Гашуун үнэн хийгээд шүүмжлэлд дургүй бидний дутагдлыг өөрсдөөр минь шоолуулдгаараа шог зураачид зальтай. “Хэрвээ чи үнэнийг нууж хаасан бол, хэрэв чи цуглаан дээр суудлаасаа босож үг хэлээгүй бол, хэрэв чи үг хэлэхдээ бүхнийг дэлгээгүй бол үнэнээс урвасан гэсэн үг” хэмээн Америкийн нэрт зохиолч Жек Лондон хэлсэн удаатай. Үнэнээс урвалгүй, нийгмийг эрүүлжүүлэх албанд насаараа хүчин зүтгэсээр яваа зураачийг “Хоймор” буландаа урилаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Байдытай уулзахаар аль эртнээс тохирсон ч бүтэлгүйтсээр сая нэг ажил хэрэг бүтэв. Гурван өрөөнийхөө ханаар дүүрэн уран зураг өлгөчихсөн нь үзэсгэлэнгийн танхимыг санагдуулсан. Тэрбээр үзэсгэлэн гаргахдаа бэлтгэж буй нь энэ аж. Элдвийг сониучирхсан асуултад онцгойлон хариулахаас илүү эртний явдлаа хуучлах дуртай энэ эрхэм нэг мэдэхэд л бага насныхаа гэгээн дурсамжаас яриа дэлгэчих юм. Арга ч үгүй биз дээ. Хийсэн бүтээсэн үйл, намтар зузаантай хүн юм хойно.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Зуны цагт өглөө эрт гүйж, нэг бол Гандантэгчэнлинд суварганд 108 мөргөдөг. Сүүлийн нэг жил бие тэнхээрхээд мөргөж чадсангүй. Нойр хүрэхгүй, 05.00 цагт босдог юм. Дайн дууссаны дараа, олон хүүхэдтэй айлд төрсөн болохоор хар нялхаасаа бусдын мал хариулж, эрт босоод сурчихаж.
-Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолд дайны дараах үеийн манай ахуй амьдрал, соёлт ертөнцийг танин мэдэж буй хүүхдүүдийн тухай өгүүлдэг. Таны хүүхэд насны амьдрал ч тэр туужаас хол зөрөхгүй байх?
-Юм ховор, гачигдалтай үеийн хүүхэд учир би жижиг биетэй, хариугүй амьтан байлаа. Бага насаа дурсахаар хамгийн түрүүнд тэмээ хариулж явсан үе санаанд буудаг. Манайх Дундговь аймгийн Хулд суманд Довын хөндийд байсан юм. Өөрийн дөрвөн тэмээгээ айлынхтай нийлүүлэн хариулж, хурууд ааруул олж иднэ. Долоон настай байхдаа одоогийн дөрөв, тавтай хүүхдүүдтэй биеэрээ ойролцоо байсан учир тэмээндээ мордоход бөхнөөс нь өндөргүй харагдана. Тэмээгээ тонгойлгож байгаад хүзүүгээр нь дамжаад гарчихдаг хэрнээ бууж чаддаггүй байсан юм. Манайхаас нэлээд хол, Дэвийн хонгор овоо нэртэй газар тэмээгээ хариулж байлаа. Хаврын налгар өдөр тул бие нозоорч атныхаа бөхийг тэврээд унтчихаж. Сэрээд хартал гарнаас бурантаг алдуурсан байна. Азаар шилбүүрээ атгачихаж. Нар жаргах дөхөөд тэнгэрийн хаяагаар солонгорч байсан үе. Тэмээгээ яаж хураах вэ гэж гайхаж байгаад сөөглөж үзлээ. Бурантагнаас нь татахгүй болохоор өнөө ат маань “Энэ яагаад байгаа юм бол доо” гэсэн шиг чихээ дэлдгэнүүлж ийш, тийш харж байснаа үргэлжлүүлэн бут сөөг зулгааж байна. Шилбүүрээ хаяхаар зогсдогийг нь санаад шилбүүрээ унагалаа. Тэгтэл зогсох янзгүй, бусадтайгаа бөөгнөрөөд тэс ондоо зүг рүү явчихлаа шүү. Харанхуй ч болж, “Одоо ингээд төөрч, хөлдөж үхдэг юм байж” гэж бодоод хашгирч, аргаа бараад уйлж үзлээ. Тун тусгүй болохоор нь зөнгөөр нь орхиод дахин зүйрмэглэчихэж. Нэг сэртэл айлын гадаа... Ахиулан ажиглавал тэр нь манай гэр байсан.(инээв) Хэрвээ бурантагаа алдаагүй бол би буруу тийш явж төөрөх байсан юм билээ. Айлын шилбүүрийг хээр хаячихсандаа санаа зовж, ээждээ хэлтэл “Миний хүү өнөөдрөөс гэрийнхээ дөрвөн тэмээг л хариулна. Чи дэндүү балчир байна” гэж билээ. Орчин цагийнхаар бол үүнийг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг байх аа?
-Хүүхдийн хөдөлмөр гэснээс та хурдан морь унадаг байв уу?
-Жижиг биетэй болохоор 14 хүртлээ морь унасан. Манайх морьгүй л дээ. Нутгийн баячууд хүүхдүүдээ бэртчихнэ гэж хайрлаад наадамд морио надаар унуулна. Унаач хүүхдэд шинэ хувцас хийж өгдөг учир дуртайяа зөвшөөрнө. Гэхдээ би их унхиагүй байсан юм. Ямар сайндаа, аймагт түрүүлж байсан азарга унаад 27-д давхиж, эзэнд нь зодуулж байх вэ дээ. Гэхдээ тэр үеийнхэн алганы амт үзүүлсэн ч өөрийн хүүхэд шиг хайрлана. Одоо бол мөнгө олохын тулд баячууд хүүхдүүдийг боолчилж байна. Хэзээ өвлийн цагт морь уралдуулж байлаа даа.

-Та гадаад, дотоодын олон наадамд түрүүлж байсан юм билээ. Хамгийн анх хэзээ шог зургаараа шагнал авсан бэ?
-Хулд сумын бага сургуульд нэгдүгээр ангид ороод охидын дотуур байранд эрх танхи амьтан нэг хэсэг амьдарсан. Тэр үеийн хүмүүс хүүхдүүдээ сургуульд явуулах тун дургүй учир нууж хаасаар 14, 15 настайд нь албадлагаар аргагүйн эрхэнд хичээлд суулгана. Тийм болохоор манай ангид надаас насаар ах хүүхэд олон байлаа. Нүүр гараа ч угааж чадахааргүй унхиагүй намайг нэг ангийн эгч нар түмпэнд зогсоож байгаад усанд оруулна. Ямар хувь тавилангаар, хаанаас, хэн зааж өгч зурж эхэлснээ мэдэхгүй юм. Нэг мэдэхэд л өнөө охид дэрэн дээр хатгах эрвээхэй, цэцэг, морио надаар зуруулдаг болсон. Манай сургуулийн багш Нацагдорж ханын сонин гаргахаар болж, би оролцсон юм. Довын хөндий, морь мэтийг зурахтайгаа болохоор багш ханын сонин гоё болсон гэж намайг магтаад зургийн дэвтрээр шагнаж, жигтэйхэн гоё ном үзүүлсэн. Одоо бодох нь ээ, Рембрандтын ном бололтой. Зурагт хорхойсоход тэр багш их тусалсан даа. Манай аавын ажлаас шалтгаалж, хоёрдугаар ангидаа Дэлгэрхангайн бага сургуульд шилжсэн. Дашзэвэг хэмээх багшдаа “Ханын сонин гаргамаар байна, хүүхдүүд их сонирхдог юм” гэж хэлээд шинийг санаачлагч болж хувирав аа. “Боов хулгайлдаг, бөөстдөг, муу дүн авдаг дутагдал зарим сурагчдад байна” гэж багш чиглэл өгсний дагуу “но”-той нөхдүүдийг ханын сониндоо дуурайлгаж зурлаа. Гурван хүүхдийн хүзүүнээс хоёрын тоо, боов, бөөс дүүжилж зураад би ч нэг хэсэгтээ мандав аа. Гэтэл нэг орой хүүхдүүд дуудахаар нь очтол “Чи яасан их хүн доромжилдог хүн бэ” гээд намайг дундаа хийгээд зодсон. Тэгж л шог зургийн анхны шагналаа авсан юм даа.
-Хаширсан уу?
-Юун хашрах манатай, юм л бол хүн дуурайлгаж зурна. Сүүлдээ багшийгаа зурж загнуулаад сургуулиас хөөгдөх дөхөж билээ. Дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд шилжсэн. Содномдаржаа гэдэг хүний зурсан, аймгийн гуанзанд өлгөөтэй хайлаас модны зураг хараад уран зургийн гайхамшгийг анх мэдэрсэн дээ. Хичээлийн завсарлагаанаар хоол идэх гэж биш, тэр модыг харах гэж гуанзанд ордог байлаа. Нэг багш АИХ-ын депутатын сонгуулийн сурталчилгаанд ажиллуулна гэж намайг хичээлээс чөлөөлүүлсэн юм. Ардыг дарлаж буй лам, шулан мөлжиж байгаа хятад худалдаачин зэргийг сурталчилгааны самбарт дүрсэлж сар хэртэй болоод сургуульдаа очтол хичээлээсээ хамаагүй хоцорчихож. Багш нар хичээл асуухад нь мэдэхгүй учир муу аваад л энэрэлгүй юм боллоо шүү. Тэгэхээр нь Увсад инженерээр ажилладаг төрсөн ахындаа очсон. Хоол унд, амьдрах орчин дээшилж, хичээлдээ ч сайжран ном сэтгүүл авч уншдаг болов оо. Сэтгүүлээс Херлуф Бидструпын зурсан зургийг хараад ерөөсөө ойлголгүй багшаасаа асуусан юм. Нэг хүү багадаа аяга хагалаад шийтгүүлдэг. Жаахан том болсны дараа бөмбөгөөр тоглож байгаад цонх хагалж бурууддаг. Хожим нярав болоод мөнгөнөөс болж шоронд ордог. Тэндээсээ гарч цэргийн нисэгч болоод, бүхэл бүтэн хот бөмбөгдөж олон сая хүн алахад нь шагнаж байгаа тухай тэр зургийг багш тайлбарлаж өгсөн. Ийм ухаантай хүн байдаг аа гэж тэр үед гайхахын ихээр гайхаж, Бидструпыг биширсний үр дүнд шог зураач болсон юм. Тэр өдрөөс хойш шог зураг их оролдож, сэтгүүлээс шог зургийн хайчилбар цуглуулж, зураачдын нэр цээжилдэг болсон.
-Зураачид залуудаа ид сайн зурдаг юм болов уу, эсвэл орчлонг болгоож таньсан ухаанаараа өтөл үедээ илүүг бүтээдэг үү?
-Гуталчин нэг ижил гутал хэдийг ч хийж болно. Урлаг бол өөр. Түрүүчийн хийснээсээ заавал давж байж урагшилдаг. Би лав хийх тусам сайжирдаг. Залуудаа өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаад ядарч, сувилалд амарсан юм. Харандаа цаасаа орхиод айраг ууж, мах идсээр сарын дараа ажилдаа орлоо. “Тоншуул”- ынхан ч гурван зураг зуруулахаар зай үлдээжээ. Гэтэл зураг огт болж өгдөггүй ээ. Дөрвөн хоног нойр хоолгүй, тасралтгүй ноцолдож байж муухан юм гаргаж билээ. Түүнээс хойш хаширч, өглөө бүр зурдаг болсон. 1976 онд “60 шог” гэж анхны номоо гаргаснаас хойш хэд хэдэн бүтээл хэвлүүлжээ. Тэр бүрийг улам сайжруулахгүй бол зурахын хэрэг юу байх вэ. Миний одоо бэлдэж байгаа үзэсгэлэн өмнөхүүдээсээ хамаагүй илүү болно гэж бодож байна. Энэ жил үзэсгэлэнгээ гаргахаар Урчуудын эвлэлийн уран зургийн галерейн төлөвлөгөөнд өгсөн ч багтаагүй учир ирэх онд гаргах байх. Хөөцөлдөөгүй л байна. Орчин цагт аливааг заавал хөөцөлдөж байж бүтээдэг, хөөцөлдөж байж шагнуулдаг болжээ.

-Таны дээхнэ үед зурсан бүтээлүүдийг үзэхэд одоо ч цаг үеэсээ хоцрохооргүй санагдсан. Аль ч нийгэмд байдаг л асуудлыг тусгасан болоод тэр үү, үнэ цэнэ нь юундаа байна вэ?
-Хэдэн оны өмнө ч бай, мянган жилийн дараа ч гэсэн сонирхол татдаг, хүн төрөлхтний араншинг олж зурах нь их чухал. Уран зурагт юмор буюу наргиа шог мөнхийн насан хутагтай. Харин аж байдлын шог тухайн цаг үедээ их хэрэгцээтэй. Тухайлбал, Ноён уулыг ухах гэж буй хүмүүсийг ороолон болгож зуръя. Тэд ухахаа болилоо гэхэд тэр зураг ямар ч хэрэггүй болно. Би уг нь шог зургаас гадна номын зураг буюу график, уран зураг зурдаг. Залуу байхад “Чи шог зургаа л зур” гээд уран зураг зуруулахгүй. Зурлаа ч гэсэн үзэсгэлэнд тавьдаггүй байлаа. Би шог зургаараа дагнасан нь илүү оновчтой гэж боддог. Яагаад гэвэл энэ төрлөөр л олон улсын шагналууд авч, дэлхийн олон биеннальд оролцож байсан. Бидструпын гараас хүртэл шог зургийн дэлхийн шагнал авч байлаа. Гэтэл уран зураг зурдаг хүн дэлхийд өчнөөн мянгаараа байна. Манайд л гэхэд 1000 гаруй уран зураач байхад тэдний дотор шог зураг зурдаг нь 10-аадхан бий.
-Яагаад шог зураач цөөхөн байдаг вэ?
-Хэн дуртайнх нь ухаан хүрдэг ажил биш гэж боддог юм. Дээхнэ үед намайг ингэж хэлэхэд биеэ тоож байна гэдэг байлаа. Миний буруу л юм бол тэд зурах нь яасан юм бэ.
-Танд өрсөлдөгчөө гэж боддог хүн байсан уу?
-Гадаадад мундаг шог зураач олон. Бүгдтэй нь үзэлцэхийг бодно ш дээ. Гэхдээ уран бүтээлд өрсөлдөөн гэж байхгүй. Хамгийн гол нь хүний сонирхол татах санаа заавал олж зурах хэрэгтэй.
-Одоогийн манай нийгмийн байдлыг шог зургаар илэрхийлэхэд арай л гунигтай санагддаг уу?
-Зүгээр л жигтэйхэн муулаад зурчихвал тэр уран бүтээл биш хараал болж хувирна. Аль өнцгөөс зурахаас шалтгаална. Хамгийн гол нь уран санаагаа олох хэрэгтэй. Тэр их хэцүү.
-Шог болон уран зургийн онгод ялгаатай юу?
-Шог зураг маш хурц. Яг л яруу найргийн санаа шиг гэнэтхэн нисэж ирдэг.

-Намайг сониндоо битгий матарлаач гэж гуйж, хахуульдах гэж байсан тохиодол байна уу?
-Энэ Сүрэн архи уугаад хэвтэж байна гэх зэргээр хэзээ ч хүн муучилж зурж байгаагүй. Тийм зүйлд ч их дургүй. Харин ч зарим хүнийг аварсан. Нэг нөхрийг шүүмжилж бичүүлэхээр дарга нар намайг томилолтоор хөдөө явуулсан юм. Яагаад тэр хүнийг бичүүлэх гэсэн гэхээр нэг даргын машины дугуй руу өшиглөсөн гэх. Тэр дарга “Үнэн”-гийнхэнд үүрэг өгч, тэднийхэн манай даргад матсан юм билээ. Гэтэл өнөөх нь их ажилсаг сайн хүн байсан. Би ажил руу залгаад “Энэ их ажилсаг хүн байна” гэхэд “Төв хорооноос заавал шүүмжил гэсэн даалгавар өгсөн” гэж байна. “Би лав бичихгүй, тэгвэл өөр хүн явуул” гэтэл “Томилолтын чинь зардлыг чамаар төлүүлнэ” гэсэн. Тэр хүнээс учрыг асуухад зүгээр л дугуйных нь хийг шалгаж үзсэн юм билээ.
-Дээхнэ үед таны үзэл санааны эсрэг агуулгатайг зуруулах гэсэн тохиолдол их байсан биз?
-Одоо ч гэсэн тийм хүсэлтэй хүмүүс байдаг ш дээ. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг нохой, шувуу болгоод зураад өг гээд их мөнгө амладаг. Тэгж зурвал нэгдүгээрт, хүний эрхэнд халдах болно, хоёрдугаарт, миний санаа биш шүү дээ.
-Та өөрийгөө шүүмжилж зурах болбол ямаршуухан дүрслэх вэ?
-Энэ тухай урьд нь бодож байсангүй. Би меланхолик темпераменттай хүн. Аливааг их удаан боддог. Өөрөөр хэлбэл, авьяасаараа гэхээсээ илүү хөдөлмөрөөрөө зурдаг. Авьяастай хүн дор нь сэтгээд л зурдаг бол би үхэр шиг зүтгэж, олон удаа зурж байж тэр дотроос оносон нэгийг олдог. Би тэмээ шиг л хүн. Тэмээ эврээ буганд алдчихаад хэзээ авчирч өгөх бол гэж дээгүүр хардаг гэдэг. Би ч гэсэн уран бүтээлийн санаа, сэдэв эрээд л үргэлж толгойгоо өндийлгөж явдаг хүн шүү дээ. Нэг ёсондоо тэмээнд их хайртай. Дандаа тэмээ зурдаг болохоор “Огонёк” сэтгүүлд намайг “Тэмээний хүүхэд” гэж бичиж байсан.
-Өөрийгөө захирах таны хувьд хэр их хэцүү вэ?
-Миний аавын ах Төвдөд долоон жил маарамбын дамжаанд суусан том лам байсан юм. Тэр хүн “Хэн нэгэн чамайг шүүмжилбэл, хүнтэй хэрэлдвэл үргэлж өөрөөсөө бурууг хайж бай. Уурлана гэдэг өөрийгөө хорлож байгаа нь тэр” гэж захидаг байсныг дагадаг. Барамсай гуай их ширүүн дориун зантай, шударга бус хүмүүстэй их үзэлцдэг байсан юм. Тэр хүн “Чи ерөөсөө хүнтэй хэрэлдэхгүй, бөөрөнхийлдөг” гэж намайг шүүмжилж байсан. Хэрэлдэх гэхээр инээд хүрээд байдаг юм.
-Амьдрал танаар тохуурхаж байсан удаа бий юү?
-Байхгүй ээ. Би амьдралдаа сэтгэл хангалуун хүн. Багадаа эхээсээ өнчирсөн гээд гуниад яах вэ. Тэгэх тавилантай байсан биз. Хүн амьдралаасаа боломж хайж, үргэлж урагшаа давших ёстой. Миний амьдрал ерөөсөө л тийм. Шорон оронд ч орж явлаа. 1960-аад онд Лоохууз, Нямбуу, Сурмаажавын үед улс даяар олон хүн намын эсэргүү гэж хэлмэгдэж байсан. Цэрэгт байсан би санаандгүй “Цэдэнбал дэндүү олон жил төр барилаа. Залуучууд өөрсдийгөө биш улс орноо л бодож байна” гэж хэлж байснаасаа болж буруудсан. Миний найзуудаас чухам хэн нь матсан юм бүү мэд. Цэргийн шүүхийн дарга Цогзол хурандаа надад ял тулгаад болдоггүй. Хэлснээ хүлээн зөвшөөрвөл шууд шоронд удаан суух байсан учир үгүйсгэсээр байгаад зургаан сарын дараа суллагдсан даа.
-Тэндээс гарахдаа юу бодож байв?
-Нам засагт улам л өширхсөн. Дарга нарын ярьж байгаа ч нэг л биш санагддаг байсан. Хэрвээ тэр нийгэм өөрчлөгдөөгүй бол би яваандаа шоронд орох байсан биз.
-Та ээжийгээ зурж байв уу?
-Одоо л зурах гээд байна. Урьд нь зурж байсан ч нэг л бүтэлтэй болоогүй юм аа. Дотоод сэтгэлийг нь гаргаж чадахгүй байсан уу, нэг л өөр зураад байдаг. Ижий минь их уран, сийлбэрч хүн. Мод сийлж ховил гаргаад дунд нь хоёр хуц зороод байрлуулчихсан. Дороос нь татахаар хоёр хуц өнөөх ховилоор гүйж хоорондоо мөрг өлддөг тоглоом хийж өгч байсан.
-“Анхнаасаа хурц байгаагүй өргөс Алсдаа хурц болохгүй” гэдэгтэй санал нийлэх үү?
-Америкийн алдарт зохиолч Марк Твен багын найз бүсгүйтэйгээ хожим уулзжээ. Бүсгүй “Хүүхэд маань шүлэг бичээд байх юм. Авьяастай, эсэхийг нь хэлээд өгөөч” гэжээ. Марк Твен шүлгийг нь уншаад “Хэзээ ч зохиолч болохооргүй юм байна” гэж дүгнэсэн байна. Тэгтэл өнөөх эмэгтэй “Ямар сонин юм бэ. Энэ шүлгийг чи надад зориулж бичиж өгч байсан шүү дээ” гэсэн юм гэнэ билээ. Хүн гэдэг бодгаль сонин шүү, ирээдүйд ямар болохыг урьдчилан тааж болохгүй. Би Увс аймгийн Баруунтуруун суманд арван жилийн сургуулиа төгссөн юм. Тэр нутагт мод бэлтгэж амь зуудаг хүн байсан гэнэ. Нэг удаа мод хагалж байгаад толгой руугаа дүнзээр цохисноос хойш өнөө хүн эрдэмтэй болж, оёдлын машин, багаж хэрэгсэл засаж, ШУА-ийн шинийг санаачлагч болсон тухай нутгийнхан ярьдаг.
-Морийг эмээл хазаараар нь биш хурдаар нь, анч нохойг хүзүүвчээр нь бус үнэрч, мөрчөөр нь үнэлдэг. Тэгсэн хэрнээ хүмүүс яагаад бие биенийхээ албан тушаал, орлого, гадаад төрхийг нь анхаарч, нөмрөгтэй нь хамт үнэлж цэгнээд байдаг юм бол?
-УИХ-д эх орондоо илүү хайртайг нь биш, мөнгөтэй улсыг яагаад сонгоод байдгийг ойлгодоггүй. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө балайрч байхын оронд эх орноо хөгжүүлэх хэрэгтэйсэн. Ажаад байх нь ээ, хамгийн баян нь хамгийн дээд албан тушаалд, түүнээс арай багахан хөрөнгөтэй нь дараагийнх нь суудалд залардаг юм байна. Эрхэм баян эрдэм мэдлэг, адгийн баян алт мөнгө гэдэг дээ. Мөнгөтэй хүн лав олигтой биш.
-Их баян хэрнээ сайн хүн байхгүй гэж үү?
-Монголд лав байхгүй. Гадаадад байдаг юм гэнэ билээ. Яагаад гэвэл тэд зөв аргаар баяжсан байхгүй юу. Тухайлбал, өөрийн оюун ухаан, авьяас хөдөлмөрөөр баяжсан Хэнри Форд олон сургууль байгуулж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан юм билээ.
-Та роман бичиж байсан гэсэн үү?
-Уг нь зохиолч болно гэж боддог байлаа. Их шившигтэй юм болсон. Уран зохиол бичих дөрг үй байж роман бичээд... Ямар олигтой болов гэж дээ. Түүнийгээ “Морин дэрсний Дүдээ” гэж өгүүллэг болгоод 1970 онд хэвлүүлсэн.
-Романыг тууж биш, өгүүллэг болгоно гэхээр нэлээд танасан бололтой.
-Тэр муу романыг дахиж уншихаас дургүй хүрээд хаясан. Залуу байхдаа Дорноговьд нэг хүүхэнтэй танилцаад тэднийд романаа орхихгүй юу. Хожим өнөөх нь нөхөртэй болоод, би гэрт нь очих аргагүйдэж романаа тэр чигт нь хаясан даа. Өмнөговь, Дундговийн хооронд олон км үргэлжлэх өргөн уудам нутагт морин дэрс ургадаг юм. Тэнд зээр гөрөөс, чоно, үнэг, туулай ихтэй. Шаргачин хөхөж хүн болцгоож, зэрлэгшсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд морин дэрсэнд амьдардаг байсан гэнэ. Нутгийнхан тэднийг чөтгөр гэж үзэн айж, морин дэрс рүү ойртдоггүй байж. Тэр нутгийн хятад, орос хэлтэй ноён орос жуулчдад хэлмэрчилж л дээ. Бурхангүй үзэлтэй хүн болохоор жуулчидтай морин дэрсээр дамжиж явсан гэнэ. Гэтэл өнөөх хүүхдүүд дөрвөн хөллөөд зээртэй зэрэгцээд харайж байхыг оросууд үзээд “Хүний анхны үүсэл байна, барья” гээд хөөжээ. Яагаад ч гүйцэхгүй болохоор нь гал нээж, эмэгтэйг нь оночихсон гэнэ. Эрэгтэй нь өнөөхөө ээрч байгаад баригдсан байна. Хүмүүсийн гар хазаж, ойртуулахгүй болохоор Ламын гэгээн хийдийн ламд үлдээсэн байна. Багш лам түүнд Дүдээ буюу чөтгөр гэсэн нэр өгч, хэл заасныг тэрбээр сурсан боловч сэтгэх чадвар маш муу. Хэлмэгдүүлэлтийн үед улаантнууд Дүдээг байцаахад ухаан мэдрэл сайнгүй болохоор буруу зөрүү ярьж, түүнээс болж бүх ламыг хороосон гэдэг. Дүдээ ч үүнийг мэдээд архинд орж, хөдөө хээр нүцгэн явдаг болсон байна. Хүмүүс хоол дөхүүлж өгснийг иднэ. Тэр хийдээс хоёр лам амьд гарсны нөгөө нь бас сэтгэл мэдрэлийн өвчтэй. Хийдийн ойролцоох хадан хясаа руу авирч байгаад осолдож мэдрэл муутай болсон юм билээ. Түүнийг ухаан ороход нь аль хэдийнэ лам нарыг буудаж, хийдийг нь нураасан байсан гэсэн. Би багадаа тэмээ эмнэх гэж яваад тэр ламтай таарч, энэ бүхнийг сонссон юм. Онгийн голын ойролцоо гал өрдчихсөн, хирээ бөмбөрүүлээд сууж байсан. Тэгснээ нэг бөөс гаргаж ирээд “Өө нохой бөөс гэж бодтол монгол бөөс байна” гээд буцаагаад хийчих юм. “Дүдээ гэж дөрөөндөө чирэгдэж үхмэр манай хийдийн хамаг ухаантнуудыг улаантнуудад ховлож буудуулсан” гээд ярьж эхэлсэн. Явах гэтэл хоол идээд яв гэж байна. Долоотол хачин гашуун. Гэтэл өнөө лам өөрөө дажгүй идэж байна. Хөөрхий минь, амт мэдрэхээ больсон юм билээ. Энэ хоёрын амьдралыг хэлмэгдүүлэлтийн үетэй холбож роман бичсэн хэрэг.
Б.ДӨЛГӨӨН