Эдийн засаг хэмээн гурвантаа давтаж, ажиллах зорилгоо тодорхойлсон шийдлийн Засгийн газрын нэг тулах салбар нь аж үйлдвэр. “Эрдэнэт” мэтийн ганц хоёр томоохон үйлдвэрээ “сааж” удаан амьдрах хэцүү. Тиймээс жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлж, аль болох л түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоос хараат амьдралдаа цэг тавих нь манай улсын зорилго. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч ийм зорилго тавьсан. Тиймээс Н.Алтанхуягийн танхим 2013 онд Экспортыг дэмжих хөтөлбөр баталсан юм.
Экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны бүтцийн зохистой байдлыг хангах, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Энэ хүрээнд 888 төслийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, хэрэгжүүлж буйг уншигчид мэдэж буй. Таван жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй, эхний жилдээ үндсэн зээл төлөхгүй байх болзолтой эдгээр төслийн үр дүнг хүлээсэн, харуулдсан хүн олон байна.
888 ТӨСӨЛД ӨНГӨРСӨН САРЫН БАЙДЛААР 272.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ
“Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй олон төслийн нэг нь 888. Эдгээр төслийн дийлэнх нь барилгын материалын салбарынх. Энэ салбарт импортыг орлох боломж байна хэмээн бизнес эрхлэгчид харсан аж. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуур, хүнсний салбарын төсөл бий. Үйлдвэржилтээ дэмжих, экспортоо нэмэгдүүлэх эхний алхмыг шинэчлэлийн Засгийн газар хийсэн. Шийдлийн Засгийн газар үүнийг үргэлжлүүлж байна. Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөгөөс доош ба дээш гэсэн хоёр хэсэгтэй. Яамд хүлээн авсан төслийн саналаа Хөгжлийн банкинд илгээнэ. Банк гэрээтэй арилжааны банкууд руу явуулж, тэд журамд нийцэх эсэхийг нь нягтлах үүрэгтэй. Ингээд болно гэж үзвэл Хөгжлийн банкинд мэдэгдэж, тэндээс санхүүжилт гарч буй юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хоёр тэрбум төгрөгөөс дээш санхүүжилтийн хүсэлт бүхий 48 төслийг арилжааны банкуудаас Хөгжлийн банкинд ирүүлжээ. Нийт 320.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байна. Хөгжлийн банкны Зээлийн хороогоор 47 төслийн талаар хэлэлцээд 198.3 тэрбум төгрөгийн 39 төслийн зээлийг арилжааны есөн банкаар дамжуулан олгохыг дэмжсэн аж.
Улмаар зээлийн болон баталгааны гэрээ байгуулсан 35 төслийн 172.7 тэрбум төгрөгийг дээрх арилжааны банкуудад олгосноо цахим хуудастаа мэдээлжээ. Мөн хоёр тэрбум төгрөгөөс доош санхүүжилт хүссэн 10 банкны 655 төсөл хэрэгжүүлэгчид 99.9 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аар дамжуулан олгосон гэнэ. Тэгэхээр 888 төсөлд өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт 272.6 тэрбум төгрөг олгосон байх нь.
55 САРЫН ХҮЛЭЭЛТ
Экспортоо дэмжих, импортыг орлох төслүүдийг санхүүжүүлэх ажил хууль, журмын дагуу ийнхүү үргэлжилж буй аж. Санхүүжилтээ авмагц л хамаг ажил нь гялалзаад шууд үр дүн гарна гэх хэцүү. Тиймээс ч эдгээр төслийг анх шалгаруулж байх үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төслийн үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцоолол хийсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Зээлийг таван жилийн хугацаатай олгосон. Тэгэхээр дөрвөн жил гаруйн дараа өгөөж, үр дүнг нь 100 хувь дүгнэх боломжтой гэсэн үг. Аливааг яаран шүүмжлэх дуртай монголчууд аль болох бүтэхгүй талаас нь харж, гутранги байдлаар хандах нь бий. Олон тийш тарамдахын оронд цөөхөн, томоохон үйлдвэрээ дэмжих хэрэгтэй байсан юм гэх шүүмжлэл гарч буй.
888 төслийн жагсаалтад багтсан атлаа тэр эрхээ худалдах зар өгсөн аж ахуйн нэгж бий. Сонин дээр гарсан тэр зар нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. “Гол нь барьцаа хөрөнгөгүйдээ л ийм зүйл хийлээ” хэмээн өнөөх эрхэм толгойгоо маажсан гэдэг. Үйлдвэрлэл хөгжсөн, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эд хэрэглэлээ эх орондоо хийдэг улс болохыг монгол хүн бүр л хүснэ. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор оруулж ирчихээд аюулгүй байдал хангагдахгүй нь гэж суухгүй л болох байх. Мэдээж энэ ажилд шүүмжлэх, өөлөх зүйл бий. Гэвч шүүмжлэх, “жадлах”-аа хойш тавиад ажиллах цаг, боломж олгох сэтгэлгээ бидэнд дутагддаг. Ийм боломжийг нь олгож, үр дүн гарахаар тооцсон 55 сарыг хүлээе.
С.ТУУЛ