ХААН банкны салбарын захирал руу өнгөрсөн мягмар гаригт олон харилцагч нь утас цохижээ. Тэд “Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирэхээр болчихлоо. Хадгалуулсан доллараа яах вэ” гэж лавлацгаасан гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр “Эрдэнэс Монгол” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар “Оюутолгой” төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, зургаан тэрбум “ногоон”-ы хөрөнгө оруулалт татахаар болсон нь доллартай хүмүүсийг ийн сандаргасан хэрэг. Ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо газардангуутаа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын зургаан тэрбум ам.доллараас гадна Энэтхэг улсын Засгийн газар нэг тэрбум “ногоон”-ы зээлийн шугам нээхээр болсон. Мөн СIB банк манайд хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум долларын хөрөнгө оруулахаар боллоо.
Ингээд хэдхэн хоногт Монголын эдийн засагт найман тэрбум ам.доллар оруулах шийдвэр гарлаа” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэл Монголын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөг дүр зургаар солив. Тэгэхээр хасах дүнтэй болоод байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад ам.долларын ханш тогтворжино. Эцсийн бүлэгт, Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн үг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, ам.доллар хомсодсоноос манай улсын эдийн засаг хүндэрсэн. Тэгвэл их хэмжээний доллар орж ирэх сургаар “ногоон”-ы ханш гудайв. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 30 төгрөгөөр суларлаа. “Найман шарга” төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1922 төгрөгөөр худалдан авч, 1926-гаар зарж байсан. Тэд “Долларын нийлүүлэлт их байна. Ханш буурах нь гэсэн хүлээлт үүсээд иргэд доллараа зарж эхэллээ” гэв. Монголбанкныхан өнгөрсөн пүрэв гаригт валютын ээлжит дуудлага худалдаа зохион байгуулсан. Ингэхэд арилжааны банкууд Төвбанкинд нийт гурван сая ам.доллар худалдах санал гаргажээ. Сүүлийн хоёр жилийн дуудлага худалдаанд Монголбанкнаас ам.доллар авах санал л ирдэг байв.
Төвбанк валютын ханшийг огцом өсгөхгүйн тулд 4.6 тэрбум ам.долларын нөөцөө 1.3 тэрбум болтол зах зээлд нийлүүлсэн. Энэ удаа доллар худалдах санал Төвбанкинд ирүүлсэн нь “салхи эргэсэн”-ийг харуулав. Монголбанкныхан санал болгосон долларыг нь худалдаж авалгүй, зах зээлд үлдээжээ. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь дотоодын зах зээлд богино хугацаанд ийм нөлөө үзүүллээ. Харин гадаад талд Монгол Улсын Засгийн газрын гаргасан бондын үнэ гурван хувиар өссөн, Худалдаа хөгжлийн банкны бондын хүү хоёр нэгжээр буурсан нь эерэг үр дүн юм. Магадгүй манай улсын зээлжих зэрэглэлийг үнэлгээний байгууллагууд эргэж харж байгаа болов уу. Оюутолгойн бүтээн байгуулалт нь дотоодын эдийн засагт урт хугацаанд үлэмж нөлөөтэй. Энэ төсөлд Монголын 2000 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажилладаг гэхээр хэр нөлөөтэй нь ойлгомжтой. Далд уурхайд нийт 200 километр хонгил барина. Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх урт хонгил барихад зургаан тэрбум ам.доллар, долоон жилийн хугацаа зарцуулах гэнэ. Тэгэхээр жил бүр Монголд 900 сая ам.доллар зарцуулна гэсэн үг.
Энэ хэмжээгээр ам.долларын орох урсгал нэмэгдэнэ. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг “хөдөлгөсөн”-өөр Тавантолгойн цахилгаан станцыг барих нь тодорхой болж буй юм. Цахилгаан станц барихад нэг тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай. Ер нь “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр олон зүйлийн “түгжээ” мултарч байна. Ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлж буй нь хамгийн чухал. Валютын орох урсгал сайжрах нь “Оюутолгой”-гоос ч олон зүйлийн “түгжээ”-г мултах учиртай. Ам.долларын хомсдолоос улбаалан Монголбанк бодлогын хүүгээ 13 хувь хүртэл өсгөж, мөнгөний нийлүүлэлтээ тэг болтол бууруулаад байгаа. Энэ хэрээр эдийн засгийн бодит сектор хумигдсан. Улаанбаатарт босгосон олон барилгын ажил ахихгүй байгаа та харж буй байх.
Энэ бол эдийн засаг агшсаны илэрхийлэл юм. Тэгвэл ам.долларын ханш буурч байна. Долларын нийлүүлэлт нэмэгдэх нь тодорхой болов. Оюутолгойн хөрөнгө маргааш биш ч, магад орж ирэх нь тодорхой болсон. Худалдаа хөгжлийн банкны 500, Төрийн банкны 300 сая ам.долларын зээл орж ирнэ. Мөн Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА байгууллагаас 600 орчим сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа. Олон улсын валютын сангийнхан манай улсыг энэ онд 1.4 тэрбум ам.долларын гадаад төлбөр тооцооны алдагдал хүлээнэ гэж таамаглаж байсан. Тавдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 20 сая ам.долларын ашигтай гарчихлаа. Гадаад худалдаа огцом буурч, нэг тэрбум ам.долларын ашигтай гарах төлөвтэй байгаа учраас гадаад төлбөр тооцооны алдагдал 700 саяас хэтрэхгүй гэж Монголбанкныхан төсөөлж байна.
“Оюутолгой” төсөл, Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан ч гадаад төлбөр тооцооны алдагдлаас айх юм алга. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байвал сайн л даа. “Оюутолгой” төсөл, Тавантолгойн цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын зах зухаас ороод ирэхэд эдийн засгийн чансаа сайжраад явчихна. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг баталчихвал бүр башийлаа. Монгол Улсын эдийн засгийг Олон улсын валютын сан 4.4, Дэлхийн банк 4.6, Азийн хөгжлийн банк гурав, Монголбанк 5.6 хувиар өснө гэж тооцсон. Эдгээр тооцооллыг хийхдээ “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг хамруулж тооцоогүй. “Оюутолгой”-н бүтээн байгуулалт үргэлжлэхээр болсон тул эдийн засгаа тэлэх бодлого явуулах боломж бүрдэж байна. Бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний нийлүүлэлтээ нэмээд эдийн засгаа өсгөе. Одоо “Оюутолгой”-той өсөлтийн тухай ярьцгаая.
Т.ЭНХБАТ