Олон жил эмнэлэгт ажилласан нэгэн сувилагч эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүдээс нэг зүйлийг заавал асуудаг байж. “Та амьдралдаа юунд хамгийн их харамсаж байна вэ” гэсэн асуултад олонх нь “Хэн нэгний хүсэлт хүлээлтээр биш, өөрийн хүссэнээр амьдарсан ч болоосой” хэмээн хариулсан гэдэг. Бид ингэхэд ер нь юуны төлөө амьдардаг вэ? Хожим бурхны орныг зорихын өмнө ийн харамсаж халаглах юм биш байгаа? Яг энэ сэдвээр саяхны өдөр ээж, хүү, бэр гурвын дунд бяцхан маргаан өрнөсөн юм.
Ээж “Эхнэр авч, үр хүүхэдтэй болохгүй, өөрийн тааваар ганц бие, гозон толгой амьдарна гэсэн үг” хэмээн дурамжхан хэлэхэд бэр нь түүнийг дэмжиж, “Тийм шүү, юунд ч хариуцлага хүлээхгүй, өөрийн жаргалаа хөөж амьдрах байх” гэлээ. Хүү нь эсэргүүцэв. “Та хоёр буруу ярьж байна. Жишээ нь, хүмүүс заавал их сургууль төгсөөд ямар нэгэн ажил олж хийгээд, жирийн албан хаагч явсаар тэтгэвэрт гардаг. Олонх хүн заавал тэгэх ёстой гээд ойлгочихсон. Гэтэл тэр хүн өөрийнхөө дуртай сонирхолтой зүйлээ хийгээд амьдарч болно. Тэгэхийн тулд заавал их сургууль төгсөх ч албагүй. Заавал бусдын бодолд хэвшсэн шиг амьдрах ёсгүй” гэлээ.
Гэхдээ энэ бол зөвхөн боловсрол хэрэгтэй, хэрэггүйн тухай ч яриа биш л дээ. Амьдралын чухал шийдвэр гаргах үеүдэд зайлшгүй хэн нэгний нөлөө ордог тохиолдол бидэнд цөөнгүй бий. Хэрэггүй л аав, ээжийнхээ зөвлөгөөг дагалаа, тэгэхэд би яах гэж Балдангийн үгэнд оров доо. Хэрэггүй л найзынхаа хэлснээр түүнтэй суулаа, түүнтэй л суух байсан юм гэхчлэн харамсаж амаа барих тохиолдол маш олон байдаг.
Магадгүй оносон нь ч бий л байх. Дээрх залуугийн хэлсэн шиг бусдын бодолд хэвшсэн шиг, “хайрцагт орж” амьдардаг хүн бидний дунд олон. Өөрийн биш, өрөөлийн таалалд нийцүүлж амьдарлаа гээд ч юман чинээ тоолгүй гудиггүйхэн яваа нэгэн ч бий. Гэсэн ч нэг л өдөр тууж өнгөрүүлсэн бүхнээ дэнслэн бодох өдөр ирж л таарна. Тэр үед л харамсахгүй байвал болох нь тэр.
Г.ГЭРЭЛ