Бид л тэр бүр олж хардаггүй болохоос инээмсэглэх шалтгаан хорвоогоор дүүрэн ажээ. “Эрүүл саруул болсон гэдгээ дуулаад ах нь өнөөдөржин инээж явна” хэмээн хүүхэд шиг хөөрөх С.Бямбаа гуайн баяр хөөрөөс үүнийг гарцаагүй ойлгож авлаа. Жил бүр дэлхийн сая сая хүний амийг авч оддог, манай улсын хүн амын нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт ордог хорт хавдрыг ялан дийлсэн хүн тэгж инээхээс ч яах вэ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эмнэлэгт насаараа бага эмч хийсэн тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард элэгний хорт хавдартай гэж оношлогджээ. Хотоос очсон эмч нар С.Бямбаа гуайг “Элэгний хатууралтай байна. Хот руу очиж оношоо нарийн тодруулах шаардлагатай” гэсний дагуу найм хоногийн дараа Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгөхөд хурдан тархацтай хорт хавдар болох нь тогтоогдсон байна. Архи огт амсдаггүй, өөрийнх нь хэлснээр согтоно гэж яадгийг ч мэдэхгүй тэрбээр С вирусийн улмаас 63 насандаа ийм онош сонсоод эхэндээ балмагдаж цочирдсон ч өвчиндөө бууж өгсөнгүй. Даланзадгад, Улаанбаатарын хооронд С.Бямбаа гуайн явсан жимийг хэмжиж болдог бол зэгсэн тод мөр үлдэхээр холхижээ.
Эмч нарын зааж зөвлөснөөр сар болгон хот руу ирж, эмчилгээ, оношилгоо хийлгэсээр өнгөрсөн нэгдүгээр сард элэгний хавдар түлэх мэс засалд орсон аж. Хамгийн сүүлд гуравдугаар сард эмчдээ үзүүлэхэд эмчилгээ тун үр дүнтэй байна гэжээ. Харин сая “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд ХСҮТ-ийн эмч нар Өмнөговь аймагт ажилласныг далимдуулан Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Э.Тайванбаатарт үзүүлээд, “Таны элгэнд хавдрын ямар нэгэн ул мөр алга. Та энэ өвчнийг ялан дийлжээ” гэсэн хариу сонссон нь энэ. “Монгол эмч нарынхаа ур чадварт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тэд ч итгэлийг минь алдсангүй. Намайг эмчилж байсан эмч нартаа болон цалинтай чөлөө олгож, дэмжин тусалж байсан хамт олон, сумын ИТХ-ынхандаа баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн С.Бямбаа гуай аминчлав. Хорт хавдрын ард гарсан ялагчийн үгийг дамжуулалгүй яах вэ. Тавдугаар сарын 21 түүний хувьд шинэ амьдрал бэлэглэсэн хэзээ ч мартагдахгүй өдөр болох биз ээ.
УС УУХ ХУВЬ
Тавдугаар сарын 18-22-нд “Хавдрын эсрэг үндэсний аян”-аар хавдар судлалын эмч нартай хамт Өмнөговь аймагт ажиллахдаа сайн, саар мэдээ олон сонссон. Тэр дотроос сэтгүүлч миний олон нийтэд хүргэхийг зорьж байгаа гол мессеж бол хавдрыг эрт үед нь оношилвол, тэгээд хугацаа алдахгүй эмчлүүлвэл бүрэн эдгэрдэг өвчин юм шүү гэдэг санаа л юм. Монгол айл болгонд нэг бөө, нэг “орифлэймчин” байдаг гэсэн онигоорхуу яриа бий. Тэгвэл өнөөгийн монголчуудын амьдралын эмгэнэлт дүр төрхийг илэрхийлэх бас нэг зүйл нь айл бүрт шахуу хорт хавдартай хүн байдаг болсон гэх яриа. Гэвч зарим нь хайнга хэнэггүй байдлаасаа болоод өвчнөө үгдрүүлэх нь цөөнгүй. Хорт хавдрын тухай бид хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ бас хамгийн өрөөсгөл ойлголттой байдаг аж.
Даланзадгадын унаган иргэн Ц.Батцэнгэл гуай гэхэд л 2011 онд хотод ирж шинжлүүлээд, элэгний хорт хавдартай гэдгээ мэдсэн ч ардын уламжлалт аргаар эмчлэх гэж бүтэн хоёр жил алджээ. Тэр хооронд бараг хэвтэрт ортлоо сульдсан байхад нь азаар 2013 онд “Хавдрын эсрэг үндэсний аян” Өмнөговь аймагт хэрэгжиж таарсан тул ХСҮТ-ийн эмч нартай хамт яаралтай хот руу ирж, мэс заслаар элэгнийхээ 65 хувийг авахуулсан аж. Элэгнээсээ хоёр том хавдар авахуулсан тэрбээр өдгөө хавдрын эмч нарын байнгын хяналтад байж, өвчин шаналангүй, баяр баясгалантай аж төрж буйгаа өөрийн бодит түүхээр үлгэрлэн аяны нээлтийн үеэр нутгийн түмэндээ ярьсан. Миний хувьд Ц.Батцэнгэл гуайг ус уух хувьтай хүн гэхээсээ илүү үхэл, амьдралын зааг дахь эгзэгтэй мөчид зөв мэдээлэл авч, зөв хүмүүстэйгээ таарч, зөв эмчилгээ хийлгэсний бодит үр дүнг хүртсэн нэгэн гэж тодорхойлмоор санагдсан. Хорт хавдар туссанаар хүний амьдрал тэр чигтээ төгсчихдөггүй, эцсийн мөчийг хүртэл итгэл найдвараа гээлгүй тэмцэж чадвал эдгэрдэг өвчин гэдгийг дээрх хоёр хүний жишээ харуулах болов уу.
ӨМНӨГОВЬД ХОРТ ХАВДАР УЛСЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙДАГ НЬ ИЙМ УЧИРТАЙ
ХААН банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран тав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо Өмнөговь аймагт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй аж. Нутаг орных нь удирдлагууд хүн ардынхаа эрүүл мэндэд санаа тавина гэж жигтэйхэн юм. Ард иргэд нь ч аминдаа арчаатай гэж юу гэх вэ. Ердөө нэг сарын өмнө ЭХО-д харуулсан хэрнээ “Хотын эмч нарт дахиад үзүүлье” гээд дугаарлаж зогсох тэднийг буруутгах аргагүй л дээ. Угаас энэ аяны гол зорилго алс хөдөөгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, хорт хавдрыг эрт үед нь оношлоод, бүрэн эмчлэх юм хойно. Аймгийн удирдлагууд “Манай аймгийн ард иргэдийг үзээд өгөөч” гэж жил бүр хүсэлт тавиад, боломжийн хэрээр дэмжээд байхад үгүй гэх эрх хэнд ч байхгүй. Хотын эмч нар үзлэг хийх сургаар долоон сумаас цугласан хүмүүсийн нэрийг өдөр өдрөөр нь хуваарилж, үзүүлэх эмчийнх нь өрөөний хаалган дээр наах зэргээр эмнэлгийнхэн зохион байгуулалтыг дажгүй хийжээ. Энэ жилийн аянаар нийт 1000 гаруй хүн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлснээс хавдрын урьтал үедээ яваа 103, хоргүй хавдартай 50, хортой найм, хорт хавдар гэж сэжиглэж буй зургаан тохиолдол бүртгэгдэв.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийг дөрвөн жилийн өмнө Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгосноос хойш богино хугацаанд их зүйл өөрчлөгдөж, өдгөө тэнд Монголд байхгүй томмографын аппарат, улсын эмнэлгүүдэд үзэгддэггүй нарийн нандин техник, багаж хэрэгсэл, ор дэртэй болсныг хотын эмч нар шагшиж байв. Уул уурхайн “хаялгаас” орж ирсэн мөнгийг түмэн олныхоо эрүүл мэндэд “нааж” байгаа нь сайн жишээ яалт ч үгүй мөн. Хорт хавдар мөн, эсэхийг орон нутагтаа тодорхойлдог эсийн шинжилгээний тоног төхөөрөмж хүртэл байдаг аж. Саяын үзлэгээр хорт хавдартай гэж сэжиглэж буй 32 хүнээс эсийн шинжилгээ авч, оношилгоонд өгөв. Гэм нь энд боловсон хүчний асуудал байдаг гэнэ. Эс судлаач эмч нь өөр ажил хийж байгаад саяхнаас эмнэлэгтээ буцаж иржээ. Ер нь эндхийн цөөнгүй эмч, сувилагч цалин сайтайг нь бодоод уул уурхайн бүтээн байгуулалт дагаж талийсан байна. Гэхдээ одооноос зарим нь үндсэн ажлаа хийж, мэргэжлийн хувьд өсөж дэвшихээ бодоод буцаж ирж буйг Эрүүл мэндийн газрынхан нь хэлсэн.
Ямартай ч өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьдаг арчаатай иргэд, тэр боломж нөхцөлийг нь хангаж өгдөг дарга, удирдлагатай өмнөговьчууд миний анх бодож очсон шиг уул уурхайгаас улбаатай янз бүрийн өвчинд нэрвэгдсэн хүмүүс биш ажээ. Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн газраас нь Өмнөговь дахь хорт хавдрын өвчлөл, тархалт, нас баралтыг улс, аймгийн дундажтай харьцуулсан арван жилийн судалгаа хийчихэж. Тус аймгийн хэмжээнд 430 гаруй хүн хорт хавдартай байдаг аж. 10 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоороо ч, тус аймагт хамгийн их бүртгэгддэг элэг, умайн хүзүүний хавдрын үзүүлэлтээрээ ч тэд бусдын өмнө гишгээгүй өдий хүрсэн нь хариуцлага гэдэг зүйлийг хаана хаанаа гайгүй сайн баримталдагтай холбоотой юм байна.
ХААН БАНК ХАВДРЫН ЭСРЭГ АЯНД 543 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Дэлхий дахинд төдийгүй манай улсад ч хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдсээр байгаа нь гарцаагүй үнэн. Гэхдээ бас хувь хүн өөрөө хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзахын зэрэгцээ идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллохоос эхлээд эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадвал хавдраас сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хорт хавдрыг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэхийн уг үндэс. Хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил бус хувь хүн, байгууллага хамт олон, нийгмийн бусад салбарын өргөн оролцоотойгоор хэрэгжиж байж илүү үр дүнд хүрдгийг манайхан одооноос ойлгож эхэлж байна. Монголын бүх аймаг, дүүргийг хамарсан өргөн цар хүрээтэй “Хавдрын эсрэг үндэсний аян” хэмээх энэхүү кампанит ажлыг 2011 онд ХСҮТ санаачилсныг бизнесийн байгууллагуудаас ХААН банк дэмжин оролцож, өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй нь үүний тод жишээ юм.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлана гэдгийг аар саархан зүйлээр ойлгоод байдаг. Харин ХААН банк 2011-2014 онд 543 сая төгрөгийг энэ аянд санхүүгийн дэмжлэг болгон зарцуулжээ. Үүний ачаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 70 шахам мянган хүн хавдрын эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагдсанаас 400 гаруй нь хорт хавдартай байсныг илрүүлж, шаардлагатай эмчилгээ хийсэн байна.
ХАМТДАА ТЭМЦВЭЛ ХАВДРЫГ ЯЛНА
Монголд хорт хавдрын улмаас нас барах хүний тоо их байдаг нь энэ өвчний бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх буюу 76 хувь нь хожуу үе шатандаа оношлогддогоос үүдэлтэй. Тэгвэл “Хавдрын эсрэг үндэсний аян” хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд эрт илрүүлэлт харьцангуй нэмэгдсэнийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Алс буйд хөдөө аймгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг явдал чирэгдэл багатай, орон нутагтаа хүртэх боломжийг энэ аян нээж өгсөн. Бас “санаа байвч сачий нь хүрэхгүй” байсан улсын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хөдөөд очиж, үзлэг шинжилгээ явуулж, шаардлагатай үед орон нутагт нь мэс засал хийх санхүүгийн боломжийг ХААН банк олгожээ. Ийнхүү хоёр талын хэрэгцээ шаардлагыг нэгэн цэгт авчирч огтлолцуулсан энэ аян олон монгол хүнийг эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд тоогоор илэрхийлж барамгүй зүйлээр баярлуулсан болов уу. Өмнөговьд сая ажилласан, ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа ахлагчтай эмч нарын баг гэхэд л том, жижиг нийлсэн 25 мэс засал хийсэн юм. Тэр бүхний цаана олон айл өрхийн нарийн ширийн асуудал оршин буй. Тиймээс цаашид төр, хувийн хэвшлийн илүү олон байгууллага, аж ахуйн нэгж энэ санаачилгыг дэмжин хамтарч ажиллавал улс хотлоороо хавдраас урьдчилан сэргийлж, магад ялан дийлэх буй за.
Л.ГАНЧИМЭГ
Үргэлжлэл бий