Одоогоос яг 90 жилийн өмнө буюу 1925 оны тавдугаар сарын 25-нд Ю-13 онгоц жолоодсон Оросын нисгэгч Лапем монголчуудад нислэгийн үзүүлбэр үзүүлснээр Монгол Улсын нисэх хүчний түүх эхэлжээ. Есөн аравныг ардаа үдсэн Монгол Улсын нисэх хүчин ойн хүрээндээ олон арга хэмжээ зохиож буйн нэг нь өнгөрөгч баасан гаригт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болсон нээлттэй үйлчилгээний өдөрлөг. Тэсрэх бодис илрүүлэхээр бэлтгэгдсэн нохой, хууль бусаар хил гаргахаар завдсан Монголын түүх соёлын дурсгалт өв, шашны эд өлгийн зүйлс болон нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаныхны эзэмшдэг багаж хэрэгсэл, онгоцоор зорчихдоо тээшиндээ авч явахыг хориглодог зүйлсийг биетээр дэлгэсэн нь зорчигчдын мэдэж байх ёстой мэдээллийг сонирхолтой хэлбэрээр танилцуулсан чухал арга хэмжээ боллоо.
“Чингис хаан” нисэх буудалд өдгөө 70 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Тиймдээ ч нээлттэй үйлчилгээний өдөрлөгт хилийн мэргэжлийн хяналтын алба, иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс төдийгүй банк санхүүгийн байгууллагууд, татваргүй бараа болон амьд цэцгийн худалдаа эрхлэгчид, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп, хэвлэл шуудан, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниуд, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээний газар үйл ажиллагаагаа танилцуулсан.
Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан өдөрлөгийн үеэр хилээр нэвтрүүлэхийг хориглодог зүйлсээс гадна таван жилийн өмнө хилээр оруулж ирэхийг завдсан хүний 10 тонн үсний дээж тэргүүтэй хураагдсан эд зүйлийг дэлгэсэн нь зорчигчдын анхаарлыг багагүй татаж байлаа. Нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаныхан ажлаа нээлттэй танилцуулсан хэсэгт тэсрэх бодис илрүүлдэг багаж, шатамхай шингэнийг илрүүлдэг төхөөрөмж болон хилээр нэвтрэхдээ биедээ, тээшиндээ авч явахыг хориглодог хутга, гав, өтгөрүүлж шахсан даралттай хий зэргийг дэлгэсэн харагдав. Түүнчлэн тус албаны байцаагчид “Зорчигчид гар тээшиндээ авч явах шингэний талаарх ойлголт багатай байдаг. 100 мл-ээс ихгүй савалгаатай шингэнийг ил харагдахуйц, амсар нь түгжээтэй уутанд хийж гар тээшиндээ авч явахыг зөвшөөрдөг. Уутан дахь нийт шингэний хэмжээ нэг литрээс ихгүй байх ёстой” хэмээн сануулсан.
Хилээр гаргахыг завдсан бурхан, шашны эд өлгийн зүйлсийг дэлгэсэн нисэх буудал дахь гаалийн газрынхан гуравдагч этгээдэд дамжуулах дайвар зүйлсийг авч явахдаа нягтлан шалгаж байхыг зорчигчдод сануулж байлаа. Дайж явуулсан зүйлст хайхрамжгүй хандсанаас хар тамхи, мансууруулах бодис санамсаргүйгээр зөөж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг аж.
Өдөрлөгийн үеэр Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал М.Даваажавтай ярилцлаа.
-“Чингис хаан” нисэх онгоцны буудал хэзээ байгуулагдсан бэ?
-1930-аад оны дунд үеэс зөвлөлтийн Добролет байгууллага Улаан-Үд-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн нислэг хийхээр зөвшөөрөл авч, Морингийн хөндийд шороон зурвастай аэродром, нисэх буудал байгуулж “Добр” гэж нэрлэснээр олон улсын нисэх буудлын түүх эхэлсэн. Харин 1957 онд “Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал” байгуулагдсан. Дараа жил нь Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болж өргөжсөн. Сүүлд 1990-ээд оны дундуур Азийн хөгжлийн банкны зээлээр өргөтгөл хийснээр хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 40 аэродромтой болж, 24 цагийн үйл ажиллагаа явуулах болсон. 2005 онд “Чингис хаан олон улсын нисэх буудал” болж өөрчлөгдсөн байдаг.
-Өдөрт нисэх буудлаар хэдэн хүн үйлчлүүлдэг тухай тоо баримт бий юү?
-Олон улс төдийгүй орон нутгийн нислэгүүд ч улирлаас хамаардаг. Аялал жуулчлал нэмэгддэг зуны улиралд манай нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн тоо нэг сая хүрдэг. Энэ нь зорчигч болоод тэднийг үдэж, угтаж буй хүмүүсийг оруулсан тоо. Өнгөрөгч онд манайх нэг сая гаруй зорчигчид үйлчилсэн гэх тоон мэдээ гарсан.
-“Чингис хаан” нисэх буудал манай улсыг дэлхийд таниулахад чухал үүрэгтэй. Ер нь нисэх буудлын хөгжил ямар шатанд байна вэ?
-“Чингис хаан” нисэх буудал маань бусад орныхтой харьцуулахад жижигхэн хэдий ч манай улсын хэмжээнд боломжийн гэж үзэж болно. Уул уурхай, ашигт малтмал, эко орчинг сонирхон ирж байгаа жуулчдын тоо нэмэгдсээр байна. Тиймээс нисэх буудлыг дэлхийн жишигт нийцүүлж, хөгжүүлэх шаардлагатай. Ер нь нисэх буудлын хөгжил тухайн улсын хүн амын тооноос хамаардаггүй.
Чингис хаан олон улсын нисэх буудал анх цагт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай баригдсан бол одоо 1000 хүнд үйлчлэх боломжтой зорчигч үйлчилгээний цогцолбор болж өргөжөөд байна. Нислэгийн хувьд зуны улиралд өдөрт 45-50 онгоц бууж, хөөрдөг.
-Ер нь дэлхийн жишигт нийцсэн нисэх буудал ямар шаардлага хангах ёстой вэ. Шинээр барьж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал энэ шаардлагыг бүрэн хангах уу?
-“Чингис хаан” нисэх буудлын хувьд олон улсын нисэх буудалд тавьдаг шаардлагуудын ихэнхийг хангадаг ч учир дутагдалтай тал цөөнгүй бий. Тухайлбал, дэлхийн жишигт нийцсэн нисэх онгоцны буудалд номын сан, драмын болон кино театр, сүм гэх мэт үйлчилгээний газар байдаг. Янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс тухайн улсын нисэх буудлаар дамжин өнгөрөхдөө мөргөл үйлдэнэ. Энэ мэтчилэн зорчигчид нисэх буудлаар үйлчлүүлэхдээ цагийг өөрийн сонирхсон зүйлдээ зарцуулах ёстой. Манайд наад зах нь транзит танхим байхгүй. Харин Хөшигийн хөндийн нисэх буудал жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Шинэ нисэх буудлын менежментийг хэрхэн хийхийг мэдэхгүй ч олон улсын стандартад нийцсэн үйлчилгээтэй нисэх буудал болно.
-Шинэ нисэх буудал ашиглалтад орохоос өмнө АСЕМ-ийн уулзалт болно. Хүндэт зочдоос гадна жуулчдыг хүлээж авах бэлтгэл хангагдсан уу?
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад ортол хоёр жилийн хугацаа байна. Хугацаандаа ашиглалтад орлоо ч нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж суурилуулах, шалгалтын нислэг, олон улсад зарлах гээд багагүй хугацаа шаардана. Тиймээс шинэ нисэх буудалтай болно гээд хоёр жилийн хугацаанд гар хумхиад сууж таарахгүй. АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг хүлээж авах бэлтгэлийг хангаж ажиллахаас гадна, Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэгт яаралтай шийдэх асуудлуудаа таницуулснаар онгоцны хөөрч буух хучилттай зурвас болон зогсоол, транзит нислэгийн төсөл зэрэгт шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдүүлсэн. Үүнтэй холбогдуулаад ИНЕГ-аас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 20 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөж байна. Транзит нислэгийн төслийг хэрэгжүүлснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдыг хүлээн авах хүчин чадал нэмэгдэхээс гадна шинээр есөн онгоцны зогсоолтой болж мөн онгоц хөөрч буух зурвас шинэчлэгдэнэ. Мөн транзит заалтай болж талбайг томруулах гээд зураг төсөл, хөрөнгө, зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн. Тиймээс эдгээр ажлыг нислэгээ саатуулахгүйгээр энэ зундаа багтаагаад хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ бүхнийг хийчихвэл АСЕМ-ын уулзалтын бэлтгэл бүрэн хангагдана.
-Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд нисэх буудлын хөгжлийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-90 жилийн хугацаанд хөгжиж ирсэн иргэний нисэхийн салбар бол Монгол Улсын дэд бүтцийн гол салбар. Тэр хэрээрээ гадаадын олон оронтой агаарын харилцаатай байдаг. 2008 онд ИКАО олон улсын иргэний нисэхийн байгууллагынхан Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсон байна гэж дүгнэсэн. Мэдээж ажиллаж байгаа байгууллагынхаа ирээдүйг их өөдрөгөөр төсөөлдөг. Тухайн улсын нисэх буудал хүн амаасаа шалтгаалахгүй хөгждөг гэж би дээр хэлсэн. Тухайлбал, Катарын Доха хотод бүх тивийг холбосон транзит нислэг хийж байна. Манайх ч тэгж хөгжих боломжтой. Газарзүйн байршлын хувьд ч давуу талтай. Ази, Европ болон бусад тивийг холбосон бүх нислэг манай улсын агаарын замаар дамжих боломжтой. Тиймээс тэр байгууллага, зорчигчдыг татахын тулд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээтэй нисэх буудалтай байх ёстой. Хаагуур дамжин нисэхэд үнэ хямд байгаа, хаагуур нисэхэд дөт зэргийг зорчигч, тээврийн компаниуд шийднэ. Дээр нь манай улс эко, аюулгүй гэдгээрээ бусад орноос давуу.
О.УНДАРМАА