Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсын тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тариалалтын явц ямар байгаатай танилцлаа. Энэ сард цаг агаар сэрүүн, олон жилийн дунджаас хур бага байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан зарим суманд тариалалт хожуу эхэлжээ. Мөн сүүлийн үед бороо ороогүй учир ихэнх нутгаар хуурай, гандуу байлаа. Бид хамгийн түрүүнд Төв аймгийн Жаргалант сумаар оров. Төв аймаг энэ онд үр тариа 69.8 мянга, хүнсний ногоо 998, малын тэжээл 5200, тосны ургамал найман га гээд нийт 70.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.
Хэдийгээр энэ жилийн ажил бага зэрэг оройтож эхэлсэн ч аймгийн хэмжээнд ажлын явц 74.3 хувьтай байгаа гэнэ. Мөн тариалалт хугацаандаа амжиж дуусна гэлээ. Тус аймгийн Жаргалант суманд тариалангийн эргэлтийн 38 мянга орчим га талбай байдгаас 15-16 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал тарьж, үлдсэн талбайдаа уринш хийдэг байна. Мөн тус сумынхан энэ онд 50 гаруй мянган га талбайгаас ургац авах төлөвлөгөөтэй байгаа. Жаргалант нутгийн төмс бол Булганы Сайханы айраг, Сүхбаатарын Дарьгангын хийц гэдэгтэй адил улс даяар брэнд болж буй, зах зээлээ хэдийнэ олсон бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас манай улсын төмсний хэрэглээний 20-25 хувийг зөвхөн Жаргалантын шар төмс эзэлдэг. Тус сумын Засаг дарга Д.Ганболд “Манай сум “Монгол төмс” хөтөлбөртэй хамтраад төмсний үрээ шинэчилсэн. Одоогийн байдлаар 5-7 шинэ сортын төмс тарьж байна” гэлээ.
ГАЗАР ТАРИАЛАН БА МАЛ АЖ АХУЙ
Ажлын хэсгийнхэн Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаар дайрч, Дархан-Уул аймгийн Дархан сум орох төлөвлөгөөтэй байсан. Төв аймгийн хойд талын сумд болон Дархан, Сэлэнгийн нутаг нь манай улсын газар тариалангийн гол бүс нутаг. Энд улсын хэрэгцээг хангах буудай, төмс, хүнсний ногооны дийлэнхийг тариалдаг. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутаг дахь газар тариалан эрхэлдэг компаниуд чадавхижиж, тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлж буй юм байна. Нөгөө талаас энэ бүс нутгийн малын тоо толгой ч өссөн аж. Үүнээс болж бэлчээр, тариалангийн талбайгаа хамгаалсан малчид, тариаланчид хоорондоо зохицож чадахаа байж, зөрчил нь улам хурцаджээ. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант сум 186.6 мянган га талбайтай. Үүний 100 орчим га талбайг нь бэлчээр эзэлдэг аж. Харин тус сумынхан 160 гаруй мянган малтай, 20 гаруй мянган төл хүлээн авчээ. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 280 гаруй мянган мал гэсэн үг.
Энэ нь тус сумын бэлчээрийн даацыг 3-4 дахин хэтрүүлж байгаа гэнэ. Үүнээс болж малчин, тариаланчид хоорондоо зохицоход жилээс жилд хэцүү болж байгааг нутгийн тариаланчид ярьж байв. Тухайлбал, “Арвинбат” компанийн захирал К.Баярмагнай “Би төрөөс хөнгөлөлттэй үнээр шатахуун, үрийн будаа өгөөч гэж гуйгаагүй. Зөвхөн тариалангийн талбай, малын бэлчээрийг зааглаж зохицуулж өгөөч л гэж хүсэж байна. Бусад ажлаа бид өөрсдөө хийж дөнгөнө. Манай компани энэ жил 3300 га талбайд тариа тарьж байна. Биднийг энд тариа тарьж байхад малчид манай уринш хийж буй талбайд малаа оруулчихдаг. Тиймээс төрөөс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна” гэлээ. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон аймгийн газар нутгийг тариалангийн бүс нутаг болгох талаар сүүлийн 10 гаруй жил ярьж буй боловч одоогийн байдлаар ямар нэг үр дүн гараагүй байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж удахгүй УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хуулийн гол агуулга нь Төв аймгийн хойд талын сумд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын зарим сумын нутгийг манай улсын газар тариалангийн гол бүс болгож, энд зөвхөн эрчимжүүлсэн буюу фермерийн аж ахуйг хөгжүүлэхээр тусгажээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газар баталсан. Одоогийн байдлаар хуулийн төсөлд эрдэмтэн, судлаачид, салбарынхнаас санал авч байгаа. Энэ хуулиар тариалангийн бүс нутгийг тогтоох, хөдөө аж ахуйн чөлөөт бүс нутгийг бий болгох зорилготой” гэлээ.
Үүнээс гадна төсөлд тариаланчдын газар эзэмших хугацааг нэмэх зохицуулалт ч хийсэн байна. Газрын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж 15-60 жил хүртэлх хугацаагаар газар эзэмших эрхтэй. Харин газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд газраа ихэвчлэн 15-30 жилийн хугацаагаар эзэмшдэг гэнэ. Энэ хуулийн төсөлд газрыг тариаланчдад 40-60 жилээр эзэмшүүлэхээр тусгаж өгчээ. Ингэснээр тариаланчдад хөрсөө олон жилээр тордох, газраа барьцаалж зээл авах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь газар тариалангийн бүс нутгийг малын бэлчээрээс салгах хуулийн зохицуулалттай болсноор тариаланч, малчдын хоорондын зөрчил арилах аж. Тиймээс энэ хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж төрийн бодлого болгож өгөхийг тариаланчид хүсэж байлаа.
Б.БАЯНБАТ: ХӨДӨӨ АЖИЛЛАЖ, САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ
Газар тариалангийн салбарт 30-аас дээш насныхан ажиллаж буй тухай зарим компанийн захирал ярьж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарын мэргэжилтнүүдийг цөөн бэлтгэсэн, мөн залуучууд хөдөө ажиллах сонирхолгүйг харуулж байгаа аж. Тиймээс төрөөс газар тариаланчдыг дэмжих, энэ салбарын мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх хэрэгтэйг хэлж байлаа. “Жаргалант харвест” компанийн захирал Б.Баянбат “Манай улсад дээд боловсролтой, ажилгүй залуус олон байна. Тэд хуульч, эдийн засагч болно гэж хошуурахын оронд инженер, агрономич, трактор, комбайны жолооч болж хөдөө гарч ажиллах хэрэгтэй. Газар тариалан эрхэлж сайхан амьдрах бүрэн боломжтой” гэв. Тухайлбал, тус компани энэ онд 1400 гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хаврын тариалалтын үеэр 20 орчим, намрын ургац хураалтын үеэр 30 гаруй хүн ажиллуулдаг аж.
ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО НИЙЛҮҮЛЭХ НЭГДСЭН СҮЛЖЭЭ ХЭРЭГТЭЙ ГЭВ
Манай улс одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны дотоодын хэрэглээнийхээ 70 гаруй хувийг хангаж байгаа. Мөн төмс, хүнсний ногоогоо экспортлох боломж ч бий аж. Одоогийн байдлаар газар тариалангийн компаниуд дангаараа багахан хэмжээний төмс, хүнсний ногоог хойд хөрш рүү экспортолж байгаа. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээ биш гэдгийг салбарынхан хэлж байна. Манай улсын мах экспортлогчид энэ оны эхээр БНХАУ-д болсон үзэсгэлэнд оролцсон боловч нэгнээсээ өрсөж үнээ буулгасаар бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлийн үнээс ч хямдаар борлуулсан гэсэн. Төмс, хүнсний ногоо экспортлогчдын хувьд ч үүнтэй адил бэрхшээл байдаг гэнэ. Тиймээс экспортод гаргаж байгаа төмс, хүнсний ногоог аль нэг компанийн гэхээс илүү Монголын бүтээгдэхүүн гэсэн нэг малгай дор оруулж, гаднын импортлогчидтой нэг цонхоор харилцаж, нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээтэй болох шаардлагатай байгааг салбарынхан ярьж байна.
Салбарын сайд ч энэ талаар нааштай алхам гарч байгааг дуулгасан юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын тариаланчидтай уулзсаны дараа Дархан-Уул аймгийн Дархан сум дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсанаар бидний томилолт өндөрлөлөө. Тус хүрээлэнгийн эрдэмтэд “Дархан-144”, “Дархан-131” үрийн сорт гаргаж авчээ. Мөн манай улсад тариалж буй үр тариа, төмсний үйлдвэрлэлийн 30 гаруй хувь, хүнсний ногооны 60 хувьд тус хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан сортын үрийг ашигладаг байна. Цаашид гаднаас үр авахгүйгээр тус хүрээлэнтэй хамтарч ажиллах боломж байгаа гэнэ. Тиймээс мөн л эрдэм шинжилгээний хүрээлэн, тариаланчид, үр хадгалах газруудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг хэлж байлаа.
Н.САНЖААСҮРЭН