МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Монголбанк ба эдийн засгийн хямрал” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгтээ эдийн засагч, судлаач Х.Батсуурийг урьжээ. Тэрбээр эдийн засгийг хямраасан гол буруутан нь Монголбанк хэмээн дурдсан юм. Энэ үеэр Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг “Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал бол эдийн засгийн алуурчин. Эдийн засгийн алуурчныг гэсгээх болно. УИХ-ын хаврын чуулганаар Н.Золжаргалыг огцруулах санал өргөн барихаар бэлтгэж байгаа” гэж байв. Гэтэл тэр өдөр мөнөөх эдийн засгийн алуурчин нь аз жаргалаар бялхаж явлаа. Амьдрал ахуйд нь баярт үйл явдал тохиолдож, эсвэл ашиг орлого нь гэнэт арвижиж гэж бүү андуураарай. Ажилтай нь холбоотой сайн үзүүлэлтүүд, эерэг хандлагууд ар араасаа хөвөрч түүнийг баярлуулсан хэрэг. Н.Золжаргал тэр өдөр хэзээ хэзээнийхээсээ илүү сайхан зантай байж “Одоо бүх зүйлийн ээдрээ тайлагдаж, тэгширч байна” хэмээн ярьсан юм.
МАН-ын залуус газар дор ортол муулж байх зуурт Төвбанк ээлжит валютын дуудлага худалдаагаа зохион байгуулж байв. Банкууд Төвбанкнаас 1989 төгрөгийн ханшаар 400 мянган ам.доллар худалдан авах, харин хоёр сая “ногоон” 1990- ээр зарах санал ирүүлсэн. Сүүлийн жил үүдийн дуудлага худалдаагаар банкууд үргэлж ам.доллар авна гэж нэхэж байв. Монголбанк валютын ханшийг огцом өсгөхгүйн тулд нийлүүлэлт хийсээр дөрвөн тэрбум гаруй долларын нөөцөө 1.3 тэрбум болтол дундалсан. Ам.долларын ханш 1990 төгрөгт хүрээд “таазандаа” туллаа. Зах зээлд хоёр сая ам.дол лар илүүдэж байгаа нь ханш дахиад өсөхгүй нь гэсэн дохио юм. Төвбанк санал болгосон хоёр сая ам.долларыг худалдаж авалгүй орхижээ. Ингээд ам.долларын ханш 2000 төгрөг давахгүй нь гэсэн итгэл найдвараар солигдов. Ам.долларын ханш тогтворжиход гадаад худалдааны алдагдал сүүлийн хоёр сар дараалан ашигтай гарсан нь нөлөөлсөн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан нь гадаад худалдаа ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үндэсний статистикийн хороо оны эхний хоёр сард гадаад худалдаа 290.9 сая ам.долларын ашигтай гарсныг мэдээлж байна.
Экспортын хэмжээ өсөж, импортынх буурч буй дүр зураг гадаад худалдааны бүтцээс харагдах болсон. Энэ сард гэхэд импорт 158 сая ам.доллараар буурсан байв. Өмнөх жилүүдэд манай улс сард дунджаар 600 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолдог байжээ. Харин сүүлийн саруудад дунджаар 300 сая ам.долларын импорт хийдэг болсон. Эдийн засагчид тансаг хэрэглээний импорт танагдсан гэж тайлбарлаж байгаа. Эдийн засгийн өсөлт эрчимжсэн жилүүдэд гадаад худалдаа байнга алдагдалтай явж ирснийг дурдах нь зүйтэй. 2013 онд гадаад худалдааны алдагдал хоёр тэрбум ам.доллар давж байсан. Н.Золжаргалыг баярлуулах эерэг шийдвэрүүд үүгээр зогсохгүй. Засгийн газар УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулснаар санх үүгийн зах зээлд тоглох том боломж бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нийт хоёр тэрбум ам.долларын эх үүсвэр татах эрх нээгдэв. Засгийн газар 600 сая ам.доллартай тэнцэх зээл авах нөхцөл бүрдээд байна. Мөн Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсан банкууд дээд тал нь 1.4 тэрбум ам.долларын эзэл авах боломжтой юм. Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсан банкууд гэж тодотгосон нь учиртай. Хуульд Засгийн газрын үнэт цаасыг эзэмшигч түүнтэйгээ тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргуулж болно гэж заажээ.
Тэгэхээр банкууд гадаадын зах зээлд бонд гаргахад Засгийн газар баталгаа өгөх юм байна. Банк өрөө төлөхгүй бол Засгийн газар хариуцна. Тэгэхээр төрийн баталгаатай бондын хүү хямд байх нь дамжиггүй. Хөгжлийн банк, Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк боломжоо ашиглаж, олон улсын зах зээлээс эх үүсвэр татахаар ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Төрийн банк 300 сая ам.долларын бонд гаргахаа мэдэгдээд байгаа. Төвбанкнаас тавьсан тодорхой нөхцөлийн дагуу бонд гаргах аж. Энэ тухай Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Монголбанк бодлогын шийдвэр гаргаж, валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд банкуудаас дэмжлэг авахаар болсон. Ингэхдээ арилжааны банкууд олон улсын зах зээлд гурваас дээш жилийн хугацаатай бонд гаргавал ханшийн эрсдэлийг нь Монголбанк хариуцна. Мөн бондын валютын хүүг адилхан хүүгээр төгрөг рүү шилжүүлэхээр тохирсон” гэж ярьжээ. “Ковер Монголиа” компанийн ерөнхий захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл Хөгжлийн банк Туркийн Экспорт, импортын банкнаас 400 орчим сая ам.доллар зээлэхээр зэхэж буйг дуулгав. Зээлийн хөрөнгө дөрөвдүгээр сард Монголд орж ирэх төлөвтэй байгаа аж. Өрийн удирдлагын тухай хуулийг хоёрдугаар сарын 18 буюу битүүний өдөр УИХ баталсан. Хоёрдугаар сарын 18-нд эдийн засаг санхүүгийн хэтийн төлөвийг тодорхойлох чухал шийдвэр гарсан өдөр байжээ. Өрөө удирдах хууль баталсны дараа Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийнханд “баярлалаа, баяртай” гэж зоригтой хэлж чадсан юм.
Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОУВС-гийнханд тусламж хүссэн захидал бичээд нөгөөдүүл нь багаа илгээж хэрхэн туслахаа судалж байсан. Тэдний эдийн засагчид Монгол Улс 2015 онд 1.4 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээнэ гэж тодорхойлсон. Төлбөрийн тэнцлийн хямралд уначихаад байгаа манай улс тэндээс алдагдлаа нөхөх л туслалцаа авах гол зорилготой. Тэгвэл Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар хоёр тэрбум ам.долларын валют босгох боломж бүрдсэн учир тэдний тусламжаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, өөрсдөө эдийн засгаа залуурдаад явах боломжтой болсноо учирласан хэрэг. Дэлхийн зах зээлээс 1.4 тэрбум “ногоон” босгоход л бид төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөж чадах нь. Долларын ханш тогтвортой, эдийн засаг одоогийнхоос сулрахгүй байх нөхцөл ийн бүрдлээ. Тавантолгой, Оюутолгойн хөрөнгө оруулалт эхэлбэл долларын урсгал улам сайжрах нь дамжиггүй. Эдийн засаг тэлэх нь ч тодорхой. Банкууд зээл авч, дээрээс нь хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт үүсэж мэднэ. Мэдээж зээл авах нь ам.долларын ханш буурах бодит нөхцөлийг бүрдүүлнэ. Гэвч Монголбанк төгрөгийн ханшийг чангалахгүй болов уу. Н.Золжаргал “Төгрөгийн ханш сул байх нь үйлдвэржилтийг дэмжинэ. Урт хугацаандаа ашигтай” гэж ярьсаар яваа.
Тэгэхээр Монголбанк долларын орох урсгал нэмэгдэнгүүт хамж авч нөөцлөөд байна гэсэн үг. Эцэст нь Хятад шиг цаг зуурын бэрхшээлд барьц алдахгүй валютын нөөцтэй орон болно. Нөгөөтэйгүүр импортыг орлох үйлдвэрлэл хөгжих нь. Засгийн газар ч ахиухан татвар хураавал элдэв дэмий зүйлд зарцуулдаг гэмтэй. Хөрөнгө оруулах төсөл олдохгүй бол нийгмийн халамжид тараадаг зуршил бий. Засгийн газар илүүдэл хөрөнгөө ямар саванд хадгалахаа өдий хүртэл шийдээгүй байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл боловсруулсан ч хэлэлцүүлж төвдөхгүй л явна. Саяхан Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсын тэтгэврийн сан байгуулах зоримог шийдвэр гаргав. Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголбанкны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ сан байгуулах чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог халж, нэрийн дансныхад шилжүүлэн тэтгэврийн сан байгуулах үүрэгтэй. Засгийн газар 2009 онд Нийгмийн даатгалын санг үе шаттай хөрөнгөжүүлэн 2015 онд нэрийн дансны тогтолцоонд шилжүүлэх тогтоол баталж байсан. Гэвч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Өнөөдөр Нийгмийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг улсын төсөвт зарцуулсан хэвээр байгаа. Нэрийн дансны тогтолцоонд шилжүүлбэл таны даатгалын мөнгийг улс авч үрэх эрхгүй болно.
Түүнээс гадна та даатгалын хөрөнгөө барьцаалах, өвлүүлэх гэх мэт олон эрх эдлэх юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нийгмийн даатгалын тогтолцоог хөрөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэж ярьжээ. Нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлж, нэрийн дансны тогтолцоонд шилжүүлбэл манай зах зээлд урт хугацаатай санхүүжилт хийх мөнгө бий болох юм. Урт хугацаанд үр ашгаа өгөх төслийг санхүүжүүлэх мөнгө гэсэн үг. Бид урт хугацаатай зээлийг гадаадаас л авч байгаа. Тэтгэврийн сан байгуулбал гадаадынхны гар хардаг зовлонгоос бага боловч ангижрах нь. Энэ сангийн хөрөнгөөр хамгийн түрүүнд орон сууцны моргэйжийн зээлийг санхүүжүүлнэ гэж ярьж байна. Угаасаа Засгийн газар, Монголбанк найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх схемийг зурахдаа тэтгэврийн сан байгуулна гэж тусгасан байдаг юм. Одоохондоо МИК-ын гаргаж буй үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасыг Монголбанк л худалдаж авч байгаа. Тэтгэврийн санг хөрөнгөжүүлбэл МИК-ын үнэт цаасыг тэднийх худалдаж авна. Монголбанк одоо эзэмшиж байгаа моргэйжийн үнэт цаасаа тэтгэврийн санд зарчихаад тоглоомноос гарчихна.
Ингээд моргэйжийн тогтолцоо Монголбанкнаас хамаaралгүй тасралтгүй үргэлжлээд явна. Эцэст нь иргэдийг орон сууцжуулах, хуримтлал үүсгэх, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх Төвбанкны зорилт хэрэгжсээр байх юмсанж. Монголбанк моргэйжийн үнэт цаасаа тэтгэврийн санд худалдсанаар зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн гэх шүүмжлэлээс ангижрах болно. Улс орнууд тэтгэврийн сандаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувьтай дүйх хөрөнгийг төвлөрүүлсэн байдаг аж. Тэтгэврийн сан байгуулах санхүүгийн зах зээл төдийгүй нийгэмдээ ч үлэмж тустай нь нотлогджээ. Н.Золжаргалын баярлах эерэг хандлага ингээд ч дуусахгүй. Инфляц өнгөрсөн сард 0.4 хувиар өссөн. Ингэснээр жилийн 9.3 хувьд хүрч нэг оронтой тоонд багтлаа. Инфляц ирэх долдугаар сар гэхэд долоон хувь болж буурна гэж Монголбанкныхан таамаглаж байна. Инфляц буурах нь өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна гэсэн үг. Дээр өгүүлсэн санхүү, эдийн засгийн сайн үзүүлэлт, эерэг хандлагууд нь Н.Золжаргалд бол ажил мэргэжил, карьерийнх нь аз жаргал. Харин ард түмний амьдралд бол ашиг тусаа үзүүлэх “тоонууд” юм.
Т.ЭНХБАТ