхэн өдрийн дараа олон жилийн турш байгаагүйгээр эрүүл саруул алхсан гэдэг. Кребс ид шидтэй доктор байсан нь гарцаагүй, түүний алдар нэр хол ойроор түгэн тархжээ.
Хол ойроос өвчтнүүд түүнийг зорин ирж, эдгээж өгсөнд талархсан хүмүүсийн өргөсөн хадгаар түүний өрөө дүүрчээ. Харин ойролцоох Хүрээний оточ лам нартай харилцаагаа муутгахгүйн тулд Кребс тэдэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. “Булган тал” төслийнхөн бүгдээрээ хийдэд очиж байхаар тогтов. Харин анагаахад хүнд өвчтөн, тохиолдлуудыг фирм рүү шилжүүлж, гарах зардлын талыг оточ лам нар дааж байх үүрэг хүлээв. Энэ тохиролцоонд аль аль тал нь сэтгэл хангалуун үлдсэн гэдэг. Ийнхүү Дани эмч, фермер Карл Кребс 1923-1930 онд Хөвсгөл аймагт амьдарч аж ахуй эрхлэхийн сацуу тэр нутагт эмнэлгийн тусламж үзүүлж хагалгаа хийж байсан түүхтэй.
Л.ЭНХБААТАР /Анагаах ухааны доктор/