Олон зууны тэртээ амьдарч асан өвөг дээдэс минь эдүгээд айлчлан ирчихэж. Агуу түүхт эх орныг минь
бидэнд бэлэглэсэн баатарлаг тэд, хацар гоо хатдынхаа хамт Улаанбаатар хотод морилсон юм. Тэднийг Чингис хаан биеэрээ удирдан иржээ. Зуун дамжин өртөөлсөн зочид маань Нүх тийн аманд байрлах, “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорилоо. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, УДЭТ, Олон улсын театрын институтын Монгол дахь төв, Хүүхдийн төлөө газар, Монголын урлагийн зөвлөл, Драмын мэргэжлийн жүжигчдийн төв хамтран зохион байгуулж буй “Театр, хүүхэд, ирээдүй” олон улсын жүжгийн фестивалийн нэг өдрийн дүр зураг.
Арга хэмжээнд оролцож буй гадаадын уран бүтээлчдийг “Чингисийн хүрээ” жуулчны баазад ирэхэд, хэнгэрэг дэлдэж, морьтон баатрууд эгнэн зогсоод, ихэд хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолж, шивэгчин охид угтан авлаа. Эзэн Чин гис, үзэмж төгс Бөртэ үжиний хамт их өргөөндөө тэднийг урьсан. Энэ үед ҮДБЭЧ-ын бүжигчин бүсгүйчүүд толгой дээрх аягаа хангинуулж, алчуураа нами руулан биелж, олны нүдийг хужирласан юм. Чулуу таалцан тоглох дэггүй жаалууд болон бөх барилдан наадах залуусаас монгол уламжлал, ахуй “ханхална”. Уг арга хэмжээг хариуцан зохион байгуулах ажил УДЭТ-ын жү жигчин Л.Дэмидбаатарт оногджээ. Эртний Эртний Монголын язгууртан дээдсээс эхлээд тоглон наадах хүүхэд хүртэл тус театрын жүжигчин байх юм. Энэ өдөр “Чингисийн хүрээ” жуулчны бааз бүхэлдээ XIII зуун болон хувирсан гэхэд болно.
Ийнхүү гаднын зочид төлөөлөгчдийг эх түүхээрээ аялуулсны дараа “Театр, хүүхэд, ирээдүй” олон улсын
жүжгийн наадмын хүрээнд зохион явуулж буй олон улсын театрын уран бүтээлчдийн бага хурал эхэлсэн юм. Уг хуралд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж ажилладаг, төрийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөн олон зочин ирсэн байсан. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг театраар дамжуулан нийгэмшүүлэх болон театрын ирээ дүйн үзэгчдийг хэрхэн бэлтгэх тухай асуудлаар гадаад, дотоодын төлөөлөгчид илтгэл тавьсан юм.
Тухайлбал, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн, НҮБ-ын элч, гавьяат жүжигчин Т.Ариунаа илтгэлдээ “Урлаг нь соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, цэнгэн баясгах гэсэн гурван үүрэгтэй. Харин манай улсад цэнгэн баясгах үүрэг давуу хэрэгжээд байгаа санагдах юм. Хүний таван мэдрэхүй бүхэнд хүрч үйлчилж чаддаг урлаг бол театр. Тиймээс хүнийг хүмүүжүүлэх,төлөвшүүлэхэд энэ урлаг их тусалдаг. Би “Ариун сэтгэл” сангийн үйл ажиллагааг эрхлээд 11 жил болж байна. Бид өмнө нь хүүхдийн сэтгэл санаа, оюун ухаан гэхээсээ илүү өмсөж зүүх, идэж уух гэх мэт материаллаг талд нь анхаардаг байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хайрлаж байна гээд тусгаарлачихдаг.
Түүний оронд нийгэмтэй нь аль болох ойр байлгах хэрэгтэй” хэмээсэн. Харин Болгарын зохиолч Анна Петровна “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх асуудлыг дэмжих иргэдийн сан байгуулагдсан бөгөөд бүх театрт тэдэнд зориулсан зам тавих ажил дуусаж байгаа.
Дөрвөн жилийн өмнө манай театрт сонсголгүй хүүхэд ирээд шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед түүнийг дүлий гэдгийг хүмүүс гадарлаагүй. Түүнээс хойш жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс элсэлтийн тусгай шалгалт авдаг болсон. Хамгийн чухал нь “Чи бол бусдын адил” гэсэн үзлийг хүүхдийн оюун бодолд суулгах хэрэгтэй” гэж ярьсан юм. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга М.Тогтохням хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх тал дээр дэд бүтэц нэн дутагдалтай байгаагийн сацуу, тэдэнд зориулсан хэлбэрээр уран бүтээл туурвих , түүнийг төрөөс дэмжих хэрэгтэй хэмээн уриалж байлаа.
Тус үйл ажиллагааг зохион байгуулагчдын нэг УДЭТ-ын дэд захирал, төрийн соёрхолт,ардын жүжигчин Н.Сувдаас хэдэн зүйл тодруулсан юм.
-УДЭТ бол манай улсын хамгийн том урлагийн сүм. Янз бүрийн шалтгааны улмаас хүүхдүүд тэр бүр театрт очиж чаддаггүй. Жишээлбэл хүүхдийн хорих анги болон асрамжийн газрын хүүхдүүд гэх мэт?
-Театр гэдэг үзвэрийн газар гэсэн утгатай. Үзэгч байгаа тохиолдолд театр оршсоор байна. Театрын урлаг хүнийг хүн байхын утга учрыг нээж өгдөг. Хамгийн үнэнч үзэгчид хүүхдүүд байдгийг хэлмээр байна. Өдгөө 60 жилийн ойтойгоо золгох байсан “Хүүхэд залуучуудын театр” тухайн үед улсын шийдвэрээр татан буугдсан. Хүүхдүүдэд өөрийн гэсэн театр хэрэгтэй байна. Бид энэ жил “Лусын дагина” хэмээх хүүхдэд зориулсан жүжиг тоглосон. Тодорхой зохион байгуулалттайгаар тиймэрхүү газруудад очиж, үнэ төлбөргүй тоглолт хийдэг юм. Хүүхдүүд их баярлаж угтдаг. Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан суудал, замтай боллоо. Удахгүй хүүхдийн хоёр жүжгээ аудио бичлэг хэлбэрээр хараагүй хүүхдүүдэд зориулан гаргахаар төлөвлөж байна. Мөн цаашдаа дохионы хэлний орчуулгатай уран бүтээл хийх санаа бий.
-Танайх дэргэдээ хүүхдийн жүжгийн дугуйлантай болох боломжтой юу?
-Бид Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлантай хамтарч ажилладаг. Энэ газраас бидний залгамж халаа төрнө гэж итгэдэг шүү. Жүжгийн дугуйлан манай улсад олон бий. Тийм болохоор шаардлагагүй байх гэж бодож байна. Хүүхдүүдтэй хамтарч тоглохоор их эрч хүч авдаг юм. Наадамд оролцож буй Якут улсын Залуучуудын театрын дарга Матрёна Павловагаас сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр “Би өмнө нь тал нутагт ирж үзээгүй. Миний хувьд их өвөрмөц сайхан фестиваль болж байна. Манай хоёр улсын жүжигчний сургалтын школ нэг учир онцын сүртэй ялгаа байхгүй. Хэдий бид ондоо хэл, соёлтой ч танай театрынхны жүжгийг үзэхээр ойлгомжтой, сайхан байдаг. Энэ нь уран бүтээлчдийн ур чадварыг харуулж байгаа юм. Манай улс нийт долоон театртай. Дараа жил манай театрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцсон жүжиг тоглоно” гэлээ.
Хурлын үеэр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос УДЭТ-д хөгжлийн бэрх шээлтэй хүүхдүүдэд зориулсан шат хандивласан бол “Интерпресс” хэвлэлийн компани ирэх жил хүүхдэд зориулсан 20 бүтээлийг гаргахаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Эцэст нь хуралд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх, тэдэнд зориулсан уран бүтээл туурвих, хүүхдийн театртай болох, хүүхдүүдэд нэгдсэн журмаар урлагийн тоглолт үзүүлэх гэх мэт чухал зөвлөмжийг дуу нэгтэйгээр баталсан бөгөөд төсөл бичиж Засгийн газарт өргөн барихаар болсон юм.
О.ЦЭНГЭЛ