- 5-7 жилийн дараа далд уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэнэ –
“Оюутолгой”-н “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” өнгөрч буй долоо хоногийн хамгийн халуун сэдэв байлаа. Хувь нийлүүлэгчид зарим мэдээллийг дэлгэсэн ч монголчуудын хувьд асуултын тэмдэг тэгнэсэн асуудал цөөнгүй бий. Хариултыг нь эрж, “Оюутолгой”-н гурав дахь ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэйтэй ярилцлаа. “Rio Tinto”-д 19 жил ажиллаж буй тэрбээр өнгөрсөн аравдугаар сараас эл албыг хашиж буй.
-Хувь нийлүүлэгчид “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулагч тал нэлээд хэдэн асуудлаар буулт хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдсан. Гэхдээ эхний шатны хөрөнгө оруулалтын зардал хэтэрснийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл дуулдсангүй. Ил уурхайн үе шатанд гарсан бүх зардлыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Цаг гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хуримтлагдаад байсан олон асуудлыг “Оюутолгой” компанийн хувьцаа эзэмшигчид нэлээд хугацаа зарцуулж байж эцэслэн шийдвэрлэж, тохиролцоонд хүрсэн гэдгийг хэлмээр байна. Төслийн нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд болон роялти, татвар хураамж зэрэг нийтийн дунд яригдаж байсан, нэлээд өргөн цар хүрээтэй асуудлуудыг багцлан шийдвэрлэж чадсан. Компанийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Turquoise Hill Resources”, “Rio Tinto” компанийн аль, аль тал нь санал, санаачилга гаргаж, маш их цаг зарцуулж байж олон асуудлыг шийдсэнээр 50-100 жил хэрэгжих “Оюутолгой” төсөл саадгүй үргэлжлэх бололцоог бүрдүүлсэн юм.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс “Оюутолгой” төслийн асуудлыг Монголын ард түмэн, Засгийн газрын талд үргэлж ашигтайгаар шийддэг гэж ярьдаг. Шинэ төлөвлөгөөнд тусгасанчлан “найр тавих” л байсан юм бол далд уурхайн асуудлыг хугацаа алдалгүйгээр шийдэж яагаад болоогүй юм бэ?
-Хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал учраас үүнд би тайлбар хийх нь зохисгүй. Түүнээс гадна би “Оюутолгой”- д ажиллаад удаагүй. Ер нь дэлхий дээр хэрэгжиж буй олон төслийн зарим нь их цаг хугацаа зарцуулж шийдвэрээ гаргаж байдаг. Тиймээс хувьцаа эзэмшигчид асуудлуудаа шийдэж, тохиролцож чадсан нь хамгийн гол, сайн зүйл гэж би хувьдаа харж байгаа. “Оюутолгой” компани болон Монголын ард түмэнд ч гэсэн энэ нь сайн зүйл гэж бодож байна. Далд уурхайгаа цааш нь үргэлжлүүлж авч явах зам мөрийг гаргачихсан юм чинь одоо хэрэгжүүлэх нь чухал.
-“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-ний талаар албан ёсны, товч мэдээллээс өөр ойлголтгүй байна, Монголын нийгэм. Зарчмуудынх нь талаар илүү дэлгэрэнгүй тодруулж өгнө үү. Өнгөрсөн аравдугаар сард “Rio Tinto”-гоос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн санамж бичгийн агуулга энэ төлөвлөгөөнд хэр их туссан бэ?
-“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” бол далд уурхайг цааш нь хэвийн үргэлжлүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлэх зарчмын гол тохиролцоог агуулсан баримт бичиг. Инженерингийн нарийн зураг төсөл гэх мэт зүйлийг үүнд агуулаагүй. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу техник, эдийн засгийн үндэслэлээ (ТЭЗҮ) хянах, батлуулах, төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас авах зэрэг нэлээд том хэмжээний ажлыг хийх юм. 5-7 жилийн дараа далд уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэж эхлэх болов уу гэж бид тооцож байгаа. Гэхдээ үүний өмнө их хэмжээний ажлыг хийх шаардлагатай болно.
Та бүхэн мэдэж байгаа. Бид эхлээд зардлуудаа тооцож, эцэслэн гаргах, зөвшөөрлүүдээ авах, нарийвчилсан зураг төслүүдийг хийж, гүйцэтгэх зэрэг шат дараалсан ажлуудыг төлөвлөгөөтэй хийж хэрэгжүүлнэ. Мөн 200 км орчим урттай гүний уурхайн туннелийг барьж, байгуулах, 3000 орчим хүнийг сургаж, дадлагажуулан ажлын байранд бэлтгэх нүсэр ажил бидний өмнө бий. Түүнээс гадна бидэнтэй хамтарч далд уурхайг бүтээн байгуулах, цаашид үйлдвэрлэлийг авч явахад шаардагдах туслах аж ахуй буюу ханган нийлүүлэгч компаниудаа бэлдэнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд ч гэсэн бид хэвлэлээр дамжуулан монголчуудад нээлттэй байж, тухайн цаг үеийн мэдээллүүдийг хуваалцаж байх болно.
-Энэ төлөвлөгөөг баталснаар Монгол Улсын одоо болон ирээдүйд хүртэх ашигт ямар өөрчлөлт гарах вэ. Одоогоор төсөвт төлөх татварын хэмжээ өсөхөөр харагдаж байна. Харин манай ногдол ашиг хүртэх хугацаанд хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ төслийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчид харилцан буулт хийж, асуудлуудаа тохиролцсон. Мэдээж татвар хураамжийн хэмжээ өөрчлөгдөж, тэр бүгдийг бид төлөхөөс гадна бид чадварыг хөгжүүлэх тал дээр маш их анхаарна. Ажиллагсад төдийгүй монгол компаниудын чадвар, чадавхийг хөгжүүлснээр Монголын уул уурхайн салбарын стандарт дээшилнэ. Өөрөөр хэлбэл, гарт баригдахгүй маш их хэмжээний үнэ цэнийг бүтээнэ гэж хэлж болно.
Мэдээж бид компаниа ихээхэн ашигтай ажиллуулах зорилт тавьж байгаа. Дүгнээд хэлэхэд, ур чадварын бүтээмж дээшилж, татвар хураамжийн хэмжээ нэмэгдэж, мөн төслийг дагаад үүсэх эдийн засгийн үр нөлөө нь олон тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Нэмж хэлэхэд, “Оюутолгой”-н асуудлаарх тохиролцоог дагаад хөрөнгө оруулагчдын итгэл, Монголд хандах хандлага их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр уул уурхай төдийгүй бусад салбарт томоохон дэвшил авчирч чадна.
-Төслийн санхүүжилтийг эцэслэх, ТЭЗҮ-ийг батлуулах, шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас авах зэрэг багагүй ажил үлдээд байна. Үүнд хэр зэрэг хугацаа шаардлагатай гэж үзэж байна вэ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын санал хүчинтэй хэвээрээ юү?
-Олон улсын банкууд сонирхлоо илэрхийлсэн хэвээр байгаа. Нөгөөтэйгүүр, зэсийн зах зээл ойрын хугацаанд таагүй байгаа боловч урт хугацаанд сэргэх хандлага бий. Тэгэхээр хөрөнгө оруулагчид энэ боломжийг тооцоолон бидэнтэй хамтарч ажиллана гэж итгэж байна. Миний авсан мэдээллээр “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид төслийн санхүүжилтийг ойрын саруудад эцэслэх боломжтой.
Зөвшөөрлийн тухайд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтарч ажиллаж, богино хугацаанд шийдвэрлэнэ гэж хувь нийлүүлэгчид тохиролцсон. Эхний ээлжинд 20 орчим зөвшөөрлийг авсны үндсэн дээр далд уурхайн ажлуудыг эхлүүлэх боломж бүрдэнэ. ТЭЗҮ-ийн хувьд бид нарийвчилсан зураг төсөл болон зардлын задаргаануудыг бэлтгэж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, бүртгүүлэх ёстой.
-Далд уурхайн бүтээн байгуулалтад яг хэдэн тэрбум ам.доллар хэрэгтэй юм бэ. 5-6 тэрбум ам.долларын хооронд зөрүүтэй тооцоо гараад байгаа. Хэдийг нь олон улсын банкууд санхүүжүүлэх вэ?
-Далд уурхайд бид өнөөдрийн байдлаар 500 сая ам.доллар зарцуулсан. Нэмж дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгох хэрэгтэй байна. Гэхдээ төслийн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар бол төслийн нийт өртгийг илтгэхгүй.
-Зэс хайлуулах үйлдвэрийн тухай “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгасан байсан. Судалгааг нь есдүгээр сард боловсруулж дуусгана гэсэн. Тодруулж өгнө үү.
-Зэс хайлуулах үйлдвэр гэлтгүй ер нь аливаа үйлдвэрийг байгуулахад эдийн засгийн үр ашгийг нь тооцоолох хэрэгтэй. Энэ төлөвлөгөөний хүрээнд эхлээд судалгаагаа хийхээр бид тохиролцсон. Мэдээж Монгол Улсад боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Тэгэхээр эдийн засгийн үр ашгийн тооцоо, судалгааг маш сайн хийнэ, түүнд “Rio Tinto” компани оролцож, судалгааны зарим хэсгийг хийж хэрэгжүүлье гэж Засгийн газартай тохиролцсон. Хэрвээ ашигтай нь тогтоогдвол хөрөнгө оруулалт, хүчин чадлын талаар тухайн үед ярих болно. Тэрхүү үйлдвэр хэрвээ баригдвал “Оюутолгой” зэсийн баяжмалаа түүнд нийлүүлэх бололцоотойгоор ажиллана.
Б.ЦЭЦЭГСҮРЭН